Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/699

 

           

 

 

   2023             7             06                                        2023/ДШМ/699          

 

Г.Л-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

цагаатгагдсан этгээд Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Мөнхжаргал, Б.Болдбаатар,

хохирогч С М-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуул, Г.Цагаанбаяр, С.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/371 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэнГ.Л-д холбогдох эрүүгийн 1709014290251 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын Л, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .... мэргэжилтэй, “..” ХХК-д .. ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ........../,

Шүүгдэгч Г.Л нь Япон улсын иргэн хохирогч С М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Үндэсний хонжворт сугалаа явуулахад шаардлагатай байгаа 750.000 ам.долларыг 3 жилийн хугацаатай өгсөн тохиолдолд 10 дахин өсгөж өгнө, мөн үүний баталгаа болгож өөрийн эзэмшлийн “И-А” ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлье” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хувьцаа бэлэглэх гэрээ бичгээр байгуулах замаар 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банк дотор 750.000 ам.доллар залилан авч 939.675.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “С к” ХХК-ийн нэр дээр 130.000 ам долларыг зээл нэрийдлээр залилан авч 181.974.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Солонгос Улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хьюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч С М-д нийт 1.672.849.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г-ын Л-г цагаатгаж, шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С М-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 463 дугаар “Г.Л-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205065359 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 34 дүгээр байрны 3/А тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021923 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 34 дүгээр байрны 3 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029654 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 34 дүгээр байрны 10 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай хэсэг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084839 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, 84/Б байрны 31 тоот орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024698 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Рапид харш хотхоны 31 дүгээр байрны 39 тоот орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037372 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Рапид харш хотхоны 29, 30, 31 дүгээр байрны зоорины давхрын 29 тоот авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Г-2204017401 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 1-1 дүгээр гудамжны 1 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Г-22040064486 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ойн гудамжны 48 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хадгалж, эд мөрийн баримтаар улсын яллагчаас хэрэгт шинжлэн судлуулсан “И-А” ХХК-ийн санхүүгийн баримтуудыг “И-А” ХХК-д олгож, шүүгдэгчГ.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний баримт бичиг ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/371 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгч цагаатгах тогтоолын үндэслэлээ шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн.

ШүүгчдэгчГ.Л-ийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба шүүгчийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд, дүнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, залилах гэмт хэргийн үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрхэн яаж үгүйсгэсэн талаарх үндэслэлээ тогтоолдоо заагаагүй, мөн Эрүүгийн хуулийн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд:

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хууль бусаар завшиж, өөрт хэрэглэх буюу ашиг олох гэсэн шунахайн сэдэлтэй, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалж байсан эзнээс нь салгаж улмаар өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгон захиран зарцуулсан үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Шүүгдэгч Г.Л нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулах замаар халхавчилж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 750.000 ам.доллар болон 551.200.000 төгрөгийн эксковаторыг залилж, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч залилсан.

Иргэний эрх зүйн харилцааны гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ, хэлцэл байгуулсан мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйл, мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай, шууд идэвхтэй үйлдэл байдаг.Г.Л нь Япон улсын иргэн С М-гаас Үндэсний хонжворт сугалаа явуулж, компанидаа хөрөнгө оруулалт татах нэрийдлээр 750.000 ам.доллар авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Улмаар 750.000 ам.долларыг буцааж өгөхгүй байх зорилгоор гэрээ хэлцлээр халхавчлан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулдаг. Учир нь, С М ямар нэгэн байдлаар компанийн хувьцаа эзэмшигч болчих юм бол дараа нь компаниа дампууруулахад С М нь хувьцаа эзэмшигч болохын хувьд хөрөнгө оруулалтын эрсдэлээ өөрөө даах учир, шүүгдэгч Г.Л нь 750.000 ам.долларыг “хөрөнгө оруулалтын эрсдэл” нэрээр хуулийн дагуу буцааж өгөхгүй байж болно гэж анхнаасаа тооцоолж, өөрөөр хэлбэл С М-гаас авсан мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор анх авсан болох нь харагддаг.

Энэхүү 750.000 ам.доллар аваад буцааж өгөхгүй байх, санаатайгаар компаниа дампууруулах субьектив санаа зорилго нь дараах байдлаар нотлогддог.  

Хохирогчийн мэдүүлгээр “750.000 ам.долларын баталгаа болгож И а ХХК-ийн 10 хувийн хувьцааг өгсөн” гэх мэдүүлэг,

ШүүгдэгчГ.Л мэдүүлэгтээ “И а” ХХК-д олон хүн хөрөнгө оруулсан, С М ч мөн хөрөнгө оруулсан” гэх агуулгатай мэдүүлгүүд,

Шинжээчийн дүгнэлтээр “И а” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг мөрдөөгүй болох талаарх дүгнэлт,

Гэрч нарын “И а ХХК нь нэг ч ашигтай ажиллаж байгаагүй” гэх агуулгатай мэдүүлгүүд,

Компанийн үйл ажиллагаа дампуурсан үндэслэлийг Г.Л нь “сугалааны азтан болсон хүмүүс 40 хувийн татвараа төлөхгүй байсан” /Гэтэл 2011 онд хонжворт сугалаа явуулах бол 40 хувийн татвар төлөх хууль тухайн үед ч хэрэгжиж байсан бөгөөдГ.Л үүнийг урьдаас тооцох боломжтой бөгөөд мэдэж байсан/ гэсэн өөрийнх нь мэдүүлэг, мөн Сангийн яамнаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаагүй гэх тайлбар, /ГэтэлГ.Л нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах талаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, шүүхээр шийдвэрлүүлсэн нэг ч үйл баримт байдаггүй/.

Шүүгдэгч Г.Л “600.000 ам.долларыг “И а” ХХК-д зээлүүлсэн, үлдсэн 150.000 ам.долларыг өөрөө зарцуулсан” гэх мэдүүлэг /Гэтэл Г.Л нь өөрийн И а ХХК-д мөнгө зээлдүүлснээр, компанийн тухай хууль, иргэний хуульд заасан дарааллаар тэргүүн ээлжинд хувьцаа эзэмшигчдээс түрүүлж үүргийн гүйцэтгэлээ хангуулах дараалалд орох бөгөөд нэгэнт хууран мэхлэгдэж хувьцаа эзэмшигч болсон С М нь 750.000 ам.доллараа буцаан авах ямар ч боломжгүй болох юм/ зэргээр анхнаасаа 750.000 ам.долларыг буцааж өгөхгүй байх санаа зорилготойгоор мөнгийг авсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг гэрээний харилцаа үүссэн иргэний эрх зүйн харилцаанаас ялгах онцлог шинж нь гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжтой байсан эсэх, гэрээний талууд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцон, харилцан гомдлын шаардлага тавьж, гэрээгээ дүгнэн, гэрээний үүргээ харилцан тооцох боломжтой эсэхээр ялгагдаж байдаг. Г.Л нь хууран мэхлэгдэж хувьцаа эзэмшигч болсон С М-д компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, компанийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, татварын тайлан зэргийг нэг ч удаа хүргүүлж байгаагүй, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй зэрэг үйл баримтууд тогтоогддог бөгөөд залилан мэхэлж авсан мөнгөө буцаан өгөх санаа зорилгогүй байсан болох нь харагддаг.

Түүнчлэн,Г.Л хохирогч С М-гаас авсан мөнгийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай, шууд идэвхтэй үйлдлээр 12-21 УБ дугаартай экскаваторын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг.

 Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.Г.Л нь экскаватор бусдад түрээслүүлж ашиг ольё гэж хэлэн 2 ширхэг экскаваторыг С М-ийн хөрөнгөөр худалдан авч оруулж ирсэн. Ингэхдээ өөрийн хамааралт компани болох “Р” ХХК-ийн нэр дээр НӨАТ-ийн баримт авна гэж хэлэн бусдын өмчлөлийн зүйлийг өөрийн компанийн нэр дээр оруулж ирсэн. Эдгээр идэвхитэй үйлдлүүд нь урьд бий болсон итгэлийг ашиглан С М-г хуурч, НӨАТ-ийн баримтыг өөрийн компани дээрээ авахын тулд л “Р” ХХК-ийн нэр дээр оруулж ирж байгаа гэж итгүүлэн оруулж ирсэн боловч, мөн л урьдын итгэлийг эвдэн, хуурч мэхлэн, НӨАТ-ийн баримт авах зорилготой байтал гаалиар орж ирэнгүүт нь Хаан банкны зээлийн барьцаанд тавьж, захиран зарцуулж, түүнчлэн худалдан борлуулсан нь залилах гэмт хэргийн обьектив шинжийг бүрэн гаргасан үйлдэл юм.

Залилах гэмт хэрэг эхэлсэн, төгссөн цаг хугацааг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хөөн хэлэлцэх хугацаа дуусах болон эрх зүйн бусад үр дагаварт шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хуульчилсан. Мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааж өгсөн. Хуульд заасны дагуу гэмт хэрэг төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн үе гэж үзэх баГ.Л нь 2015 оны 7 сард экскаваторын өмчлөх эрхийг бусдад шилжүүлснээр “Залилах” гэмт хэрэг төгсөж байна.

Г.Л нь экскаваторыг бусдад түрээслэж ашиг ольё гэж хэлэн С М-гаас хөрөнгө мөнгө гаргуулан 2 ширхэг экскаватор оруулж ирэнгүүтээ банкны барьцаанд тавьж, мөн бусдад худалдан борлуулж байна. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг нь юм уу, заримыг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго өвөрлөж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд мөн л залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Г.Л-гийн хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгчдэгч Л-гийн 750.000 ам.долларыг бодит байдлыг гуйвуулан, итгэл олж авч, гэрээгээр халхавчилж залилсан үйлдэл, 2015 оны 7 сард С М-ийн өмч болох экскаваторыг итгэл эвдэн өөртөө өмчлөх эрхийг шилжүүлэн авч, Г.Л бусдад худалдан борлуулж, түүнээс орж ирсэн мөнгийг өөртөө зарцуулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.Г.Л-ийн эдгээр үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг байсаар байтал анхан шатны шүүхийн шүүгч залилах гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу дүгнэж, шүүгдэгчийн гэм буруутайг нотлох баримтыг няцаасан талаарх дүгнэлтээ тогтоолдоо тусгаагүй зэрэг нь анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл болно.

 Иймд шүүгдэгчГ.Л-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

С М-ийн өмгөөлөгч Д.Мөнхтуул гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07- ны өдрийн 371 дүгээр цагаатгах тогтоолын эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Г.Л нь Япон улсын иргэн хохирогч С Мд жил бүр ашиггүй ажиллаж байгаа “X” тайлан гаргасан “И а” ХХК-ийн бодит байдлыг нуух замаар, өөрийн эзэмшлийн “И-А” ХХК-ийн 10 хувийн хувьцааг түүнд шилжүүлсэн мэтээр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Хувьцаа бэлэглэх гэрээ”, Компаний эрх шилжүүлэх гэрээг хийж хохирогч С М-ийг “И-А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгосон, үүнийгээ хууль ёсны мэтээр баталгаажуулж Улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчийг нэмж бүртгүүлэн уг баримт бичгийг ашиглан Улсын бүртгэл болон шүүхийн байгууллагыг хуурсан, мөн тэр Алтан сугалааны бизнес Монголд цорын ганц бөгөөд ирээдүйд /3 жилд/, хувьцааны үнэ 10 дахин өсөхөөр өгсөн мөнгийг өсгөж буцааж өгнө гэж хохирогч С М-ийг төөрөгдүүлж 750.000 ам.долларыг авсан байдаг.

1. Шүүгдэгч Г.Л нь С М-гаас 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд нийт 750.000 ам.долларыг бэлнээр авсан үйлдлээ зөвшөөрдөг. Үүнийгээ “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт авсан ба Голомт банк дахь өөрийн гадаад валютын дансандаа байршуулсан гэж мэдүүлдэг, харин хохирогч С М нь Г.Л-ийн хонжворт сугалаа явуулахад нь түүний хүссэнээр туслаж шаардлагатай байгаа 750.000 ам.долларыг зээлүүлсэн гэж мөн мэдүүлдэг. Үүнээс өөрөөр тус бүрдээ өөр мэдүүлэг өгөөгүй байдаг.

Эдгээр шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдлыг тодруулбал, шүүгдэгч Г.Л нь хувьцааны цагаан толгойн номын зохиогч гэх бөгөөд түүний үүсгэн байгуулсан хамаарал бүхий “X” тайлантай олон тооны компани байдаг, түүнийгээ удирддаг мэдлэг чадвар хэнээс ч дутахааргүй залуу хүн юм. Харин хохирогч С М нь эрх зүй өндөр соёлтой, татвар өндөр, зах зээл хөгжсөн Япон оронд, томоохон компани удирдаад явж байгаа туршлага бүхий ахмад насны иргэн хүн бөгөөд эдгээрийн хэний мэдүүлгээс хэн нь үнэн зөв мэдүүлж байгаа нь нотлох баримтаар нотлогддог юм.

Хохирогч С М нь шүүгдэгч Г.Л-д 2011, 2012, 2013 онуудад 3 удаа онц их хэмжээний мөнгө болон хөрөнгө шилжүүлэн өгөхдөө эрх зүйн ямар нэгэн баримт үйлдээгүй байгаа нь итгэл үнэмшил бүхий итгэлцэл байсныг нотлож харуулдаг.

2.Г.Л-ийн эзэмшлийн “И-А” ХХК нь тусгай зөвшөөрлөөр Үндэсний хонжворт 3 төрлийн сугалаа явуулж байсан боловч, тус компанид нэмэлт хөрөнгө шаардлагатай, санхүүгийн чадамж муу байсан нь дараах нотлох баримтуудаар:

а/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт / 8 хх 227-245/,

б/ Татварын ерөнхий газраас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн ”И а” ХХК-ийн 2010-2013 оны татвар төлөлтийн мэдээлэл /6 хх 70-72/,

в/ “Их Хөх Монгол аудит” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /8 хх 170-195/,

г/ Гэрч шинжээч Г.Ариунбат болон тус компаний хувьцаа эзэмшигч гэрч Г.Мандхай нарын мэдүүлэг зэргээр тус компани нь /2010-2013 он/ 3 жилийн хугацаанд ашигтай ажлаагүй “X” тайлантай байсан нь тогтоогддог.

Ийм байхад хохирогч С М нь тус компанийн хувьцааг худалдаж авах боломжгүй ба тус компанид хөрөнгө мөнгө хэрэгтэй байсан болохыг хохирогч С Мгийн мэдүүлэг давхар нотолдог.

3. ШүүгдэгчГ.Л-ийн мэдүүлэг дагуу Япон улсын иргэн С М нь гэрээ ёсоор “И-А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юмаа гэж үзвэл тэр 2010-2013 онд /үйл ажиллагаа зогсох хүртэл/ тус компанийн үйл ажиллагаанд оролцсон байдал, түүнд компанийн бодитой нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн болон авсан үйл баримт тогтоогддоггүй. Тодруулбал,

а/Г.Л нь “И-А” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарт өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах талаар саналаа тэргүүн ээлжинд гаргаагүй,

б/Г.Л-гээс иргэн С М-д тус компанийн тайлан балансыг албан ёсоор танилцуулаагүй,

в/ С М нь компанийн бусад хувьцаа эзмшигч нар гэх этгээдүүдийг мэддэггүй, тэд нар нь ч түүнийг мэддэггүй хамт хуралд орж байгаагүй, хуралд орсон мэтээр хурлын тэмдэглэл бүхий баримт үйлддэг,

г/ С М нь тус компанийн хувьдаа эзэмшигчдийн хуралд 2010-2013 онд нэг ч удаа оролцоогүй ба оролцуулах үйлдэл Компанийн тухай хууль дагуу хийгээгүй зэрэг үйлдлээрээ шүүгдэгчГ.Л-ийн хохирогч С М нь ”И а” ХХК-ийн 10 хувийн хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан, хувьцаа эзмшигч мөн гэж мэдүүлсэн мэдүүлэг нь няцаагддаг. Харин ч Г.Л, С М нарын хооронд зээл буюу хөрөнгө оруулалт хэлбэрээр 750.000 ам.доллар өгсөн болон авсан үйлдэл нь тогтоогддог.

Энэ нь анхан шатны шүүхээс оролцогч өмгөөлөгчийн хүсэлтээр "И а” ХХК- ийн түүхийг Улсын бүртгэлээс гаргуулж авсан 164 хуудас бүхий хэргийн нэмэлт баримтаар нотлогдоно.

Улсын бүртгэлийн санд байгаа “И а” ХХК-ийн түүхэн баримтад тус компаний “Хувьцаа бэлэглэх тухай” болон “Компанийн эрх шилжүүлэх тухай” гэрээнүүд бүртгэгдсэн нь шүүгдэгчийн мэдүүлэг дахин няцаагдаж байна.

Үүнээс гадна мөн санд ”И а” ХХК-ийн дүрмийн сан 1.000.000 төгрөгөөр тогтоогдсоноор бүртгэгдсэн байхад 750.000 ам.доллараар хэмжигдэх мөнгөн хөрөнгөтэй дүйцэх “И а” ХХК-ийн хувьцаа шилжигдсэн баримт тогтоогдохгүй байгаа.

Харин нэг зүйлийн талаар “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн “Хувьцаа бэлэглэх гэрээ”, мөн компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”-нүүд /8 хх 227-245/, өөр хоорондоо утга агуулга өрсөлдсөн алийг нь үнэн болохыг тогтоох боломжгүй байгаа нь хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байна. Мөн гэрээнүүдийг япон иргэнд зориулагдсан орчуулгагүй баримтаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлүүд нь хуурамч баримт бичиг ашигласан хууран мэхэлсэн үйлдлийн тод хэлбэр гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.Л нь хохирогч С М болон түүний компаниас “Солонгос улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдүүлж 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хьюндэй Ар-520 Эл Си” маркийн 1 ширхэг экскаваторын өмчлөх эрхийг шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь дараах байдлаар нотлогддог.

Түрээслэх санаа зорилгогүй байж түрээслэнэ гэж, ашиг хуваарилна гэж “Стандарт Менежмэнт” ХХК болон “Сүрлэг Хангайн зам” ХХК нарын хооронд хийсэн “Экскаватор түрээслэх гэрээ”-ний /6 хх 19/ загварыг үзүүлж, өөрийн хамааралтай “Р” ХХК-ийн мэдэлд, хохирогч С М-гийн эзэмшил “К М К” ХХК-ийн хөрөнгөөр худалдан авсан 2 ширхэг Хьюндай экскаваторыг шилжүүлэн авсан /2 хх 188-190/, мөн хохирогчийн Монгол хэл мэдэхгүйг ашиглаж “К М К” ХХК болон “С к” ХХК-ийн хооронд уг 2 ширхэг экскаваторыг “Худалдах, худалдан авах гэрээ” хийж, өөрөө биеэр оролцон /2 хх 131-134/ гэрээний хавсралт № 1-д төлбөр төлөх хуваарийг /УБ 21-12/ 0000047-270,494 ам.доллар, /35-53 УБ/ 0000046-255,782 ам.доллар гэж бичих байтал түрээсийн төлбөрийн тооцоолол 360.000 ам.доллар төлөхөөр баримт бичиг үйлдэн төөрөгдүүлж, “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х байсныг шүүгдэгч Г.Л өөрөө болж 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр УБ 21-12 улсын дугаартай 1 ширхэг экскаваторыг Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Н.Б-т худалдаж шилжүүлэн /2 хх 194-195/ захиран зарцуулж хохирогчийг хохироосон байдаг. Үүнийгээ би төлбөр төлсөн гэж тайлбарласан боловч энэ нь нотлогдсон баримт байхгүй байхад энэ хоёр гэмт үйлдлийг гэмт хэрэг биш, иргэний маргаан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Г.Л-д холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/371 дүгээр цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Хэрэв гэмт хэрэг биш гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болгож, хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С М-ийн өмгөөлөгч С.Мөнхнаран тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 750.000 ам.доллар өгч авалцах зорилгоор хийсэн гэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээг иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй гэж дүгнэхдээ хохирогч С М-ийн эрх ашгийг харгалзаж үзээгүй. Талууд хувьцаа худалдах-худалдан авах болон бэлэглэлийн гэрээг байгуулахдаа Япон улсын иргэнд орчуулж бичгийн хэлбэрээр өгөөгүй байдаг. Хэрэв иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзвэл хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд хоёр талын эрх ашиг заавал харагдах ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаа огт явагдаагүй байсан. Мөн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх үйл ажиллагаа хийхдээ хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн мэтээр зохиомлоор хийж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Экскаваторын хувьд анхнаасаа түрээслэх зорилгогүйгээр итгэл найдвар төрүүлэн оруулж ирээд Хаан банкны барьцаанд тавьж ашиг олж байсан нь харагддаг. Иймд анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч С М-ийн өмгөөлөгч Г.Цагаанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хохирогчийн итгэлийг урвуулан ашигласан зүйл байхгүй, залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ ямар үндэслэлээр 750.000 ам.долларыг төлөхгүй байх санаа зорилготойг дүгнээгүй. Шүүгдэгч “И-А” ХХК-д хөрөнгө оруулсан гэж мэдүүлдэг, гэхдээ компанид хөрөнгө оруулсан уу, эсхүлГ.Л-ийнхувьцааг худалдаж авсан уу гэдэг нь ялгаатай. Бүх гэрээнүүдэдГ.Л-ийнхувьцааг худалдаж авсан гэж харагддаг ч хөрөнгө оруулсан гэх хүмүүс нь компанид хөрөнгө оруулсан гэж ойлгодог. Компанид хөрөнгө оруулсан бол компанийн данс руу мөнгө орох ёстой байтал хувь хүний данс руу орсон байдаг. С М-д 10 хувийн хувьцааг 750.000 ам.долларын барьцаа баталгаа болгох нэрийдлээр өгч, хувьцаа худалдах, худалдан авах эсхүл бэлэглэлийн гэрээгээр 750.000 ам.доллар нь хувь хүнд шилждэг. Гэтэл хөрөнгө оруулагчид компанид хөрөнгө оруулсан гэж бодоод байдаг.Г.Л-ийнзээл төлөгдөж дууссаны дараа хөрөнгө оруулагчид ноогдол ашиг авах боломжтой болно. 10 хувь нь 750.000 ам.доллар бол нийт үнэлгээ нь хичнээн сая доллар болно. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээнд хувь нийлүүлсэн хөрөнгө нь 1.000.000 төгрөг байдаг. 750.000 ам.долларыг буцааж өгч байж, компаниас ноогдол ашиг авах асуудал яригдах ч энэ хэзээ ч боломжгүй зүйл юм. Засгийн газар тус компанийн хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байхад яагаад Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, хувьцаа эзэмшигчдийг хуралдуулж мэдээлэл солилцсон, тайлан хүргүүлж байсан зүйл байдаггүй. Компанийн тухай хуулиар жил бүр гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл хурал огт хуралдуулаагүй, мөн компанид орж ирсэн мөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу зөв хөтлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шинжээч мэдүүлэхдээ “үүнд ямар ч дүгнэлт хийх боломжгүй байна, өөрөөр хэлбэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөж ажиллаагүй байна” гэдэг. Тиймээс энэ нөхцөл байдлуудаас үзэхэд, 750.000 ам.долларыг авчихаад хувьцаа эзэмшигч болгоё, дараа нь ямар нэгэн зүйл болоход би эрсдэл хүлээхгүй гэдэг байдлаар хандсан буюу Г.Л нь 750.000 ам.долларыг анхнаасаа төлөхгүй байх гэсэн санаа зорилгоор үйлдлээ маш чадварлаг хэрэгжүүлсэн. Хувьцааны засаглал, компанийн засаглалын талаар тодорхой хэмжээний өндөр мэдлэгтэй, сургалт ордог хүн ямар боломж байдаг, хуулийн ямар сул тал байдаг зэргийг мэдэж, үүнээс үүдэлтэй эрсдэл хүлээхгүй байх боломжийг харж энэхүү хэргийг үйлдсэн. Түүнчлэн хоёр ширхэг экскаваторыг Монгол Улсад оруулж ирээд түрээслэх талаар тайлбарлаж “Хэрэв та Монгол Улсад экскаватор оруулж ирээд түрээсэлбэл сарын 10.000 ам.долларын ашигтай олох боломжтой байна” гээд ижил төстэй гэрээ, санхүүгийн тооцоо, схемийг үзүүлдэг. Улмаар С М-ийн мөнгөөр 2 ширхэг экскаватор оруулж ирсэн бөгөөд Г.Л нь энэ талаараа маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Харин оруулж ирсэн экскаваторыг “Манай компанийн нэр дээр оруулаад ирж болох уу, НӨАТ-ын баримтыг нь би компанийнхаа нэр дээр гаргуулъя“ гэж хэлээд оруулсан. Мөн экскаваторыг орж ирэнгүүт нь захиран зарцуулж, Хаан банкинд барьцаанд тавьсан,Г.Л-д экскаваторыг захиран зарцуулах эрх олгоогүй байхад тухайн экскаваторын мөнгийг гаргасан, эсхүл худалдаж авсан хүн шиг ашиг олдог. Ийм нөхцөл байдлуудаас үзэхэд анхнаасаа хөрөнгийг нь буцааж өгөхгүй байх сэдэл, санаа зорилготой байсан тул Г.Л-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинжтэй. Энэ талаар анхан шатны шүүх буруу тайлбарласан тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтээр 750.000 ам.доллар, 130.000 ам.доллар, экскаватор гэсэн 3 асуудалд үндэслэжГ.Л-г яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. 2011 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 750.000 ам.долларыг хэд хэдэн удаагийн шилжүүлэг, бэлэн мөнгөөр өгсөн гэсэн асуудал яригддаг. Хэрэгт авагдсан баримтаар экскаваторыг 2014 онд өгч залилсан, 2015 онд шилжүүлэн худалдан борлуулснаар энэ гэмт хэрэг төгссөн гэж үздэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт С М-ийн орчуулагч, ажилтан мэдүүлэхдээ экскаваторын асуудал 2011 оны өвөл цас орж байсан нэг өдөр яригдсан. 2012 оны 8 дугаар сард Монгол Улсын хилээр экскаваторыг оруулж ирсэн гэдэг. Энэ огноог шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгч энэ бол залилах гэмт хэрэг биш, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн үндэслэл яригдах юм. Хохирогчийн мэдүүлэг болон гомдол тогтворгүй байдаг. Учир нь, хохирогч анх 750.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үйл ажиллагаа цааш амжилттай явагдах боломжгүй, зогсож байна гэдэг талаар 2013 онд мэдээлэл хийхэд ирж уулзахдаа “Би зээлсэн” гэж мэдүүлдэг. Энэхүү үйлдэл нь зээл, хөрөнгө оруулалт, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө аль нь болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдохгүй байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтад 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөнгө хүлээн авсан тухай монгол, англи хэл дээр үйлдсэн баримт бичигт япон хэлээр тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүний учир нь С М монгол болон англи хэл мэдэхгүй тул хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг 2011 онд болсон бүх үйл явдлыг баримтжуулж, өөрөө япон хэлээр тэмдэглэл үйлдсэн байдаг ба үүнийг шүүх хуралдаанд орчуулагчаар орчуулуулж шинжлэн судалсан. Хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээний дагуу С М-гаас өөрийн нэр дээрх данснаас 750.000 ам.долларыг бэлнээр авсан гэсэн баримт үйлдсэн бөгөөд уг баримт дээрх бичгийг япон хэлээр яг адил үйлдэж, өөрөө тэмдэглэж авсан. Мөн хэрэг шүүхэд шилжихээс өмнө миний зүгээс прокурорт хүсэлт гаргаж “С М 130.000 ам.долларыг өөрөө хүлээн авсан, С М хүлээн авсан талаар тэмдэглэлийг япон хэлээр үйлдсэн тул уг баримтыг гаргуулж өгнө үү” гэсэн. Гэтэл прокурорын шатанд энэ асуудал шийдвэрлэгдээгүй, хүсэлтийг хангасан, эсхүл хангаагүй талаар хариу байхгүй байтал хэрэг шүүхэд шилжсэний дараа Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкнаас Япон улс дахь С М-ийн компанийн данс руу шилжсэн талаарх баримтыг хохирогч өөрөө гаргаж өгсөн. Тиймээс хохирогчийн өмгөөлөгч нар 130.000 ам.доллартай холбоотой асуудлаар гомдол гаргаагүй. Хохирогч нь 750.000 ам.долларыг өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөдГ.Л энэ талаар тогтвортой мэдүүлдэг. Мөн дээрх мөнгийг компанид оруулсан компанийн мөнгө, халхавчилж гэрээ, хэлцэл хийсэн зэргээр хохирогчийн өмгөөлөгч нар тайлбарладаг. ГэтэлГ.Л-ийнзүгээс анх гэрчээр мэдүүлэг өгснөөсөө хойш тогтвортой мэдүүлсэн бөгөөд компанид хөрөнгө оруулсан талаар огт яриагүй.Г.Л “Би компанийн өөрийн эзэмшдэг хувьцааныхаа 10 хувийг худалдан борлуулсан” гэж мэдүүлдэг ба энэ нь нотлох баримтаар тогтоогддог. Түүнчлэн энэ хэрэгт хоёр ширхэг экскаваторын асуудал яригддаг бөгөөд нэгийг нь огт өгөөгүй гэдэг.  1 ширхэг экскаваторыг өөрийнх нь шаардсанаар эргүүлэн өгсөн бол 2 дахь экскаваторыг эргүүлэн өгөхгүй буюу тооцоо дууссан гэдэг талаарГ.Л тогтвортой мэдүүлдэг. “Швейцарь улсаас Даниел Маса гэдэг хүнээс мөнгө шилжиж орсон тул би С М-д өр төлбөргүй, тооцоо дууссан” гэдэг. Энэ нь шүүхийн шатанд гарч ирсэн нотлох баримтаар тогтоогддог. Монгол бизнес клаб буюу Швейцарь, Монголын хамтарсан байгууллагыг Даниел Маса гэдэг хүн удирддаг бөгөөд тухайн байгууллагаасаа С М-ийн Япон улс дахь компанийн данс руу 315.000 ам.доллар шилжүүлсэн гэсэн баримт байсан. Шүүх баримтыг үнэлэх эсэхийг ярилцаад үнэлэх нь зүйтэй гэж үзээд, дээрх баримтыг үндэслэж цагаатгах тогтоолыг гаргасан. Энэхүү цагаатгах тогтоол гаргахдаа үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтыг бүрэн дүгнээгүй гэдэг ч шүүх цагаатгах тогтоолдоо хангалттай дурдаж, нотлох баримтуудыг үнэлсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Б.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С М гэж ямар этгээд вэ, Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлдэг хүн үү гэдэг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ үүссэн. “Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, та үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй шүү” гэдгийг шүүхийн зүгээс болон хохирогчоос асуулт асуухдаа миний бие танилцуулж байсан. Хохирогч нь гомдолдоо 750.000 ам.доллар, 2 ширхэг экскаваторын талаар дурдаж, 130.000 ам.долларыг хаясан байна. Үүний учир нь 130.000 ам.долларын талаарх баримт гарч ирснээс болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үйлдсэн этгээд Монгол Улсад орж ирвэл гомдол гаргаж шалгуулах ёстой. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг нууж, шүүх хуралдаанд гаргаж ирсэн задарсан этгээд ба худал мэдүүлэг өгсөн. “Зээл, зээлсэн юм” гэж мэдүүлдэг боловч өөрийнх нь гар тэмдэглэлд “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ хийсэн” гэж тэмдэглэсэн байсан. Хоёр экскаваторын талаар маш тодорхой дурдаж “Би Швейцарьтай ямар нэгэн харилцаа байхгүй, Монгол бизнес консул гэсэн асуудлаар мөнгө орж ирсэн байна” гэдэг. Гэтэл Г.Л-ийн өгсөн мэдүүлэг мөнгө орсон баримттай мөргөж, үнэн байдаг. Харин шилжүүлсэн үнийн дүнг давуулан биелүүлсэн байсан. С М нь Япон Улсаас 120.000 ам.доллар, 100.000 ам.долларыг тус тус шилжүүлсэн баримтууд компаниас шилжсэн болохоос С М гэх иргэнээс шилжээгүй. Өөрөөр хэлбэл, энэ хоёр иргэний хэн нь хохирогч вэ, та компанийг төлөөлөх эрхтэй хүн мөн үү гэж асуухаар энэ зүйлээ нотолж чаддаггүй, Монгол Улсын хууль хяналтын байгууллага Япон Улсад ажиллагаа явуулах эрх хэмжээ, цар хүрээ хязгаарлагдмал тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой эргэлзээ үүссэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд “Гэм буруутай эсэхэд гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр хамаатай” талаар заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан сэдэл зорилгод ноцтой эргэлзээ үүссэн. Улсын яллагчийн зүгээс эргэлзээ үүсч, яллаж чадахгүй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны 60 хоногийн завсарлага авах саналыг шүүхэд гаргасан. Ийм ноцтой, тээнэгэлзэл бүхий үйл баримтыг хохирогч гаргадаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс яаж хэргийг завааруулдаг, яаж хэргийн материалыг дутуу байлгасан болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний 2017 оноос хойш өгсөн бүх мэдүүлэг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл огт нотлогдохгүй байсан. Азаар 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С М-ийн гаргаж өгсөн баримтуудаар ярьсан бүх зүйл маань нотлогдсон. Тиймээс би анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг 2017 оноос хойш шалгагдахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болон тусгай субъект Эркебулан, өмгөөлөгч Жаргалбаяр нарын үйлдлээс болсон ба эдгээр хүмүүс нь эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудалтай байгаа. Миний өгсөн бүх мэдүүлгүүд хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Залилах гэмт хэргийн субъектив санаа зорилго буюу хариу төлбөр өгөхгүй байх зорилготой байсан нь харагдахгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Жишээ нь, 750.000 ам.долларын оронд орон сууц бүхий газар, 130.000 ам.долларыг буцааж өгсөн талаарх хохирогчийн баримт, экскаваторын төлбөрийг Швейцарь улсын иргэн Даниел Маса шилжүүлсэн талаарх баримт зэргийг үндэслэж хариу төлбөрийг буцаан өгсөн тул гэмт хэргийн шинжгүй гэж үзээд цагаатгах тогтоол гаргасан. Хохирогч тал шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед 130.000 ам.долларын баримт гаргаж өгсөн. Мөн хуралдааны хоёр дахь өдөр Швейцарь улсын иргэн Даниел Маса гэх хүнээс мөнгө шилжүүлсэн баримтын талаар ярьж эхэлсэн. Шүүгч ямар баримт байгаа талаар асуухад, хохирогч “Миний гар утсан дээр байгаа” гэсэн. Улмаар хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гар утсан дээрх баримтыг шинжлэн судалж, үнэлэх эсэх асуудал яригдсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар тухайн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангах эсэх асуудлыг хөндсөн. Учир нь, уг нотлох баримтууд нь хууль, журмын дагуу цуглуулж, бэхжигдээгүй тул үнэлэх боломжгүй гэсэн ч шүүх нотлох баримтыг үнэлсэн талаараа дурдаж, цагаатгах тогтоолдоо бичсэн. Нөгөөтэйгүүр дээрх асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж 60 хоногийн завсарлага авч шалгуулан гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэхэд шүүх хүлээж аваагүй.Г.Л-ийн3 буюу үргэлжилсэн үйлдэл нь залилах  гэмт хэргийн шинжийг хангасан байхад шүүх бодит байдалд нийцээгүй гэж үзэн цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Иймд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Прокуророос Г.Л-г “Япон улсын иргэн хохирогч С М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Үндэсний хонжворт сугалаа явуулахад шаардлагатай байгаа 750.000 ам.долларыг 3 жилийн хугацаатай өгсөн тохиолдолд 10 дахин өсгөж өгнө, мөн үүний баталгаа болгож өөрийн эзэмшлийн “И-А” ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлье” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, хувьцаа бэлэглэх гэрээ бичгээр байгуулах замаар 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банк дотор 750.000 ам.доллар залилан авч 939.675.000 төгрөгийн хохирол учруулсан,

“2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “С к” ХХК-ийн нэр дээр 130.000 ам долларыг зээл нэрийдлээр залилан авч 181.974.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Солонгос Улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хьюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч С М-д нийт 1.672.849.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Хүний гэм буруутай аливаа үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг болно.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх” тухай гэрээ, “Хувьцаа бэлэглэх тухай” тухай гэрээ,

хохирогч С М-ийн “...Л гэдэг хүн “И-А” гэдэг компани байгуулаад мөнгө авсан түүнийгээ эргүүлэн өгөхгүй байгаа. Энэ мөнгийг надаас авахдаа “сугалаа явуулна, хөрөнгө оруулалт хийгээч” гэж хэлээд авсан. ...Намайг мөнгө өгөхөөс өмнө сурталчилгааны хуудас үзүүлж өөрөө ч сурталчилгаа хийж зурагтаар гарч байсан. ...Тухайн үедГ.Л нь өөрөө надад тайлбарлахдаа “Монгол Улсад үндэсний хэмжээнд лоттерй хөтөлбөрийг зохион байгуулах гэж байгаа. Энэ нь тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авсан хүмүүст хамааралтайгаар явагдана. ...Би реклам, зар сурталчилгаагаа эхлүүлсэн. Гудамж талбайд болон Улсын их дэлгүүрийн урд байрлах дэлгэц дээр дүрс бүхий рекламыг байршуулсан” гэж хэлсэн. Мөн намайг урьж нэг телевизийн нэвтрүүлэгт оруулж бичлэг хийсэн. Тэр үед телевизэд орж бичлэг хийгдэж байх үеийн фото зураг надад бий. Тухайн үедээ намайг машинаар дагуулан явж гадуур байршуулсан рекламын самбаруудаа хүртэл үзүүлж байсан. Л нь “Миний энэ явуулж байгаа үйл ажиллагааг Засгийн газраас ямар нэгэн асуудалгүй зөвшөөрнө. Та санаа зоволтгүй мөнгөө надад өгчих” гэж байсан. “Энэ мөнгийг лоттерей явагдах үйл ажиллагаандаа зарцуулна, бүх төрлийн буюу тоног төхөөрөмж авах гэх мэт зардалд ашиглах болно” гэж хэлж байсан. Энэ “И а” ХХК-ийн 10 хувийн хувьцааг би өөрөө санал гаргаж аваагүй. ХаринГ.Л нь “Баталгаа болгож энэ 10 хувийн хувьцааг түр хугацаанд надад өглөө” гэсэн юм. ...” гэх мэдүүлэг,

хохирогч С М, яллагдагч Г.Л нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт хохирогч С Мйгийн “...И а” ХХК нь ашиг олохгүй байна. Таны өгсөн 750.000 долларыг эргүүлэн танд өгч чадахгүй байгаа болохоор эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд 1 өрөө орон сууцыг өгсөн. Гэтэл энэ байр нь ашиглагдах боломжгүй, ус алддаг байр байсан. Уг байраа надад хэлэхдээ 45.000 ам долларын үнэтэй шүү гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг,

хохирогч С М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Их сайхан мөрөөдөл, олон зүйлийн талаар яриад их сайхан танилцсан. Тэгээд “И а” ХХК-ийн талаар надад хэлээд намайг хотоор дагуулж яваад, телевизийн ярилцлагад хүртэл оруулсан. Мөн хувьцааны талаар ярьсан. Тэгээд компанийн 10 хувийн хувьцааг надад өгөх талаар хэлсэн. Компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа үүнийг хэн ч хийдэггүй, тусгай зөвшөөрөлтэй зүйл Японы хэлдгээр “алтан сугалаа” гэдэг шиг чухал эрхтэй зүйл байдаг гэж надад тайлбарласан. Миний хувьд Японд IРО-н талаар мэдлэг байсан учир бид 2 яриа нийлсэн. Хэрэв үүнийг гаргаад явбал 10 хувийн ашиг авна гэдгийг бол надад хэлсэн. IРО гаргаад явна гэхэд 100 хувь бол итгээгүй. Би ашгийн зорилгоор компанид хөрөнгө оруулаагүй. ....Тухайн үед би сайн ойлгоогүй. Хөнгөн дүгнэж орхисон байна. Тэрний дараа Лгийн оффис дээр очиж хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа талаар мэдээлэл ирээд түүний дараа өөрийн биеэр 2-3 удаа очиж уулзаад би хөрөнгө оруулж хувьцаа аваагүй. “И а” ХХК-д мөнгө зээлсэн талаарГ.Л-д хэлж байсан. ... БиГ.Л-д зээлсэн мөнгөө өгөөч гэж байнга хэлж байсан. “Төлнө төлнө, буцааж өгнө” гэж хэлдэг байсан. Тэр бүрд нь би ахмад настай хүний хувьд компаниа ингэвэл зүгээр юм биш үү, гэх мэт зөвлөгөө өгдөг байсан. Мэдээж төлнө гэж хэлж байхдаа “Стандарт аппартмент” гээд орон сууц барьж байгаа талаараа бол надад хэлж байсан. Тэгээд 750.000 ам долларынхоо өрөнд нэлээн хэдэн үл хөдлөх хөрөнгө өгнө гэж хэлж байсан. Эцэст нь нэг өрөө байр л шилжиж ирсэн. Тухайн үед тэр 1 өрөө байраа тэр үеийн ханшаар 45.000 ам доллар үнэлгээтэй байр гэж надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг,

Г.Л хохирогч Сэйжи Масактай нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгтээ “И а” ХХК-ийн 10 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ хоёрыг Сүхбаатар дүүргийн нотариатын газарт түүний орчуулагч Одноо гэдэг эмэгтэйгийн хамтаар хийсэн. Манай компанийн 10 хувийн хувьцааг 750.000 ам доллароор С М надаас худалдан авсан. Би 750.000 ам. долларыг би зээлж аваагүй юм. Манай компани ашиг олсон бол гэрээнд заасны дагуу ашгаа хувьцаа эзэмшигч нартай хувааж авах ёстой байсан юм. ... “И а” ХХК-ийн захирал Мөнхзолбоо гэж хүн байгаа Сангийн яамнаас авсан зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан боловч ашигтай ажиллаж чадаагүйн улмаас ногдол ашгийг хувьцаа эзэмшигч нарт өгч чадаагүй. Компанийн үйл ажиллагаа бизнесийн хэмжээ төсөөлсөн хэмжээнд хүрч чадаагүйн улмаас ногдол ашиг өгөөгүй юм. Манай компанийн гүйцэтгэх захирал Мөнхзолбоо тайлан тооцоотой холбоотой бүхий л үйл ажиллагаа явуулсан тайлан тооцоо бүрийг сар тухай бүр өгч байсан. Компанийн хувьцаа эзэмшигч нар нэг ч удаа ашиг авч байгаагүй. С М-гаас авсан 750.000 ам.долларыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ талаар би өөрөө “И а” ХХК-тай гэрээ байгуулж харьяа татварын газарт тайлан мэдээг сар бүр өгч байсан. ...” гэх мэдүүлэг,

Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би С Мйг залилаагүй, тухайн үед хувьцаа худалдах-худалдан авах гэрээг нотариатаар батлуулахад 30-аад сая төгрөгийн татварын асуудал үүсэхээр байсан тул бид ярилцаж бэлэглэлийн гэрээ болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээ хийж, уг гэрээгээр энэ харилцаа үүссэн. Хэрэв зээлсэн бол зээлийн гэрээ хийнэ. ...Энэ гэрээний баримт нь худалдах-худалдан авах гэрээ, 750.000 ам.долларыг би авснаа үгүйсгээгүй, “И а” ХХК-д маш олон гадаадын иргэн хувьцаа эзэмшиж байгаа, дан ганц С М-ийн асуудал биш. Мексик, Япон зэрэг улсын хувьцаа эзэмшигч нар байгаа. Хэрэв залилсан бол эдгээр хүмүүс мөн гомдол гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Гэхдээ эдгээр хүмүүс бизнесийн зарчмаа ойлгоод явж байгаа, хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. Өнөөдөр С М хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. ...Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан. ...Энэ төсөл их том төсөл болсон. Монгол улс үндсэний хонжворт сугалаанаас 40 хувь татвар авдаг байсан. Тухайн үед энэ төсөл 3.800 хүнийг азтан болгож байсан. Би “И а” ХХК-ийн захирал биш хувьцаа эзэмшигч. Өөрийнхөө эзэмшлийн хувьцааг зарсан, тэр миний хувьцаа. Үндэсний хонжворт сугалаа явуулж байсан “И а” ХХК-д 600.000 долларыг нь зээлсэн. Төсөл их амжиллтай байсан ч татварын асуудлаас болоод амжилттай явж чадалгүй зогссон. ...Тухайн үед үндэсний хонжворт сугалааны Монголд цор ганц тусгай зөвшөөрөлтэй байсан. ...Хэрэв зээлийн гэрээ байгуулаад 10 хувь дахин өгсөж өгнө гэж хэлсэн бол би үнэнээ ярьж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байсан юм. ...С М Монголд олон бизнес хийгээд бүгдээрээ бүтэлгүйтсэнийг мэднэ. Тухайн үед чиний бизнес амжилттай болох юм бол надад өгөөрэй гэж хэлж байсан. ... 2012 онд Монгол улс гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татаж байсан үе. Уул уурхайн бизнес хөгжин цэцэглэж байсан. Зарим нэгэн хуулийн хүрээнд зогсонги байдалд орсон. Энэ бол анхнаасаа бизнесийн харилцаа байсан. Хэрэв залилах байсан бол гэрээ хийхгүй. Бизнесийн харилцаан дээр тулгуурлаж итгэлцэл байсан. ...”,

гэрч Н.Одончимэгийн “...Г.Л нь Үндэсний лоттерей нэртэй сугалааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж танилцуулж байсан. ...”,

гэрч Б.Х-ийн “...”И а” ХХК нь Монголд анх удаа гар утасны мессежинд тулгуурласан сугалаа гаргасан юм. 2010 онд дээрх компанийн төслийг уншиж хараад боломж бололцоотой санагдаад 2010 онд “И а” ХХК-д би 65.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 5 хувийн хувьцааг эзэмшсэн. Дээрх компани нь 1 жил гарангийн хугацаанд үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байсан. Гэтэл өөр олон төрлийн сугалаа явуулдаг компани гарч ирсэн. Гэтэл хонжвор бүр дээр татвар гарч ирснээс болж үйл ажиллагаа нь доголдолд орсон гэж харж байгаа. ...Тухай бүрд гарсан ашгаас хөрөнгө оруулснаараа хувь авах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт бий гэсэн. Би хөрөнгө оруулалт хийснээсээ хойш нэг ч удаа ашиг аваагүй. Яагаад гэхээр эхний 3-5 жилийн хугацаанд “И а” ХХК нь хөлөө олж тогтворжиж байж хувьцаа эзэмшигч нарт ашгаа өгөх байх гэж би бодож байсан. Тухайн компани ямар ч ашиггүй ажилласаар байгаад үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Миний хувьд бүх үйл ажиллагаанд оролцож байсан учраас ашиггүй ажилласан гэдгийг сайн мэдэж байна. С М компанийн 10 хувийн хувьцааг өөртөө шилжүүлж хөрөнгө оруулж байгаа гэдгийг Г.Л-гээс сонсож байсан. Угаасаа тухайн үед манай компанид хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байсан. Миний хувьд Масаки гэх хүнийг манай компанид хөрөнгө оруулах зорилгоор мөнгө өгсөн гэж бодож байгаа. Хэрвээ манай компанийн үйл ажиллагаа амжилттай явагдаад мөнгө олж байсан бол одоо ашгаа авна гээд байж байх байсан. ...”,

гэрч Г.Г-ийн “...”И а” ХХК-ийг хамгийн анх манай ах Г.Л 2010 онд нэг гишүүнтэйгээр байгуулж байсан бөгөөд тухайн оны 6 билүү 7 дугаар сард манай ах надад өөрийнхөө компанид 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад компанийн 2 хувийн хувьцааг шилжүүлж авах санал тавьсан. Уг саналыг би хүлээн аваад би өөрөөсөө 20.000.000 төгрөгийг Л-д өгөөд “И а” ХХК-ийн 2 хувь хувьцааг миний нэр дээр шилжүүлэн өгөөд өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигч хэвээр байгаа. Уг компани нь 2011 онд үйл ажиллагаа явуулж эхлээд хэд хэдэн компанитай хамтран ажиллах гэрээ хийгээд явж байсан боловч өндөр хэмжээний татвар төлдөг байсан учраас ашиг олж чадахгүй үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Энэ хугацаанд миний хувьд ямар нэгэн байдлаар  ногдол ашиг авсан зүйл огт байхгүй бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн 20.000.000 төгрөгөөрөө шатчихаад байгаа. ...”,

гэрч Г.Х-ын “...Намайг төсөл дээр ажиллаж байх үед 2011 он билүү 2012 оны үед Япончууд ирээд хөрөнгө оруулж байгаа гэж сонсож байсан. Нэг удаа 8 дугаар сард Япон хүмүүсийнх нь царайг хальт харж байсан. “И а” ХХК-ийн хэрэгжүүлж байсан “Үндэсний хонжворт сугалаа” нэртэй төсөл дээр хамтран ажиллаж байсан. ..Миний сонссоноор бол 3 жилийн хугацаатай зөвшөөрөл олгосон боловч тэр хугацаандаа үйл ажиллагаа явуулаад зөвшөөрлөө сунгуулах гэсэн боловч сунгаагүйн улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэж сонссон. ...”,

“...2011 оноос хойш Үндэсний хонжворт сугалааны төсөл эхэлсэн баГ.Л бид хоёр тус төсөлд хам оролцож байсан. 2012 оны үеэс манай төслийн хувьцааг С М гэх хүн сонирхож хувьцаа худалдаж авах санал тавьж байсан.Г.Л нь С М-д ямар нэгэн болзолгүйгээр компанийн хувьцааг худалдах гэрээ байгуулж нотариатаар батлуулж байсан. Миний санаж байгаагаар С М манай компанийн 10-15 хувийн хувьцааг худалдан авсан. Тус гэрээг үндэслэн хоёр тал хувьцаагаа болон мөнгөө солилцсон. Тэрнээс хойш С М нь манай компанид ойр ойрхон ирж байсан ба манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил байсан. 2014-2015 оны үед манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан боловч Сангийн яамнаас манай хүсэлтийг сунгаагүй мөн манай компани үйл ажиллагаа явуулж байхдаа миний нүдэнд бодит ашиг олсон зүйл харагдаагүй. Ингээд манай компани нь үйл ажиллагаагаа зогсоосон. ...”,

гэрч Э.М-гийн “...Би урьд нь “Дэлхийн сонор” ХХК-д ажилладаг байсан бөгөөд уг компани нь реклам зар сурталчилгаа хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Гэтэл 2011 оны зунГ.Л надтай ирж уулзаад манай компанитай хамтарч ажиллах санал тавьсан. Энэ нь юу байсан гэхээр манай компаниар реклам зар сурталчилгааны ажлаа үнэ төлбөргүй хийгээд хариуд нь “И а” ХХК-ийн 5 хувийн хувьцааг шилжүүлж авч байсан. Гэтэл уг компани нь ашигтай ажиллаж чадалгүй дампуурчихсан. ...Энэ компани миний мэдэхээр нэгч удаа ашигтай ажиллаж байгаагүй. Учир нь би нэг ч удаа ногдол ашиг авч байгаагүй. ...” гэх мэдүүлгүүд,

Татварын Ерөнхий газраас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “И а” ХХК-ийн 2010-2013 оны татвар төлөлтийн мэдээлэл,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа, “Их Хөх Монгол аудит” ХХК-ийн компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт,

“И а” ХХК-ийн гэрчилгээний хуулбар,

“И а” ХХК-ийн Япон хэл дээрх компанийн дүрэм,

Хувь нийлүүлэгчийн гэрээ,

Сугалаа явуулах тусгай зөвшөөрөл,

Хусдаг сугалааны зөвшөөрөл,

“И а”” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан талаарх баримт,

2012 оны 02 дугаар сарын 13 өдрийн Аудиторын дүгнэлт,

Санхүүгийн шинжилгээ,

Үйл ажиллагаа зогссон талаарх шүүхийн шийдвэр,

Б.М-д байр шилжүүлсэн талаарх баримтууд,

Хонжворт сугалааны талаарх албан бичиг, нотариатын бүртгэлийн дэвтэр, Хасу лото сугалаа, арилгадаг сугалаатай холбоотой баримт,

Хонжворт сугалааны тайлан зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Л бодит байдлыг нуугаагүй болох нь сугалааны үйл ажиллагаа явуулсан талаарх баримтууд, хохирогч нь тус компанийн хувьцаа эзэмшигч болж, компанийн үйл ажиллагааг ажиллаж байгаа эсэх талаар мэдээлэл авч байсан, хувьцаа худалдан авч худалдах-худалдан авах гэрээний дагууГ.Л-д мөнгө хүлээлгэн өгсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн англи, монгол хэл дээрх баримт болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Г.Л хохирогч С М-д 45.000 доллорын үнэ бүхий байр өгч, түүнийг С М хүлээн авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог ба залилах гэмт хэргийн шинж нь хохирогчийн эд хөрөнгийг аваад анхнаасаа буцаан өгөхгүй байх санаа зорилготой байдаг тул шүүгдэгч Г.Л-ийн энэ үйлдэл нь дээрх шинжийг үгүйсгэж, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь няцаагдаж байна. Хэрэгт авагдсан дээрх баримт, мэдүүлгүүдээр “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хувьцаа бэлэглэх гэрээг бичгээр байгуулах замаар 750.000 ам доллар залилан авч, хохирогч С М-г залилсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Г.Л нь “2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “С к” ХХК-ийн нэр дээр 130.000 ам.долларыг зээл нэрийдлээр залилан авч 181.974.000 төгрөгийн хохирлыг хохирогчид учруулсан” гэх үйлдэл,

“Солонгос Улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирсэн тохиолдолд уул уурхайн компанид түрээсэлж ашиг олно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хьюндэй Ар-520 Эл Си” маркийн экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн авч 551.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн талаар Хаан банкны 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

хохирогч С М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Мөн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г.Л-ийннэр дээр байдаг “С к” ХХК-д зээл болгон 130,000 ам доллар өгсөн. Гэхдээ энэ мөнгийг Г.Л-ийнхувийн дансанд хийсэн. ...”,

хохирогч С М, Г.Л нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт “...130.000 ам.долларыг биГ.Л-ийнхувийн дансанд шилжүүлэн өгч байсан. Хэрхэн ямар зориулалтаар түүний данс руу шилжүүлснээ одоо санахгүй байна...”,

гэрч Н.О-гийн “...Харин 2013 оны 3 дугаар сард захирал Монголд байхдаа намайг банкнаас бэлэн 130.000 ам.доллар аваад ир гэхээр нь би тийм их хэмжээний долларыг шалгаж авч чадахгүй учраас Л-г дансны дугаараа өгчих гэж хэлээд түүний Голомт банкны данс руу Хаан банк дахь С М захирлын данснаас шилжүүлж байсан...”,  

гэрч Н.О-гийн дахин өгсөн “...130.000 ам.долларын талаар захирал М С-гаас асуухад “зээл гэж хэлсэн”...тухайн мөнгийг Г.Л захирлаас зээл авч байна гэж бодсон...” гэх мэдүүлгүүд болон нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Л 130.000 ам.долларыг зээлж авсан нь нотлогддог ба зээл нэрийдлээр авч залилаагүй, буцаан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн болох нь 11 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар талд авагдсан хохирогчийн зүгээс шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, оролцогч талуудын хооронд ямар байдлаар тохиролцож хэлцэл хийгдсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар Г.Л-ийн “И а” ХХК-ийн 10 хувийн хувьцааг Япон улсын иргэн С М 750.000 ам.доллараар худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж авсан, бэлэглэлийн гэрээ хийсэн, компанийн хувь С М-д шилжсэн талаарх баримтууд, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “С к” ХХК-ийн нэр дээр 130.000 ам.долларыг зээл нэрийдлээр авсан гэх боловч буцаан өгсөн баримттай, Солонгос Улсаас 2 ширхэг экскаватор оруулж ирж уул уурхайн компанид түрээслэж ашиг олно гэж Хьюндэй Ар-520 Эл Си маркийн экскаватор шилжүүлэн авсан гэх боловч шилжүүлэн авсан болохыг хангалттай нотлож тогтоогоогүй, бусад этгээдээс төлбөрийг төлсөн талаар С М өөрөө баримт гаргаж өгсөн зэрэг нь цагаатгагдсан этгээдГ.Л-г бусдын эд хөрөнгийг дараа нь буцааж өгөх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхГ.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуулын гаргасан “цагаатгах тогтоолыг хүчингүй болгожГ.Л-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/371 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуулын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                      ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                                      ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР