| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 003/2014/0022/З |
| Дугаар | 111/ШШ2014/0017 |
| Огноо | 2014-09-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 111/ШШ2014/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Дуламсүрэн, хариуцагч Баянхонгор аймгийн Аудитын газрын аудитор ******* нарыг оролцуулан иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Аудитын газрын аудитор *******д холбогдох Аймгийн Аудитын газрын аудиторын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би 1999 оны 02 дугаар сараас охин , нарын тэжээгчээ алдсны тэтгэврийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс авч байсан.
******* миний бие охин гийн тэжээгчээ алдсны тэтгэврийг авах гэж 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Төрийн банк дээр очиход теллер нь тэтгэвэр чинь ороогүй байна гэж хариу өгсөн. Иймээс өөрийн биеэр сураглан байж аймгийн Аудитын газрын даргад 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр охин гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр орохгүй байгаа шалтгааныг тодруулж, уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж өргөдлийг өгсөн.
Аймгийн Аудитын газрын даргад өргөдөл гарган байж охин гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэртэй холбоотой төлбөрийн акт гарсныг мөн тэжээгчээ алдсны тэтгэвэр олголтыг зогсоох замаар суутган тооцож, төлбөрийн актыг барагдуулах саналтай байгаа талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 127 тоот албан бичиг аймгийн Аудитын газарт ирснийг мэдэн, аймгийн Аудитын газрын даргаас тэтгэвэр тогтоолтын анхны тооцоолол, тэтгэврийн өөрчлөлтүүдийг буруу хийсний улмаас тэжээгчээ алдсны тэтгэвэр илүү олгогдсон байна гэсэн өргөдлийн хариу ирснийг үндэслэн захиргааны хэргийн шүүхэд хандах нь зөв гэж үзэж байна. /Баянхонгор аймгийн Аудитын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 75 тоот албан бичиг, Аудиторын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот акт, аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 127 тоот албан бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргав./
Яагаад тэтгэврийн тооцоолол буруу хийгдэв. Үүнд би маш их гайхаж байна. Учир нь нийгмийн даатгалын тогтолцооны иргэдийн эрх ашгийг хамгаалах бүхэл бүтэн систем Монгол орон даяар ажиллаж байна. Түүн дотроо тэтгэврийн асуудлыг хариуцсан орон тооны албан ёсны мэргэшсэн тэтгэврийн байцаагч, хяналтын байцаагч ажилласаар байтал яагаад ийм асуудал гарч байгаа юм бэ, үүнд би их гайхаж байна. Учир нь хагас өнчин хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсны тэтгэврийг би тооцоолж боддоггүй. Мөн эрх үүсээгүй тохиолдолд аль нэг банкнаас мөнгө дураараа авдаггүй. Нийгмийн даатгалын байцаагч хэдэн төгрөг гэж тооцоолсон байна, хаанаас ав гэж эрх өгсөн байна тухайн банкнаас авч амьдрал ахуйдаа хэрэглэдэг байсан. Ийм байдалд орсон нь миний буруу биш би гомдолтой байна.
Эцэст нь намайг буруутай байсан мэтээр бичиг цаас төлөвлөгдөж, цаашилбал залилан луйвар хийсэн мэтээр ойлголтыг өгч, уг асуудал бий болж буруутай асуудал нь над дээр тохогдож буцаан төлөгдөх хүртэл асуудал үүсэж, байдал хүндэрсний дараа би мэдсэн. Уг мөнгийг би төлөхгүй. Учир нь би буруугүй. Төлүүлэх асуудал яригдвал буруу тооцоолж бодолт хийж хянаж эрх үүсгэсэн байцаагч нар буруутай. Би хагас өнчин 2 хүүхэдтэйгээ арай ядан амьдарч байхад миний амьдралд маш том дарамт, том цохилт болж бүсгүй хүн тэр дундаа надад хэцүү байна.
Намайг нэр төрөөр болон санхүүгийн талаар хохиролгүй болгож, миний нэр хүндийг сэргээж, үүссэн асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Мөн шүүхийн байгууллагын эрхэм та бүгд одоо ч гэсэн буруу бодолт хийж байгаа байцаагч нарын ажлыг шалгаж, үнэн зөвийг гаргаж өгнө үү.
Аймгийн Аудитын газрын аудиторын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Аудитор ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 30-ны хооронд Үндэсний Аудитын газрын нэгдсэн удирдамжийн дагуу Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн Нийцлийн аудитын хүрээнд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын сангийн 2013 он, 2014 оны эхний 4 сарыг хамруулан нийцлийн аудит хийхэд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас ирсэн *******гийн охин , нарт тэжээгчээ алдсаны тэтгэврийг 75 хувиар тооцон олгож байсан бөгөөд охин нь 1993 оны 3 дугаар сарын 26-нд төрсөн ба 2012 оны 3 дугаар сард 19 насанд хүрч хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх зогсоогдсон байна.
Тухайн хугацаанаас хойш охин д тэтгэврийг 50 хувиар тооцож олгох ёстой байсан ба 2012 оны 3 дугаар сарын тэтгэврийг 50 хувиар тооцож зөв олгосон атлаа 4 дүгээр сарын тэтгэврийг хуучнаар нь буюу 75 хувиар тооцож илүү олгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно гэснийг зөрчсөн зөрчил илэрсэн бөгөөд илүү олголт хийж байсны улмаас 2012 онд 613,6 мянга, 2013 онд 826,9 мянга, 2014 оны эхний 4 сард 260,6 мянга, нийт 1701,1 мянган төгрөгийн тэтгэврийг илүү олгосон байсан.
Иймд Монгол улсын Ерөнхий Аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 2.1.1-д ... дараах алдаа зөрчилд төрийн аудитын байгууллага төлбөрийн акт тавина. Үүнд: бусдад өгөх төлбөр тооцоог зөрүүтэй тооцоолж олгосон гэж заасныг үндэслэн илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон бөгөөд тухайн актыг хангалттай, найдвартай, хүчин төгөлдөр, үнэн зөв гэдгийг аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор , аудитын менежер ******* нар хянаж, зөвшөөрч, төлбөрийн актын нотлох зүйлийн хяналтын хуудас нэгээр баталгаажуулсан болно.
Илүү олгогдсон тэтгэврийг иргэн *******гаар нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоож, тухайн актыг хугацаанд нь барагдуулахыг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга *******, албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч *******, тэтгэвэр хариуцсан улсын байцаагч ******* нарт хариуцуулж Монгол улсын Ерөнхий Аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 2.5.5-д заасны дагуу төлбөрийн актын эх хувийг байгууллагын баримтад хадгалж, хуулбарыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн.
2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс *******тай холбоотой төлбөрийн актыг тухайн иргэнд дарамт багатайгаар шийдвэрлэж барагдуулахын тулд 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацааны тэтгэвэр олголтыг зогсоож, санг хохиролгүй болгох хүсэлт бүхий 127 тоот албан бичгийг манай байгуулагад хүргүүлснийг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, саналыг хүлээн авсан болно.
Охин гийн тэжээгчээ алдсан тэтгэвэр орохгүй байгаа шалтгааныг тодруулж, уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг иргэн ******* 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын удирдлагад ирүүлснийг байгууллагын Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч, хяналтын байцаагч нараар дахин тооцоолол хийлгэхээр шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу тэтгэврийн тооцооллыг хийлгэхэд тэтгэвэр тогтоолтын анхны тооцоолол, тэтгэврийн өөрчлөлтүүдийг буруу хийсний улмаас 1999 оны 02 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртлэх хугацаанд 4,2 сая төгрөг, үүнээс 2012 оны 4 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 2,5 сая төгрөг илүү олгосон тооцоолол гарсныг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч *******, тэтгэврийн байцаагч ******* нар манай байгуулагын удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан.
Ийм учраас 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагаас тогтоосон 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот төлбөрийн актыг үндэслэлтэй болох талаар 75 тоот албан бичгийг иргэн *******д хүргүүлсэн болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* анх Баянхонгор аймгийн Аудитын газрын аудитор *******гийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Дуламсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Аудитын газрын аудитор *******гийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актын иргэн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.
Дээрх шаардлага бүхий захиргааны хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдүүлгийг үндэслэн Баянхонгор аймгийн Аудитын газрын аудитор *******гийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот актын иргэн *******д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын ерөнхий аудиторын баталсан Аудитын төлөвлөгөөний дагуу Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны 2013 болон 2014 оны эхний 4 сарыг хамруулан Баянхонгор аймгийн аудитын газрын аудитор ******* нийцлийн аудитыг хийжээ.
Шалгалтаар тэтгэвэр авагч *******гийн охин , нарт тэжээгчээ алдсаны тэтгэврийг 75 хувиар тогтоон олгож байсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15-д Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно. гэж заасны дагуу охин ийг 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19 насанд хүрэхэд түүний тэтгэвэр авах эрх дуусгавар болж, тэтгэврийг 50 хувь болгон бууруулах ёстой атал 2012 оны 4 дүгээр сараас тэтгэврийг хуучнаар буюу 75 хувиар авч байсан гэж үзэн 1,701,125 /Нэг сая долоон зуун нэг мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг иргэн *******гаар нөхөн төлүүлэхээр акт үйлдсэн байна.
Анх ******* агсаны 1993-1998 онуудад авч байсан цалингийн тодорхойлолтыг үндэслэн, 75 хувиар бодож тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгож байжээ.
Иргэн *******г тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч эхэлсэн 1999 оны 02 дугаар сараас хойш Засгийн газрын тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 14 удаа нэмэгдүүлж, итгэлцүүрийг тогтоож байсан, энэ хугацаанд тэтгэвэр авагч *******гийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тухай бүр шинэчлэн бодож, олгож байсан нь Тэтгэврийн дэвтэр-ээр нотлогдож байна.
Харин хүчингүй болгуулахаар маргаж буй Баянхонгор аймгийн Аудитын газрын аудитор *******гийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн актаар тогтоосон 1,701,125 төгрөгийг хариуцагч 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны 5 дугаар саруудад илүү авсан тэтгэврийн үнийн дүн гэж тайлбарлаж байх ба хувийн хэргийг шалгасан тухай баримтыг нотлох баримтаар гарган шүүхэд ирүүлжээ.
Иргэн *******гийн охин ийг 2012 оны 3 дугаар сард 19 нас хүрэхэд түүний тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх дуусгавар болж, мөн оны 4 дүгээр сараас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 50 хувиар бууруулан тогтоох ёстой байсантай талуудын хэн аль нь маргаагүй болно.
Хариуцагч ******* *******гийн хувийн хэргийг шалгасан тухай баримтад дурдсанаар авах ёстой байсан тэтгэврийг 2012 оны 4 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл жагсааж, авах ёстой байсан тэтгэврийг Засгийн газрын 2012 оны 80 дугаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, 2012 оны 153 дугаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай , 2014 оны 15 дугаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай тогтоолуудын бүрэн тэтгэврийн хэмжээгээр авсан нь ойлгомжгүй, тухайлбал тэтгэвэр авагч ******* 2012 оны 4 дүгээр сард 272,609 /Хоёр зуун далан хоёр мянга зургаан зуун есөн/ төгрөгийн тэтгэвэр авсан байна.
Засгийн газрын 2012 оны 80 дугаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэврийг 35,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, мөн оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолын дагуу 2012 оны 2, 3, 4 дүгээр сарын 105.000 төгрөгийг нэмж олгосон, авсан үндсэн тэтгэврийг 167,609 төгрөгөөр тооцож олгосон болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн авах ёстой байсан тэтгэврийн үнийн дүнг 210, 300 төгрөг гэж үзсэн атал авсан бодит авсан 167,609 төгрөг, 2012 оны 3 дугаар сард тэтгэврийг 50 хувь болгон бууруулан 206,388 төгрөгийг зөв олгосон гэх боловч өмнөх 2 дугаар сараас 7459 төгрөгөөр буурсан, түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тэтгэврийг 50 хувиар тооцож, бууруулсан эсэхийг тогтоогоогүй байх тул маргаан бүхий захиргааны актын иргэн Ч.Лхамдийдэрмаад холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг шалгаж дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгал сан сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Аудитын газрын аудитор *******гийн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар актын иргэн *******д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН