| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0592/Э |
| Дугаар | 555 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Нямжав,
Улсын яллагч Д.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Саарал адуун овогт Энхтайвны Баасанжавт холбогдох 1711011470230 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мото” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-765б тоотод амьдардаг, урьд Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Саарал адуун овогт Э.Б (РД:000000000000),
нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-765б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Даваадолгор, Д.Бат-Эрдэнэ нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нартай эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.
Хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
1.Л.Даваадолгороос: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрч байхад хүүгийн хамт гэртээ унтаж байтал Бат-Эрдэнэ нь “Ээж эгч нөхөртэйгээ маргалдаад байх шиг байна” гээд гэрээсээ гараад эгчийнхээ гэрт орсон. Би хэсэг хэвтэж байгаад араас нь ортол хүргэн Баасанжав манай хүү Бат-Эрдэнэ хоёр барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би “ Хүүхдүүдээ больцгоо” гээд салгах гэтэл Баасанжав намайг цохисон. Би хэсэг ухаан алдаад газар унасан байсан. Манай охин намайг сэргээх гээд хажууд ухаан алдсан. Бат-Эрдэнийн нүд нь хавдсан байсан. Түүнийг хараад дахин ухаан алдсан. Ингээд сэрээд хүүхдүүд минь намайг эмнэлэг рүү авч явсан. Миний уруулыг язарсан байна гээд оёдол тавьсан, нэг шүд хөдөлсөн” гэжээ.
2.Д.Бат-Эрдэнээс: “...Бид 2 барьцалдаж аваад ноцолдсон. Гэнэт эгч “ээж ухаан алдаад уначихлаа” гэж орилсон. Тэгээд ээжийг би хартал амнаас нь цус гарсан байсан. Би шууд ээжийг аваад гэр рүүгээ орсон. Удалгүй ээжийг сэргээгээд аргадаад байж байтал хүргэн Баасанжав араас манай гэрт орж ирээд, ээжээс уучлалт гуйж байсан. Би гэрт үлдээд эгч ээжийг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг ээжийн уруулыг язарсан байна гээд оёдол тавьсан байсан, харин миний нүд хавдсан болохоор хүйтэн жин тавиад хэвтэж байсан” гэжээ.
Гэрч Г.Ургамал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Э.Б 00 цаг өнгөрч байхад гэртээ халамцуу хүрч ирсэн. Тэр өдөр нь бид хоёр ялихгүй зүйл дээрээс болж ам муруйгад жоохон маргалдчихсан байсан юм. Э.Б орж ирээд хоолоо идээд сууж байхдаа надад хандаад чи яагаад байгаа юм, яагаад уурлаад байгаа юм гэхээр нь би зөрүүлээд чи өөрөө яагаад уурлаад байгаа юм гээд л маргаан эхэлсэн. …Тэр хоёр орж ирэх үед Э.Б намайг гичий минь одоо болоо юм биш үү гэж хэлэх үед Бат-Эрдэнэ хажуу талаас нь чи одоо болоо юм биш үү гэж хэлээд л тэрхэн зуурт заамдалцаад авсан. Заамдалцаад шууд хоёр биенээ цохиод эхэлсэн. Тэр үед ээж Даваадолгор хажууд нь зогсож байгаад голоор нь орж салгах гэж байгаад урууландаа цохиулчихсан. Ээж цохиулаад суухаар нь та хоёр ээжийг цохьчихлоо шүү дээ гэхэд тэр хоёр шууд больсон. Тэр үед харахад Бат-Эрдэнийн зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Харин ээжийн зүүн талын уруул нь сэтэрчихсэн байсан. Бат-Эрдэнэ, Э.Б хоёрын голоор ээж ороод цохиулсан учир яг хэнд нь цохиулсан талаар би хараагүй” гэв.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13578 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Д.Бат-Эрдэнийн биед баруун нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13580 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Л.Даваадолгорын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-765б тоот гэртээ согтуурсан үедээ эхнэр Г.Ургамалтай маргалдаж, улмаар эгчийгээ өмөөрсөн хадам дүү Д.Бат-Эрдэнийг заамдаж цохьсоноос түүний биед баруун нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулж, тэдгээрийг салгах гэсэн хадам эх Л.Даваадолгорын нүүр рүү цохьсоноос түүний уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Даваадолгорын “...араас нь ортол хүргэн Баасанжав манай хүү Бат-Эрдэнэ хоёр барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би “ Хүүхдүүдээ больцгоо” гээд салгах гэтэл Баасанжав намайг цохисон. Миний уруулыг язарсан байна гээд оёдол тавьсан, нэг шүд хөдөлсөн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Бат-Эрдэнийн “…Бид 2 барьцалдаж аваад ноцолдсон. Гэнэт эгч “ээж ухаан алдаад уначихлаа” гэж орилсон. Тэгээд ээжийг би хартал амнаас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Ургамалын “…Тэр хоёр орж ирэх үед Э.Б намайг гичий минь одоо болоо юм биш үү гэж хэлэх үед Бат-Эрдэнэ хажуу талаас нь чи одоо болоо юм биш үү гэж хэлээд л тэрхэн зуурт заамдалцаад авсан. Заамдалцаад шууд хоёр биенээ цохиод эхэлсэн. Тэр үед ээж Даваадолгор хажууд нь зогсож байгаад голоор нь орж салгах гэж байгаад урууландаа цохиулчихсан” гэх мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13578, ¹13580 тоот шинжээчийн дүгнэлтүүд, хохирлын 450.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Саарал адуун овогт Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс хохирогч нарын эмчилгээний зардалд 450.000 төгрөг шилжүүлсэн ба хохирогч нар нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Э.Бын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Саарал адуун овогт Э.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ