Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа ,

            Улсын яллагч Д.Энх-Оргил,

            Шүүгдэгч ЧТ,

Хохирогч Г.Даваасүрэн нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хан хошууд овогт ЧТд холбогдох 1711012510275 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, албан хэрэг хөтлөлт, нарийн бичгийн дарга мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол Бага тойруу гудамж, 33 дугаар байр 4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн нарангийн гудамжны 13-23 тоот нийтийн байранд амьдардаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хан хошууд овогт ЧТ (РД:00000000000),

нь 2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Даваасүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч ЧТ нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө эхнэртэйгээ найзын төрсөн өдөр тэмдэглээд шөнө 02 цаг өнгөрч гэртээ харьсан. Унтах гэж байхад манай эхнэр ээжтэй маань маргалдсан. Өмнө нь бас эхнэрээ гомдоочихоод эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

Хохирогч Г.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Нөхрийн хамт шөнө 02 цагт гэртээ орж ирсэн. Маргалдсаны улмаас нөхөр маань надад гар хүрсэн. Өмнө нь би цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй. Одоо гомдол саналгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Даваасүрэн хохирогчоор мэдүүлэхдээ: “...Өмнө нь намайг зодож байсан. Ер нь бол олон удаа зодож байсан. Намайг нэг удаа цахилгаан бороохойгоор зодож байсан. ЧТ намайг ээжтэй нь хэрүүл хийлээ гээд ээжийгээ өмөөрөөд унт гэхээр нь унтахгүй гэж хэлэхэд хүрч ирээд миний хоолойг боогоод нүүр рүү мөргөчихсөн. Байнга зодож дарамталдагт нь гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэжээ.

Гэрч Г.Алтанзулаас мэдүүлэхдээ: “…Манай дүү Даваасүрэн нь ЧТтэй гэр бүл болоод 3 жил болж байгаа. Энэ хугацаанд манай дүү ЧТ намайг цохилоо, зодлоо гэж 2-3 удаа хэлж байсан. Тухайн үед би сургуульдаа сурч байсан болохоор ирж уулзаж чадахгүй байсан тул цагдаад хандаж чадаагүй” гэв.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.13-ны өдрийн ¹14082 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1. Г.Даваасүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч ЧТ нь 2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол Бага тойруу гудамж, 33 дугаар байр 4 тоот өөрийн гэртээ согтуугаар эхнэр Г.Даваасүрэнг өөрийнх нь ээжтэй хэрүүл хийсэн гэх шалтгаанаар зодсоноос түүний биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

 

 

шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Даваасүрэнгийн “...Өмнө нь намайг зодож байсан. Ер нь бол олон удаа зодож байсан. Намайг нэг удаа цахилгаан бороохойгоор зодож байсан. ЧТ намайг ээжтэй нь хэрүүл хийлээ гээд ээжийгээ өмөөрөөд унт гэхээр нь унтахгүй гэж хэлэхэд хүрч ирээд миний хоолойг боогоод нүүр рүү мөргөчихсөн. Байнга зодож дарамталдагт нь гомдолтой байна” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.13-ны өдрийн ¹14082 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Хан хошууд овогт ЧТг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хан хошууд овогт ЧТг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ЧТг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ЧТ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ЧТд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ