| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2208000001614 |
| Дугаар | 2023/ДШМ/695 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/695
2023 7 06 2023/ДШМ/695
Б.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/520 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208000001614 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ...-гийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .. хамт .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ......./.
Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ө.Ж-д “...ахаа би таны утсаар фейсбүүк ороод чатаа шалгангаа “Номин” дэлгүүр орчихоод ирье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утсыг өөртөө авч, бусдад 250.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утаснаас түүний Хаан банкны интернет банкны данс, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Хаан банкны данснаас 1.960.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Бу.М-д “надад мөнгө зээлэх боломж байна уу 200.000 төгрөгийг чинь зээлчихье, картаа өгчих би яваад ирье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн Хаан банкны данснаас 1.800.000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах" гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг цахим төхөөрөмжид хууль бусаар нэвтэрч, мэдээлэлтэй танилцаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сараар тогтоож, шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ээс 2.010.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Ж-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч Ө.Ж-д учруулсан хохирлоо 2022 оны 10, 11 дүгээр сард 1.300.000 төгрөг, 700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Голомт банкны данснаас Ө.Ж-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би уг шилжүүлсэн дансны хуулгаа шүүх хуралдаан дээр гаргаж өгөхөөр хадгалж байсан боловч хүнд өвчтэй ээжийгээ асрахаар Дорнод аймаг явсан. Өөрөөр шүүх хуралдааныг үл хүндэтгэсэн шалтгаан байхгүй. 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн биеэр ирж уулзан, цагдан хоригдсон. Миний бие хүнд өвчтэй ээжийн хамт амьдардаг ба намайг эргэж ирэх хүн байхгүй. Хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан боловч хохирол төлсөн баримтаа үзүүлж чадалгүй хоригдсон. Шүүх хорих ял оногдуулахдаа төлбөр төлөөгүй байдлыг харгалзан үзсэн байдаг.
Иймд хүнд өвчтэй ээжтэй минь дахин уулзах боломж олгон хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М-ийн хувьд хулгайлах, залилах, бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргүүд үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх үүнд нь тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ө.Ж-д “...ахаа би таны утсаар фейсбүүк ороод чатаа шалгангаа “Номин” дэлгүүр орчихоод ирье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утсыг өөртөө авч, бусдад 250.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан,
мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Samsung Note 8 загварын гар утаснаас түүний Хаан банкны интернет банкны данс, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ө.Ж-ын өмчлөлийн Хаан банкны данснаас 1.960.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Бу.М-д “надад мөнгө зээлэх боломж байна уу 200.000 төгрөгийг чинь зээлчихье, картаа өгчих би яваад ирье гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн Хаан банкны данснаас 1.800.000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,
хохирогч Ө.Ж-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 3/,
хохирогч Бу.М-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 4/,
хохирогч Ө.Ж-ын “...Миний бие 2022 оны 5 дугаар сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэвэрлэх гудамжны өргөтгөлийн ажилд мужаан хийж ажил дээр байрлан ажиллаж байгаа. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд манай хамт ажилладаг залуу болох М нь надаас “ахаа би таны утсаар фейсбүүк ороод чатаа шалгаадахъя, шалгангаа “Номин” дэлгүүр орчихоод ирье” гэж гуйгаад болохгүй байхаар нь би өөрийн Samsung Note 8 загварын гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд би 00 орчихоод орж иртэл манай ажлын залуу Билгүүн надаас ахаа таны утасны код хэд юм бэ, М асуугаад байна гэхээр нь 99915881 гээд хэлж өгсөн. Тэр оройдоо ирэхгүй болохоор нь маргааш өглөө нь өөрийнхөө 99915881 гэсэн дугаар руу залгатал авахгүй таслаад байсан, ямар ч хариу байхгүй алга болчихсон. Тухайн өдөр манай байгууллагын цалин буусан байсан юм. Би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дэлгүүрээс юм авахаар картаа уншуултал үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд байхаар нь гайхаад Хаан банк дээр дансны хуулгаа шалгатал миний данснаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5926359371 тоот данс руу 400.000 төгрөгийг xbetpro гэсэн утгатайгаар, 9 дүгээр сарын 01-ний өдөр 4705112516 тоот данс руу 1.000.000 төгрөгийг А гэсэн утгатайгаар, мөн тэр өдөр 5926359371 данс руу 500.000 төгрөгийг xbetpro гэсэн утгатайгаар, дахин 5926359371 данс руу 60.000 төгрөгийг ochir0000 гэсэн утгатайгаар 4 удаагийн үйлдлээр 1.960.000 төгрөгийг миний данснаас шилжүүлж авсан байсан. ...” /хх 6-10/,
хохирогч Бу.М-ийн “...Миний бие 2022 оны 4 дүгээр сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажилд мужаан хийж ажил дээр байрлаж ажиллаж байгаа. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд манайд ажилладаг залуу болох М нь надаас "надад мөнгө зээлэх боломж байна уу, гэхээр нь би 200.000 төгрөгөөс илүү зээлж чадахгүй гэтэл наад мөнгийг нь зээлчихье, картаа өгчих би яваад аваад ирье" гэхээр нь картаа өгөөд явуулсан. Би ажил дээрээ байж байтал миний гар утсанд 1.400.000 төгрөгийн зарлага гарлаа гэх мессеж 22 цаг 28 минутад ирэхээр нь гайхаад өнгөрсөн. Тэгээд маргааш нь өглөөний 08 цаг 56 минутад дахин 400.000 төгрөгийн зарлага гарлаа гэх мессеж ирэхээр нь түүн рүү залгатал утсаа авахгүй байсан. Орой нь ахиж залгаж үзээд хариу өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би түүний А.А нэр гэсэн фейсбүүк хаяг руу нь залгатал авахгүй байхаар нь байна уу, хэлэх зүйл байна уу гэж бичтэл 2, 3 хоногоос хийчихнэ гэсэн хариу өгсөн. Дараа нь дансны хуулга аваад хартал 1.400.000 төгрөг нь 5300885032 тоот данс руу, 400.000 төгрөг нь 5303121255 гэсэн данс руу АТМ-ээр шилжүүлсэн байсан. Тухайн үед манай ажлын цалин орсон байсан юм. ...” /хх 11-16/ гэсэн мэдүүлгүүд,
иргэн Ө.Ж-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4/,
иргэн Бу.М-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 31-32/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1675 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 30-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан”, мөн “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.М-ээс “...Миний бие хүнд өвчтэй ээжийн хамт амьдардаг ба намайг эргэж ирэх хүн байхгүй. Хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан боловч хохирол төлсөн баримтаа үзүүлж чадалгүй хоригдсон. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр нэг бүрчлэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх төдийгүй тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хорих ялуудыг оногдуулж, нэмж нэгтгэснийг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Бу.М нь “хохирол төлөгдсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд харин хохирогч Ө.Ж-ын хохирлыг төлсөн талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.М-ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/520 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР