| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0594/Э |
| Дугаар | 553 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга А.Болор ,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Н
Хохирогч Ч.Сугир нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, Алтан ураг овогт Б.Нт холбогдох 1711005460281 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гашуун сухайтад ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхэдтэй, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум 2 дугаар баг, Таргатад оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 7-14 тоотод амьдардаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алтан ураг овогт Б.Н (РД:00000000000),
нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Усны гудамжинд байх нийтийн байранд хохирогч Ч.Сугиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Оногдуулж буй эрүүгийн хариуцлагатай санал нэг байна гэв.
Хохирогч Ч.Сугир мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Наранбаатар нь намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд намайг загнаад алгадсан. Тэгээд би паар мөргөөд уначих шиг болсон. Тэр үед би ухаангүй байсан. Тэгээд Наранбаатар намайг чанга үсдсэн. Тэгэхэд би мэдээд босоод ирсэн. Тэгсэн чинь Наранбаатар чи муу юундаа маяглаад байгаа юм гээд дахиад намайг алгадаад хацарнаас хазсан...хамтран амьдрагч юм, бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Гэрлэлтээ батлуулсан зүйл бол байхгүй. Гомдолтой, би оюутан, миний хувцаснуудыг урсан тул би 1,0 сая төгрөг нэхэмжилснээс 350.000 төгрөг авсан, одоо үлдэх 650.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.24-ний өдрийн ¹10832 тоот шинжилгээний дүгнэлтэд:
1.Ч.Сугирын биед тархи доргилт, зүүн нүдний алим, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Н нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Усны гудамжинд байх нийтийн байранд хамтран амьдарч байсан Ч.Сугирыг гадуур явлаа гэх шалтгаанаар зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний алим, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Сугирын “...Тухайн өдөр Наранбаатар нь намайг хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд намайг загнаад алгадсан. Тэгээд би паар мөргөөд уначих шиг болсон. Тэр үед би ухаангүй байсан. Тэгээд Наранбаатар намайг чанга үсдсэн. Тэгэхэд би мэдээд босоод ирсэн. Тэгсэн чинь Наранбаатар чи муу юундаа маяглаад байгаа юм гээд дахиад намайг алгадаад хацарнаас хазсан.” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.24-ний өдрийн ¹10832 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Алтан ураг овогт Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Нын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Сугираас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх бичгийн баримт хэрэгт хавсаргаж, шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгчээс түүнд 350.000 төгрөг төлсөн болохыг хохирогч мэдүүлж байна. Мөн тэрээр шүүгдэгчээс хувцасны үнэ 650.000 төгрөг нэхэмжилж байгаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох боломжгүй бөгөөд 650.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан талаар ямар нэг дүгнэлт гараагүй боловч шүүгдэгч уг зардлыг төлөхөө илэрхийлснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Алтан ураг овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.Наас хохирогч Ч.Сугирт 350.000 төгрөг төлснийг дурдаж, хувцас урсан зардалд 650.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ