Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/697

 

 

 

 

 

    2023            7             06                                        2023/ДШМ/697

 

 

                                                            Б.Ц, А.Д нарт холбогдох

                                                               эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Ц, А.Д нарт холбогдох 2308 00462 0574 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........... овгийн ........... Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, 54 настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., ......... байдаг, ам бүл .., ..... хамт ..... тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./,

2. .. овгийн ...... Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... төрсөн, .. настай, эмэгтэй, .. боловсролтой, .......... мэргэжилтэй, “.....” ХХК-д ... ажилтай, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч “..” ХХК-ийн ажилчдын байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../,

Шүүгдэгч Б.Ц нь ганцаараа 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын зах дээрээс ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг бусдаас худалдан авсан,

мөн түүнийгээ яллагдагч А.Д-тай бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн хот хоорондын ..-.. УВА улсын дугаартай автобусаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн,

Шүүгдэгч А.Д нь яллагдагч Б.Ц-тэй бүлэглэж, түүний бусдаас худалдан авсан ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг мэдсээр байж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн хот хоорондын ..-.. УВА улсын дугаартай автобусанд авч суун Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Ц, А.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, бүлэглэн тээвэрлэсэн, шүүгдэгч А.Д-ыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч А.Д-д 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Увс аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг алтайн хойлог шувууны бодгал буюу түүхий эдийн зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц, А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Ц миний бие Увс аймгийн Тариалан суманд оршин суудаг, 55 настай. 2023 оны хавар бие өвдсөний улмаас Улаанбаатар хотод эмнэлгээр явж шинжилгээ өгч, ходоодоо дурандуулахад “Ходоод, улаан хоолойн амсар дээр хавдартай” гэсэн онш сонссон. Хавдарыг 9 сард ирж Хавдар судлалын эмнэлэг дээр авахуулж, мөн энэ хугацаанд эмчийн хяналтанд байх шаардлагатай гэсэн учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.  

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц нь ганцаараа 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын зах дээрээс ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг бусдаас худалдан авсан,

мөн түүнийгээ шүүгдэгч А.Д-аар дамжуулан 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн хот хоорондын “Кiа granbird” маркийн ..-.. УВА улсын дугаартай автобусанд суулган Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Гэтэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчлагдсан.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Увс аймгаас гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх, шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Ц нь “Ходоодны хорт хавдартай, эмчилгээ хийлгэх шаардлагатай” талаар мэдүүлснийг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өргөн хүрээгээр буюу Увс аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон, ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон, зайлшгүй Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд баримтаа бүрдүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдсан атлаа, тогтоох хэсэгтээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгээгүй шийдвэрлэсэн нь тодорхойлох, тогтоох хэсэг агуулгын хувьд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр  шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2, 3 дахь заалт, мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Ц, А.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Ц нь ганцаараа 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын зах дээрээс ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг бусдаас худалдан авсан,

мөн түүнийгээ шүүгдэгч А.Д-тай бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн хот хоорондын ..-.. УВА улсын дугаартай автобусаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн,

шүүгдэгч А.Д нь шүүгдэгч Б.Ц-тэй бүлэглэж, түүний бусдаас худалдан авсан ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг мэдсээр байж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот орох чиглэлийн хот хоорондын ..-.. УВА улсын дугаартай автобусанд авч суун Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,

эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх 14-15/,

мөрдөгчийн магадлагаа /хх 53/,

хохирогч Ц.Т-ийн “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын төлбөрийн орлогыг ...Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан. ...” /хх 26/,

гэрч Х.М-ын “...Би Увс аймаг Улаанбаатар хот чиглэлд хот хоорондын автобусанд явдаг юм. Тэгээд өчигдөр 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагаас ..-.. УВАулсын дугаартай Kia Grandbird автобусаар явах хуваарьтай байсан юм. Тэгээд зорчигч нараа бүртгэхэд нэг хүн дутуу байхаар нь би тэр хүнийг хүлээсэн бөгөөд 10 минутын дараа хүрч ирэхээр хөдлөх цаг өнгөрчихсөн болохоор би уг эмэгтэйн 1 ширхэг шуудай, 3 ширхэг хайрцгийг нь шууд хийгээд хөдөлсөн. Тэгээд өнөөдөр Улаанбаатар хот руу орж ирээд 22 товчоон дээр цагдаа зогсоож шалгахад нөгөө эмэгтэйн авч явсан ачаан дотроос 2 ширхэг агнасан шувуу гарч ирсэн. ...” /хх 35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 326 дугаар шинжээчийн “Уг 2 ширхэг шувуу нь эр (2), эм (1) хүйсийн Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) зүйлийн шувуу байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны "Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836)-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр үнэлдэг. Шинжлэгдсэн 2 шувуу нь нас бие гүйцсэн шувууд байна. Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалтад орсон зүйл. ...” гэх дүгнэлт /хх 42-44/,

шүүгдэгч Б.Ц, А.Д нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц-г “тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан, бүлэглэн тээвэрлэсэн”, мөн шүүгдэгч А.Д-ыг “тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Ц-г “ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг бусдаас худалдан авсан, мөн тээвэрлэсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Д-ыг “Б.Ц-тэй бүлэглэж, түүний бусдаас худалдан авсан ховор амьтны жагсаалтад багтсан эр, эм хүйсийн алтайн хойлог шувууны бодгалийг мэдсээр байж тээвэрлэсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Увс аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

            Прокурор Н.Ундрахаас “...Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Увс аймгаас гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Иймд Б.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Тариалан сумаар тогтоож шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна Б.Ц-гийн ходоодны хорт хадвартай, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эрүүл мэндийн байдалтай холбоотой тайлбар, мэдүүлгийг үндэслэн зорчих эрхийг хзягаарлах ялыг Увс аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоон дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Ц-гийн “эмчийн хяналтанд байх шаардлагатай” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/594 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                          ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР