Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01081

 

Ү.Ганбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 605 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар магадлалтай,

Ү.Ганбаатарын нэхэмжлэлтэй

Д.Олзвой, Б.Цэнгэл нарт холбогдох

Эвдэрсэн барааны үнэ 323 770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө зэргэлдээ лангууны Д.Олзвойгын эхнэр Б.Цэнгэлтэй маргаснаас хойш Д.Олзвой 1 цагийн дараа ирж лангуун дээрх тавиуртай ээмгийг толгой тушаа авч шидэхэд зовхи язарч, тавиур үйрч, тавиураас зүүлттэй ээмэгнүүд хугарч эвдэрсэн тул энэ эвдэрсэн барааныхаа хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл бичиж байна. Цагдаагаас тогтоогдсон 304 000 төгрөг, аудитад тушаасан 10 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 9 770 төгрөг нийт 323 770 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Олзвой шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Ганбаатарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Д.Олзвой миний бие хүлээн зөвшөөрөхгүй, хуучирч харласан, хөө тортог болсон “Мэнд-Амар” худалдааны төвийг шатахад үнэ нь төлөгдөөд актлагдсан ээмэгнүүдийг өндөр үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө эмэгтэй хүнийг дарамталж дээрэлхээд зодчихоод лангуун дээр байсан ээмэг эвдэрсэн гээд байна. Би шидээгүй гэжээ.

Хариуцагч Б.Цэнгэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие “Мэнд-Амар” худалдааны төвд үсний гоёл, чимэглэлийн лангуун дээр худалдагч хийдэг болно. Манай лангууны эзэн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бараандаа явж ирсэн. 11 дүгээр сарын 16-ны өдөр би бараагаа хүлээн аваад тоолоод өрж, янзлаад байж байтал, хажуу талын бэлэн хувцас зардаг Чимэгбаяр ээмэг авчирлаа гэж намайг хэлэх, хэлэхгүйгээр харааж загнасан ч би өөдөөс нь сөрж маргалдаагүй. Харин 11 дүгээр сарын 28-ны өглөө лацтай учир эрт ирчхээд лангуугаа арчаад зогсож байсан чинь Чимэгбаярын нөхөр Ү.Ганбаатар намайг загнаж аашлаад байхаар нь манай лангуун дээр ээмэг урьд нь зарж байсан юм билээ гэж хэлсний төлөө лангууныхаа цаанаас гарч ирээд хоёр гараараа миний хоолойг багалзуурдаж аваад түлхэж унагаасан. Ойр хавьд хүн байгаагүй, би тэр үед нь айж сандарч орилсон. Лангуунаасаа холдоод жижүүр байна уу гэж орилсон. Юу болоо вэ? гэж лангууны хүмүүс надаас асуусан. Би жаахан тайвшраад эргээд лангуун дээрээ очоод бараагаа янзлаад зогсож байсан чинь Ү.Ганбаатар дахиад, сохор минь чи мөрөөрөө байгаарай, чамайг ална шүү гэж загнаад байсан. Би Оогий ах руу утасдаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очоод би энэ лангуун дээр чинь дахиад суухгүй Ү.Ганбаатар намайг зодож хэл амаар доромжлоод байна гэж хэлж очсон. Оогий ах надтай цуг лангуун дээр очиход Ү.Ганбаатар өөрөө эхнэрээ зогсоочихсон лангууныхаа цаана нуугдаад сууж байсан. Оогий ахыг авгай, хүүхэд, дүү нар нь эмэгтэй хүний амнаас гарахааргүй үгээр олуулаа нийлчихээд аашилж загнасан. Оогий ах Ү.Ганбаатарыг зодож цохиогүй, ээмэг тавьдаг тавиурыг нь эвдэж гэмтээгээгүй. Эд нар шатаж, харлаж, тортоглосон, харласан тавиур ээмэгнүүдээ аудитаар үнэлүүлж, компаниар төлүүлсэн мөртлөө ээмэг тавиураа актлуулаад устгаагүй хадгалж байгаад дахин бид нараар төлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2016/00605 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл нараас 314 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжпэгч Ү.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 000 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, урьдчилан төлсөн 9 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 10 770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Ганбаатарт олгож шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2016/00605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.Олзвойгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.Цэнгэл миний хувьд ээмэг, ээмэгний тавиур хагарч эвдэрсэн асуудалд оролцоогүй байхад хоёр шатны шүүхээс намайг Ү.Ганбаатарт хохирол учруулсан гэж дүгнэж, хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд Ү.Ганбаатарт боолгуулж зодуулсан болохоос ээмэг, ээмэгний тавиур эвдэрсэн асуудал миний үйлдэлтэй ямар ч шалтгаант холбоогүй байхад намайг хохирол учруулсан гэж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Цагдаагийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөн үзлэгийг хийхдээ Ү.Ганбаатарын өөрийнх нь гарган өгсөн ээмэг зэргийн тоо ширхгийг өөрийнх нь хэлсэн үгээр үнэлж, үнэлгээ хийсэн нь бодитой, үнэн зөв эсэх нь илт эргэлзээтэй байтал шүүхээс үнэлгээний тайланг эргэлзээгүй, үнэн зөв дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр бусдад төлбөр төлөхөд хүргэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, магадлалыг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ү.Ганбаатар нь хариуцагч Д.Олзвой, Б.Цэнгэл нарт холбогдуулан тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 314 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагч  тус бүрийн ямар үйлдлийг хууль бус гэж үзэж, хэнээс нь ямар хэмжээний хохирол шаардсан тодорхой бус байдлыг шүүхээс тодруулаагүй нь буруу болжээ. 

Бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 хариуцагчид холбогдуулан гаргасан боловч хэн нь ямар буруутай, гэм хорыг ямар хэмжээгээр хариуцах үндэслэлийг тодорхой заагаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн гэм хорыг хариуцах этгээдээс гадна түүний хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй болохыг шүүх анхаараагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээч “Найдвар-Од Аудит” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр эд хөрөнгийн эвдрэлийг 304 000 төгрөг гэж тогтоожээ. Харин Цагдаагийн байгууллагаас 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэг гэх бичгийн баримтанд нэхэмжлэлд заасан эд хөрөнгийн шинж байдлыг “...хугарсан, нилэнхүйдээ харласан, шигтгээ нь унасан... гинжин холбоос нь тасарсан” гэж тодорхойлсон байхад шинжээч “Найдвар-Од Аудит” ХХК эд хөрөнгийг үнэлэхдээ “шинэ эд хөрөнгө” гэж үнэлсэн нь хохирлын үнэлгээг эргэлзээтэй гэж үзэхээр байна. /хх- 4, 5, 8/ Эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцэхгүй юм.

Иймд гэм бурууг дүгнэж чадаагүй, хохирол тогтоогдоогүй гэх хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй тул хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 605 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 10 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ              

ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА