Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00283

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00283

 

ЭК ББСБ ХХКийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03067 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЭК ББСБ ХХКийн хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 8 362 662 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б-д 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээгээр 5 450 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ЗГ0200190024 тоот барьцааны гэрээгээр Ү-2201055419 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 127 дугаар гудамж 6 тоот хаягт оршин суух 154 м.кв талбайтай хувийн сууц гарааш, мөн хаягт орших 684 м.кв талбайтай 18631313704064 нэгж талбарын дугаартай Г-2201009508 дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж 401 хоногийн хугацааг хэтрүүлэн, зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт 5 100 000 төгрөг төлсөн, одоо зээлийн үндсэн төлбөрт 350 000 төгрөг, үндсэн хүүнд 2 859 434 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 53 228 төгрөг нийт 3 212 662 төгрөгийг Х.Б-аас, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 12 дугаар сар орчимд зээл авах зорилгоор зээл олгох ББСБ хайж байсан. Хүнээр дамжуулан Б.Б- гэх хүнтэй уулзсан. Б.Б- нь Энхлэг кредит ББСБ-аас зээл авахаар харилцан тохиролцож уулзсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Энхлэг кредит ББСБ нь 5 100 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 3.5 хувийн хүүтэйгээр надад зээлүүлэхээр тохирсон. Гэтэл надад уг мөнгийг шилжүүлж өгөөгүй. Улмаар энэ талаар маргаан гарахад Б.Б-гийн дансанд шилжүүлсэн гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын орчимд ЭК ББСБ ХХКаас холбоо бариад Б.Б- зээлээ төлөхгүй байна. Таны барьцаа хөрөнгөөр зээлийг чинь төлж барагдуулна гэж хэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр очиж уулзахад Б.Б- чинь угаасаа таны нэр дээр зээл гаргаад мөнгийг нь өөрийн дансанд авна гэж хэлсэн. Иймээс та зээлийн гэрээгээ сунгах эсхүл бид нар барьцаа хөрөнгөөр зээлийн мөнгөө гаргуулж авна гэсэн. Гэр бүлээрээ амьдардаг ганц орон сууцаа өөр хүнд олгогдсон мөнгөнөөс болж хураалгана гэдэг надад хэцүү байсан. Иймд зээлийн гэрээг сунгаж байна гэж ойлгоод гэрээнд гарын үсэг зурсан. Х.Б- зээл аваагүй бөгөөд зээл авах хүсэлт зориг байгаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчид 5 100 000 төгрөг шилжээгүй, харин өмнө Б.Б-гийн авсан зээлийн үлдэгдлээр тооцож барьцаа хөрөнгөөр дарамталж дахин гэрээ байгуулсан байсан. ЭК ББСБ ХХКаас надад зээл олгосон зүйл байхгүй. Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу ч зээл олгоогүй. Иймд ЭК ББСБ ХХК нь надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас 2 552 228 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭК ББСБ ХХКнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 810 434 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б- нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, толгойт 127 гудамж 6 тоот хаяг байршилтай 154 м.кв, №000671137 гэрчилгээтэй, Ү-2201055419 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, гарааш, мөн хаяг байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, №000089012 дугаар гэрчилгээтэй, Ү-2201009508 улсын бүртгэлийн дугаартай, 684 м.кв газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас 125 958 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭК ББСБ ХХКд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах гомдолдоо:

... Бодит нөхцөл байдлын хувьд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч ЭК ББСБ ХХКаас Х.Б-д мөнгөн хөрөнгийг олгоогүй бөгөөд тус гэрээний дагуу шилжүүлэгдвэл зохих мөнгөн төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон гэх Б.Б-д олгосон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрийг Х.Б-д шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

Зохигчид нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу мөнгийг Х.Б-д шилжүүлээгүй. Иймд уг гэрээг байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн уг гэрээний дагуу гаргасан шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй. Гэтэл шүүх нь нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлага (нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болоогүй гэрээний үүргийг) хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардаж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлага 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэлийг гаргаагүй тул хариуцагчаас энэ талаар хариу тайлбар гаргах, шаардлагатай нотлох баримтыг гаргах боломжийг шүүх олгоогүй. Энэ талаар мэтгэлцээн болоогүй. Хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хувьд ч нэхэмжлэгчийн өөрөө татгалзчихсан хэсгийг хүртэл шүүх шийдвэрлэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний мөнгийг авсан гэх Б.Б- нь нэхэмжлэгчийн гүйцэтгэх захиралтай тохиролцоод мөнгөн төлбөрийг төлчихсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЭК ББСБ ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулж 8 362 662 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн мөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн төлбөр шаардсан ба уг зээлийн гэрээгээр бодитой мөнгө аваагүй, харин өмнөх буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 5 100 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөр төлөгдөөгүй байсан тул гэрээг шинэчлэн байгуулсан, зээлийн мөнгийг Б.Б- авсан гэж хариуцагч тайлбарласан.

 

Хэрэгт баримтаар авагдсан ЭК ББСБ ХХК болон Х.Б- нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Х.Б- нь 2 удаагийн зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийгдсэн байх бөгөөд талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.

 

Хариуцагч Х.Б- нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийг эргүүлэн төлөөгүй, гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ болгож буй 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь гэрээний бусад нөхцөлийг өөрчлөлгүйгээр өмнөх гэрээний хугацааг сунгасан, мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй болохыг зохигчид хэн аль нь тайлбарласан. Иймд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд заасан 3.5 хувийн хүүтэй, 5 100 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаагаар сунгасан гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссанаас хойш 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авсан тул хэтэрсэн хугацааны хүүг 2 сараар тооцох үндэслэлтэй.

 

Ийнхүү тооцвол 5 100 000 төгрөгийн сарын хүүгийн хэмжээ нь 178 500 төгрөг болох ба 12 сарын хүү нь 2 142 000 төгрөг, үүнээс хэтэрсэн 2 сарын хугацааны хүүг тооцоход нийт үүргийн дүн нь 7 442 228 /2 342 228+5 100 000/ төгрөг байна.

 

Зээлийг бодитоор ашигласан гэх Б.Б- нь шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэхдээ 5 100 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, зээлдүүлэгчийн шаардсаны дагуу үндсэн зээл 5 100 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн болохоо мэдүүлсэн, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авсан гэжээ. /хх-72-75/

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас 2 342 228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х.Б- нь зээлийн болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан зээлийн гэрээний тал байх тул нэхэмжлэгч түүнээс үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчихгүй бөгөөд шүүх хариуцагчаас төлбөр гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь зөв болно.

 

Харин анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө бодитоор олгогдоогүй, гэрээний хугацааг сунгасан агуулгыг анхааралгүй, 5 450 000 төгрөгөөс хүү тооцсоныг дээрх байдлаар залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/03067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх мөн заалтын 2 552 228 төгрөгийг гэснийг 2 342 228 төгрөгийг гэж, 5 810 434 төгрөгийн гэснийг 6 020 434 төгрөгийн гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 125 958 төгрөгийг гэснийг 52 425 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 125 928 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ