Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/667

 

 

 

 

 

 

  2023              6            29                                         2023/ДШМ/667

 

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/495 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ........................ дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь ................ дүүргийн .............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 429 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус хорих ангид ял эдэлж байсан Б.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б-ын эдлэх нийт хорих ялыг 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 35 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 3 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хаалттай дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний эрх зүйн байдал, гэм буруутай байдлыг минь харгалзан үзэж үлдсэн 2 жил 4 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй. Хаалттай хорих байгууллагад хорих ял эдэлж байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогч гомдол саналтай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн шийдвэр гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь ................. дүүргийн ................... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 429 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус хорих ангид ял эдэлж байсан Б.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн “...Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хоригдол Б.А-ы хамт ачааны машинд нэмэгдэл порчик хийж байх үед Б.Б гэх хоригдол намайг гадуур нохой гэж хэлсэн байна гээд над руу дайраад байхаар нь би тийм юм яриагүй гэж хэлтэл Б.Б над руу уурлаад хашгираад дайраад байхаар нь би цаашаа бай гэж хэлээд түлхэх гэтэл зөрөөд миний ам руу духаараа мөргөж миний дээд үүдэн нэг шүд унаж, нэг шүд хугарсан. Хугархай шүдийг авахуулж, хажуугийн нэг шүдийг авахуулж, нийт 3 ширхэг шүд хийлгэхэд нийт 1.290.000 төгрөг болж байгаа. ...цаашид шүдээ хийлгэхийн тулд Б.Б-аас 1.290.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 18-20, 22-23/,

гэрч У.Б-ын “... уг хоёр хоригдлыг өрөөндөө хүлээн авч уулзсан. Хоригдол Б.Б хугархай шүд барьчихсан орж ирсэн, хоригдол Б.Б намайг мөргөөд миний шүд хугарчихлаа гэж хэлсэн. ...” /хх 25-26/,

гэрч Б.А-ны “...би уг өдөр авто грашид машины өндөрлөгөө тавьж байсан. Гэтэл хоригдол Б.Б, хоригдол Б.Б хоёр машины урд хоорондоо чанга чанга яриад маргалдаад байсан. ...Тэгээд гражнаас түлхүүр багаж аваад ирэх хооронд хоригдол Б.Б амаа дарчихсан дэргэд нь Б.Б зогсож байсан. Би Б.Б-өөс юу болсон талаар асуухад хоригдол Б.Б намайг мөргөсөн гээд амнаас нь цус гарсан байдалтай амаа дарчихсан, шүдээ барьчихсан зогсож байсан. ...” /хх 28/,

яллагдагч Б.Б-ын “...Б.Б-тэй маргалдсан. Улмаар нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн нь үнэн. ...” /хх 47/ гэсэн мэдүүлгүүд,

“...Б.Б-ийн биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ерөнхий газрын 2098 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 34-35/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Б-ыг хохирогч Б.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б “...хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хаалттай хорих байгууллагад ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзсэн байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хүнлэг ёсыг эрхэмлэж, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх бөгөөд иргэн Б.Б нь бусадтай хүнлэг ёсоор харьцаж, өөрийн харилцаа хандлагадаа цаашид анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-ын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/495 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ