| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2025/00031/И |
| Дугаар | 302/ШШ2025/00021 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/00021
| 2025 01 03 | 302/ШШ2025/00021 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 3 дугаар багт оршин суух, Бын О
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Сийн Х
Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь С.Хд холбогдуулан зээлийн үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие У сумд мал маллаж амьдардаг. 2022 оны намар 11 дүгээр сарын 17-ны өдөр идэшний үеэр хэдэн тарган үхрээ мөнгө болохоор Өд тууж ирсэн билээ. Замд таарсан С.Х нь уг үхрүүдийг би авна гэж нэг бүрийг нь 750,000 төгрөгөөр үнэлж бүгд 1,500,000 төгрөг өгнө гэж авсан. Тэгээд туугаад нэг газарт хүргүүлж надаар нядлуулж туслуулсан. Гэтэл мөнгийг нь дараа нь өгнө гэж Хд хэлэхэд би аргагүй зөвшөөрч тохирсон. Уг мөнгөнөөс С.Х нь одоо үлдсэн 1,000,000 төгрөгийг өгөхгүй удаа дараа шаардуулж байна. Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Х хариу тайлбартаа “Миний бие С.Х нь Б.Оийн надад холбогдуулан гаргасан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б.О нь С.Хд холбогдуулан гаргасан 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,000,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 14,275 төгрөг, мөн хариуцагч С.Хаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч И овогт Сийн Х нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжлэгч Бын Од төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 14,275 төгрөг, мөн хариуцагч С.Хаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б