Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2025/00062

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Д.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , Б.Б  нарт холбогдох 15,181,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын ..-р баг, ......   тоотод оршин суух, Б овогт Д-ын Ш  / РД: ...., утас: ...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ш миний бие 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн ...... ДГС улсын дугаартай, Toyota Sai тээврийн хэрэгсэлтэй, 2 хүүхдийн хамт Сайншанд суманд наадмын талбайн орчимд явж байтал өөдөөс нэг машин нэлээн хурдтай явж байхаар нь ямар хурдан явдаг машин бэ гэж бодоод өөрийн хурдыг хасаад зогсох шахам хурдтай явж байтал тэр машин гэнэт урдаас ороод ирсэн. Тухайн үед бид бүгд хамгаалах бүсээ зүүчихсэн байсан учраас бэртэл гэмтэл гайгүй, гэхдээ маш хүчтэй доргилтод өртсөн. Миний бие тархи толгойн өвчнөөр группт байдаг учраас дахин хүчтэй доргилт авсандаа маш их санаа зовж байгаа. Осолд өртсөн өдрөө аймгийн яаралтай түргэн тусламжид үзүүлж, 10 сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу 2 хүүхдийн хамт галт тэргээр явж, 10 сарын 07-ны өдөр 3 дугаар эмнэлэгт КТГ хийлгэхэд надад эмийн эмчилгээ бичиж өгсөн, 10 сарын 08-ны өдөр нөхөр Сайншандаас очиж авсан. Ингээд замын цагдаагийн газарт шалгагдаад зөрчилд холбогдогч Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Осол болсноос хойш осол гаргасан хүмүүс огт бидэнтэй холбоо бариагүй, яаж байна гэж ч нэг ч удаа асуугаагүйд гомдож байгаа, үнэхээрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлахгүй байгаа нь л харагдаж байна гэж бодож байна. Анх бид 20,181,000 төгрөгийг Зөрчлийн хэрэгт нэхэмжилсэн. Үүнээс даатгалаас 5,000,000 төгрөг орж ирсэн. одоо 15,181,000 төгрөгийг нэхэмжилж байна. зөрчилд холбогдогч Б.Б-н тухайн үед унаж явсан Соната-6 маркийн ...... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний аав Д.Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Б.Б , Д.Б  нарыг хамтад нь хариуцагчаар татаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ш миний бие шүүхэд гэм хорын хохиролд 15,181,000 төгрөг гаргуулахаар   нэхэмжилсэн   бөгөөд   хариуцагч   нар   нь    нэхэмжлэлийн шаардлагыг 10,000,000 төгрөг болговол эвлэрэх санал тавьсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 5,181,000 төгрөгөөр багасган 10,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцлоо. Хариуцагч нар нь нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 09-ний өдөр Д.Ш-ын 5379076799 тоот дансанд шилжүүлэхээр, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 15-ны өдрийн дотор дээрх дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэжээ.

Хариуцагч Д.Б , Б.Б нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гэм хорын хохиролд 15,181,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 10,000,000 төгрөг болговол эвлэрэх санал тавьсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 5,181,000 төгрөгөөр багасган 10,000,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцлоо. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 09-ний өдөр Д.Ш-ын 5379076799 тоот дансанд шилжүүлэхээр, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 15-ны өдрийн дотор дээрх дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Д.Б , Б.Б  нарт холбогдуулан гэм хорын хохиролд 15,181,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ш нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,181,000 төгрөгөөр багасган 10,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Б , Б.Б нар нь хүлээн зөвшөөрч 5,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 09-ний өдөр Д.Ш-ын 5379076799 тоот дансанд шилжүүлэхээр, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 15-ны өдрийн дотор дээрх дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Д.Б , Б.Б нараас гэм хорын хохиролд 15,181,000 төгрөг нэхэмжилснээс, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 5,181,000 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч нар нь  10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 09-ний өдрийн дотор, 5,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,855 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 116,928 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн 50 хувь буюу 87,475 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Б , Б.Б нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                      Э.Б