Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2018/0584/З |
Дугаар | 48 |
Огноо | 2019-02-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 48
Х.Д-гийн нэхэмжлэлтэй,
ШШГЕГ-ын даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
Нэхэмжлэлийн шаардлага: “...ШШГЕГ-ын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Д-г албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай Б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0635 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-д тус тус заасныг баримтлан Х.Д-гийн нэхэмжлэлтэй, ШШГЕГ-ын даргад холбогдуулан гаргасан ШШГЕГ-ын даргын 2018 ны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х.Д-г албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай Б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил, нийт 22.6 жил, төрийн албанд нийт 24.11 жил ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0635 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-гийн “ШШГЕГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Х.Д-г албан тушаалаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай” Б/346 дугаар тушаалыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулж, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад биеэр 20 жил 8 сар, нэмэгдэл 1 жил 10 сар, нийт 22 жил 6 сар, төрийн албанд нийт 24 жил 11 сар ажилласныг тогтоолгох, нэхэмжлэгчид 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Х.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0623 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0635 дугаар магадлалыг гаргахдаа тус тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Нэхэмжлэгч Х.Д- би ШШГЕГ-ын даргын 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар албан тушаалаас халагдсан нь хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тус албан тушаалд эгүүлэн томилохдоо энгийнээр томилсон нь цэргийн албанд ажилласан хугацаа болон цэргийн албан хаагчийн нэмэгдэл зэргийг тогтооход нөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон ба шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдохдоо энгийнээр томилсон тушаалд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тухайн хөөн хэлэлцэх хугацааны талаар шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт огт дурдаагүй болно.
5. Миний ахлахаар ажилласан хугацаа болон тус албан тушаал нь хуулиар цэргийн байхаар зохицуулсан, тус ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоосон байхад энгийнээр томилсон албан тушаалд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж анхан шатны шүүх үндэслээд тогтоолоо танилцуулсан юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг нь огт өөрөөр бичигдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн шүүх хэргийн үйл баримтыг огт ойлгоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг ялгаж салгаагүй, хэрэгсэхгүй болгосон шийдвэртээ тааруулж шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийг гаргасан гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч энэ талаар мөн адил дүгнэлгүй шийдвэрлэсэн болно.
6. Захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлэхийн тулд нэхэмжлэлээ ямар хэлбэр, агуулга, бүрдүүлбэртэйгээр хэрхэн гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зааж өгсөн тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч нь акт гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага, утга болон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, эс үйпдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд шаардагдах захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага зүй ёсоор тавигдана.
7. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийн төрөл, нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа талаар тодорхойгүй, нэмэлтээр ажиллагаа хийх шаардлагатай байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 1997 онд томилогдож 2004 он хүртэл ажилласан байхад тус хугацааны цэргийн цолны болон хоригдолтой ажилласан нэмэгдлийг олгоогүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагад шүүх дүгнэлт өгөөгүй юм. Шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэсэн боловч хурлын тэмдэглэлд тусгагдаагүй, мөн шүүгчээс тогтоол танилцуулахдаа энэ зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнээгүй орхигдуулсан.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хамт ажиллаж байсан албан хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах тухай хариуцагчийн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү нотлох баримтын дагуу тус албан хаагчийн ажилласан байдлын тухай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргахад шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хурлын тэмдэглэлд тусгагдаж, 128/Ш32018/6163 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Тухайн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан боловч нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамжид дурдаагүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтэд, нэг байгууллагад, адил албан тушаалд, адил хугацаанд ажиллаж байсан албан хаагчийн энгийнээр ажилласан бүх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулж, цэргийн алба хаасан бүрэн тэтгэвэр тогтоож өгсөн нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх гэсэн төрийн албаны үндсэн зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр татгалзаж, тухайн хүсэлтээ хангуулах боломжийг хязгаарлаж, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
9. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчиж, зөвхөн хариуцагчийн тайлбар, түүнээс ирүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй нь буруу байна.
12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаас үзвэл шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхаас гадна шүүхээс гаргах шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх сэргээгдэх нь ойлгомжтой байх шаардлагатай8 гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаараа илэрхийлж буй хүсэл зориг нь ойлгомжгүй, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэгчийн зорилго болон үүний улмаас ямар эрх нь сэргэгдэх нь тодорхой бус байгааг шүүхүүд анхаараагүй байна.
13. Хэрэгт Х.Д-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн маргаан бүхий ШШГЕГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/346 дугаар тушаал авагдсан, уг тушаалд Х.Д-г 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэргийн албанд 10 жил 05 сар 29 хоног ажилласнаар тооцож, түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг олгохоор заасан байна.
14. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, бүхэлд нь илт хууль бусад тооцуулах, цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил нийт 22.6 жил, төрийн албанд нийтдээ 24.11 жил ажилласныг тогтоолгох, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгуулахыг даалгуулахаар хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Нэхэмжлэгч Х.Д- нь 1967 оны 03 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар...”, 289.1.5-д “бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас байна” гэж хуульд заасан цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн тухайд маргаагүй байна.
16. Харин насны хувьд хуульд заасан болзлыг хангасан боловч, хэргийн оролцогчид нэхэмжлэгчийн цэргийн албан хаасан хугацааг өөр өөрөөр тооцож, үүнээс улбаалан нэхэмжлэгч нь “...цэргийн тэтгэвэр тогтоолгох болзол хангасан...” гэж, хариуцагч нь “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох болзол хангасан...” гэж тус тус маргаснаас үзвэл, нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан нийт хугацааг цэргийн алба хаасанд тооцох эсэх нь маргааны гол үйл баримт гэж ойлгогдохоор байгаа бөгөөд шүүх маргааны гол үйл баримтыг тодорхойлох, үүнд эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байжээ. Тухайлбал, нэхэмжлэгч нь “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20.8 жил, нэмэгдэл 1.10 жил нийт 22.6 жил, төрийн албанд нийтдээ 24.11 жил ажилласныг тогтоолгох...“ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаас үзвэл, дээрх үйл баримтын тухайд маргаж байгаа эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, тухайн нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэхийг мөн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байна.
17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энгийн орон тоонд 10 жил 1 сар 20 хоног, цэргийн цолтой 10 жил 05 сар 29 хоног нийтдээ тус байгууллагад 20 жил 7 сар 19 хоног ажилласныг үгүйсгээгүй байгааг анхаарвал зохино.
18. Мөн Х.Д- нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, тэтгэврийн харилцаа үүсгэх талаарх хүсэлтээ холбогдох хуульд заасны дагуу хэрхэн илэрхийлсэн талаарх нотлох баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай, энэ нь маргааны үйл баримтыг дүгнэхэд ач холбогдол бүхий байж болохоор байна.
19. Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, нотлох баримт хангалттай бус байхад хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0623 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны12 дугаар сарын13-ны өдрийн 221/МА2018/0635 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ