Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 422

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 51, Старс төв 20 тоот “Зууны чавхдас” ХХК, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Автотээврийн улсын бүртгэлийн байгууллага нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэл, шийдвэргүйгээр компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар “Эх санж” ХХК, иргэн Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас “Зууны чавхдас” ХХК-нд учирсан 8.000.000 төгрөгийн хохирлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гаргуулах, 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Зууны чавхдас” ХХК нь тээврийн хэрэгсэл барьцаалан иргэдэд зээл олгох үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй компани юм. 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Тоёота кроун /арлын дугаар GRS1800037495/ автомашиныг иргэн Б.Ганцэцэгийн хүсэлтээр Зам тээврийн яамны бүртгэл хяналтын газарт хүсэлт гаргаж 93-28 УБА улсын дугаар авч өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Б.Ганцэцэгт машиныг унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон юм.

Б.Ганцэцэг нь зээлээ төлөлгүй удсан учир 93-28 УБА улсын дугаар бүхий автомашины шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас авч харахад 93-28 улсын дугаартай Тоёота кроун автомашин нь 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Зууны чавхдас” ХХК-ийн өмчлөлд, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Эх санж” ХХК-ийн өмчлөлд, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч Б.Ганцэцэгийн өмчлөлд, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Хасагийн Эрдэнэбаярын өмчлөлд шилжсэн байна.

Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2-д зааснаар үнэн зөв баримтаар улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-д заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй байтал манай компанийн өмчлөлд байсан 93-28 УБА улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхдээ хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон бусдад автомашинаа шилжүүлсэн талаарх /Худалдах, худалдан авах, бэлэглэлийн, фидуцын гэх мэт гэрээ хэлцэл/ ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр тээврийн хэрэгслийг хэд хэдэн этгээдэд шилжүүлэн Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.1, 3.3 дахь заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдэл хийснээр “Зууны чавхдас”    ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль ёсоор эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн байна.

Бид дээрх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18 дугаар бүхий албан бичгээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хандсан боловч одоог хүртэл албан ёсоор хариу өгөөгүй. Мөн Б.Ганцэцэг гэгч нь бидний хууль ёсны өмчлөлийн автомашиныг бусдад зарж борлуулах замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна гэх асуудлаар Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тогтоолын хуулбарыг гардан авч мэдсэн болно.

Иймд Автотээврийн улсын бүртгэлийн байгууллагын хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй байхад бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар бусдад шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгон, 93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун автомашины хууль ёсны өмчлөгч болох “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр буцаан  бүртгэхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”Зууны чавхдас” ХХК-иас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан Тоёота кроун маркын GRS51800037495 тоот арлын дугаартай, автомашиныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 93-28 УБА улсын дугаартай автомашиныг “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Чадраабалын Жавхлантөгсөөс өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр бүртгэл хийлгэн өөрийн өмчлөлд авчээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Зууны чавхдас” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 12/05 тоот албан бичгээр Тоёота кроун маркын GRS31800037495 тоот арлын дугаартай автомашиныг Бадралын Ганцэцэгт шилжүүлэх хүсэлт гарсан бөгөөд Б.Ганцэцэг нь “Эх Санж” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бүртгэл хийжээ.

“Эх Санж” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буцаан Б.Ганцэцэгт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тухайн өдөр Б.Ганцэцэгт Тоёота кроун маркын GRS1800037495 тоот арлын дугаартай автомашиныг шилжүүлсэн байна. Манай байгууллага нь дур мэдэн өмчлөгчийн зөвшөөрөлгүй Тоёота кроун маркын GRS1800037495 тоот арлын дугаартай автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлсэн бүртгэл хийгээгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “...”Зууны чавхдас” ХХК нь Автотээврийн улсын бүртгэлийн байгууллагын хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэлгүй байхад бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар бусдад шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгон, 93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун автомашиныг хууль ёсны өмчлөгч болох “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр буцаан бүртгэхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь хууль, журам зөрчиж, үндэслэлгүйгээр “Зууны чавхдас” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг бусдын нэр дээр шилжүүлэн бүртгэл хийснээс шалтгаалан уг автомашин хэд хэдэн этгээдэд дамжин бусдын өмчлөлд шилжсэнээр “Зууны чавхдас” ХХК-ийн 93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун автомашиныг өмчлөх эрх сэргэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна.

1. Урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Автотээврийн улсын бүртгэлийн байгууллага нь хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэл, шийдвэргүйгээр компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар “Эх Санж” ХХК болон иргэн Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж өөрчлөх

2. Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас “Зууны чавхдас” ХХК-нд учирсан 8 сая төгрөгийн хохирлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулахаар нэмэгдүүлэх” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Зууны чавхдас” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр иргэн Б.Ганцэцэгтэй 93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж зээлийн 12/05, барьцааны 12/05.1 тоот гэрээнүүдийг байгуулж, 8.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн байна.

Дээрх зээл болон барьцааны гэрээний дагуу Ч.Жавхлантөгсийн эзэмшилд буй   93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг “Зууны чавхдас”    ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гаргасны дагуу “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна.

Харин 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Зууны чавхдас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Болормаагаас тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн Тоёота кроун маркын автомашиныг Бадралын Ганцэцэгийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст гаргаж улмаар Б.Ганцэцэгийн нэр дээр, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Эх Санж”     ХХК-ийн нэр дээр тус тус шилжиж бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь Автотээврийн улсын бүртгэлийн байгууллагын хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй байхад бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар бусдад шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгон,   93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун автомашины хууль ёсны өмчлөгч болох “Зууны чавхдас” ХХК-ийн нэр дээр буцаан  бүртгэхийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, 

Тоёота кроун 93-28 УБА улсын дугаартай автомашиныг Б.Ганцэцэг болон “Эх Санж” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг хууль бус бүртгэлүүдээс учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

1. Автотээврийн улсын бүртгэлийн байгууллага нь хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэл, шийдвэргүйгээр компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар “Эх Санж” ХХК болон иргэн Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Зууны чавхдас” ХХК-ийн 12/05 дугаар албан бичгээр тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий автомашиныг Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст гаргасан тухай баримтыг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгчээ. 

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх албан бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч баримтыг үндэслэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь маргаан бүхий Тоёота кроун автомашины өмчлөх эрхийг Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн байх тул дээрх албан бичигт дарагдсан тамга, гарын үсэгт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 379 дүгээр шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр “2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 12/05 дугаар “Зууны чавхдас” ХХК-ийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст” гэх баримт дахь шинжилж буй гарын үсэг нь Ш.Болормаагийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй, уг албан бичиг дэх тэмдгийн дардсыг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна” гэж тогтоожээ. 

Энэ нь Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын 3.3-д “Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ”, 3.3.1-д “иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт” гэж заасан бөгөөд уг “шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт” өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ны шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна” гэж заасантай нийцэхгүй байна.  

Өөрөөр хэлбэл өмчлөгч этгээд өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлтэй этгээдийг бий эсэхийг шалгалгүйгээр, хуурамч нотлох баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийг Б.Ганцэцэгт буцаан шилжүүлсэн нь дээрх журмын заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

2. Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас “Зууны чавхдас” ХХК-нд учирсан 8 сая төгрөгийн хохирлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хэдийгээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь хуурамч нотлох баримтыг үндэслэн “Зууны чавхдас” ХХК-ийн 93-28 УБА улсын дугаартай Тоёота кроун автомашиныг иргэн Б.Ганцэцэгт шилжүүлсэн нь тогтоогдож байгаа боловч уг үйлдэл нь 2 жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хийгдсэн, уг машин нь хэд хэдэн этгээдэд дамжин худалдаалагдсан гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан хохирол болох 8.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-д “...хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заажээ. 

Иймд нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын “Автотээврийн улсын бүртгэлийн байгууллага нь хууль ёсны өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр болон автомашиныг бусдад шилжүүлснийг нотлох ямар нэгэн гэрээ хэлцэл, шийдвэргүйгээр компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар “Эх Санж” ХХК болон иргэн Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэснийг хангаж, 

үлдэх “Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас “Зууны чавхдас” ХХК-нд учирсан 8.000.000 төгрөгийн хохирлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.8, 70.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д заасныг баримтлан “Зууны чавхдас” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 12/05 дугаар албан бичгийг үндэслэн “Тоёота кроун” маркын GRS1800037495 арлын дугаартай автомашиныг “Эх Санж” ХХК болон иргэн Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.1-д заасныг баримтлан “Зууны чавхдас” ХХК-нд учирсан 8.000.000 төгрөгийн хохирлыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. “Зууны чавхдас” ХХК-д учирсан 8.000.000 төгрөгийн хохирлыг “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас гаргуулах шаардлагатай холбоотой Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА