| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2025/00003/И |
| Дугаар | 302/ШШ2025/00042 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00042
| 2025 01 14 | 302/ШШ2025/00042 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б ХХК
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Бын А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдаж авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000 /гурван сая найман зуун долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь Б.Ад холбогдуулан зээлээр худалдаж авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б ХХК нь барилгын материал болон электрон барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр HP I7 засварын зөөврийн компьютерыг 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлж дуусгана хэмжээн зээлээр худалдан худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний хавсралтын дагуу хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхний сарын төлөлтөө хийх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн тухайн зээлээр худалдах худалдан авах гэрээний 7.2 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцож нэхэмжлэх эрхтэй юм. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 82 хоног болж байгаа бөгөөд 1,107,000 төгрөг болж байна.
1.2. Иймд хариуцагчаас зээлээр худалдаж авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000 /гурван сая найман зуун долоон мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.А хариу тайлбартаа “Миний бие Б.А нь Б ХХК-ийн надад холбогдуулан гаргасан зээлээр худалдан авсан барааны үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг зээлээр авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б ХХК нь Б.Ад холбогдуулан гаргасан зээлээр худалдаж авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000 /гурван сая найман зуун долоон мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлээр худалдаж авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,893 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 37,946 төгрөг, мөн хариуцагч Б.Ааас 37,946 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х овогт Бын А нь зээлээр худалдаж авсан компьютерын үнэ 2,700,000 төгрөг, алданги 1,107,000 төгрөг нийт 3,807,000 /гурван сая найман зуун долоон мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 37,946 төгрөг, мөн хариуцагч Б.Ааас 13,674 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б