| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00008/И |
| Дугаар | 302/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2025/00076
| 2025 01 22 | 302/ШШ2025/00076 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Б аймаг дахь салбар /захирал Д.Р/
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, У овогт Аы Е
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Х овогт Бы Г
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт нийт 4,877,086 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга наян зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь салбарын захирал Д.Р нь А.Е, Б.Г нарт холбогдуулан зээлийн үүрэгт нийт 4,877,086 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. А.Е, Б.Г нар нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай банктай MN450034290000555336 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,132,836 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар тэтгэврийн зээл авсан. Энэхүү зээлийн барьцаанд тэтгэврийн орлого барьцаалсан болно.
1.2. Зээлдэгч А.Е, Б.Г нар нь тэтгэврийн санхүүжилтийг бусад банк руу шилжүүлэн зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, тухайлбал зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзсан ч зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс банк А.Е, Б.Гг нартай байгуулсан зээлийн гэрээний 4.2.1 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 7.2.3 заалтыг үндэслэн 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,542,55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 321,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,545 төгрөг нийт 4,877,086 төгрөг төлөгдөөгүй байна.
1.3. Иймд хариуцагч А.Е, Б.Гг нараас зээлийн үүрэгт нийт 4,877,086 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч А.Е, Б.Г нар хариу тайлбартаа “А.Е, Б.Г бид Төрийн банкны Б салбарын 4,877,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 4,877,086 төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь салбар нь А.Е, Б.Гг нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,877,086 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга наян зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Е, Б.Г нар нь зээлийн гэрээний үүрэгт 4,877,086 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,983 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 46,491 төгрөг, мөн хариуцагч А.Е, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,491 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Е, Б.Г нар нь зээлийн гэрээний үүрэгт 4,877,086 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга наян зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 46,491 төгрөг, мөн хариуцагч А.Е, Б.Г нараас 46,491 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Б аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б