Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2025/00006

 

 

 

 

 

 

  2024            12            25      

                  130/ШШ2025/00006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Д овогт Гын Ч

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Г.Ч нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 1990 оны 06 дугаар сард Х аймгаас сургуулиа төгсөж ирсэн. Улмаар 1990 оны 07 дугаар сарын 4-ний өдөр Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд ажилд орсон байсан. Би тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсан тул тушаалууд байгаа байх гэж найдаж байсан. Гэхдээ өндөр насны тэтгэвэрт гарах болсон үед уг тушаалууд аймгийн архив болон сургуулийн архивд байхгүй гэдгийг мэдсэн. Тэгээд уг тушаалууд байхгүй тул миний ажилд орсон болохыг тогтоох боломжгүй гэдгийг Нийгмийн даатгалын газраас мэдэгдсэн тул би шүүхэд хандах болсон. Би дундаа хэсэг хугацаа жижүүр хийсэн. Миний орон тоо цомтголд орсондоо холбогдуулан би жижүүр хийсэн. Тухайн үед би жирэмсэн байсан тул намайг ажлаас халаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин өөрийн мэргэжлээр ажилдаа орсон. Түүнээс хойш үргэлжлүүлээд мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж саяхан л өндөр насны тэтгэвэрт гарсан.

1.2. Иймд миний Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай лавлагаа, Т.Ж, К.Ш, Х.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийн 1990, 1991 оны хичээлийн жилийн 7в ангийн бүртгэлийн хуулбар, 362107 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Х.Мд олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/1310 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Ч болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтууд, Т.Ж, К.Ш, Х.Б нарыг гэрчээр өгсөн мэдүүлэг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Би 1990 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тасралтгүй ажиллаж саяхан л өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэхдээ өндөр насны тэтгэвэрт гарах болсон үед миний ажилд орсон тушаал аймгийн архив болон сургуулийн архивд байхгүй тул Нийгмийн даатгалын газраас шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд миний Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

7. Хүсэлт гаргагч Г.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Хүсэлт гаргагч Г.Ч нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай “Багш ажилчдын 1991 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалд “... Багш ажилчдын 1991 оны ээлжийн амралтыг хавсралтад батлагдсан хуваариар олгосугай” гэж бичигдсэн тушаалын хавсралтад “нэрс: Ч, албан тушаал: түүх” гэж бичигдсэн байдал,

8.2. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай “Багш нарын цалин тогтоох тухай” тушаалд “... 1991-1992 оны хичээлийн жилд ажиллах багш нарын цалинг Боловсролын яамнаас баталсан багш нарын цалин тогтоох шинэчилсэн журмыг үндэслэн, ажилласан жил, ажлынх нь үр дүнг харгалзан заасан интервалын хэмжээнд тогтоож 09 дүгээр сарын 01-нээс эхлэн хавсралт ёсоор мөрдсүгэй” гэж бичигдсэн тушаалын хавсралтын 63 дугаарт “багш нарын нэрс:Ч” гэж бичигдсэн байдал,

8.3. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай “Багш, ажилчдын цалинг шинэчилж тогтоох тухай” тушаалд “1.Засгийн газрын 12 дугаар тогтоолыг үндэслэн багш, ажилчдын цалинг 02 дугаар сарын 15-наас эхлэн тооцож, шинэ сүлжээний дагуу шинэчлэн тогтоосугай” гэж бичигдсэн тушаалын хавсралтад “нэрс: Ч, боловсрол: дээд, тайлбар: анги” гэж бичигдсэн байдал,

8.4. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай “Багш ажилчдын 1992 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалд “... Багш, ажилчдын 1992 оны амралтын хуваарийг хавсралт 1,2,3-аар баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтын 25 дугаарт “Нэрс: Ч, албан тушаал: багш /түүх/” гэж бичигдсэн байдал,

8.5. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дугаартай “Чг жижүүрээр ажиллуулах тухай” тушаалд “Ч нь 1990 онд Хо БДС төгссөн, түүхийн багшийн мэргэжилтэй, дикреттэй байж байгаад ажилдаа орсон боловч орон тоогүй учир хөдөлмөрийн хуулийн дагуу 11 дүгээр сарын 16-наас жижүүрийн ажил хийлгэхээр тогтоосугай” гэж бичигдсэн байдал,

8.6. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай “Чд тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалд “1.Хүүхдийнх нь эрүүл мэндийн талаар хэсгийн эмчийн тодорхойлолт, өөрийнх нь хүсэлт, ҮЭ хорооны зөвшөөрлийг үндэслэн багш Чд 1993 оны 05 дугаар сарын 1-ний хүртэл 6 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай” гэж бичигдсэн байдал,

8.7. Б аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай “Багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалд “1994 оны багш ажилчдын ээлжийн амралтыг хавсралт ёсоор олгосугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын 39 дугаарт “Нэрс: Ч, албан тушаал: түүх” гэж бичигдсэн байдал,

8.8. Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай “Тус сургуулийн түүх нийгэм ухааны багш Г.Ч нь 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан үнэн болохыг сургуулийн архиваас гарсан нотлох баримтууд, өөрийн ярианд үндэслэн тодорхойлов” гэх албан бичиг болон тус сургуулийн багш нарын 1991-1992, 1994 оны цалин хөлсний баримтууд ба үүнд Г.Чгийн 1991-1992, 1994 онд ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилт,

8.9. Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус сургуулийн 1990-1991, 1992 оны хичээлийн жилийн хурал цуглаан яриа семинар, анги даалт хичээлийн жилийн цагийн хуваарийг тэмдэглэсэн хичээлийн эрхлэгч А.Жалейн журнал болон уг журналд Г.Ч багш гэж тэмдэглэгдсэн байдал болон 1991-1992 онд хичээл зааж байсан 6а, 4б, 4в ангиудын журналын бичилт,

8.10. Б аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Ч багшид холбогдох 1992 оны 02 дугаар 10 жилийн сургуулийн кассын баримтууд болон жирэмсний болон амаржсаны амралт авч байсан эмнэлгийн хуудас,

8.11. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/1310 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүүхэд Л.Уын төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад “8.эхийн нэр: Г Ч, ажилладаг байгууллага: 2-10 жилийн сургууль, эрхэлдэг ажил: багш” гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

8.12. Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн иргэн К.Шы “Миний бие Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр химийн багшаар ажилд ороход хүсэлт гаргагч Г.Ч 6 дугаар ангийн хүүхэд байсан ба би химийн хичээл ордог байсан. Г.Ч 10 дугаар ангиа төгсөөд Ховдын багшийн дээд сургуульд түүх нийгмийн багшаар сурахаар явсан. Дараа нь 1990 оны 07 дугаар сард төгсөж ирээд ажилд 1990-1991 оны хичээлийн жилд түүх нийгмийн багшаар ажилд орсон. Дараа нь би 2009 онд ажлаас гарахад Г.Ч ажиллаж байсан ба одоог хүртэл багшаар ажиллаж байгаа” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг,

8.13. Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн иргэн Т.Жын “Миний бие 1985 оны 07 дугаар сараас 2005 оны 09 дүгээр сар хүртэл Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд багшаар ажиллаж байсан. Хүсэлт гаргагч Г.Ч нь 1990 оны 07 дугаар сараас намайг ажлаас гарах хүртэл түүх нийгмийн багшаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг,

8.14. Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн иргэн Х.Бы “Миний бие 1990 онд 7 дугаар ангид орох үед манай ангийн багш н.О багш декрет авах үед Г.Ч багш манай ангийг түр нэг жил гаруй хугацаанд хариуцаж манай ангид н.Оюунцэцэг багшийн оронд монгол хэл, түүх нийгэм зааж анги дааж байсан. Г.Ч багш 1994 оны 06 дугаар сард би сургуулиа төгсөхөд ажилладаг байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

9.Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 06 дугаар сарын 20-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 4-5 дугаар хуудаст 03.1990.07.16 Ө хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд түүхийн багшаар авч ажиллуулав. Захирлын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 98-р тушаалаар” гэж бичигдсэн боловч Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаартай “Багш Бг баярын бичиг, 22 төгрөг 50 мөнгөний ном, тэмдэглэлийн дэвтрээр урамшуулан шагнасугай” гэх багш н.Борист холбоотой тушаал байх тул хүсэлт гаргагч /багш/ Г.Чд холбогдолгүй учир энэхүү хөдөлмөрийн дэвтрийн “1990.07.16 Ө хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд түүхийн багшаар авч ажиллуулав. Захирлын 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 98-р тушаалаар” гэх бичилт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн Г.Ч нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Гын Ч нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл түүх, нийгмийн багшаар, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түүх, нийгмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б