| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0597/Э |
| Дугаар | 556 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг ,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Э.Т, Э.Т нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Жаргалант овогт Э.Т, Бэсүд овгийн Э.Т нарт холбогдох 1711000000252 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дугээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-3 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жаргалант овогт Э.Т (РД:0000000000),
2.Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 999е тоотод оршин сууж байгаа, Төв аймаг Лүн сум 2 дугаар багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овгийн Э.Т (РД:0000000000),
нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Соёмбо” баарны гадна Н.Золбоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Т, Э.Т нар нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Н.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 28-ны орой ажил дээрээ байж байхад хар хөх өнгийн хүрэм өмссөн 170-175 см орчим өндөр туранхай 35 орчим настай эрэгтэй, нөгөөх нь бор шаргал өнгийн хүрэм өмссөн намхан шаргал царайтай халзан 160 см орчим өндөр 2 эрэгтэй хүн нэг эмэгтэй хүнийг хоргоогоод явуулахгүй байсан юм. Тэгэхээр би очиж “та нар яах гэж байгаа юм, миний хүүхэд шиг хүүхэд байна наад хүүхдээ явуулаач” гэж хэлсэн чинь тэр хоёр залуу намайг 2 талаас барьж чирээд гарч дэлгүүрийн үүдэнд аваачсан юм. Би дэлгүүрийн цонхны торноос барьж “яах гээд байгаа юм” гээд явахгүй байсан чинь намхан халзан залуу нь миний зүүн талын шанаанд нэг удаа өшиглөж өндөр залуу нь араас тэвэрч аваад яв гээд байсан тэгэхээр нь би ажлаа хийж байна явахгүй гэсэн чинь чиний ажил гэж юу байдаг юм гэж хэлээд авч явах гээд байсан. Тэгээд намхан халзан залуу нь миний толгой руу цохиж газарт унагаасан. Тэгсэн өндөр залуу нь дээрээс дэвсэж, хоёулаа нийлээд миний дээрээс өшиглөж дэвсэж зодсон юм.” гэжээ.
Хохирогч Н.Золбоогийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13579 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Н.Золбоогийн биед дух, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13587 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Э.Тын биед нэг шүдний эмтрэл, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Т, Э.Т нар нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Соёмбо” баарны гадна эмэгтэй хүн зүгээр явуулсангүй гэх шаардлага тавьсан Н.Золбоог бүлэглэн зодсоноос түүний биед дух, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Золбоогийн “…би очиж “та нар яах гэж байгаа юм миний хүүхэд шиг хүүхэд байна наад хүүхдээ явуулаач” гэж хэлсэн чинь тэр хоёр залуу намайг 2 талаас барьж чирээд гарч дэлгүүрийн үүдэнд аваачсан. ...намхан халзан залуу нь миний зүүн талын шанаанд нэг удаа өшиглөж өндөр залуу нь араас тэвэрч аваад яв гээд байсан ... намхан халзан залуу нь миний толгой руу цохиж газарт унагаасан. Тэгсэн өндөр залуу нь дээрээс дэвсэж, хоёулаа нийлээд миний дээрээс өшиглөж дэвсэж зодсон юм” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.01-ний өдрийн ¹13579 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Жаргалант овогт Э.Т, Бэсүд овогт Э.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нараас хохирогчид 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.Т, Э.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Э.Т, Э.Т нарын торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Жаргалант овогт Э.Т, Бэсүд овогт Э.Т нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Э.Т нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Э.Т нарын торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Т, Э.Т нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ