Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/698

 

 

 

 

    2023            7            06                                         2023/ДШМ/698

            

    Б.П-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.П-т холбогдох эрүүгийн 2203006090585 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын П, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ........ мэргэжилтэй, “...” ХХК-д ... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../.

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны зүүн замд “Т С” маркийн ..-.. УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9 дэх заалт “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Б.П-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.П-т оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл ял оногдуулахыг шүүгдэгч Б.П-т мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-т шүүгдэгч Б.П нийт 14.100.272 төгрөг, иргэний хариуцагч Ц.А 4.580.271 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.П-аас 2.981.300 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.П-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Б.П-ын 1131214 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Тамир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.П-ын хувьд өндөр настай аав, эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоогоор ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийн орлогоо бүрдүүлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг юм. Тэрээр архи, тамхи хэрэглэдэггүй, жолоочийн ажил үүргээ сайн биелүүлдэг учир удирдлагынхаа итгэлийг даасан тэргүүний ажилтан юм. Түүний жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нь юуны өмнө орлого олох эх үүсвэр нь багасах, цаашлаад хохирогчийн эмчилгээний зардал гарсан тохиолдолд төлбөрийг олох, мөн гэр бүлийнхээ хэрэгцээний мөнгийг бүрдүүлэх зэрэгт эрх хасах хугацааны хувьд арай хүндэдсэн шийдвэр гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг зохицуулахын тулд Б.П-ын хувьд жолоочийн ажлаа хийх нь илүү ач тустай байгаа юм. Мөн хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хүндэдсэн гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон байдаг билээ.

Иймд шүүгдэгч Б.П нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, түүний гэр бүлийн болоод ажил мэргэжлийн байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогчийн гомдол, саналгүй талаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг 1 жил болгон хөнгөрүүлж, хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг 6 сарын хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй. Хэдийгээр баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн ч тухайн хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй буюу биеийн байдал нь хэвийн болоогүй байгаа нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогддог. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.П нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 20 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны зүүн замд “Т С” маркийн ..-.. УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9 дэх заалт “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 3/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-12/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 9-10/,

хохирогч Ц.Б-ийн “...Явган хүний гэрлэн дохиотой гарц дээр ирэхэд миний хөдөлгөөнд оролцох улаан өнгийн гэрэл асаж байсан. Тэгэхээр нь ногоон гэрэл асахыг нь хүлээж байгаад явган хүний гарцны ногоон өнгийн гэрэл асахаар нь гарцтай хэсгээр зам руу алхаж ороход урдаас хойш чиглэлтэй явж байсан автомашин миний зүүн талаас намайг мөргөж газар унагаасан. ...Би гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын зардал, цаашид гарах зардал, мөн ослын улмаас ажилгүй байгаа өдрийн цалин, мөн миний дүү намайг асарч ажилгүй байгаа, дүүгийн цалингийн зардлыг нэхэмжилж байна. ...” /1 хх 15/,

иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Ц.А-ийн “...Танил дүү болох П осол болсон өдрөөс 10 хоногийн дараа надад ослын талаар хэлсэн. П миний зөвшөөрлөөр миний эзэмшлийн автомашиныг жолоодож явсан. Би дээрх автомашинтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би боломж бололцоогоороо бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. ...” /1 хх 20, 23/,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас иргэн Ц.Б эрүүл мэндийн төвөөс эмчилгээ авсан байх бөгөөд эмчилгээнд 2.981.300 төгрөгийн зардал гарсныг Б.П-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1 хх 29/,

гэрч Б.Т-ын “...Би тухайн өдрийн орой 19 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүрэг Маршал таун хотхоноос гараад явган хүний гэрэл дохиотой гарцаар гарахаар зогсож байсан. Тэр үед намайг гэрэл дохиотой гарц дээр ирэхэд улаан өнгийн гэрэл асаж байсан. Би ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байсан бөгөөд явган хүний гарцаар гарах ногоон өнгийн гэрэл ассан. Тэр үед нөгөө талаас буюу ертөнцийн зүгээр замын зүүн талд зогсож байсан эмэгтэй гарцаар зам руу алхаад ороход 1 дүгээр эгнээгээр “Т С” маркийн автомашин их хурдтай орж ирээд замын нөгөө талаас гарч явсан эмэгтэйг мөргөөд чигээрээ яваад зогссон. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн. ...” /1 хх 31/,

гэрч Ц.С-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны орой над руу танихгүй дугаараас залгаад “Б гэх хүн машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад очиход төв зам дээр эгч Б машинд мөргүүлсэн байдалтай байсан. ...” /1 хх 40/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13382 дугаартай “...Ц.Б-ийн биед зүүн тахилзуур, шаант ясны зөрөөтэй ил хугарал, зүүн ташаа, умдаг, зүүн талын суудал яс, ууцны 1,2, 3-р нугалмын сэлтэрхийт хугарал, зүүн өвдөг, шилбэнд шархтай, баруун дээд зовхи, баруун зулайн хуйх, баруун гуя, баруун шилбэ, баруун өвдгөнд цус хуралт, баруун мөр, баруун сарвуу, зүүн сарвуу, зүүн тохой, баруун өвдөг, шагай, тавхайнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 43-45/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт /1 хх 52-59/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 66-70/,

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1303 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1 хх 172-173/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 25/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /1 хх 100/,

Хохирогчийн өвчний түүх /1 хх 83-97/, хохирлын баримтууд /1 хх 101-116, 129-166, 235-238/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.П-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.П-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улмаас явган зорчигч Ц.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Б.П-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Тамираас “...жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нь юуны өмнө орлого олох эх үүсвэр нь багасах, цаашлаад хохирогчийн эмчилгээний зардал гарсан тохиолдолд төлбөрийг олох, мөн гэр бүлийнхээ хэрэгцээний мөнгийг бүрдүүлэх зэрэгт эрх хасах хугацааны хувьд арай хүндэдсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.П нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, түүний гэр бүлийн болоод ажил мэргэжлийн байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогчийн гомдол, саналгүй талаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг 1 жил болгон хөнгөрүүлж, хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг 6 сарын хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан ба уг гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

 

                                            ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР