| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2306 01554 1274 |
| Дугаар | 2023/ДШМ/696 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/696
2023 7 06 2023/ДШМ/696
П.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Намдаг,
шүүгдэгч П.Т,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306 01554 1274 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.. овгийн ..-ын Т, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...... хамт .. тоотод оршин суух, /РД: ............../,
Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/768 дугаар шүүгчийн захирамжаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор хорих ялаар тооцож, 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан;
Шүүгдэгч П.Т нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Гарден резидент” хотхоны 5а байрны 140 тоотод хохирогч Б.Б-ын “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 985.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Т-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Т цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Т-аас 840.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Чилүгэнд олгож, шүүгдэгч П.Т-д урьд авсан цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Т гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчгүй оролцсон. Учир нь, хохирогчийн эд зүйлийг биетээр нь хүлээлгэн өгсөн, харин гар утасыг зарсан үнэ болох 840.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.Чилүгэнд олгохоор заасан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул шүүхээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулна гэж бодсон, мэдсэн бол өмгөөлөгчтэй оролцох байсан.
Шүүгдэгч би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, иргэний нэхэмжлэгчид төлөхөөр тогтоосон төлбөрийг төлж барагдуулах болно. Мөн би 2 настай хүүхэдтэй бөгөөд гэртээ хүүхдээ асран халамжилдаг.
Иймд хэргийн нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан надад боломж олгон хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Цаашид би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж, бусдад хохирол учруулахгүй, хууль зөрчихгүйгээр хичээн амьдарна. ...” гэв.
Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Т-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. П.Т-ын хувьд нөхөр, хүүхдээсээ салсан, Өмнөговь аймагт амьдардаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч нь Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй явж байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч П.Т нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Гарден резидент” хотхоны 5а байрны 140 тоотод хохирогч Б.Б-ын “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 985.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
хохирогч Б.Б-ын “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрандаа байхад урьд нь дотно харилцаанд орж байсан П.Т гэх эмэгтэй фэйсбүүк чатаар “юу хийж байна” гэж надаас асуусан, би гэртээ байна гэдгээ хэлэхэд “танайд яваад очих уу” гэж асуухаар нь “тэг, би хоол хийж байна” гэж хэлсэн. Тэгээд орой 17 цагийн орчим миний амьдарч байгаа түрээсийн байранд П.Т ганцаараа ирсэн. Тыг манай гэрт ирэхээс өмнө би ажлын ах Одхүүтэй 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан байсан. Тэгээд Тыг ирэхэд Одхүү ах бид хоёр 2.5 литрийн Сэнгүр пиво аваад ууж байхад П.Т орж ирээд шууд манай ариун цэврийн өрөөнд хувцсаа угааж эхэлсэн. Тэр хооронд бид хоёрын ууж байсан пивоноос 2-оос 3 аяга уусан, тэгээд орой 20 цагийн үед Одхүү ах тасраад унтаад өгсөн. Би зурагт үзэж байгаад гар утсаа хажуудаа тавиад унтсан, намайг унтахаас өмнө Т ариун цэврийн өрөөнд хүнтэй утсаар яриад байсан, шөнө 01 цаг өнгөрч байхад сэрээд хартал Т манай гэрт байхгүй, гар утсаа хайгаад олохгүй байсан. Одхүү ахын гар утсаар өөрийнхөө фэйсбүүк рүү ортол Т миний чат руу 21 цагийн үед “би ойрхон гарсан, удахгүй яваад орно шүү” гэж чат үлдээсэн байсан. Би Тын гар утсыг мэдэхгүй тул чат руу нь “яагаад гар утас аваад явж байгаа юм” гээд бичихэд хариу өгөхгүй байсан, тэгэхээр нь би Тын найз Ариунаа руу чатаар холбогдож “Тыг харсан уу” гэхэд “мэдэхгүй байна, гэхдээ надтай утсаар Айфоне 11 сэлбэг зарж болох уу” гээд асууж байсан. ...” /хх 10-12/,
иргэний нэхэмжлэгч Ч.Ч-ний “... би 2023 оны 02 дугаар сарын 28-ны орчимд гар утас худалдан авахаар фэйсбүүкээс зар харж байтал “Тэмүүжин Тэмка” гэх хаягтай хүн “Айфоне 11 гар утас зарна" гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүний фэйсбүүк хаягаар холбогдож гар утасны талаар асуухад тэр хүн утсаа 850.000 төгрөгөөр зарна гэсэн, цайвар ногоон өнгийн гар утсыг 840.000 төгрөгөөр худалдан авсан... Миний хувьд гар утас худалдаж авсан мөнгөө буцааж авбал болж байна. ...” /хх 16/ гэх мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 32-33/,
эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 64-65/,
гар утас бусдад худалдсан тухай дансны хуулга, зурвасын хуулбар /хх 66-69/,
хохирогч Б.Б-ын эд зүйлээ авсан, гомдолгүй тухай гараар бичсэн тайлбар /хх 91/ шүүгдэгч П.Т-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч П.Т-ыг хохирогч Б.Б-ын “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч П.Т-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч П.Т-ыг “...хэргийн нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч П.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч П.Т-ын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/740 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-ын цагдан хоригдсон 48 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР