| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00920/И |
| Дугаар | 130/ШШ2024/00998 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00998
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын *** дугаар багт оршин суудаг, утас:***********, Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас ********)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргааны хэлтсийн дарга ажилтай Х.Мд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Б анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлтийн шаардлагыг дахин тодруулан тодорхойлж Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Т.Б нь Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл тус нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй болоод тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул Б аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан байдлыг тогтоолгохыг зөвлөсөн байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.Бийн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1989 оны, 1991 оны, 1992 оны баримтууд, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нээлгэсэн НДД№А****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №************* дугаартай Баталгаажилтын хуудас зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1260 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12/1242 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Т.Б болон түүний нөхрийн ХААТР маягтууд, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1264 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №532 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 338 дугаартай Б аймгийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Т.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:Т.Б нь Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл тус нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй болоод тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа. Иймд холбогдох нотлох баримтуудыг Т.Бийн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Хүсэлт гаргагч Т.Б нь 1974 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болох түүний Монгол Улсын Иргэний үнэмлэхээр нотлогдож байгаа байна.
Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №12/1242 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Т.Бийн 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Паспорт авах өргөдөл буюу ХААТР маягтын 10.Ажилладаг байгууллага гэдэгт: 10 жилийн сурагч гэж бичигдсэн ба сурагчийн форм хувцас өмссөн цээж зургаа наасан байна. Үүгээр хүсэлт гаргагч Т.Бийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллаж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.
6.2.Хүсэлт гаргагч Т.Б 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр З.Советхантай гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлээ 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн болох нь Гэрлэсний бүртгэлийн анкет №08 буюу ХААТР-15 (А) маягтаар тогтоогдож байна.
Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1989 оны баримтад Төлеухан, Күламаш, Санах, Бахатгүл (Айгүл) гэж бичигдсэн ба суутгал гэдэгт шүүх 10%, урьдчилгаа, Г/төл гэх мэт суутгал хийгдсэн байдаг байна. (************)
Мөн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны баримтад Уап, Бахатгүл гэж бичигдсэн ба Уап гэдэг нь хэн болох нь тодорхойгүй, мөн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1992 оны баримтад Төлеухан, Мырзабек, Бахатгүл гэж бичигдсэн ба гүйцэтгэсэн хүн өдөр сараар гэдэгт бичилт хийгдээгүй байна.
6.3.Хүсэлт гаргагч Т.Бийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нээлгэсэн НДД№А****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №************* дугаартай Баталгаажилтын хуудас-аар Т.Б 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн боловч энэ нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
6.4.Хүсэлт гаргагч Т.Бийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр-ийн эхний хуудсанд бичигдсэн төрсөн оныг засварласан, мөн дээр бичиг баримтуудаар хүсэлт гаргагч бүрэн бус дунд боловсролтой гэсэн нь тогтоогдож байхад бага боловсролтой гэж бичсэн, мөн тамга гэдэгт нэгдлийн тамга бус дугуй хэлбэртэй гадна талд нь Баян-өлгий Д сум дахь нэгдэл дотор талд нь О гэсэн бичигтэй тамга дарсан нь эргэлзээтэй хууль бус байна.
Мөн энэхүү Хөдөлмөрийн дэвтэр-ийн 2-3 дугаар хуудасны Эрхэлсэн ажил гэдэгт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс О нэгдэлд саальчин малчнаар даргын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар томилогдсон гэж бичиж нэгдлийн тамга бус дугуй хэлбэртэй гадна талд нь Баян-өлгий Д сум дахь нэгдэл дотор талд нь О гэсэн бичигтэй тамга дарсан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа ба тухайн тушаал нь архиваас гараагүй тухайн үед Т.Б 10 жилийн сурагч байсан гэдэг нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн энэхүү Хөдөлмөрийн дэвтэр-ийн 12-13 дугаар хуудасны 1988 онд ажилласан хоног, авсан хөлс гэдэгт бичилт хийсэн мөөртлөө үгүйсгэсэн, мөн 1989-1990 онд ажилласан хоног, авсан хөлс гэдэгт 70 дугаар данснаас гэж сар бүр ажилласан хоног, тооцсон хөлсний талаар бичилт хийгдсэн боловч сар болгон олгосон хөлс нь дээрх аймгийн архиваас хуулбарлан өгсөн 1989, 1990 оны ажлын хөлсний бичилттэй тохирохгүй байгаа гарын үсэг, тэмдэг дарагдаагүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр хүсэлт гаргагч Т.Бийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
7.Хүсэлт гаргагч Т.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Т.Б Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болох нь тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Бийн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК