Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0758

 

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0758

Улаанбаатар хот

 

 

“А.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, Д.О, М.Б, С.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Р.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ц, М.Б, Ц.Ж, Д.О, Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор, “А.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 19 дүгээр зүйлийн 19.12, 25 дугаар зүйлийн 25.1.8, 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “А.Г” ХХК нь шүүхэд “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, .....А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нэг бүрт эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хууль буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй хэмээн үзэж байна.

Манай компани нь нэхэмжлэлийн хууль зүйн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан. Үүнд:

- Ашигт малтмалын газар “А.Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 615, 616 тоот тушаалуудыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэснийг зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсноос хойш 10 өдөрт багтаан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд өөрийн тайлбар гаргах, түүнийг үндэслэлийг нотолсон баримтыг холбогдох байгууллагад хүргүүлэх боломжийг олгоогүй. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлэх нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан шүүхэд гомдол гаргах эрхийг эдэлж хэрэгжүүлэх боломж олгосон чухал заалт хэдий ч Ашигт малтмалын газар дээрх эрхийг эдэлж хэрэгжүүлэх боломжийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “А.Г” ХХК-д олгоогүй.  Түүнчлэн 615 дугаар тушаалыг гарахын өмнө болон гарсны дараа ямар нэгэн мэдэгдэл өнөөг хүртэл ирүүлээгүй.

- Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 тоот тушаалыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1 дэх заалтыг удирдлага болгосон байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д “энэ хуулийн 6.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 8.1.1-д “Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахдаа мөн хуулийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” хэмээн заасан. Ашигт малтмалын газарт хандан гомдол гаргасан байгууллага нь “Б” ХК болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд өгсөн тайлбар, уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот албан даалгаврын агуулгаас тодорхой харагддаг.

Ашигт малтмалын газрын дарга иргэн, хуулийн этгээдийн гомдлын дагуу урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 6.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг заавал шалган тогтоох үүрэгтэй хэдий ч энэ үүргээ биелүүлээгүйгээрээ хууль зөрчсөн. Ашигт малтмалын газрын даргын тушаал 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд гомдол гаргагч “Б” ХК-д гомдлын үндэслэлийн талаар эрх зүйн маргааныг 2008 оноос эхлүүлэн тасралтгүй өдүүлсээр ирсэн бөгөөд уул асуудлыг шүүхийн байгууллагаас нэгэнт шийдвэрлэж байсан болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008.09.23-ны өдрийн 256 тоот шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2009.01.28-ны өдрийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2012.09.18-ны өдрийн нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 364 тоот шийдвэр зэргээс тодорхой харагдана.

“Б” ХК нь 2008 оноос эхлүүлэн “А.Го” ХХК-д олгосон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох агуулга бүхий гомдол, нэхэмжлэлийг гаргаж байсан, уул гомдол, нэхэмжлэлийн агуулга нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 615, 616 дугаар тушаалын үндэслэл болсон “... улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон” гэсэн үндэслэлтэй холбоотой байсан, түүнчлэн уг маргааныг шүүхээр шийдвэрлэхэд Ашигт малтмалын газар хариуцагчаар оролцож байсан атал маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэхийг нягтлаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг мэдсээр атлаа хууль зөрчиж шийдвэр гаргасан.

 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” хэмээн заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “Захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Энэ нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болно.

- Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалд Уул уурхайн сайдын 2012.10.17-ны өдрийн 01 тоот албан даалгаврыг үндэслэл болгосон байдаг. Ийнхүү үндэслэл болгосон Уул уурхайн сайдын албан даалгавар нь өөрөө хууль зөрчсөн болох нь хэд хэдэн байдлаар нотлогдоно. Тухайлбал 2012.09.18-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 364 тоот шийдвэрээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох маргааныг шийдвэрлэсэн атал уг шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 хоногийн дараа буюу 2012.09.28-ны өдөр “Б” ХК Уул уурхайн сайдад хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу Уул уурхайн сайд “А. Го” ХХК-д олгогдсон Х.... тоот тусгай зөвшөөрөл, “А.Г” ХХК-ийн нэр дээр шилжигдсэн А..... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор даалгавар өгчээ. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсаар атал хууль зөрчиж гарсан Уул уурхайн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хууль зөрчсөн хэмээн үзэж байна.

Уул уурхайн сайдын албан даалгаврын нэгт: “Б” ХК-иас, өөрийн нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил хязгаар дотор хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон байхад” хүсэлтийн дагуу шийдвэрийг цаг тухайд нь гаргаагүйгээс “Б” ХК-ийн эрх зөрчигдсөн хэмээн үзсэн байдаг. Уул уурхайн сайд маргааныг урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүйн зэрэгцээ, 2009.01.28-ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 53 тоот  шийдвэрээр нэгэнт нэг мөр шийдвэрлэгдсэн асуудлыг өөрчлөх эрх Уул уурхайн сайдад хуулиар олгогдоогүй. 2009.01.28-ны өдрийн шийдвэрээр Засгийн газрын агентлаг, түүний дарга нь  дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг үг дуугүй биелүүлэн, хүчин төгөлдөр  хууль, шүүхийн шийдвэрийг зөрчих эрхгүй.

- Ашигт малтмалын газрын даргын 2012.10.23-ны өдрийн 616 тоот тушаалд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсгийн “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн” гэсэн заалтыг хэрэглэсэн бөгөөд 615, 616 дугаар тушаалд тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан “А.Го” ХХК, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “А.Г” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ямар байдлаар удаа дараа зөрчсөн талаар огт дурдаагүй бөгөөд тушаалын үндэслэл болж байгаа “Илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын ....А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” ойлголттой хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй хэмээн тус тус үзсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн зөвхөн нэг хэсэг болох Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэснийг хариуцагч зөрчсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагын бусад хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хэргийн хууль зүйн ач холбогдолтой нөхцөл байдал болон талуудын өгсөн хууль зүйн тайлбарт бүхэлд нь эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй. 

Хууль дээдлэх зарчмын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргах аливаа эрх зүйн акт гагцхүү хуульд нийцсэн, хуулийн заалтыг үндэслэсэн байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрүүдэд нийцсэн байх ёстой. Гэтэл Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалт нь тухайн харилцаанд огт хамааралгүй, эсхүл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад заавал шалгах нөхцөл болох хөөн хэлэлцэх хугацааг шалгах үүргээ санаатайгаар биелүүлэхгүйгээр хуулийн заалтыг зөрчсөн, улмаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлтийг үл ойшоосон, хууль болон шүүхийн шийдвэрийг зөрчиж гаргасан Уул уурхайн яамны сайдын албан даалгаврыг үндэслэсэн байхад энэ бүхнийг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 тоот шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Р.Э, М.Б нар давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч “А.Г” ХХК-иас шүүхэд “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ....А дугаартай ашигт малмталын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарсан.

Тодруулбал, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 дугаартай захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий захиргааны актын үндэслэлд ямар ч дүгнэлт хийгээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дугаар шийдвэрээс үзэхэд, “А.Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар шүүхийн шийдвэр гарсан нь дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон 1 /нэг/ л  хууль зүйн дүгнэлт хийжээ гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн 25, 26 дугаар талд дурдсанаар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /хуучнаар/ болон “Б” ХК-ийн хооронд 1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” №... тоот гэрээ нь “...”А.Го” ХХК-иас “А.Г” ХХК-д шилжүүлсэн ....А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулж төлсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар “Б” ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр “Б” ХК-ийн ...А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамааруулан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Б-ын нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн төлөх талаар тохиролцжээ. Хэрэгт авагдсан баримтаар маргаж буй Б-ын хүрэн нүүрсний орд бүхий газарт “Б” ХК-ийн ...А тусгай зөвшөөрлөөс гадна мөн компанийн ...А тусгай зөвшөөрөл,  “А.Г” ХХК-ийн .....А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байна” гэсэн байна.

Тодруулбал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /хуучнаар/ болон “Б” ХК-ийн хооронд 1999 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” №.... дугаартай гэрээнд дурдсан “...А тоот лиценз эзэмшигч” гэж бичсэнийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

Учир нь  Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /хуучнаар/ болон “Б” ХК-ийн хооронд 1999 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” .... дугаартай гэрээний “Ерөнхий зүйл” хэсэгт “Нэг талаас Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /цаашид АМХЭГ гэнэ/, нөгөө талаас ашигт малтмалын ордыг ашиглах ....А тоот лиценз эзэмшигч Улаанбаатар хотын Б дүүргийн татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн ..... тоот гэрчилгээ бүхий “Б” ХК/цаашид компани гэнэ/ нь Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйл, Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 234 тоот тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн 1988-1989 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн Улаанбаатар хотын Б дүүргийн нутагт орших Б-ын нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэсэн байна.

Дээрх гэрээнд заасны дагуу “Б” ХК нь Б-ын хүрэн нүүрсний ордод улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг бүхэлд нь нөхөн төлөхөөр тохиролцсон бөгөөд тухайн үед Б-ын хүрэн нүүрсний ордод “Б” ХК-ийн ....А тусгай зөвшөөрлөөс өөр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагүй тул нөхөн төлбөрийн гэрээ байгуулагч талыг “...А тоот лиценз эзэмшигч” гэж тодорхойлсон.

Гэтэл анхан шатны шүүх үүнийг өөрөөр тайлбарлаж “...”Б” ХК Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай 1999 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулж, “А.Го” ХХК-иас “А.Г” ХХК-д шилжүүлсэн .....А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулж төлсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

3. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалуудыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага тухайн маргаан бүхий акт алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, захиргааны өөр шинэ акт гаргах боломжтой байгаа тохиолдолд хэрэглэдэг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 оны/-ийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасныг Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 20-д тайлбарласан байдаг. Уг тайлбарт “... “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал уг захиргааны актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны акт алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Гэтэл Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалуудыг алдаатай гарсан гэдэг дээр хариуцагч огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин ч хууль тогтоомжид заасны дагуу гарсан хууль ёсны захиргааны акт болох талаар шүүхийн шатанд тайлбарлаж, маргасан болно.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ц давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргав.

1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчиж, шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хөндөгдөөгүй /1 дүгээр хавтас 1-3 дахь тал/, нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй /шүүх хуралдааны тэмдэглэл 2 дугаар хавтас 21-59 дахь тал/, .....А тусгай зөвшөөрөл бүхий талбайд оногдох ёстой улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг “...хамруулж төлсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа гурван өгүүлбэрийн дараа “...А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах төлбөрийг төлсөн эсэх, хэрэв төлсөн бол...” гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэж буй нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн заалтыг ноцтой зөрчжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан /1 дүгээр хавтас 139, 140 дэх тал/ “Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ” /1999.04.17/-д:

...1988-1989 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн Улаанбаатар хотын Б дүүрэгт орших Б-ын нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн төлөх нөхцөл, үе шат төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг хэлэлцэн тохиролцсон болохыг дурдсан байна.

Энэ гэрээг байгуулах үед /1989 он/ .....А тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулах, эсхүл үл хамруулах тухай асуудал огтхон ч байгаагүй, харин сүүлд олгогдсон ....А, .....А, .....А тусгай зөвшөөрлүүдийн нийт талбайн хэмжээгээр 2.089.8 мянган төгрөг буюу 94694 ам.доллараар нөхөн төлбөрийн гэрээг байгуулж, түүнийг “Б” ХК бүрэн төлж барагдуулсныг хэрэгт нотлох баримтаар харуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг үндэслэсэн шийдвэрийг “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” үед гаргах ёстой.

Энэ хэргийн хувьд холбогдох нөхцөл байдлыг тодруулж, бүх нотлох баримтуудыг гурван жил шахам хугацаанд цуглуулсан байдаг.

Одоо энэ хэргийн хувьд цаашид нэмж тодруулах, шинжлэн судлах шинэ  нотлох баримт, нөхцөл байдал үлдээгүй гэдгийг хэргийн бүх оролцогчид санал нэгтэй хэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д Ашигт малтмалын газрын даргын 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хуулийн ямар ч үндэслэлгүй юм.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, .....А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шийдвэр гаргуулахтай холбоотой бөгөөд хэргийн оролцогчдын дундах маргаан энэ шаардлагыг тойрон явагддаг.

Гэтэл шүүх “...тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах төлбөрийг ... төлсөн бол тухайн талбайд “А.Го” ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, “А.Г” ХХК-д шилжүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, түүнийг хэрэх сэргээх асуудлыг судлан үзэж, дахин шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

 Нэхэмжлэгч хайгуулын ....Х, ашиглалтын .....А тусгай зөвшөөрлийг “А.Го” ХХК-д олгож, улмаар .....А тусгай зөвшөөрлийг “А.Г” ХХК-д шилжүүлсний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэг байдлаар зөрчигдсөн, түүнийг сэргээлгэх асуудлаар нэхэмжлэлийн ямар ч шаардлага гаргаагүй, маргаагүй ба маргах ч үндэслэлгүй юм.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн гадаад хэлээр бичигдсэн нотлох баримттай холбоотой заалтыг зөрчиж, “1 дүгээр хавтаст” гэсэн бичиг наасан хавтаст хэргийн 146-150 дахь талд буй 5 хуудас, “2 дугаар хавтаст” гэсэн бичиг наасан хавтат хэргийн 62-66 дахь талд буй 5 хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 130-137 дахь талд буй 8 хуудас гадаад хэлээр бичигдсэн бичиг баримтуудыг монгол хэлээр албан ёсоор орчуулаагүй учраас тэдгээрийг нотлох баримт гэж үзэж, нотолгооны эргэлтэд оруулж, хэрэглэх боломжгүй болгосон байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б, Ц.Ж нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017-08-17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Б” ХК-ийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1/ Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 25-26 дугаар талуудад “Б” ХК Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай 1999-04-14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулж, “А.Го” ХХК-иас “А.Г” ХХК-д шилжүүлсэн ....А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулж төлсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар “Б” ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр “Б” ХК-ийн ....А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамааруулан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Б-ын ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн төлөх талаар тохиролцжээ” гэж дүгнэсэн байна. Үүнтэй холбоотойгоор шүүх ....А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах төлбөрийг төлсөн эсэхийг судлан үзэж дахин шинээр акт гаргах шаардлагатай гэж үзжээ.

Шүүх 1999-04-14-ний өдрийн “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээнд “Б” ХК-ийн ....А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамааруулан хайгуулын ажлын зардлыг эргүүлэн төлөх талаар тусгагдаагүй байхад тэгж бичигдсэн мэтээр буруу тайлбарласан байна. Засгийн газрын 1997-12-03-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх журам”-д нөхөн төлбөрийг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд харгалзуулан ногдуулна гэж заагаагүй, харин уг журмын 2.5-д “Ордын нөөцийг бүрэн ашиглахгүй, мөн нэг ордод хэд хэдэн хуулийн этгээд олборлолт явуулах тохиолдолд төлбөрийг олборлох нөөцийн хэмжээнд харгалзуулан ногдуулна” гэж тодорхой заасан. 1999-04-14-ний өдрийн “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээг байгуулах үед “Б” ХК-аас өөр тусгай зөвшөөрөлтэй этгээд байгаагүй тул “Б” ХК нь ордын нөөцийг бүрэн ашиглахын тулд уг ордын хайгуулын зардлыг бүрэн төлсөн.

2/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх” хэсэгт “...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбарыг тусгана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдийн талаар дүгнэлт өгсөнгүй.

Ашигт малтмалын газрын даргын 2012-10-23-ны өдрийн 615 дугаар тушаалын 1 дэх заалтаар “А.Го” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006-11-01-ний өдрийн 1071 тоот шийдвэрийн “А.Го” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-19.6, 19.12, 60.4 дэх хэсгүүдийг дурдсан боловч гол үндэслэлээ “улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон” гэж бичсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж тодорхой заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.9-д ”ашигт малтмалын орд” гэдгийг геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон. Б-ын нүүрсний ордын хувьд 1974-1989 онуудад улсын төсвийн хөрөнгөөр удаа дараа хайгуул хийж нөөц нь тодорхойлогдсон бөгөөд 1978 оноос уг ордод тулгуурлан Б-ын нүүрсний уурхай байгуулагдан ажиллаж байна.

“А.Го” ХХК-ийн .....Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Б-ын нүүрсний орд газарт бүхэлдээ хамаарч байсан талаар энэ хэргийн талуудад ямар нэг санал зөрөлдөөн, маргаан байхгүй юм. 1974-1975 онуудад уг орд газарт хайгуулын 469 цооног өрөмдсөнөөс дээрх маргаан бүхий талбайд 183 хайгуулын цооног өрөмдсөн, мөн онуудад балансын нөөцийг 303,7 сая тонн, балансын бус нөөцийг 296,1 сая тонноор тогтоосон. 1986-1989 онуудад хийгдсэн гүйцээх хайгуулаар 125 цооног нэмж өрөмдөн балансын нөөцийг 512,8 сая тонн, балансын бус нөөцийг 195,4 сая тонноор тогтоосон талаар гуравдагч этгээд тайлбартаа дурдсан байдаг. Энэ тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. “А.Го” ХХК-д .....Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн талаарх хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, холбогдох нотлох баримтуудад шүүх үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.

“А.Го” ХХК-д .....Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь .....А дугаартай тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болсон тул уг тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрийг хүчингүй болгосон 2012-10-23-ны өдрийн 616 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

3/ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан байхад “А.Го” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010-07-25-ны өдрийн 10/44 тоот тогтоолд .....А тусгай зөвшөөрлийг худалдахыг зөвшөөрсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.

4/ “А.Г” ХХК-ийн нэхэмжлэлд хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий АМГ-ын даргын 2012/10/23-ны өдрийн 616, 615 дугаартай хоёр акт байх бөгөөд энэхүү актуудад нь маргааныг шийдвэрлэхээс даруй 5 жилийн өмнөх үйл баримт байх тул эдгээр актуудад холбогдуулан нэхэмжлэгчээс урьд гаргаж байсан нэхэмжлэл, хүсэлтийг шүүхээс хэрхэн шийдвэрлэж байсныг тухайлан авч үзэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаал тус тус гарч хариуцагчаас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №6-6585 албан тоотоор мэдэгдсэн байдаг бөгөөд энэхүү мэдсэн, мэдэгдсэн үйл баримт дээр талууд маргадаггүй болно.

Улмаар нэхэмжлэгчээс 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр №8 албан тоот -оор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж, 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 3-7487 дугаар албан бичиг -ээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг авсан байна.

Ингээд хуульд заасан журмын нэхэмжлэгч буюу “А.Г” ХХК-аас урьд нь доорх байдлаар шүүхэд хандаж байжээ. Үүнд:

 

 

Огноо

Акт

 

Хүчинтэй эсэх

АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалтай холбогдуулан “А.Г” ХХК-аас гаргасан нэхэмжлэл, хүсэлтийн тухайд:

АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалтай холбогдуулан “А.Г” ХХК-аас гаргасан нэхэмжлэл, хүсэлтийн тухайд:

 

1

 

2013 оны

1-р сарын нэхэмжлэл

2013 оны 1 дүгээр сард дээрх 2 актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргсан боловч “нэхэмжлэгчид нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй” гэсэн үндэслэлээр НЗХШ-ийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 977 дугаар шүүгчийн захирамж[1]-аар нэхэмжлэлийг буцаасан байна.

 

Хүчинтэй

 

2

 

2015/06/18-ны өдрийн нэхэмжлэл[2]

Зөвхөн 616 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

НЗХШ-ийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3914 дугаар захирамж[3]-аар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

 

 

Хүчинтэй

 

3

2016/01/13-ны өдрийн шаардлагаа нэмэгдүүлсэн[4].

 

АМГ-ын даргын 615 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

НЗХШ-ийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3914 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хүчинтэй

 

4

 

2016/06/16-ны өдрийн хүсэлт

““А.Г” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4850 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон[5]

Хүчинтэй

 

5

2016/10/07-ны өдрийн захирамж

Энэхүү захирамжаар НЗХШ-ийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 977 дугаар захирамж гарснаас хойших буюу “А.Г” ХХК-ийн 2013 оны үйл баримтыг л авч үзсэн байдаг.

 

Хүчинтэй

 

Ийнхүү дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл “А.Г” ХХК нь маргаан бүхий актыг 2012 оны 10 дугаар сард мэдсэнээс хойш нийт 4 удаа шүүхэд хандаж байсан байх бөгөөд үүний 2 нь нэхэмжлэл хэлбэрээр, 2 нь хугацаа сэргээлгэх хүсэлт хэлбэрээр тус тус гаргажээ. Нэхэмжлэл нь нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас хамаарч буцаагдсан байна.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8228 дугаар захирамжид зөвхөн нэхэмжлэгч компанийн 2013 оны үйл баримтад дүгнэлт өгөгдсөн байх бөгөөд 2014 он, 2015 он дахь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар огт дурдалгүй ор тас орхигдуулсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4850 дугаар захирамж гарснаас хойших 4 сарын хугацаанд нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар ч авч үзээгүй хүсэлтийг шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8228 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлсон Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-д “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх”, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмуудад илт харшилж байх бөгөөд хэдийгээр шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангах ёстойгоор уг эрх хуулиар хязгаарлагдах нь зүй ёсны асуудал билээ.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх тул тус шүүхийн хяналтын гадна үлдэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017-08-17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О, Э.Э нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, ....А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 615, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 616 дугаар тушаалуудаар Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 тоот шийдвэрийн “А.Го” ХХК-д холбогдох хэсэг, Геологи, уул уурхайн кадастрын төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 тоот шийдвэрийн “А.Го” ХХК-д холбогдох хэсгийг, ашигт малтмал ашиглалтын .....А тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгох тухай” 615 дугаар тушаал нь “...улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, ... эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэлүүдээр холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” 616 дугаар тушаал нь ...илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон 12959А дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Б-ын хүрэн нүүрсний ордын нөөц, түүний төлбөрийг төлсөн тухайд:

Улаанбаатар хотын Б дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрийг дамнан орших Б-ын хүрэн нүүрсний орд газарт 1971 оноос эхлэн геологи хайгуулын судалгааны ажил хийгдэж хамгийн сүүлд 1988-1989 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан нэмэлт хайгуулын ажил хийгдэж нөөцийг нь тогтоосон болох нь “Бага энергийн агууламжтай давхаргын гидролавлик төв газар зүйн эрдэм шинжилгээний зөвлөлийн хурлын тэмдэглэл”-ийн Орос хэл дээрх баримт түүнийг баталгаат орчуулгын газраар орчуулуулсан баримтаар  бүрэн нотлогддог.

Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө” гэж заасны дагуу “Б” ХК Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ  байгуулж Улсын төсвийн хөрөнгөөр 1988-1989 онд нарийвчилсан нэмэлт хайгуулын ажил хийж нөөцийг нь батлахад улсын төсвөөс нийт 2089.8 мянган /хоёр сая наян есөн мянга найман зуу/ төгрөгийн зардал гарсан бөгөөд энэ хэмжээг үндэслэн Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцож 94694 ам доллар /ерэн дөрвөн мянга зургаан зуун ерэн дөрвөн америк доллар/ болж байгааг талууд зөвшөөрч “Б” ХК улсын төсөвт 94.694 ам.долларыг бүрэн төлсөн болох нь төлбөр төлсөн баримт , Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлсөн тухай акт №09/12 -аар бүрэн нотлогддог. 

Түүнчлэн “Б” ХК Б-ын хүрэн нүүрсний ордын хэмжээгээр буюу маргаан бүхий .....А дугаар тусгай зөвшөөрлийн талбайг хамааруулан улсын төсвөөс гаргасан зардлын нөхөн төлбөрийг бүрэн төлсөн болох нь 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээний Ерөнхий зүйлд “...1988-1989 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн ... Б-ын нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэж тодорхой зааснаас харагдах бөгөөд “Б” ХК-ийн геологи хайгуулын ажлын зардлыг төлж барагдуулсан талбайн хилийн зураг -аар бүрэн нотлогддог.

Үүнийг ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны үед “...12164Х тусгай зөвшөөрөлтэй талбай нь 1989 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай давхцаж байгаа гэдэгтэй маргахгүй...”  гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон талбайд тусгай зөвшөөрөл хүсч байгаа бол зөвхөн хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаж байж тусгай зөвшөөрөл эзэмших ёстой байтал “А.Го” ХХК тухайн маргаан бүхий талбайд нэг ч цооног өрөмдөөгүй, үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг.

Гэвч анхан шатны шүүх “...”Б” ХК Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулж, “А.Го” ХХК-иас “А.Г” ХХК-д шилжүүлсэн .....А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулж төлсөн гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаж чадсангүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Б” ХК-ийн зүгээс Б-ын хүрэн нүүрсний ордын хэмжээнд хийсэн хайгуулын нийт зардлыг бүхэлд нь төлсөн үйл баримт байхад анхан шатны шүүх “Б” ХК-ийг зөвхөн өөрийн эзэмшлийн лицензийн талбайд ногдох хайгуулын зардлыг төлсөн гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хууль зүйн үйл явдал, ногдох баримтын хамаарал, хуульд нийцсэн эсэхийг харьцуулан үзэлгүй хийсвэр байдлаар дүгнэсэн байна.

2. Тусгай зөвшөөрөл хууль ёсны дагуу эзэмшээгүй тухайд:

Түүнчлэн “А.Го” ХХК-иас анх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг авахдаа Төв аймгийн Засаг даргаас зөвшөөрөл хүссэн боловч Төв аймгийн Засаг даргаас “...Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт хамаарахгүй, Б дүүргийн хилийн цэсэд орж байгаа тул дэмжих боломжгүй” саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн болох нь Төв аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот , Б дүүргийн Засаг даргын Тамгын газарт “А.Го” ХХК-иас тусгай зөвшөөрөл авах зөвшөөрөл хүссэн албан бичиг ирж байгаагүй болох нь Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/293 тоот  албан бичгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд маргаан бүхий .....А дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт бус, Б дүүргийн нутаг дэвсгэрт бүрэн хамаарч байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн газар зүйн байрлалын тойм зургаас бүрэн харагдаж байна .

“А.Го” ХХК нь 2007 онд хайгуулын ажлын тайлан батлуулж, түүний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаагүй нь Үндэсний төв архивын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03-2/273 тоот  албан бичгээр нотлогддог.

Гэвч “А.Го” ХХК дээрх тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй байж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг авсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

3. Хууль хэрэглээ, хууль ёсны тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.8-д “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 60 дугаар зүйлийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэх хуулийн шаардлагуудыг зөрчиж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон алдаатай шийдвэрээ Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ залруулсан нь Төрийн захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх бөгөөд үүнийг нь хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан талаар тайлбарлан маргадаг боловч тус хуулийн заалт нь Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэглэгддэг хуулийн зохицуулалт юм бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэж “А.Го” ХХК, “А.Г” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг анхаарч үзээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Харин Ашигт малтмалын газрын даргын 212 оны 615, 616 дугаар тушаалууд нь Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмыг зөрчиж алдаатай гаргасан шийдвэрээ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төрийн захиргааны байгууллагаас залруулж, хүчингүй болгосон нь тус тушаалууд гарах болсон гол үндэслэл нь болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн бүх оролцогчид /нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд/ давж заалдах гомдол гаргасан байна. 

Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1/ Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дахь заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл  муутай болжээ. Энэхүү хэргийн тухайд нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд “цаашид тодруулах шаардлагатай нөхцөл байдал байхгүй төдийгүй шүүхийн шинжлэн судлах судлах боломжоос хэтэрсэн” гэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

2/ Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, маргааныг бодит агуулга талаас нь дүгнэж шийдвэрлэв.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалын 1 дэх заалтаар тус газрын Геологи уул, уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрийн “А.Го” ХХК-д холбогдох хэсгийг, 2 дахь заалтаар мөн тус албаны 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрийн “А.Го” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна. Мөн тус өдрийн 616 дугаар тушаалаар “А.Г” ХХК-ийн ашиглалтын .....А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Энэхүү 615 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэхийн тулд уг тушаалд өөрт нь дурдаад буй “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-аас 19.6-д заасан журмыг баримтлаагүй, мөн хуулийн 19.12, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, ...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэсэн үндэслэл үнэхээр бодитой байсан эсэх талаар дүгнэх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар Б-ын нүүрсний ордын нөөцийг нарийвчилсан болон гүйцээх хайгуулыг 1974-1975 оны хооронд хийж, тайланг 1977 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуучнаар ЗХУ болон БНМАУ-ын хамтарсан нөөцийн комиссоор хэлэлцэж нөөцийг батлан улсын нэгдсэн бүртгэлд оруулсан. 1988-1989 онд БНМАУ-ын Төвийн геологи хайгуулын экспедиц гүйцээх хайгуулаар ордын нөөцийг шинэчлэн тогтоосон болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд” мөн болохыг нотолж байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-аас 19.6-д заасан журмыг баримтлаагүй болох нь мөн адил нотлогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тусгай зөвшөөрөлд дурдсан талбай нь хилийн цэсээрээ Улаанбаатар хотын Б дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байна. Гэтэл “А.Го” XXК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Б дүүргийн Засаг даргаас бус Төв аймгийн Засаг даргаас албан ёсны дэмжсэн санал авсан мэтээр материал бүрдүүлж улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “А.Го” ХХК-д Төв аймгийн Баяндэлгэр сумын Б.Х нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ц.Э нь “Б” ХК-д ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 дугаар албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт харьяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн” гэсэн байна. Иймд “А.Го” ХХК нь Төв аймгийн Засаг дарга дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр зөрүүтэй баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогджээ. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.2-т заасан “...энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох...” заасан нөхцөл гажуудахад хүргэжээ.

3/ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд нь “хувийн аж ахуй эрхлэх” төдийгүй,  “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх” эрхтэй. “А.Г” ХХК-ийн энэхүү ашиглалтын лицензийг олж авсан, эзэмшсэн процессыг шударгаар явагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

“2014 онд Эрчим хүчний яамнаас шинээр байгуулагдах ДЦС-5, Б-ын ЦС- уудын хэрэгцээний нүүрсийг “Б” ХК-аас хангахаар тооцож Б-ын нүүрсний ордын геологийн нөөцийг баталгаажуулах нэмэлт хайгуул хийх, уурхайг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд 2014-2015 онд нийт 2.3 сая ам.долларын санхүүжилтээр Б-ын ордын нэмэлт хайгуулыг хийж, ордын нийт нөөцийг 812.06 сая тонноор тогтоосон. Үүнээс “А.Г” ХХК-ийн эзэмшиж байсан маргаантай .....А талбайд 430.2 сая тонн нүүрс байгааг тогтоосон” гэж гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж байна. “А.Г” ХХК ямар ч хайгуул хийгээгүй төдийгүй, ямар нэгэн зардал гаргахгүй, ганц нэг бичиг баримтыг зөрүүтэй бүрдүүлэх зэргээр сууж байгаад 430.2 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайн ашиглалтын лицензтэй болж байгаа нь шударга биш байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын дийлэнх хэсэг энэхүү үйл баримтад үндэслэж, түүнээс иш татаж маргаж байгаа нөхцөлд энэ талаар шүүх дүгнэхгүй байх боломжгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, өөр захиргааны акттай холбоотой асуудлыг, эсхүл өөр давж заалдах гомдлыг шийдвэрлэсэн хэрэг болохгүй гэж үзэв.

4/  Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаж байна. Гэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8228 дугаар захирамж /хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн/ хүчинтэй байгаа тул хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх гомдлыг хянасан болно.

5/ Алдаатай шийдвэрээ өөрөө зөвтгөсөн нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, эсхүл дээд шатны байгууллага нь өөрийн гаргасан актыг дахин хянан үзэх боломжтой. Энэ хүрээндээ Ашигт малтмалын газрын дарга, Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын, Геологи уул уурхайн Кадастрын төвийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь зөв байна.

Дээрх 2 захиргааны акт нь дээр дурдсанаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэж заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. 

6/ Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо дараах үндэслэлээр гаргажээ.

А.  “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615  дугаар тушаалыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг удирдлага болгосон байдаг. ... захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахдаа мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах ёстой.

...Ашигт малтмалын газар хариуцагчаар оролцож байсан атал маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэхийг нягтлаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг мэдсээр атлаа хууль зөрчиж шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлийг заажээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасан. Энэхүү зүйлд заасан “захиргааны актыг хүлээн авсан” гэх ойлголт Б компанийн тухайд бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газраас болон түүний Кадастрын хэлтсээс өмнөх захиргааны актыг гардуулсан, хүргүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна. Иймд “хүлээн авснаас хойш” хугацаа тоолох боломжгүй байна.

Харин “Мэдсэнээс хойш” гэх үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт өгөх шаардлага үүсэж байна. Өмнө дурдсанчлан захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс Б компанид “мэдэгдсэн” гэх нөхцөл байдал үгүй байна. Гагцхүү өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны үед Б компани “А.Го” болон “А.Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан улмаар олгосон гэдгийг мэдсэн байх боломжтой байна. Гэхдээ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл“ гэсэн нөхцөлийг заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс “эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл”, “мэдсэнээс хойш” гэсэн 2 нөхцөлийг зэрэг хэрэглэх боломжтой гэж үзэв.

Б. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалд Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай албан даалгаврыг үндэслэл болгосон байдаг. Ийнхүү үндэслэл болгосон Уул уурхайн сайдын албан даалгавар нь өөрөө хууль зөрчсөн болох нь хэд хэдэн байдлаар нотлогдоно. Тухайлбал 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 364 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох маргааныг шийдвэрлэсэн атал уг шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 хоногийн дараа буюу 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Б” ХХК-аас Уул уурхайн сайдад хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу Уул уурхайн сайд “А.Го” ХХК-д олгогдсон Х..... тоот тусгай зөвшөөрөл, “А.Г” ХХК-ийн нэр дээр шилжигдсэн А..... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор даалгавар өгчээ. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсаар атал хууль зөрчиж гарсан Уул уурхайн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хууль зөрчсөн”  гэсэн үндэслэлийг дурдсан байна.

Энэхүү хэргийн тухайд Уул уурхайн сайдын тушаалтай холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй тул тухайн захиргааны актын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй /хүчингүй болгох гэх мэт/ байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй. Нөгөө талаар энэхүү Уул уурхайн сайдын тушаалыг хүчингүй болгосон гэх мэт ямар нэгэн шийдвэр /Сайдын өөрийнх нь эсхүл шүүхийн шийдвэр гэх мэт/ гараагүй, уул тушаал хүчин төгөлдөр байна. Ийм нөхцөлд давж заалдах шатны шүүхээс сайдын тушаалыг хууль зөрчсөн байна гэж дүгнээд, энэхүү хууль зөрчсөн тушаалыг үндэслэн захиргааны акт гаргасан нь буруу гэсэн байдлаар хэргийг шийдвэрлэх боломжгүй.

3/  Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсгийн “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн” гэсэн заалтыг хэрэглэсэн бөгөөд 615, 616 дугаар тушаалд тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан “А.Го” ХХК, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “А.Г” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ямар байдлаар удаа дараа зөрчсөн талаар огт дурдаагүй бөгөөд тушаалын үндэслэл болж байгаа “Илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын .....А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” ойлголттой хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй. ...Энэ талаар анхан шатны шүүх хэргийн хууль зүйн ач холбогдолтой нөхцөл байдал болон талуудын өгсөн хууль зүйн тайлбарт бүхэлд нь эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй” гэж давж заалдах үндэслэлдээ дурджээ. 

Хариуцагчаас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-г баримталсан байх тул “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлийг заажээ гэж ойлгогдож байна.  Энэхүү хуулийн заалтад буй нөхцөлүүд хамтдаа зэрэг бүрдэх бус харин аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан хуулийн зохицуулалтад 2 өөр агуулга явж байна.

Учир нь тус хуулийн заалтад нэг талаас” тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг авсны дараа 2 ба түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг буруу явуулж, зөрчил гаргасан”-ыг ойлгох нэг ойлголт, басхүү “тусгай зөвшөөрөл эзэмшихдээ хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг илтэд зөрчиж эзэмшсэн болохыг ойлгох” бас нэг өөр ойлголт агуулагдаж байна.

Нэхэмжлэгчийн тухайд “ноцтой зөрчсөн гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөн буюу тусгай зөвшөөрлийг анх авахдаа илтэд зөрчсөн” гэсэн агуулгаар хуулийг хэрэгжүүлж хариуцагч байгууллагаас захиргааны акт гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тусгай зөвшөөрлийг авах нөхцөл шаардлага, журмыг илт зөрчиж уг тусгай зөвшөөрлийг авсан болох нь тогтоогдсон байна.

6/ Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь цуцалсантай адилхан эрх зүйн үр дагавар бий болгох тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш 10 өдөрт багтаан албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх ёстой. Энэ мэдэгдлийг хүргүүлээгүй, улмаар шийдвэр гаргасан гэжээ.

Энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар цуцлаагүй, харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн гаргасан актаа хянаад “урьдчилан шийдвэрлэх журмаар гомдлыг хянаад гаргасан шийдвэр” байна. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуульд заасан 10 хоног гэсэн хугацаа хамаарахгүй гэж үзэв.

7/ Хариуцагч, гуравдагч этгээдээс өөрийн татгалзлыг “Б компани хайгуулын ажлын зардлыг ордын хэмжээгээр бүрэн төлсөн” гэх нөхцөл байдалд үндэслэдэг. Гэхдээ нэхэмжлэгч дээрх агуулгаар /бүрэн төлөөгүй гэх мэт/ гомдол гаргаагүй тул энэ талаар тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

8/ Анхан шатны болон давж заалдах шатны хуралдааны явцад талуудын тайлбарт “өмнө нь гарсан гэх 2 шийдвэр”-ийн талаар дурдагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд дээрх 2 шийдвэр хамааралгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл энэхүү маргааны асуудлаар “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна” гэж үзээгүй болно.

Учир нь :

А. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн тухайд: “А.Го” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тус компанид өмнө нь олгогдсон .....Х, .....А тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650 дугаар шийдвэр нь .....Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан,  2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 655 дугаар шийдвэр нь .....А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр байжээ.

Шүүхээс шийдвэрлэхдээ Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, .....Х, .....А тоот тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргасан байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 598 дугаар тушаалаар .....Х, .....А дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг тус тус сэргээсэн. Ийнхүү сэргээсэн тухайгаа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7-9636  дугаар албан бичиг, 2008 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 7-9815 мэдэгдэх хуудсаар тус тус “А.Го” ХХК-д мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед хэлэлцсэн үйл баримт, талуудын маргаан нь энэхүү хэргийн үйл баримтаас өөр, маргааны зүйл болох захиргааны акт ч өөр байна. Захиргааны шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримт бол Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5-д зааснаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, тодорхой нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох асуудлыг зөвхөн Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулсан атал хариуцагч 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Солбицолд өөрчлөлт оруулах тухай” 650 дугаар шийдвэрээр...  .....А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна гэж дүгнэж шийдвэрлэсэн хэрэг буюу өнөөдрийн маргаан бүхий акт, түүний үндэслэлтэй холбоогүй, өөр үйл баримтуудыг тогтоосон шийдвэр гэж үзэхээр байна.

Б. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн тухайд: “Б ХК-аас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон өгч, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг АМГ-ын ГУУКХ-т даалгах нэхэмжлэлийг 2012 онд шүүхэд гаргасан байдаг. Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч “Б” ХК-ийн маргаж буй хариуцагчийн эс үйлдэхүй нь Ашигт малтмалын газрын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 дугаартай шийдвэр гарснаар дууссан байх тул үүнээс хойш үргэлжлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр болно. Энэ хэрэгт “А.Го” болон “А.Г” ХХК-ийн лицензийг хүчингүй болгох, цуцлах шаардлага гаргаагүй, түүнийг хэлэлцээгүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 19 дүгээр зүйлийн 19.12, 25 дугаар зүйлийн 25.1.8, 60 дугаар зүйлийн 60.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А.Г” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, .....А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А.Г” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70.200 төгрөгийг /нийт 210600 төгрөг/ буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР