Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 111/ШШ2014/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багт оршин суух *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдох “Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгох, мөн тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, энэ ажилд томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, нарийн бичгийн дарга Б.Цацалсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Жинст сумын Байгаль орчны  хяналтын Улсын байцаагчийн сул орон тоо гарч орох гэж Засаг дарга *******д 01 дүгээр сарын 24-ний өдөр материалаа өгсөн боловч төрийн албаны шалгалтад тэнцээгүй ******* гэдэг хүнийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь тушаал гарган 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан.

Миний бие Төрийн албаны зөвлөлд албан ёсны өргөдөл гомдлоо өгөхөд гомдлын хариуд төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн боловч ******* нь гаргасан тушаалаа сарын дотор өөрчлөхгүй гэж надад амаар хариу өгсөн.

Иймд Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь намайг Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд авахгүй гэж байгаа нь хууль бус болохыг тогтоож, энэ ажилд авахыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга  *******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Жинст сумын байгаль хамгаалагчаар ажилладаг ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ байгаль орчны улсын байцаагчаар дэвшүүлж томилсонгүй гэсэн асуудлыг хөндөн шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсчээ. Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай ******* би 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 05 тоот тушаал гаргаж байгаль орчны улсын байцаагчийн ажилд тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан *******ийг түр томилон ажиллуулсан.

Байгаль орчны улсын байцаагч ******* 2013 оны 12 дугаар сард тэтгэврийн насанд хүрч 36 сарын цалингийн тэтгэмжээ авсан тул сул орон тоо гарсан бөгөөд тэтгэмж авсан хүнийг цаашид ажиллуулах бололцоогүй учир ажлаас чөлөөлсөн.

Байгаль орчны хяналтын байцаагчаар ажиллахаар 2 хүн өргөдөл өгсөн байснаас *******ийг түр томилуулан ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд *******ын өргөдөлд татгалзсан хариуг доорх шалтгааны улмаас өгсөн.

Үүнд: Хариуцсан ажилдаа  санаа тавьдаггүй, тусгай хамгаалалттай Хавцгайн ам, Түйн гол, сумын төвд ажиллах шаардлага тавьж байсныг байнга биелүүлээгүй, жилийн дөрвөн улиралд малаа маллан хөдөө амьдардаг. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, бусдыг удирдан ажиллах, манлайлах үүргээ биелүүлдэггүй, сум орон нутаг, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг өдөр тутмын болон компанит ажлуудад хангалтгүй оролцдог зэрэг шалтгаануудыг үндэслэл болгосон.

Байгаль хамгаалагчийн ажил нь ТЗ-2 туслах түшмэлийн ангилалд багтдаг албан тушаал ба байгаль орчны хяналтын улсын байцаагчид ТЗ-6 дэс түшмэлийн ангилалд багтдаг учир төрийн албаны шатлалын ангилал өөр байгаа тул шууд дэвшүүлэн ажиллах боломжгүй гэж үзэж байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул орон тоог нөхөх ажлын байрыг зарлаж сонгон шалгаруулалтын зарчмаар орон тоог нөхөх Төрийн албаны тухай хуульд заасан шалгуураар томилохоор ажиллаж байна” гэжээ.

 Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 2010 оноос 2014 он хүртэл Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Жинст сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад сумын удирдлагуудын санал хүсэлтийн дагуу 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдон ажиллаж байна. Энэ албан тушаалд ажиллаж байсан ******* нь тэтгэвэрт гарсан тул энэ ажлын байранд томилогдсон. Байгаль хамгаалагч *******ыг ажилгүй болгоогүй, миний ажиллаж байгаа ажлын байр дээр төрийн албан хаагчийн шалгалт өгөх тул уг ажлын байранд ажлаа гүйцэтгэнэ. Харин одоо ******* нь адилхан байгаль хамгаалагчаар ажиллаж байсан экологич, байгаль хамгаалал дээд бакалаврын боловсролтой.

2014 оны 3 дугаар сарын 3-нд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдон ажиллаж байсан. Эко Ази сургуулийг төгсөөгүй байсан нь үнэн. Төрийн албаны шалгалтад орох эрх үүссэн байгаа. ******* 2008 онд байгаль орчны байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Миний хувьд хариуцаж байсан газраа сайн хийдэг, Б үнэлгээ авч шагнуулж байсан. Зөвлөлгөөнөөр сумын нэр хүндийг хойш нь татаж үзээгүй. Сул орон тоо зарлагдсан тул ******* орох байх, би ч гэсэн орно гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчдийн гаргасан тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдуулан “Жинст сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, энэ ажилд томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /х/х-27/

Жинст сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан ******* нь тэтгэврийн насанд хүрч 36 сарын тэтгэмжээ авч сул орон тоо гарсан нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийнөөцийг бүрдүүлэх журам”-ын 5.1, 5.2.1-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоогарсан /тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан/ тохиолдолд томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд захиалга ирүүлэх, ингэхдээ уг журмын 5.3, 5.3.2-т зааснаар тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэрийг хавсаргаж ирүүлэхээр зохицуулсан.

Жинст сумын Засаг даргын Тамгын газраас байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул орон тоогармагц нийтэд мэдээлээгүй, нөөцөөс нөхөх захиалгаа аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар албан тоот, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг зэргээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 5.1, 5.3.4 дэх заалттай нийцээгүй байна.

Түүнчлэн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалаар *******ийг уг албан тушаалд түр томилон ажиллуулсан нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт заасан ... иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх... гэсэн зарчим, 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5 дахь заалттай нийцээгүй бөгөөднэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

 *******аас ирүүлсэн өргөдлийн дагуу аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 69 дүгээр албан тоотоор “Жинст сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул ажлын байрыг нөхөхөөр төрийн албаны нөөцөд бүртгэлтэй *******ын нэрийг дэвшүүлж, хуульд нийцүүлэн томилгоо хийж хариу мэдэгдэнэ үү” гэсэн байтал тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь *******т “сарын дотор гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй” гэсэн, харин аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд энэ талаар ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2008 онд зарлагдсан мэргэжлийн шалгалтаар Жинст сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоол, тогтоолын хавсралт /х/х41-45/, мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар албан тоот /х/х-35/, Төрийн захиргааны албан хаагчийн тангаргын хуудас /х/х-5/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр давхар нотлогджээ.

Хариуцагч нь ...*******ын хийж байсан байгаль хамгаалагчийн ажил нь ТЗ-2 туслах түшмэлийн ангилалд багтдаг албан тушаал ба байгаль орчны хяналтын улсын байцаагчид ТЗ-6 дэс түшмэлийн ангилалд багтдаг учир төрийн албаны шатлалын ангилал өөр байгаа тул шууд дэвшүүлэн ажиллах боломжгүй... гэж маргаж байгаа боловч сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд зааснаар туслах түшмэлийн ангиллын, ТЗ-3 зэрэглэлийн албан тушаалд хамаарах ба сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн гэсэн албан тушаалын бүлэг, нэрэнд хамаардаг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалаар *******ийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн түртомилжээ./х/х-37/

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар томилох эрх бүхий этгээд нь төрийнжинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээсшалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавих ёстой ба мөн хуулийн 17.3, 17.6, 17.15-д тус тус зааснаар төрийн албаны төв байгууллагаас нэр дэвшүүлсэн иргэнийг томилохоор зохицуулсан.

Гэтэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга уг сул орон тоог нийтэд мэдээлээгүй, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй, төрийн захиргааны албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй хүнийг томилсон, мөн төрийн жинхэнэ албан тушаалд түр томилох тухай заалт байхгүй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн захиргааны акт гаргажээ.

Мөн дээрх албан тушаалын сул орон тоонд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлахыг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Жинст сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан бичгээр /х/х-46/ уламжилсан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 5.1, 5.3.4 дэх заалттай нийцээгүй байна.

Иймд Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд *******ыг томилохыг даалгах нь хууль зүйн  үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4,  17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Жинст сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд *******ыг томилохыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч /Жинст сумын Засаг даргын Тамгын газар/-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гарданавсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйболохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.СУВДМАА