Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2014/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч *******, нарийн бичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, Монгол Улсын боловсролын их сургуулийг Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

1998 оноос Заг суманд англи хэлний багшаар ажиллаж байгаад 2012 оны 8 сард сургуулийн захирлын ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж шалгалтад тэнцэн, сургуулийн захирлын ажил албан тушаалд томилогдон ажилласан. Боловсролын байгууллагад 16 жил ажиллаж Заах аргач багш цол тэмдэг, Хүүхдийн байгууллагын ойн хүндэт медаль, аймгийн Засаг даргын хүндэт Жуух бичиг, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Монголын тэргүүний багш ойн медаль зэргээр тус тус шагнагдаж байсан.

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг судлан үзэхэд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байна. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус өөрчлөлтийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн. миний бие 2012 оны 8 сард Боловсролын газраас зарласан сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын шалгалтад орж тэнцэн, 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/83 тоот сумын Засаг даргын захирамжаар захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Аймгийн боловсролын газрын үр дүнгийн үнэлгээгээр 84,6 хувийн В үнэлгээтэй үнэлэгдсэн тул энэхүү үндэслэл хууль бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан байна. Миний бие мөнгийг зориулалтын дагуу түлшний мөнгийг түлшинд, хоолны мөнгийг хоолонд зарцуулсан.

Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т энэ хуулийн 6 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Миний бие төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдохоор зөрчил гаргаагүй тул энэ үндэслэлийг хууль бус гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасан байна. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн үйл ажиллагааг сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/5 тоот захирамжаар үнэлгээний хороо байгуулагдсан ажилласан. Үнэлгээний хорооны дарга , гишүүд: , , , нар байсан. 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эхний хурлаа дарга гийн өрөөнд хийж үнийн санал, техникийн тодорхойлолтыг хэлэлцэн баталж, урилга тараасан. 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь хурлаа хийж 2 компани, 1 хоршоо материалаа ирүүлснийг бүртгэн авч шалгасан. Мөн энэ өдөр 3 дахь хурлаа хийж үнийн саналуудыг харьцуулан хэлэлцээд ХХК-ийн саналыг 100 хувь дэмжиж холбогдох байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэж сумын Засаг дарга т уламжилсан. 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/41 тоот сумын Засаг даргын захирамжаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, 5 дугаар сарын 05-ны дотор тендерийг дахин шалгаруулах үүрэг өгсөн. 2013 оны 04 сарын 24-ний өдөр Үнэлгээний хороо хурал хийж сумын Засаг даргын захирамжид ямар шалтгаанаар хүчингүй болгож буй хууль зүйн заалт үндэслэл байхгүй, тендер шалгаруулалтын алдаа, зөрчлийн талаар тодорхой дурдсан зүйлгүй учир тендер шалгаруулалтыг дахин хэлэлцэх боломжгүй гэж үзэн гаргасан шийдвэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.

2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/62 тоот сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороонд өөрчлөлт оруулж үнэлгээний хорооны гишүүн , нарыг чөлөөлж, , нарыг ажиллуулахаар томилов. 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин тендер зарлаж 5 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт нээсэн. Уг тендерт нэг компани оролцсон боловч үнийн санал төсөвт өртгөөс давсан байсан тул шалгаруулах боломжгүй гэж үзэн үнэлгээний хороо сумын Засаг даргад аж ахуй нэгжийг хуулийн дагуу сонгон шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгон өгсөн.

Сургуулийн захирал миний бие сумын Засаг даргыг аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж өгнө үү гэсэн шаардлага тавихад сургууль өөрөө гэрээ байгуулж ажилла гэсэн. Үүрэг өгсний дагуу гол, гэсэн 2 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажилласан. Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан, миний зүгээс хууль зөрчсөн зүйл байхгүй.

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага хангасан байна гэж заасан. Тус сумын сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ тааруу байдаг ч 2013 онд хичээлийн байр, дотуур байрны дээвэрт их засвар хийж ус дусаал гоожихгүй болсон.

Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.3-т онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх гэж заасан байна. Миний бие онолын мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч олон төрлийн хэвлэл захиалж унших, сургалтад хамрагдах багш нарын хичээлд сууж, хичээл судалгааны ажилд хамтран ажиллаж, заах арга, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажилладаг.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/421 тоот дүгнэлтэд сургуулийн захирал нь туранхай адууны мах дотуур байрны хүүхдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн гэх мэдээллийн дагуу шалгахад захирлын хувийн мал маллагч иргэн н.аас 2012 оны 12 дугаар сарын 22-нд нэг бүрийг нь 3500 төгрөгөөр үнэлж 60 кг адууны махыг няравт хүлээлгэн өгсөн байдаг. Өрхийн тэргүүлэгч ийн малын хөдөлгөөний А дансыг шалгахад 2012 онд адуу 1 толгойг хүнсний хэрэгцээнд зарлага болгосон тул өргөдөл үндэслэлтэй байх магадлалтай гэжээ. Дотуур барйны хүүхдийн хоол дууссан байсан тул малчин аас адууны мах нийлүүлсэн. Сургуулийн захирал нь дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цайны мах хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж нийлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байдаг.

Хүүхдийн тоог өсгөж хүнсний материалыг илүү зарлагддаг гэсэн мэдээллийг шалгахад 2013 оны 9 сард амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой 2 өрхийн 4 хүүхдийг /дотуур байранд амьдардаггүй/ хоолны захиалгад оруулж хүнсний материал зарлагдсан байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд буюу хагас, бүтэн өнчин /байрнаас гадуур амьдардаг/ , нарыг байрнаас хооллодог байсан.

Захирал нь илүү цалин авдаг гэсэн мэдээллийг шалгахад сумын Засаг даргын захирамжаар захирлын үндсэн цалинг Засгийн газрын 2012 оны 78-р тогтоолыг үндэслэн зөв тогтоосон байна.

Есөн жилийн сургууль нь худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн гэх мэдээллийг шалгахад 2013 оны эхний хагас жилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй байна гэсэн байна. Тендерийн үйл ажиллагаа явагдсан ажил нь сургуулийн захиралтай биш сумын Засаг даргатай холбоотой юм.

Багшийн ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй гэсэн мэдээллийн дагуу шалгахад багшийн хөгжлийн төвгүй, багш ажлын байр дээр бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлээгүй /багш нар хичээлгүй хугацаагаа коридорт үр ашиггүй өнгөрөөдөг/ байна гэжээ. Тус сумын сургууль нь 120 хүүхдийн хичээлийн байранд 250 хүүхэд суралцдаг. Анги танхимын хүрэлцээ муу, гэхдээ боломжоо ашиглан нэг анги гарган засвар хийж өгсөн боловч багш нар өөрсдөө тэр өрөөнд суудаггүй, компьютерээ гэртээ тавьсан, авч ирдэггүй, өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр бие даан сэтгэл гарган ажилладаггүй бэлэн юм байнга нэхдэг. Зарим багш нар нь зөвхөн хичээл заахаас өөр ажилд оролцдоггүй, хурал, лекц болон сум, сургуулиас зохион байгуулсан ажил сургалт сименарт огт оролцдоггүй багш нар байна. Төвлөрсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад багш нарыг хамруулсан.

Захирал нь хамт олноо удирдан зохион байгуулж чаддаггүй, дарамталдаг, удирдах ур чадвар дутмаг, ёс зүйн зөрчил гаргадаг гэсэн мэдээллийн дагуу шалгахад удирдах албан тушаалтны хувьд удирдах арга барилын хоцрогдолд орсон албан тушаалаар түрий барих, дарамтлах, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулах, шаардлага тавихгүй урсгалаар нь удирдах, хамт олны нэгдэл төлөвшлийг эрхэмлэхгүй байх, хүний ажлыг бодитойгоор үнэлж дүгнэдэггүй, нэр хүндээ алдсан, ёс зүйн шинж чанартай дутагдал гаргасан нь хамт олноос авсан санал асуулгаас харагдаж байна гэжээ.

2013 оны 9 сард аймгийн Засаг даргын 496 тоот захирамж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 152 тоот удирдамжаар Заг сумын сургуульд иргэдийн өргөдөл, өргөдөл гомдлыг шийдвэрлэх нэрээр захирлыг ажлаас халах зохион байгуулалттай шалгалт хийсэн. Энэ шалгалт нь өөрөө хууль бус хүний нэр хүндийг ах гэсэн хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйлдэл гаргасан. Багш ажилчдын ажлыг шалгах биш нэг нэгээр нь сургалтын менежерийн өрөөнд дуудаж оруулж хувийн шинж чанартай зүйлүүдийг хүчээр яриулсан явдал юм. Захирал ын ах дүү, хамаатан садан нэг сургуульд ажилладаг уу, дарамталдаг уу гэх мэтийн асуудлаар ярилцсан байдаг. Шалгалтын хүмүүс зарим багш ажилчид захирлын хамаатан садан, ах дүүс байхгүй, дарамталдаггүй гэхэд захиралдаа бялдуучиллаа, ах дүү хамаатан садан байхгүй байна гэдэг сонин юм даа, дарамталдаг л гэсэн дээ гэх мэтээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргасан. Миний бие багшийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг.

2013 онд сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж ажлын хэсгийн үнэлгээгээр 85,6 хувийн В үнэлгээтэй үнэлэгдсэн. Боловсролын газрын үнэлгээгээр тус сургуулийн үйл ажиллагааг 84,6 хувийн В үнэлгээгээр үнэлэгдсэн нь энэ сургуулийн захирлын ажлыг сайн хийсэн гэдгийг баталж байна. 2013 онд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, гэтэл аймгийн Засаг дарга гэрээг цуцласугай гэж захирамж гаргасан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна. Дээрх заалтуудыг зөрчөөгүй учраас ажлаас үндэслэлгүй халагдсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд буцаан томилж, 6 сарын ажилгүй байсан хугацааны цалин болох 4999180 төгрөгийн цалинг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Баянхонгор аймгийн Заг сумын сургуулийн захирлыг ямар шалтгаанаар шалгах болсон талаар ярина. Аймгийн Боловсролын газраас Баянхонгор аймгийн Засаг Даргад хамтран ажиллах тоотыг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн байдаг. Энэ тоотын аймгийн Засаг Дарга нь Хууль Зүйн хэлтсийн дарга д арга хэмжээ авч ажиллах талаар цохолт хийсэн байгаа. Үүний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 496 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль Зүйн хэлтсийн дарга , гишүүдээр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар, Нийгмийн хөгжлийн дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга, Санхүү төрийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн орсон. Энэ захирамжид үндэслээд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаар Улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга ын баталсан шалгалтын удирдамж гарсан. Энэ удирдамжийн хамрах хүрээнд нэр бүхий сургуулийг дурдаад Заг сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хамруулна гэсэн заалтыг тусгаж өгсөн. Шалгалтын бүрэлдэхүүнтэй хамт Санхүүгийн улсын байцаагч , , Хөдөлмөрийн улсын байцаагч *******, Боловсролын улсын байцаагч ******* нарыг ажлын хэсэгтэй хамтарч дүгнэлт гаргуулахаар томилсон удирдамж байгаа. Энэ удирдамжийн дагуу ажлын хэсэг маань ажлын цаг заваа гаргаад Баянговь, Заг гэх олон сумуудад шалгалт хийх болсон.

Олон сум руу ажлын хэсэг салж явах боломжгүй байсан учир хугацаа уртсаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлтэд миний бие ажлын хэсгийн ахлаж явсан учраас иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийхээр очсон. Шалгалтыг хийхдээ баримт материалд тулгуурлаж, сургуулийн багш ажилчидтай биечлэн уулзаж, дүгнэлтийг гаргасан байгаа.

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 0508022/425 дугаартай Заг сумын сургуулийн захирлын тухай дүгнэлтэд тусгагдсан нөхцөл байдлын талаар уншин танилцуулж, иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүүхдийн тоог өсгөж илүү материал зарлагаддаг гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд зөрчил гарсан.

Мөн ыг илүү цалин авдаг гэх мэдээллийн дагуу шалгахад хуульд заасан шатлалын дагуу цалин авч байгаа нь тогтоогдсон.

9 жилийн сургууль нь худалдан авах ажиллагааг зөрчсөн гэх мэдээллийн дагуу шалгахад худалдан авах ажиллагааг явуулаагүй байна гэж үзсэн. Яагаад худалдан авах ажиллагаа явуулаагүй байна гэж үзсэн нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь худалдан авах ажиллагааг зохион байгуулаад, нэгдүгээр гарын үсэг зураад, Төсвийн тухай хууль зөрчөөд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5 гэрээ байгуулсан байдаг. Үүнд Үдийн цайны хамтран ажиллах гэрээг ******* /Баянхайрхан/ хүнсний бүтээгдэхүүнээр хангах, сурагчдын үдийн цай, дотуур байрны, хүүхдийн хоол хүнсээр хангах хамтран ажиллах гэрээг гол, , *******, ******* нартай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор байгуулсан гэрээг тус тус байгуулж Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Энэ гэрээнүүдийг байгуулснаар Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасныг зөрчөөд эрх мэдлээ хэтрүүлэн ажилласан нь баримтаар нотлогдож байна.

нь Заг сумын Засаг даргаас хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэж ярьж байгаа, үүнийг хэн нэгэн боломжоор олгодог зүйл биш, харин өөрөө хэрэгжүүлэх явдал юм.

Мөн багшийн ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй гэх мэдээллийн дагуу шалгахад багшийн ажлын төв байхгүй байсан. Ажлын хэсэг очоод коридороор явж байхад хэдэн том хүмүүс сууж байсан. Тэгээд би эцэг, эхчүүд нь ирчихсэн хуралтай юм байна гээд ойлгож байтал багш нар нь орох цагаа хүлээгээд цонхон дээрээ зогсож байсан. Энэ байдлаар хүүхдийн боловсрол олгох чиглэлээр маш хангалтгүй байсан. Заг сумын сургуулийн хүүхдүүдийн сургалтын түвшин эрс доогуур байдаг. Энэ нь багш боловсон хүчний ур чадваргүйдээ биш багш нар маань сургалтын орчны муу байсны улмаас болж байгаа учраас энэ нөхцлийг бүрдүүлэх хүн сургуулийн захирал байсан.

Төсөв хүрэлцдэггүй гэж ярьж байна. Энэ төсвийг жил жилд нь төсөвлөөд холбогдох байгууллагад нь саналаа хүргүүлж ажиллаагүйгээс багшийн хөгжлийн төв байгуулагдаагүй байна.

Мөн Заг сумын сургуульд шалгалт хийх явцдаа багш ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэг гэсний дагуу бүх багш ажилчидтай нэг бүрчлэн уулзалт хийсэн. Тэдгээрийн 95-98 хувь нь захирал шиг шаардлага тавьж чаддаггүй, гэрийн эхнэр шиг байдаг, энэ нь эцэг эхийн санал болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар харагдаж байна. Дүгнэлтийг үндэслээд аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дугаар захирамжаар ажлаас чөлөөлөх тухай захирамж гарсан.

Энэ захирамжийн гол үндэслэл нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, Төсвийн тухай хуулийн 74, улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/425 дугаартай дүгнэлтийг үндэслэж гаргасан. Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 44 дүгээр зүйлийн 44.2.3-д заасныг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлийг тусгав гэж заасан байдаг.

Боловсролын тухай хуульд 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт орсноороо аймаг, нийслэлийн Боловсролын газрын сонгон шалгаруулалт болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, захирлын эрхлэгч томилох, үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэн томилох, чөлөөлөх асуудал нь аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал болсон. Өмнө нь сумын Засаг даргын томилгоогоор томилогддог байсан. тай сумын Засаг дарга 2012 онд захирамж гаргаж сургуулийн захирлаар томилсон байсан. Аймгийн Засаг дарга Заг сумын цэцэрлэгийн эрхлэгч тай үр дүнгийн болоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин сумын Засаг дарга нарт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартайгаа гэрээ байгуулж ажиллаарай гэсэн чиглэлийг амаар өгсөн, яг хэзээ тэгж чиглэл өгснийг санахгүй байна.

Хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дагуу сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай дахин захирамж гаргаж томилох шаардлагагүй гэж Боловсролын газраас чиглэлийн дагуу шинэчилсэн захирамж гаргаагүй. Мөн саналаа авах талаар яригдаж байгаа. Энэ нь Боловсролын тухай хуулийн 2007 оны Улсын Дээд Шүүхийн тайлбарт байдаг. Мэдээж 2012 оны тайлбар тусгаагүй учраас 30 дугаар зүйлийн 30.1.15-ыг тодорхойлсон тайлбар гараагүй байгаа. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан ойлголтод Боловсролын газраас саналыг авснаар чөлөөлөх асуудал харагдаж байна. Тэгэхээр чөлөөлөх тал дээр гэрчид эрх үүргийг сануулж *******гийн гэрчийн мэдүүлэгт амаар саналаа өгсөн харагдаж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн ******* миний бие боловсролын системд тасралтгүй 29 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс сургуулийн удирдах ажилтнаар 10 жил ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 02-нд аймгийн Засаг даргын захирамжаар Заг суманд 9 жилийн сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Боловсролын газар болон аймгийн Засаг даргын орлогчид миний анкет байсан. Миний бодлоор туршлага, ажилласан жил, урьд ажиллаж байсан байдал зэргийг харгалзан үзээд томилсон байх гэж боддог. Ямар нэгэн улс төрийн томилгоо явагдаагүй. Урьд ажиллаж байсан хүнийг би танихгүй, ямар ажиллаж байсныг мэдэхгүй. Сураг сонсоход 2-3 удаагийн түвшин тогтоох шалгалт болон үр дүнгийн үнэлгээгээр нь хангалтгүй шалгагдсан гэж сонссон. Миний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ.

Миний бие Заг сумын ойн баяртай холбогдуулан ажил ихтэй байх тул ад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг надгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  нь шүүхэд Баянхонгор аймгийн засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамжаар намайг ажлаас халсан. Ажлаас халахдаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05-08-022/421 дугаар Заг сумын сургуулийн захирлын тухай дүгнэлтийг үндэслэл болгосон тул энэ захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4999180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянхонгор аймгийн засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамж гаргаж Заг сумын сургуулийн захирлын ажлаас халсан нь хууль зөрчсөн байна гэж шүүх үзлээ .

Баянхонгор аймгийн Засаг Дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт болох ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах заалтыг үндэслэн захирамж гаргасан буруу байна. Баянхонгор аймгийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилох захирамжийн нэгдүгээр заалтаар гэрээг цуцалсугай гэж заасан байх боловч ямар гэрээг цуцалсан болох нь тодорхойгүй байна. Учир нь Аймгийн засаг дарга нэхэмжлэгч тай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь гэрч Баянхонгор аймгийн Боловсролын газрын дарга *******, Боловсролын газрын мэргэжилтэн *******, Заг сумын засаг дарга нарын ... 2013 оны эхээр аймгийн засаг даргатай нь үр дүнгийн гэрээ байгуулахаар уулзсан уулзахад би байлцсан юм. Аймгийн засаг дарга чиний талаар гомдол их ирж байгаа учраас чамтай энэ удаа гэрээ хийхээс татгалзаж байна гэсэн... мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Аймгийн Засаг дарга Заг сумын цэцэрлэгийн эрхлэгч тай үр дүнгийн болоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин сумын Засаг дарга нарт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартайгаа гэрээ байгуулж ажиллаарай гэсэн чиглэлийг амаар өгсөн, яг хэзээ тэгж чиглэл өгснийг санахгүй байна... гэсэн тайлбар, Заг сумын засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээ, болон нэхэмжлэгч ын ...надтай үр дүнгийн гэрээ байгуулах албан тушаалтан олдохгүй байсан тэгээд сумын засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан... гэх тайлбар, 2014 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр Заг сумын засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээг 84,4 буюу В үнэлгээтэй дүгнэж Боловсролын газар-т хүргүүлсэн 3/07 дугаартай албан бичиг, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Боловсролын газар нь аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээний үнэлгээний тасагт Гэрээний биелэлтийг хүргүүлэх тухай 400 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна .

Мөн аймгийн засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэл болгож захирамж гаргасан боловч хуулинд заасан журмыг зөрчжээ. Нэхэмжлэгч ыг ажлаас халахдаа Боловсролын газраас санал аваагүй байна гэж шүүх үзлээ. Баянхонгор аймгийн Боловсролын газраас Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 257 дугаар хамтран ажиллах албан бичиг, Аймгийн засаг даргаас Боловсролын газрын дарга *******д хүргүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1а/305 дугаар албан бичигт ...мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтүүд гарсныг хүргүүлэв, танилцаад саналаа яаралтай ирүүлнэ үү.... гэсэн албан бичиг, Боловсрол соёлын газраас Аймгийн засаг даргад 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 407 дугаар санал хүргүүлэх тухай албан бичигт ...ажлын хариуцлага алдаж зөрчил дутагдал гаргасан сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт хуулийн арга хэмжээ авах саналыг... хүргүүлсэн албан бичгүүд байх боловч тухайлан ыг нэр зааж ажлаас халах тухай саналыг бичгээр хүргүүлээгүй болох нь аймгийн засаг даргын засаг даргын явуулсан ирсэн бичгийн бүртгэлд хийсэн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Боловсролын газрын дарга *******гийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...Боловсролын газрын дарга *******гийн амаар энэ хүн дээр хариуцлага тооцох нь зүйтэй гэж амаар хэлсэн, хэзээ хэлснийг сайн санахгүй байна, албан ёсоор санал авахаар явуулсан албан бичиг байхгүй... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр аймгийн засаг даргын 2013, 2014 оны явуулсан ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийхэд ,аймгийн засаг даргаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох аймгийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Боловсролын газрын дарга *******д хүргүүлсэн 1а/305 дугаар... мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтүүд гарсныг хүргүүлэв танилцаад саналаа яаралтай ирүүлнэ үү... гэсэн албан бичиг нь он, сар, өдөр, дугаар нь зөрүүтэй буюу 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1а/200 дугаартай байсан бөгөөд 1а/305 дугаарт 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор сумын засаг даргад хаяглагдсан албан бичиг байсныг дурьдах нь зүйтэй.

Аймгийн засаг дарга ыг ажлаас халахдаа аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05-08-022/421 дугаар дүгнэлтийг үндэслэсэн нь буруу байна. Аймгийн мэргэжлийн хяналтын дүгнэлт нь зөрчил дутагдал гарсан эсэхийг тогтоодог захиргааны акт болохоос ыг ажлаас халах хуулийн заалт биш юм. Мэргэжлийн хяналтын дүгнэлтэд 5 зөрчил тогтоогдсон гэх бөгөөд туранхай адууны мах дотуур байрны хүүхдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн, хүүхдийн тоог өсгөж хүнсний материалыг илүү зарлагддаг, багшийн ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй гэсэн зөрчлүүдийг гаргасан гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Мэргэжлийн хяналтын байцаагч нь нь Заг сумын сургуулийн багш ажилчдыг дарамталдаг ёс зүйн зөрчил гаргадаг гэсэн мэдээллийг шалгаж тогтоосон гэх боловч хариуцагчаас шүүхэд гаргасан Заг сумын сургуулийн багш ажилчдыг дарамталдаг ёс зүйн зөрчил гаргадаг болохыг нотолсон нотлох баримт болох гараар бичигдсэн, гарын үсэггүй, хэн бичсэн нь тодорхойгүй 8 хуудас бүхий баримт нь хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Аймгийн засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд  нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дүгээр ...төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын актаар тогтоогдсон гэжээ. Заг сумын сургуулийн хүүхдийн хоол, түлш, шатах тослох материалын төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг Заг сумын засаг даргын тамгын газар зохион байгуулсан нь төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ хууль зөрчөөгүй байна. Заг сумын сургуулийн хүүхдийн хоол, түлш, шатах тослох материалын төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан болох нь Заг сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 1/57 дугаар захирамж, Заг сумын засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тендер шалгаруулалтыг хүчинтэйд тооцох тухай 1/43 дугаар захирамж, Заг сумын засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай 1/15 дугаар захирамж, 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Заг сумын ШТС-ын үнэлгээний хорооны хурлын ... шийдвэрлэсэн нь: Эрүүл мэндийн төв Засаг даргын тамгын газар баг зэргийг НИК ХХК-ийн шатахуун түгээх станцад Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг Эрдэнийн хошууд ХХК-д үнэлгээний хороодын гишүүдийн 100 хувийн саналаар хуваарилав ...гэсэн хурлын тэмдэглэл, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 9 жилийн дунд сургуулийн 9 жилийн дунд сургууль Энхцэцэг захиралтай гол ХХК-тай байгуулсан Баянхонгор аймгийн Заг сумын 9 жилийн дунд сургуулийн 9 жилийн дунд сургуулийн үдийн цай дотуур байрны хүүхдийн хоол хүнс нийлүүлэх ажиллагаанд хамтран ажиллах гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 9 жилийн дунд сургуулийн 9 жилийн дунд сургууль Лхагвасүрэн захиралтай захиралтай ХХК-тай байгуулсан Баянхонгор аймгийн Заг сумын 9 жилийн дунд сургуулийн 9 жилийн дунд сургуулийн үдийн цай дотуур байрны хүүхдийн хоол хүнс нийлүүлэх ажиллагаанд хамтран ажиллах гэрээгээр тогтоогдож байна .

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалтад ... төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол санхүүжилт гаргахыг хориглоно... гэж заажээ. Энэ заалт нь төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдсоныг ойлгоно. Хэргийн оролцогч нар төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны талаар маргаагүй, 2013 оны санхүүгийн жил эхэлснээс хойш төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа явагдаж дуусах хүртэл буюу Заг сумын засаг даргын гэрээ байгуулах эрх олгох захирамж гаргах хүртэл хугацаанд төсвөөс санхүүжилт гаргасан талаар маргасан. Нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхол, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхол, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Заг сумын сургуулийн захирал төсвийн жилээс төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргасан буруу биш байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар заалтын 7-ний а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин болох 4999180 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 4999180 төгрөгийг гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна .

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйл, 31 дүгээр зүйлд зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 676 дугаар ыг ажлаас халж, үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 зааснаар ыг Заг сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай

 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч ын ажилгүй байсан хугацааны цалин болох 4999180 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэгч ад олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн  81.1- д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ,14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах болохыг тайлбарлав.

 

ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ