| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00984/И |
| Дугаар | 302/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00038
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 05 дугаар багт оршин суудаг, С сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, утас ******, Х.Бын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ж ХХК-ийн захирал ажилтай, утас *********, А.Бд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай машины үнээс үлдсэн мөнгө 6,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг тусгай журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Б,
Хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Орчуулагч Т.Хуаныш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Х.Б нь өөрийн эзэмшлийн Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай машиныг 10,500,000 төгрөгөөр үнэлж худалдсан ба хариуцагч А.Б 4,000,000 төгрөгийг бэлэн төлсөн, үлдсэн 6,500,000 төгрөгийг төлөөгүй тул төлүүлэхийг хүссэн байна.
3.Нэхэмжлэгч Х.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие 2024 оны 7 дугаар сарын дунд үед Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай машины бүхээгийг солиулахаар өгсөн ба тухайн үед 2,500,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгсөн. Надад 8 дугаар сарын сүүлээр ирээрэй гэсэн. Тэгээд 8 сарын сүүлээр ирэхэд А.Б миний машины бүхээгийг солиогүй өөрөө унаад явж байсан ба кузов солих боломжгүй, машинаа надад зарчих гэхээр нь би зөвшөөрч, машинаа 10,500,000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохиролцсон. Тэгээд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр А.Б надад Машины үнэ 10,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж өгнө гээд гарын баримт өгсөн ба 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн, харин үлдсэн 6,500,000 төгрөгийг төлж өгөхгүй байна.
4.Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х.Б нь өөрийн эзэмшлийн Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг, 2 хаалга, крылог солиулж бүтэн будаг хийлгэхээр хандсан. Нийт засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн үнийг 3,500,000 төгрөгөөр тохиролцоод, урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг авсан.
Түүний машиныг засварлаж янзалсны дараа уг машиныг зараад өгөөч, надад үлдэгдэл төлбөрт өгөх мөнгө байхгүй гэсэн. Би түүний машиныг 10,500,000 төгрөгөөр худалдаж өгөхөөр тохиролцсон юм. Би түүний тээврийн хэрэгслийг бусдад тээврийн хэрэг оруулан худалдсан ба түүний машиныг худалдан авсан хүний бэлнээр өгсөн мөнгө буюу 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгөнд өөр машин тооцож авсан. Х.Бтай үлдэгдэл тооцоогоо хийхээр болж, засварын мөнгөний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хасаад үлдсэн 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгье гэхэд засвар үйлчилгээний мөнгө илүү өндөр байна гэх мэтээр надад маргаан үүсгэсэн. Анх 3,500,000 төгрөгөөр тохиролцсон засварын үнэ хөлсөнд маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Би түүнд тусалж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өгсөн болохоос түүний мөнгийг өгөхөөс татгалзсан зүйл байхгүй. Би түүнд үлдсэн 5,000,000 төгрөгийг одоо ч шилжүүлэн өгөхөд бэлэн болно гэсэн байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч А.Бгийн бичсэн гарын баримтад: Миний бие Ахметийн Б Алион маркийн **** У** машиныг 10,500,000 үнэлж авлаа. Уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тохиролцов гэж бичсэн байна.
Энэхүү баримтаар нэхэмжлэгч Х.Б хариуцагч А.Бд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай машиныг 10,500,000 төгрөгөөр үнэлж худалдсан болох нь, хариуцагч А.Б 4,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х.Бын дансанд шилжүүлсэн нь Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тус тус нотлогдож байна.
5.2.Нэхэмжлэгч Х.Б анх машины бүхээгийн солиулахаар хариуцагч А.Бд хандаж сэлбэг хэрэгсэл, засварын хөлсөнд 2,500,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд 2,000,000 төгрөг А.Бгийн дансанд шилжүүлсэн гэж, хариуцагч А.Б нь Тоёото алион маркийн 04-81У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг, 2 хаалга, крылог солиулж, бүтэн будаг хийлгэхээр засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч Х.Бтай тохиролцож, нэхэмжлэгч Х.Б урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж маргасан болно.
Хариуцагч А.Бгээс гаргаж өгсөн Засварын газрын хувийн тэмдэглэлийн дэвтэр-т Маратын бүртгэж хөтөлсөн тэмдэглэлд: Алион маркийн машин, 07 дугаар сарын 21-ний өдөр, 3,500,000 төгрөг, утсаны дугаар 99427292, тээврийн хэрэгслийн дугаар 04-81БӨҮ гэж бичигдсэн байна. Энэхүү бүртгэлийн дэвтэрт чухам ямар засвар үйлчилгээ хийлгэх талаар тодорхой тусгаагүй, ямар сэлбэг хэрэгсэл хийх гэж байгааг тусгаагүй, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гарын үсэг зураагүй, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 04-81У** гэснийг 04-81БӨҮ гэж буруу бүртгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчаас гаргаж өгсөн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь гаргасан огноо бичигдээгүй, мөн ямар маркийн ямар улсын дугаартай машины эвдрэл, хохирлын үнэлгээ болох нь тодорхойгүй, хэний хүсэлтээр хийгдсэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч Х.Бын гарын үсэг байхгүй байна.
Эдгээр нотлох баримтаар хариуцагч А.Бгийн Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг, 2 хаалга, крылог солиулж, бүтэн будаг хийлгэхээр засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч Х.Б нь 2,000,000 төгрөгийг хариуцагч А.Бгийн дансанд шилжүүлсэн гэдгийг хариуцагч үгүйсгээгүй болно.
6.Дээрх хариуцагч А.Бгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бичсэн гарын баримт, хариуцагч А.Бгийн 4,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Х.Бын дансанд шилжүүлсэн Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Х.Б, хариуцагч А.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч (худалдагч) Х.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч (худалдан авагч) А.Б нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагч (худалдан авагч) А.Б нь Тоёото алион маркийн 048 1У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 10,500,000 төгрөгөөс 4,000,000 төлсөн, үлдсэн 6,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байгаа тул хариуцагч А.Бээс 6,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бад олгох нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 118,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бгээс худалдан авсан Тоёото алион маркийн **** У** улсын дугаартай машины үнээс үлдсэн 6,500,000 (зургаан сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бад олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 (нэг зуун арван найман мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Бгээс 118,950 (нэг зуун арван найман мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК