| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/00062/и |
| Дугаар | 318/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 318/ШШ2025/00052
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би нэхэмжлэгч ... хот, ... дүүрэг, .. дүгээр хороо, ..., ... цогцолборт байрлах, М корпораци ХХК (регистрийн дугаар: ...)-иас гаргасан хариуцагч ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, Т ургийн овогт Д-ийн Ц (регистрийн дугаар: ...)-д холбогдох, зээлээр худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 778’848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал К К “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ... тоот “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах” хугацаатай гэрээ байгуулан 94412988 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A33 5G, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах” хугацаатай гэрээний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 159’416 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 619’432 төгрөг нийт 778’848 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Ц дээрх нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “М корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 778’848 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэх хариу тайлбар гаргасан байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М дээрх хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад “Хариуцагч Д.Ц нь гар утас зээлээр худалдан авсан бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 778’848 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М корпораци ХХК нь хариуцагч Д.Ц-д холбогдох, зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 778’848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор:
- Улсын тэмдэгтийн хураамжид 23’243 төгрөг төлснийг нотолсон Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт;
- Нэхэмжлэгч М корпораци ХХК-иас тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.М-г томилсон албан бичиг;
- K овогтой K-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн гэх М корпораци гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Нэхэмжлэгч М корпораци ХХК болон хариуцагч Д.Ц нарын хооронд байгуулсан ...........дугаартай үйлчилгээний гэрээний хуулбар;
- Нэхэмжлэгч М корпораци ХХК болон хариуцагч Д.Ц нарын хооронд байгуулсан .......... дугаартай гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар;
- Харилцагчийн гүйлгээний хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 778’848 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Иймд хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23’243 төгрөгийн тал хувь болох 11’621.5 төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11’621.5 төгрөгийг, хариуцагч Д.Ц-гээс 11’621.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 778’848 (долоон зуун далан найман мянга найман зуун дөчин найм) төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11’621.5 төгрөгийг, хариуцагч Д.Ц-гээс 11’621.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгож, 11’621.5 төгрөгийг Төрийн санд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА