Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00319

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00319

 

 

ш.н-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/03079 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ш.н-ын хариуцагч Ю.Г-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байрны 13 тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-2206071494 дугаартай, 69.35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ш.н- 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн П.Э-аас 2 өрөө байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан ба улмаар өөрийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх гэтэл иргэн Ю.Г- нь орон сууцанд нүүж ороод гарахгүй байна. Учир нь Ю.Г- нь уг орон сууцыг худалдан авах гэрээг ММТ ХХК-ийн захирал А.Ц-тай байгуулж 40 000 000 төгрөгийг өгч авсан гэх боловч гэрээнээс сайн дураараа өөрөө татгалзаж, дээрх мөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг мөнгийг хариуцагч А.Ц-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Байрыг захиалан бариулсан П.Э-ыг хариуцагчаар татсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээр хариуцагч биш гэж үзсэн шийдвэр гарсан. ш.н- шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж, уг орон сууц ямар нэгэн маргаангүй байх тул өөрийн нэр дээр Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Иймд орон сууцыг Ю.Г-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г ММТ ХХК-ийн захирал А.Ц-тай байгуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 412 дугаар байрны 1 дүгээр орц, 3 давхрын 13 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 500 000 төгрөгөөр тооцон, нийт 104 025 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож анх орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед ММТ ХХК-ийн захирал А.Ц- болон С.Э- нарын хооронд мөн орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байсан бөгөөд намайг дамжуулан худалдан авагч гэж гэрээнд миний нэрийг оруулсан. Тухайн үед А.Ц-аас энэ нь ямар учиртай юм бэ гэдгийг тодруулахад манай компани нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Э-тэй Арматур нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа, энэ гэрээнд зааснаар танай захиалсан 412 дугаар байрны 3 давхрын 13 тоотын 69.35 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөгөөр тооцон 104 025 000 төгрөгөөр тооцож С.Э-д төмрийн үнэнд өгөхөөр харилцан тохиролцсон. Энэ 2 өрөө орон сууцыг С.Э- өөрөө зарах сонирхолтой байгаа ба арматур төмрийн үнийг бэлэн мөнгөөр авах саналтай байгаа, чиний зүгээс гэрээний урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг С.Э-д төлөхөд болно харин үлдэгдэл төлбөрөө банкны зээлийн эх үүсвэрээр шийдээд өгчих гэж надад хэлж байсан. Гүйцэтгэгч компанийн захирал А.Ц-ын хэлсний дагуу 2019 оны 7 дугаар арын 26-ны өдөр байрны урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг Сонгинохайрхан үүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Драгон төвийн Хаан банкны салбараас С.Э- өөрийнх нь өгсөн 5069071894 Хаан банкны данс руу шилжүүлэх гэсэн боловч түүний нэр дээр ямар нэгэн данс бүртгэлгүй байсан, энэ талаар өөрт нь хэлэхэд ...бид энэ мөнгийг төмрийн үнэ...-нд шилжүүлэх ёстой гэж хэлээд арматур төмөр худалдан авсан БНХАУ-ын иргэн Gai Zuioiang-ийн Хаан банкны 5166544956 тоот төгрөгийн дансанд өөрөө зааж өгч шилжүүлж байсан. Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан нь үнэн болох талаар барилгын гүйцэтгэгч ММТ ХХК-нийн захирал А.Ц- өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд бидний зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкаар судлуулах үед тэрээр Голомт банкинд намайг урьдчилгаа мөнгийг бүрэн төлсөн талаар тодорхойлолт гарган өгч байсан болно. Барилгын гүйцэтгэгч компанийн захирал А.Ц- нь надаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг хүлээн авсны дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин надтай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан уг гэрээндээ төлбөр төлөх графикийн хувьд өөрчлөлт оруулан 2019 оны 8 дугаар сарын 31-ний дотор үлдэгдэл төлбөр болох 64 025 000 төгрөгийг Банкны зээлийн эх үүсвэрээр төлнө гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар дээрх гэрээний дагуу манайх өөрийн захиалсан 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа нүүн орж амьдарч байгаа бөгөөд орон сууц захиалгын гэрээний дагуу тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн ойлголттой хүлээж байсан. П.Э- гэгч нь хэлэхдээ Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтад орсон сууцыг 1 м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр худалдан борлуулахаар бид харилцан тохиролцсон байгаа, 1 м.кв-ыг нь 1 500 000 төгрөгөөр та нартай огт тохирохгүй, хэрэв та нар энэ 2 өрөө орон сууцыг авна гэвэл 1 м.кв-ыг нь дор хаяж 2 000 000 төгрөгөөр тооцно гэх зэргээр шантаачилж, сүүлдээ гэрт ирж байрнаас гар, яаралтай чөлөөл, энэ миний байр гэх зэргээр байнга дарамталж байсан болно. Бидний зүгээс анх гэрээ байгуулахдаа П.Э- болон ММТ ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээтэй гэж огт мэдээгүй. Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан П.Э-, ММТ ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхээс уг нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд 183/ШШ2020/00459 дугаар шийдвэр гарч хариуцагч ММТ ХХК-аас 44 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 377 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Г-т олгохоор шийдвэрлэсэн болно. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан ажиллагааг хийлгүүлж байгаа болно. Уг ажиллагааг хийлгүүлж байгаатай холбогдуулан уг 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах болон шилжилт хөдөлгөөн хийх талаар хориг тавигдсан байгаа болно. Гэтэл П.Э- гэгч этгээд нэхэмжлэгч Ш.Нармандахад дахин худалдан борлуулсан болохыг энэ нэхэмжлэлтэй танилцах үедээ олж мэдлээ. Өөрийгөө захиалагч гэх П.Э- нь барилгын гүйцэтгэгч гэх ММТ ХХК-аар дамжуулан надтай захиалгын гэрээ байгуулах нэрээр надаас авсан урьдчилгаагаар уг барилгаа үргэлжлүүлэн барьчихаад шүүхийн шийдвэрийн дагуу надад мөнгө төлөх болохоор давхар бусдад зарж ашиг хонжоо олж байна гэж үзэхэд хүргэж байна. Миний бие дээр дурдсан 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны талаар Ш.Н-аас өмнө шүүхээр маргаан үүсгэж, уг маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэгч гэх Ш.Н надад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ нэхэмжлэлийн шаардлагыг надад холбогдуулан гаргахаас илүү худалдагч П.Э-ад холбогдуулан гаргах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа болно. Иймд Ш.Н-ын гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь би биш тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулсан ба анхны захиалагч нэхэмжлэгч байсан юм бол гэрээ байгуулсан байх ёстой. Харамсалтай нь ийм гэрээ байхгүй. 2019 оны 9 дүгээр сараас маргаан гарч П.Э- гэдэг хүн м.кв-ыг 2 200 000 төгрөгөөр зарах байсан гэх мэт маргаан гарч шүүхэд хандахад хүргэсэн. Уг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад байрыг ш.н-ад гэрчилгээ гаргуулж байгаа нь хууль бус бөгөөд энэ хүний өмчлөх эрх хэрхэн үүссэн нь ойлгомжгүй байна. 44 000 000 төгрөгөөс ММТ ХХК нэг ч төгрөг өгөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ш.н-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байрны 13 тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-2206071494 дугаартай, 69.35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч Ю.Г-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ю.Г-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ш.н-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ю.Г- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Э-, ММТ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүх иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд 183/ШШ2020/00459 дугаар шийдвэр гаргаж хариуцагч ММТ ХХК-наас 44 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 377 950 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шийдвэрийг хариуцагч ММТ ХХК эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэж 998 дугаар магадлал гарч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдлийн хувьд хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан ажиллагааг хийлгүүлж байгаа болно. Уг ажиллагааг хийлгүүлж байгаатай холбогдуулан уг 69.35 мм.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах болон шилжилт хөдөлгөөн хийх талаар хориг тавигдаж улмаар төлбөрийг төлүүлэх ажиллагаа явагдаж байна. Дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг П.Э- нь өөрийн хамаатан /төрөл садан/ нэхэмжлэгч ш.н-ын нэр дээр гаргуулан /хориг тавигдсан байхад/ улмаар ш.н-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Э-ын төрсөн дүү П.О итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Шүүхийн шийдвэрийн дагуу надад төлөх ёстой мөнгийг буцаан төлсөн тохиолдолд байрыг суллаж өгөх бүрэн боломжтой болно. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ш.н- нь хариуцагч Ю.Г-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байрны 13 тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-2206071494 дугаартай, 69.35 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байрны 13 тоот, өмчлөх эрхийн Ү-2206071494 дугаарт бүртгэлтэй, 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг П.Э-аас ш.н- нь Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авч, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч болжээ. /хх5/

 

Хариуцагч Ю.Г- нь ш.н-ын өмчлөх эрхэд бүртгэлтэй дээрх үл хөдлөх хөрөнгийг Мон метал повер ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа, тус компанитай үүссэн маргааныг шүүх шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад ш.н-ад өмчлөх эрх үүссэн тул чөлөөлөх үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00459 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ю.Г- нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа /17120/ 412 байрны 13 тоот орон сууцын худалдах авах гэрээнээсээ татгалзсаныг дүгнээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын өгсөн авсныг буцааж, хариуцагч ММТ ХХК-аас 44 000 000 төгрөгийг гаргуулж Ю.Г-т олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 998 дугаар магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт баримтаар авагджээ. /хх42-54/

 

Дээрхээс дүгнэвэл Ю.Г- нь уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдагч талд төлсөн мөнгийг нь буцаан гаргуулахаар шүүх нэгэнт шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гарсан үеэс хариуцагч Ю.Г-ын эзэмших эрх дуусгавар болсон тул орон сууцыг хууль ёсоор эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Иймээс ш.н- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөрийг гаргуулах ажиллагаа дуусаагүй нь орон сууцыг эзэмших үндэслэл болохгүй, мөн хууль бусаар эзэмшиж буй хариуцагчийн эзэмшлээс маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлөхгүй байх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Ю.Г-ын хууль бус эзэмшлээс 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэгч ш.н-ын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/03079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ