Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00019

 

 

 

        2025           01            03     

                       302/ШШ2025/00019

 

    

 

                                    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 02 С тауэр 8 давхарт үйл ажиллагаа явуулах, Т ББСБ ХХК

Хариуцагч: Б аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Бий М

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 949,974 /есөн зуун дөчин есөн мянга есөн зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 949,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Т ББСБ ХХК-тай ЗГ2024032712115 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung A15” маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 78,256 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 788,000 төгрөг, зээлийн хүү 134,978.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,955.7 төгрөг нийт 949,974.2 төгрөг гаргуулах хүсэлттэй байна.

1.2. Иймд Б.Маас зээлийн гэрээний үүрэгт 949,974 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.М хариу тайлбартаа “Миний бие Б.М нь Т ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 949,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг зээлийн гэрээний үүрэгт 949,974 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Б.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 949,974 /есөн зуун дөчин есөн мянга есөн зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 949,974 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,349 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 13,674 төгрөг, мөн хариуцагч Б.Маас 13,674 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч У овогт Б М нь 949,974 /есөн зуун дөчин есөн мянга есөн зуун далан дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 13,674 төгрөг, мөн хариуцагч Б.Маас 13,674 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          К.Б