Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/346

 

 

 

 

 

 

   2023            3              30                                          2023/ДШМ/346

 

 

Л.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Э.Алтан-Уяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Э.Алтан-Уяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Бд холбогдох эрүүгийн 2102 00166 0115 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            ... овгийн Л-ийн Б, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр ..... аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ......., ам бүл ....   , .... дүүргийн.... дүгээр хороо ...... дугаар байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./.

            Шүүгдэгч Л.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .... тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ....... албан тушаалтнаар ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д “...Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэл зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/... дараах барааг хамааруулна...”, 2.3-д “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ...”, 2.3.2-д “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй...”, 5.1- д “...биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно...”, 5.11-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3.000.000 төрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт 2/-аар, 3.000.001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасныг тус тус зөрчиж,

          улмаар 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техник Импорт” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд “Эй Ди Эс” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И-ы Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашины дотор талд байсан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг ашиглан автомашины дотор талд байсан бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсвэл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоосны дараа татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Г.И-аас 100.000 төгрөгийг өгөхийг шаардсан буюу хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Л.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15, 9.2, 9.6, 9.7, 16.11, 23.1, 30.7, Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчсөн байхад анхааран үзэлгүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг шууд зөрчсөн байна. Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалт бүрэн хангагдаагүй байхад шийтгэх тогтоол гаргасан нь буруу болжээ.

Учир нь, шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт /3 хх 80/ “...гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Эй Ди Эс” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийж, ...Г.И руу явуулахдаа өөрийнхөө хувийн эдэлж байсан хэрэглэж байсан хувийн эд зүйл болох 1ш самсунг 55 инч эвдэрхий телевизор, 1 багц камер, 6 буйдангийн дэр, эдгээр зүйлийг явуулсан...” гэсэн мэдүүлэг байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 34 дүгээр зүйл буюу компанийн эрх зүйн ойлголтыг хуульчилсан бөгөөд, энэ зүйлийн 34.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасан тул гаалийн бүрдүүлэлт нь компаниар хийгдсэн нөхцөлд компанийн өөрийн тусгайлсан хөрөнгө гэж байх ёстой тул иргэний хувийн хэрэглээний зүйл гэсэн ойлголт үйлчлэхгүй болохыг анхаараагүй байна.

Мөн хавтаст хэргийн 43 дугаар талд “Эй Ди Эс” ХХК-ийн захирал гэх ... нь “одоо бол гадаад худалдааны чиглэлээр АНУ-аас автомашин, электрон бараа, гоо сайхны бараа импортолж, Монгол улсад худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг” гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд Г.И нь тухайн компанийг төлөөлж гаальтай харилцаж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч байна. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйл 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэсний дагуу, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч” гэж заасныг прокурор, шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, оролцогч тул бусад оролцогч гэж үзэхгүй бөгөөд хууль ёсны байх зарчим буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалыг шууд зөрчсөн байна.

Мөн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт /3 хх 82/ шүүхээс “хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн а/223 тушаалын 1 дүгээр хавсралт “Зорчигчийн хувийн эд зүйлийг гаалийн хилээр хийлээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.2-т ...гэсэн заалтад хамаарах гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд хамаарах нь нотлогдсон гэсэн боловч 2021 оны 5 дугаар сарын 18-ын өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Токио тауер 5 давхар 2 тоотод үзлэг хийсэн “...наклад, диск, коняк, виски, виног хэрэглэчихсэн үнэлгээ нь 420.720 төгрөг зөрчилдсөн” /хх 61/ гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Гэтэл мөрдөн байцаагчаас шинжээчид үзлэг хийх, эд зүйл шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шинжээч нь мөрдөгчийн тогтоолд заагаагүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шинжилгээний байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн” гэж заасан шинжээч нь мөрдөгчөөс үзлэг хийлгэх эд зүйлийг шилжүүлээгүй байхад “шинжээчийн хийсэн үзлэг” хууль бус ажиллагаа болохыг анхаараагүй байна. Мөн тухайн шинжээчийн үзлэг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 зүйлд заасан хөндлөнгийн гэрч байхгүй тул энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна” гэсэн заалт хэрэгжээгүй болохыг шүүх анхаарсангүй. Мөн 190 дүгээр талд “нүүрэлдэж мэдүүлэг өгөхгүй” гэсэн тэмдэглэл байх бөгөөд ...тухайн хүсэлтийг Л.Б /166 тал/ гаргаж, шүүх энэ хүсэлтийг хангаж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1094 дугаар захирамж гаргажээ. Гэтэл энэ хүсэлтээс татгалзах эрхийг зөвхөн Л.Б гаргаж болох бөгөөд Г.И татгалзах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэсэн үүргийг биелүүлээгүй байхад шүүх анхаарсангүй. Г.И шүүгчийн захирамжийг биелүүлэхээс татгалзах эрхгүй ба мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа хийлгэх шүүгчийн захирамж биелэгдээгүй байгааг шүүгч анхаарсангүй.

Мөн мөрдөгч нь “Приус-20” загварын ... улсын дугаартай автомашинд үзлэг хийж эхэлсэн цаг байхгүй, дууссан цаг 18:53 гэсэн, хөндлөнгийн гэрч байхгүй, ...зөвхөн Г.И гарын үсэг зурсан 3 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн Чингэлтэй дүүрэг /хороо байхгүй/, 2 дугаар байрны хойд талын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийж 18 цаг 53 дууссан гэсэн байх бөгөөд энэ хэргийн газрын үзлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлд заасан хөндлөнгийн гэрч байхгүй байхад нотлох баримтаас хасах шийдвэр гаргаагүй байхад яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна” заасан зүйл заалт хэрэгжээгүй, хөндлөнгийн гэрч байхгүй мөрдөн байцаалтын хугацаанд хийгдээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байхад яллах тогтоол, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь буруу болжээ.

Мөн хавтаст хэргийн 14-18 дугаар талд байгаа “үзлэг хийсэн” гэсэн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “үзлэг хийх” гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн 8 дугаар талд гомдол мэдээлэл 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэх хяналтын карт байх бөгөөд дээрх зүйлд 5 хоногийн хугацаанд үзлэг хийгээгүй хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт бөгөөд нотолгооны чадвараа алдсан байгааг прокурор болон шүүгч анхаарсангүй.

Мөн хавтаст хэргийн 9 дүгээр талд 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн санал байх бөгөөд мөрдөн шалгах хугацааг 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 14 хоног сунгах санал гаргасан бол хавтаст хэргийн 9 дүгээр талын арын нүүрэнд албаны даргын тогтоол 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгасан бол хавтаст хэргийн 10 дугаар талд 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгасан байна.

Мөн хавтаст хэргийн 11 дүгээр талд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаа сунгах санал гаргасныг прокурор Б.Мөнх-Од мөрдөн байцаалт явуулах хугацааг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нэг удаа сунгасан байна. /хх 12-13/ 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн шалгах хугацаа тасарсан байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах хугацааг сунгах”, мөн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар тогтоосон хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаж болно”, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх, прокурор хэтэрсэн хугацааг сэргээх тухай шийдвэр гаргана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах гомдлыг тогтоосон хугацаанаас хэтрүүлж гаргасан бол сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл түүнтэй холбогдох шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлж болно” гэсэн заалт огт хэрэгжээгүй байх бөгөөд энэ хугацаанаас хойш бүрдүүлсэн бүх баримт хууль зөрчин цуглуулсан нотолгооны чадвараа мөн алдсан байна. Энэ нь нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” дээрх нотлох баримтыг нотлох баримт гэж үзэх боломжгүй тул яллах дүгнэлт, шийтгэх тогтоол хууль ёсны гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “гэрч У гэдэг хүний мэдүүлгээр хэрэг нотлогдож байгаа” гэсэн. Энэ баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хаанаас олох вэ. Мөн улсын яллагчаас урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаан дээр удаа дараа гаалийн улсын байцаагчийн үйлдэл “холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэх” талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлт байгаа. Тухайн дүгнэлтээр ямар ямар хэм хэмжээг зөрчсөн бэ, хэрхэн дагаж мөрдөх байсан талаар дүгнэлт гаргасан” гэж нотолсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй. Улсын яллагч хавтаст хэрэгт байхгүй нотолгоо гаргаж, шүүхэд худал хэлж, намайг ялласан нь хууль бус байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И нь гаалийн бүрдүүлэлт дуусч бараа эзэнд олгогдсоноос хойш 9 хоногийн дараа 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, мөн 3 сар 8 хоногийн дараа 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх мэдүүлгүүд нь хоорондоо утга агуулгын зөрүүтэй байдаг.

Г.И 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн өгсөн эхний мэдүүлэгтээ “...Тэгэхэд гаалийн байцаагч камерыг харчихаад энэ дээрээ бүрдүүлэлт хийх юм биш үү, шинэ юм биш үү, үнийг нь чи мэдэж байгаа биз дээ гэсэн. Тэгэхээр нь би бүх эд зүйлийг задалж үзүүлээд би явуулсан талаасаа асууя, бүрдүүлэлт хийх бол яаж хийх вэ гэсэн. Тухайн үед би тийм зүйлийг явуулсан талаар мэдээгүй байсан юм. Тэгээд асуухад камерыг 499 ам.доллароор хямдралтай байхад аваад хэрэглэж байгаад наашаа явуулсан гэж хэлсэн.Энэ байдлыг гаалийн байцаагчид хэлсэн чинь 499 ам.долларын чинь татвар 15% болно. Хэд болохоор байна гэхээр нь би бодоод барагцаагаар 50 ам.доллар юм шиг байна...” гэж мэдүүлсэн нь тухайн хяналтын камерт гаалийн бүрдүүлэлт хийх, ойролцоогоор хэд орчим төгрөгийн татвар төлөх тухайгаа Г.И мэдэж ойлгон гаалийн байцаагчтай харилцан ярьснаа мэдүүлсэн байдаг.

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 2 дахь мэдүүлэгтээ “...Би гаалийн улсын байцаагчаас татвар төлөх үү гэж асуусан тэгэхэд хяналтын камерыг харчихаад энэ чинь камер чинь шинэ юм уу, хуучин юм уу гэх мэтээр асуугаад байсан тэгэхээр нь би камер дээр татвар төлөх юм байна гэж ойлгосон. Тэгсэн чинь гаалийн улсын байцаагч татвар төлөх ёстой гэж хэлээгүй, би бол татвар төлөх ёстой юм байна гэж ойлгоод яаж татвараа төлөх вэ гэж асуух гээд байж байтал гаалийн улсын байцаагч чи надад 100.000 төгрөг өгөөд энэ бараагаа аваад гарчих, тэгэхгүй бол бүрдүүлэлт хийнэ гээд заваарсан юм болно шүү дээ гэж хэлсэн...” гэжээ. Дээрх 2 мэдүүлгийн зөрүү нь:

1. Анх мэдүүлэхдээ явуулсан талаасаа асуугаад энэ камерыг 499 ам.доллароор хямдралтай байхад аваад хэрэглэж байгаад явуулсан гэж хэлсэн. Энэ байдлыг гаалийн байцаагч 499 ам.долларын чинь татвар 15,5 хувь болно, хэд болохоор байна гэхээр би бодоод 50 ам.доллар юм шиг байна гэж хэлж байсан мөртлөө өмнөх мэдсэн гаалийн үнэлгээ, татварын хувь хэмжээ, төлөх татварынхаа баримжааг мэдсэн ойлголтоо үгүйсгэж дараа нь “Би гаалийн улсын байцаагчаас татвар төлөх үү гэж асуусан. ...Тэгсэн чинь гаалийн улсын байцаагч татвар төлөх ёстой гэж хэлээгүй” гэж гүтгэж мэдүүлсэн. Мөрдөгч, прокурор, шүүгч нар мэдүүлгийн зөрүүг ойлгохгүй байна уу, албаар ингэж гуйвуулж гүжирдэх ёстой гэж ойлгож байна уу. Гүтгэгч Г.И мэдүүлгийн зөрүүг нэг мөр шалгаж тогтоож өгнө үү.

2. “Бүрдүүлэлт хийгээд суувал сууна шүү дээ. Бүрдүүлэлт хийхгүйгээр надад 100.000 төгрөг өгөөд энэ бараануудаа авах юм уу” гэж гүтгэсэн нь байцаагчийн “бичиг баримтын бүрдүүлэлт хийхгүйгээр, маягт 2 татварын хуудсаар татвараа бичүүлж төлөөд яваарай” гэж хэлж тайлбарласныг гуйвуулж гүтгэсэн. Өөрөө “50 ам.доллар болж байна” гэхэд байцаагч “ойролцоогоор 100.000 орчим төгрөгийн татвар төлөх юм байна. Маягт 2 гэдэг хялбар аргаар бүрдүүлэлт хийгээд яваарай” гэснийг тухай бүр мушгин гуйвуулж гүжирдэж ажлаа шударга хийж яваа байцаагчийг хүнд гэмт хэрэгт түлхэж байна.

3. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн эхний мэдүүлэгтээ “тэгэхэд нөгөө миний бараанд хяналт шалгалт явуулсан байцаагч маань ирээд “за за чиний барааг гаргахаар болсон шүү гээд би бараагаа аваад гарсан” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед гаалийн байцаагч би Г.И дахиж уулзаагүй, ярилцаагүй, “за за чиний барааг гаргахаар болсон шүү” гэж хэлээгүй болно.

4. Г.И эхний өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед би тийм зүйлийг мэдээгүй байсан юм” гэж мэдүүлж байсан мөртлөө 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн 2 дахь мэдүүлэгтээ “хүүхдийн хөлд оруулдаг тэрэг, наклад байсан. Гаалийн байцаагч эд зүйлийг бүгдийг нь асуусан би гаалийн улсын байцаагчид энэ бол АНУ-д хэрэглэж байсан зүйлүүдээ хувийн хэрэглээндээ явуулж байгаа юм аа гэж хэлсэн” бүх барааг мэдэж байсан юм шиг зөрүүтэй мэдүүлжээ.

5. Г.И 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, Х.А 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг өгсөн нь “хамаарал бүхий этгээдүүдийн зохион байгуулалттай, зохиож, гүтгэж, өгсөн мэдүүлэг шүү” гэдгийг нь дээрх нотолгоо харуулж байдаг. Прокурор, шүүгч нар Х.А 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн юм шиг ойлгож нотлох баримтаар тодорхойлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

6. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны үеэр улсын яллагчаас И-д “100.000 төгрөг ямар нөхцлөөс бий болж яригдсан яриа вэ” гэж асуухад Г.И “Тэр хэсгийг сайн санахгүй байна. Бараатай холбоотой, гаалийн бүрдүүлэлт хийх ёстой гэж ойлгосон. Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэгтээ бичсэн” гэв. Энэ мэдүүлэг нь тухайн үед Г.И бараатай, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой 100.000 орчим төгрөг яригдсаныг өөрөө нотолж хэлсэн.

7. Гаалийн байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, гаалийн бүрдүүлэлт хийх тухай, түүний ялгаа, гаалийн үнэлгээ, ногдуулах татварын тухай гаалийн улсын байцаагч Л.Б, Г.И хоёрын ярилцсан яриа Г.И-аас Америкт байгаа Х.А-т очоод Х.А-аас Монгол улсад байгаа гаалийн улсын ахлах байцаагч Г.Б руу ямар ч хувирал, өөрчлөлтгүйгээр дамжиж ирсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байдаг. Тухайлбал, Х.А-ын өгсөн мэдүүлэгт “...би машин дотор өөрийнхөө хувийн эд зүйлсийг явуулсан чинь гаалийн бүрдүүлэлт хийнэ гаргахгүй гээд байна, гаалийн бүрдүүлэлт хийхээр бол бид нар гаалийн бүрдүүлэлтийг хийгээд явна, гэхдээ миний хувийн эд зүйл цөөхөн ширхэгтэй байгаа учраас гаалийн бүрдүүлэлт хийхгүй гэж ойлгож байна, гэхдээ бүрдүүлэлт хийхээр байвал хийлгээд, хийхээргүй байвал хурдан шуурхай шийдээд явуулаад өгөөч гэж хүсэлт тавьж ярьсан, тэгсэн чинь гаалийн улсын ахлах байцаагч нь надад “аан за, ойлголоо, би ажилтай нь танилцаад зохих журмаар шийдвэрлэе” гэж хэлсэн...” гэснээс харагдаж байна. Хэрвээ Г.И-ны хэлж байгаагаар “хувьдаа 100.000 мянган төгрөг нэхсэн” байсан бол барааны эзэн болох Х.А гаалийн улсын ахлах байцаагч Г.Б-т “танай гаалийн байцаагч 100.000 төгрөг хувьдаа авах гээд байна” гэдэг асуудлыг ярих ёстой байсан. Тийм авлигын гэмт хэргийн шинжтэй яриа болсныг Х.А ахлах байцаагчид яагаад хэлэхгүй нуун дарагдуулсан бэ. Үнэн байгаад хэлсэн бол гаалийн ахлах байцаагч Г.Б тэр дор асуудлыг шийдвэрлэж ийм хэрэг гарахгүй байсан.

8. Мөн Г.И нь “...Манай ах надад хэлэхдээ гаалийн улсын ахлах байцаагч Б-т машинд байгаа бүх бараануудаа хэлээд болсон явдлыг тайлбарлаад яах ёстой талаар асуусан гэж хэлсэн. Гэхдээ 100.000 төгрөгийн талаар яриагүй байх гэж бодож байна. Зүгээр барааг яаж гаргах ёстой талаар л асуусан байх...” гэж мэдүүлсэн нь гол асуудлаасаа зайлсхийж гаалийн улсын байцаагчийг гүтгэсэн байгаа үйлдлээ бататгах гэсэн оролдлого юм.

9. Х.А үйл явдал болсон 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2021 оны  6 дугаар сарын 21-ний өдөр буюу 3 сар 11 хоногийн дараа мөрдөгчид “...Тухайн өдөр Г.И над руу залгаад энэ машин доторх юмнуудыг гаалийн байцаагч нь гаргадаггүй. Хуучин юм гээд мэдүүлээд тайлбарлахаар тайлбар огт сонсохгүй байна. Надаас чи гаалийн бүрдүүлэлт хийвэл өчнөөн мөнгө төлнө шүү дээ. 100.000 төгрөг өгчих гээд нэхээд байна яах вэ гэж ярьсан. ...Өглөө нь И-тай холбогдоход машинаа болон машин дотор байсан бараагаа авчихсан гэхдээ тэр гаалийн байцаагчийн надаас 100.000 төгрөг нэхсэн үйлдэл нь надад таалагдахгүй байна...” гэж хадам дүү Г.И-ны үгийг нотолж гаалийн улсын байцаагчийг гүтгэсэн нь харилцан хамаарал бүхий этгээдүүд үгсэн тохирсон байгааг харуулж байдаг. Энэ нь Х.А бол Г.И, гаалийн байцаагч Л.Б нарын дэргэд байгаагүй, болсон явдлыг хараагүй байж үйл явдлыг гэрчлэх боломжгүй юм. Нөгөө талаар Г.И үнэхээр гаалийн байцаагч авлига нэхээд, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байсан бол гаалийн ахлах байцаагчид хажууд нь байж мэдүүлээгүй, гэмт хэрэг болж байгааг мэдэж байсан юм бол гар утас болон бусад арга хэлбэрээр баталгаажуулж аваагүй юм бэ. Гаалийн хяналтын бүсэд ганцхан Г.И, гаалийн улсын байцаагч Л.Б 2 байгаагүй шүү дээ.

10. Г.И 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “...Манай ах надад хэлэхдээ гаалийн ахлах байцаагч Г.Б-т машинд байгаа бүх бараануудаа хэлээд болсон явдлыг тайлбарлаад яах ёстой талаар асуусан гэж хэлсэн. Гэхдээ 100.000 төгрөгийн талаар яриагүй байх гэж бодож байна зүгээр барааг яаж гаргах ёстой талаар асуусан байх” гэж мэдүүлсэн нь мөн л гэмт хэрэг нуун дарагдуулсан эсхүл ах дүү 2 ярилцан тохирч гаалийн байцаагчийг гүтгэсэн мэдүүлэг болох нь тодорхойлогдож байна. Ах дүү 2 угаасаа татвар яаж төлөхгүй байх талаар л ярилцаж, ахлах байцаагчид тэр зорилгоор л өөрсдийн санаагаа илэрхийлж мэдүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1094 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид дараах зүйлүүдийг тодорхойлсон. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Хэргийн үйл баримтын талаар өөр өөр мэдүүлсэн нөхцөл байдал байхад мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүй нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй, бүрэн тогтоох боломжгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан. Иймд яллагдагч Л.Б-ийн шүүхийн урьдчилсан мэдүүлэгт гаргасан би ажил үүргээ л гүйцэтгэж байсан. Надад Г.И-наас хувьдаа мөнгө шаардсан асуудал ерөөсөө байхгүй, 100.000 төгрөгийн татвар төлөөд яваарай л гэх шаардлага тавьсан. Намайг гүтгэж байгаа тул би Г.И-тай нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь, ...авлига өгөхийг шаардсан эсэх, эсхүл татвар төлүүлэх шаардлага тавьсан эсэхийг эргэлзээгүй шалгаж тогтоох нь хэргийн үйл баримтыг тогтооход нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой байна гэж үзсэн.

3. 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн яллах дүгнэлтэд “Л.Б гэх хүнийг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн” гэх мэт шүүгчийн захирамжид заагдсан нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эдгээр шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хийхгүйгээр прокуророос хэргийг үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтаар хүндрүүлж зүйлчлэн, шүүхэд дахин шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны явцад улсын яллагч шүүх хурал дээр гэрч Г.И-аас удаа дараа 100.000 төгрөг шаардсан гэж хэлүүлэх гэж “гэрчийн мэдүүлэг өгч байгаагаа ухамсарлах хэрэгтэй”, “100.000 төгрөгийн асуудал яагаад хэн ярьсан” гэх мэт тойруулж олон талаас нь нэг утгатай асуулт асуун шахалтад оруулж олон дахин өөр өөр үгээр асууж байсан нь Г.И-ыг хөтөлж асуулт асуусан гэж үзэх үндэслэлтэй байсан.

Миний бие мөрдөн байцаах ажиллагаа болон шүүхийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хэргийн үнэн зөвийг олох байх гэж найдсаар өдийг хүрлээ. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсэг нь татвараас бүрддэг. Энэхүү татварын зарим хэсгийг гаалийн татвараас бүрдүүлдэг. Төрийн албан хаагч ажлаа хийсний төлөө, татвар төлөх ёстой зүйлд татвар төл гэсний төлөө авлига авах гэсэн гэмт хэрэгт холбогдож байгаад би туйлын их харамсаж байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс хэргийг шалгаж байх явцад миний бие болон манай өмгөөлөгч нар удаа дараа хувьдаа мөнгө авах бус гаалийн татвар төл гэсэн бодит үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч огт хүлээж аваагүй ба хамгийн сүүлд шүүхэд Г.И-тай нүүрэлдэх хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг хангаж өгөөгүй билээ. Г.И шүүх хуралд цахим хэлбэрээр орсны адил цахим хэлбэрээр нүүрэлдэн байцаалт өгөх боломж байсан. Энэ мэтээр мөрдөгч, прокурорын зүгээс хэргийг шалгах явцдаа хэт нэг талыг барьж зөвхөн Г.И болон түүнтэй хамаарал бүхий хүргэн ахын мэдүүлгээр хэргийг шийдсэн нь миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж, хэргийг шийдвэрлэхэд маш олон эргэлзээтэй, зөрчил дутагдалтай зүйл байхад шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл, заалтаас хасагдсан 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтаар намайг шийтгэсэн нь хууль бус байгаа юм. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Б би .... оноос хойш улсад ... жил, түүнээс гаалийн байгууллагад .. жил идэвх зүтгэлтэй ажиллаж, гаалийн байгууллагын ажил мэргэжлийн олон удаагийн аварга болж, “Гаалийн албаны тэргүүний ажилтан”, “Хүндэт гаальчин”, гаалийн зөвлөх цолтой, волейболын спортын мастер, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан”, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан, хамт олондоо нэр хүндтэй, төрийн албан хаагчийн ёс зүйг дээдлэн ажилладаг, нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, захиргааны болон сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Улс эх орныхоо аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн төлөө өөрийн мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, улсын хилээр бараа, эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн зөрчил, гэмт хэргүүдийг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэж ажиллаж байсан. Би Г.И гэгчээс хувьдаа мөнгө аваагүй, нэхэж шаардаагүй, ямар нэгэн гэмт хэрэг зөрчил үйлдээгүй болно. Миний нэр, ажил үйлсийг гаалийн байгууллагын хамт олон минь мэднэ. Иймд хэргийн нөхцөл байдлыг дахин шүүн тунгаан үзэж, надад холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Т.Золбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсний дагуу Л.Б-ийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан хууль зүйн шинжийг агуулж байж сая гэмт хэрэгт тооцох үндэслэл бүрдэнэ. Тус шийтгэх тогтоолын 24 дэх талд “дээрх гэмт хэргийн “Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд” гэх обьектив талын шинж нь нийтийн албан тушаалтан хууль тогтоомж, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатай огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ойлголт хэмээн тайлбарласан байна. Гэвч ийнхүү тайлбарлахдаа Л.Б нь ямар хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний аль заалтаар бий болгосон үүргийг зөрчсөн талаар шүүх огт дурдаагүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” хэмээн заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бий болгож байна. Хэрэв Л.Б-г “Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд” хэмээн үзэж байгаа бол түүнд хууль ёсны дагуу оногдуулсан үүрэг үүссэн байх ёстой. Энэхүү үүрэг нь тодорхой хууль, дүрэм, журам, байгууллага, албан тушаалтны шийдвэрт тусгагдсан байх ёстой бөгөөд энэ нь хуульд үндэслэх зарчмын баталгаа болдог. Гэтэл Л.Б-г ямар ч хууль, дүрэм журамд заагаагүй, мөн ямар үүрэг зөрчсөн нь тодорхой болоогүй нөхцөл байдалд ял оногдуулжээ.

Тогтоолын 24 дэх талд “Хахууль авах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар эсхүл хээл хахууль шаардсанаар бүрэн төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болох нь эрүүгийн эрх зүйд тогтсон ойлголт болно” хэмээн тодорхойлсон байна. Энэ нь тус хэм хэмжээ зөвхөн үйлдэл байхыг шаардаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хахууль шаардсан үйлдэл байх ёстой. Гэтэл 1 дэх хавтаст хэргийн 128-130, 33-35, 36-40 дэх тал, шүүхийн хэлэлцүүлэг зэрэгт Л.Б нь хахууль шаардах бус “татвар төлөх” шаардлага тавьсан тухай удаа дараа мэдүүлсэн байхад энэхүү цагаатгах нотлох баримтыг огт харгалзан үзээгүй юм. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан байна. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтоосон зүйл огт байхгүй байна.

Мөн мөрдөн байцаалтын явцад Л.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх ноцтойгоор зөрчигдсөн юм. Мөрдөн байцаалтын явцад Л.Б-г гэрчээр асуусан энэхүү гэрчийн мэдүүлэг нь 1 дэх хавтас хэргийн 33-35, 36-40 дэх талд байгаа юм. Энэ байдал нь өөрийн яллаж байгаа хэргийг өөрөөр нь нотлуулж байгаа байдлыг шууд үүсгэж байгаа юм. Энэхүү байдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь талд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн” байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бүх хууль зүйн үндэслэл, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Л.Б нь Гаалийн хууль тогтоомж зөрчөөгүй харин ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан болох нь доорх баримтаас харагддаг. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн газрын харьяа Техник импорт дахь гаалийн хяналтын бүсэд “Эй Ди Эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И гэгч Америкийн нэгдсэн улсад амьдардаг Х.А-ын илгээсэн “Лексус Ар Икс” БХ-350 загварын авто машиныг улсын хилээр оруулах гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Тухайн автомашин болон түүн дотор байгаа бараанд гаалийн улсын байцаагч Л.Б Гаалийн тухай хуулийн 240.1.6-д “бараа, тээврийн хэрэгслийг шалгах”, Гаалийн тухай хуулийн 246.1-д заасан “гаалийн байгууллага албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор ачаа тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ”, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ийн 5.2-д заасан “барааг шалгахын өмнө гаалийн шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлж, ачаагаа буулгахыг мэдүүлэгчид мэдэгдэнэ”, 5.25-д заасан “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх, түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал,зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” зэрэг заалтуудыг мөрдөж ажилласны үр дүнд “8 ширхэг камертай 1 багц хяналтын техник хэрэгсэл” илрүүлсэн. Уг барааны тухай мэдээлэл гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтанд байгаагүй. Гаалийн тухай хуулийн 240.1.2-д амаар мэдүүлэх заалтын дагуу, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А223 тушаалаар батлагдсан журмын 2.2.8-д хамаарах “бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл” гэж үзэж Г.И-с худалдан авсан үнэ, шинэ хуучин эсэхийг тодруулаад, Гаалийн тухай хуулийн 242.1-д “Гаалийн албан тушаалтан гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гаалийн харилцаанд оролцогчоос амаар мэдүүлэг авч болно” гэсэн заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.26-д “барааг шалгах явцад мэдүүлэгчээс амаар мэдүүлэг авах, эсхүл тайлбар гаргуулж болно”, Гаалийн тухай хуулийн 274.1.2-д заагдсан “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах” гэсэн заалтыг хэрэгжүүлж, хяналтын камерын техник хэрэгслийг худалдаж авсан үнэ, шинэ хуучин эсэх, үнийн дүнгээс 15,5 хувийн татвар хэд болох талаар Г.И-с асууж тодруулан 100.000 орчим төгрөгийн татвар ногдуулж, төлөхийг шаардаж, 2019 оны А-223 тушаалын 1-д заасан “Зорчигчийн гаалийн мэдүүлгийн маягт”, Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт болох “Гаалийн бүрдүүлэлтийн хуудас”-аар хялбар байдлаар бүрдүүлэлт хийхийг зөвлөсөн. Гаалийн улсын байцаагч Л.Б нь хууль тогтоомжид заасны дагуу хийгдэх бүх ажиллагааг хийж гүйцэтгэн гаалийн бүрдүүлэлтийг хийж дуусгасан байна. Үүнд:

1. Г.И Гаалийн тухай хуулийн 55.2-д заасан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараах хэлбэрээр мэдүүлж болно”, 55.2.3-д “зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, ...тухай тус тус амаар гэсэн заалтын дагуу Америкт амьдардаг ах Х.А-ын маань хувьдаа хэрэглэж байсан эд хогшил, тэндээ гэртээ хэрэглэж байгаад нааш явуулсан хяналтын техник хэрэгсэл гэж мэдүүлж байсан.

2. Америкт амьдардаг ах Х.А нь гаалийн улсын ахлах байцаагч Г.Б руу утсаар ярьж хувийн эд хогшлоо явуулсан, бүрдүүлэлт хийх бараа байхгүй гэж мэдүүлсэн нь 2019 оны А223 тушаалаар батлагдсан журмын 2.3.2-д “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй.” заалтыг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн тул дээрх журмын 5,1, 5.11-д заасан заалтуудыг хэрэгжүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх шаардлагагүй, татвар төлөх шаардлагагүй болж автомашины гаалийн бүрдүүлэлтийг хийж дуусгасан.

3. Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б гаалийн улсын байцаагч Л.Б-д “Америкаас хүн ярилаа. Тэнд амьдардаг бөгөөд өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан эд зүйл байгаа юм гэнэ, шуурхай шийдээд явуулаарай” гэж мэдэгдсэн.

4. Гаалийн улсын ахлах байцаагч Г.Б нь Гаалийн тухай хуулийн 71.1.4-т заасан “гаалийн мэдүүлгийн дагуу бараанд гаалийн хяналт, шалгалт хийгдсэн” гэсэн заалт, 71.1.5-д “энэ хуулийн 71.1.4-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол барааг мэдүүлэгчид нь олгоно” гэх заалт, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2016 оны а/048 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарийн 9-д Гаалийн хяналтын бүсийн журам, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам, ...Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам, ...болон бусад гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, гэсэн заалтуудыг хэрэгжүүлж 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Эй Ди Эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И-ны гаалийн бүрдүүлэлтийг хууль зүйн дагуу шийдвэрлэсэн байна гэдгийг баталж гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл ахлах байцаагч олгосон байгаа нь түүнийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсныг баталсан үйлдэл байх бөгөөд хууль зүйн үндэстэй байна.

Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтаа дүгнэхдээ дээрх хууль тогтоомжийг орхигдуулсан шийдвэр гаргасан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн талаараа заагаагүй байх бөгөөд гэрч И.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тэр өдөр бид 2 зэрэгцээд сууж байсан. И гэдэг залуу масктай байсан учир царайг нь сайн мэдэхгүй байна. Б байцаагч татвар төлүүлэх зүйл яриад хоорондоо маргалдаж байсан. Татвар төлнө, төлөхгүй гэж яриад байсан. Тэгээд би ковидын үе учраас хойшоо зогс зайнаас харьц гэж хэлсэн...” гэх тодорхой мэдүүлэг, мөн гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “мөнгө нэхсэн гэдэг асуудал огт яриагүй” гэх мэдүүлэг байхад зөвхөн Г.И-ны мэдүүлэг болон түүнээс сүүлд сонссон гэх Х.Аын мэдүүлэгт үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагаа зөрчигдсөн талаар дурджээ. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг энэ хуульд заасан тохиолдолд оролцуулна” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт үзлэг хийхдээ эзэмшигчийг байлцуулна, эзэмшигч байхгүй бол хөндлөнгийн гэрч оролцуулна, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж заасан тул дээрх ажиллагааг хийхдээ хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн Г.И-тай нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч нүүрэлдүүлэн мэдүүлэг авах талаар хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн тохиолдолд хүсэлтийг хангахаар хуульчилсан. Г.И нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд тэрээр тухайн цаг хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учир нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа хийгдэх боломжгүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд Г.И-ыг цахим хэлбэрээр оролцуулж, өмнө өгсөн мэдүүлгийг тодруулсан. Мөн давж заалдах гомдолд прокурор шинжээчийн дүгнэлт байгаа гэдэг боловч хавтаст хэрэгт байдаггүй гэж дурдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр талд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн газрын шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Өмгөөлөгч Т.Золбоо давж заалдах гомдолдоо шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Б ямар хууль тогтоомж зөрчсөн талаар дурдаагүй гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 23 дугаар талд энэ талаар тодорхой бичсэн байдаг. Мөн шүүгдэгч Л.Б хахууль авах бус татвар төлөх талаар шаардсан гэсэн байна. Шийтгэх тогтоолын 25 дугаар талд энэ талаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Шийтгэх тогтоолын 18 дугаар талд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, байршлыг заасан. Мөн шүүгдэгч Л.Б-аас 2 удаа мэдүүлэг авсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн гэжээ. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дугаар талд хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэл болгоогүй талаар дурдсан байна. Өмгөөлөгч Т.Золбоо шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа шинжээчийн дүгнэлтийн талаар дурдаж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр талд шүүгдэгч Л.Б ямар хэм хэмжээг зөрчсөн талаар тодорхой дүгнэлт авагдсан байгаа. Хавтаст хэрэгт тухайн камер Х.А-ын эд зүйл бөгөөд тэрээр гадаад улсад 6 сараас дээш хугацаатайгаар зорчиж байсан талаар баримт авагдсан. Өмгөөлөгч Э.Алтан-Уяа давж заалдах гомдолдоо гэмт хэргийн шинж нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, гэрч И.Х-аас мэдүүлэг авахдаа зөвхөн тодорхой асуудлын хүрээнд хариулахыг тулгасан гэсэн байна. Мөрдөгч гэрч И.Х-аас мэдүүлэг авахдаа болсон нөхцөл байдлын талаар асуусан бөгөөд зөвхөн гадаа талбайд юу болсон талаар ярь гэж тулгаагүй. Гэрч И.Х-аас ерөнхий байдлаар мэдүүлэг авсан. Тэрээр анхны мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэх боломжтой байсан. Гэрч И.Х, Г.Б нарыг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч нараас болсон үйл явдлын талаар тодруулахад анхны мэдүүлгээсээ өөр байдлын талаар дурдсан. Анхны мэдүүлэгтээ яагаад энэ талаар дурдаагүй талаараа асуухад “биднээс энэ талаар асуугаагүй” гэж тайлбарласан. Гэрчүүдийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг хэргийн үйл баримтыг нотлох, үгүйсгэх нотлох баримт болохгүй, ач холбогдолгүй. Мөн Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлд заасныг тайлбарлаж байна. Хэдий амаар мэдүүлэг өгч болно гэж заасан ч Л.Б албаны чиг үүргийнхээ дагуу амаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаж шийдвэрлэх ёстой байсан. Шүүгдэгч Л.Б нь гаалийн хяналтын улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажилладаг байсан тусгай субъект мөн. Тухайн үед гаалийн бүсээр нэвтэрч байгаа зүйлийн арилжааны эд зүйл үү, хувийн эд зүйл үү гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Үүнийг шалгасны үндсэн дээр эд зүйлд татвар ноогдох эсэхийг тогтооно. Гэтэл Л.Б хяналт шалгалтыг гүйцэтгэх явцдаа эд зүйлийг шалгалгүйгээр хараад татвар төлнө, гэхдээ татвар төлөхгүй яаралтай шийдвэрлэх боломжтой гэж ярьсан талаар Г.И-ны мэдүүлэгт дурдагдсан. Мөн Г.И Х.А-тай ярьж Х.А ахлах байцаагчтай ярьсан нотлох баримт байгаа. Г.И анхны мэдүүлэгтээ гомдол гаргах эсэхийг Х.А-тай зөвшилцөж, хэрэв гомдол гаргавал Х.А-ын байгууллагад сөрөг үр дагавар үүсэх эсэхийг ярилцсаны үндсэн дээр гомдол гаргасан гэдгээ мэдүүлсэн бөгөөд энэ талаар Х.А мөн мэдүүлсэн. Х.А мэдүүлэгтээ Г.И-аас хувийн эд зүйл байхад татвар нэхэж байгаа талаар хэлж Х.А Г.И-д “ахлах байцаагчийнх нь дугаарыг олоод явуул, өмнө хувийн эд зүйл явуулж байсан, ийм асуудал үүсэж байгаагүй талаар хэлье” гэсэн тухайгаа дурдсан. Ахлах байцаагч Г.Б Л.Б-г дуудаж ямар эд зүйлүүд байгаа талаар болон холбогдох хяналт шалгалтаа хийж хувийн эд зүйл байвал яаралтай гарга, Х.А гэх хүн яриад байна гэсэн агуулгатай зүйлийг хэлсэн. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Б бусдаас хахууль авахаар шаардсан гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзэж байна. Авлигын эсрэг конвенцын 28.1 дүгээр зүйлд гэмт үйлдэл хийсэн этгээдийн санаа зорилгыг хийсэн үйлдлээр тогтоох боломжтой талаар заасан. Дээрхээс үзэхэд шүүгдэгчийн субьектив санаа зорилго тогтоогдсон байна. Өмгөөлөгч нарын зүгээс хэргийн хугацаатай холбоотой асуудлыг дурдлаа. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хэргийн хугацааг сунгаагүй байсан гэж тайлбарлалаа. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримтаар дээрх хугацаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгахдаа 2, 3 сараар ангилж сунгах боломжтой байдаг. Энэ агуулгын хүрээнд сунгагдсан байх боломжтой гэж үзэж байна. Мөн дээрх хугацаанд шинжээчийн дүгнэлт авагдсан гэж тайлбарласан. Уг дүгнэлт нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр авагдсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хугацаа сунгасан тогтоол хавтаст хэрэгт цаасан хэлбэрээр авагдаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа явцад тухай хугацааг сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй, хэрэгт авагдаагүй байгаа нөхцөлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 39.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй учир шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Э.Алтан-Уяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэснийг, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.1-д “...Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэл зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/... дараах барааг хамааруулна...”, 2.3-д “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ...”, 2.3.2-д “Гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан болон Монгол Улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллах иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн тавилга бусад хэрэгсэл шинэ хуучнаас үл хамааран тус бүр нэгээс дээшгүй...”, 5.1- д “...биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг болно...”, 5.11-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3.000.000 төрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт 2/-аар, 3.000.001 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасныг тус тус зөрчиж,  2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техник Импорт” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд ажиллаж байхдаа буюу Г.И-ы Америкаас оруулж ирсэн “Лексус Ар Икс 350” загварын суудлын автомашин, тус автомашин дотор байсан эд зүйлсэд гаалийн хяналт шалгалтын ажиллагаа явуулж гаалийн хилээр нэвтрүүлэхдээ автомашины дотор байсан барааг хянах, шалгах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүйгээр Г.И-с 100.000 төгрөг өгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр бараагаа аваад гар гэж хууль бусаар 100.000 төгрөг шаардсан болох нь:

гэрч Г.И-ы “...1469 дугаартай гаалийн байцаагч миний бүрдүүлэлт гаалийн хяналт шалгалт хийхээр томилогдсон. ...Контейнерыг нээхэд миний машин дотор машин явуулсан ах маань өөрсдийн эдэлж хэрэглэж байсан хуучин дэр, нэг хайрцагтай цаасан уут, нэг хуучин телевизор байсан, хүүхдийн хоол идэхдээ суудаг ширээ, хэрэглэж байсан хяналтын камер, машины наклад байсан, 9 шил вино, коньяк байсан. Гаалийн байцаагч камерыг хараад “энэ дээрээ бүрдүүлэлт хийх юм биш үү, шинэ юм биш үү, үнийг нь чи мэдэж байгаа биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би бүх эд зүйлийг задалж үзүүлээд “би явуулсан талаасаа асууя, бүрдүүлэлт хийх бол яаж хийх вэ” гэсэн, тухайн үед би тийм зүйлийг явуулсан талаар мэдээгүй байсан. Тэгээд би асуухад камерыг 499 ам.доллароор хямдралтай байхад аваад хэрэглэж байгаад наашаа явуулсан гэж хэлсэн. Энэ байдлыг гаалийн байцаагчид хэлсэн чинь 499 ам.долларын чинь татвар 15% болно хэд болохоор байна гэхээр нь би бодоод барагцаагаар 50 ам.доллар юм шиг байна гэхэд гаалийн байцаагч би бүрдүүлэлт хийгээд суувал сууна шүү дээ, бүрдүүлэлт хийхгүйгээр надад 100.000 төгрөг өгөөд энэ бараануудаа авах юм уу гэсэн. Тэгэхээр нь би Америк руу машин явуулсан ахаасаа гаалийн байцаагч надад ингэж хэллээ гэж асуусан. Тэгэхэд ах маань ахлах байцаагчийн дугаарыг нь олоод өгөөч гэж хэлсэн. ...Тэгээд манай ах маань Б байцаагчтай холбогдоод энэ байдлыг танилцуулж, нөгөө миний бараанд хяналт, шалгалт явуулсан байцаагч маань ирээд за, за чиний барааг гаргахаар болсон шүү гээд би бараагаа аваад гарсан. ...Би гаалийн улсын байцаагчаас татвар төлөх үү гэж асуусан. ...Тэгсэн чинь гаалийн улсын байцаагч татвар төлөх ёстой гэж хэлээгүй, би бол татвар төлөх ёстой юм байна гэж ойлгоод яаж татвараа төлөх вэ гэж асуух гээд байж байтал гаалийн улсын байцаагч “чи надад 100.000 төгрөг өгөөд энэ бараагаа аваад гарчих, тэгэхгүй бол бүрдүүлэлт хийнэ гээд заваарсан юм болно шүү дээ” гэж хэлсэн...” /хх 21-23, 26-27/,

гэрч Г.Б-ын “...Тэр өдөр дөнгөж ээлж солигдсон өдөр байсан. Би ажлаа хийгээд байж байхад АНУ-аас утсаар миний гар утас руу залгасан. Хаанаас яаж миний дугаарыг олсныг мэдэхгүй байна. АНУ-аас машинаа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ хууль, журмын дагуу бүрдүүлэлтээ хийгээд татвараа төлсөн байгаа, машинаа явуулахдаа би машин дотроо бага зэрэг өөрийн эдэлж хэрэглэж байсан хуучин зүйлс болон хэдэн шил вино хийсэн юм, тэгсэн танай гаалийн хяналт шалгалт хийж байгаа байцаагч чинь хүндрэл учруулаад гаргахгүй байна, энэ асуудлыг та шийдэж өгөөч ээ гэж нэлээн өндөр дуугаар нэлээн гомдоллоод ууртай байгаа мэт ярьсан. Тэгэхээр нь би тухайн бараан дээр хяналт шалгалт явуулсан гаалийн байцаагч Б-д “наад хүнийхээ асуудлыг хурдан шийдээд явуул, АНУ-аас бараа явуулсан хүн нь ярьж гомдол мэдүүлээд байна” гэж хэлсэн. Тэгээд л Б хяналт, шалгалтаа хийгээд явуулсан байх, өөр зүйлийн талаар би мэдэхгүй. ...Тэр хүн ярихдаа “танай байцаагч миний явуулсан машин дотор байсан хувийн хэрэглээний эд зүйл байгаа юм, түүнийг гаргахгүй байна” гэсэн утгатай зүйл яриад маш их ширүүн өндөр дуугаар яриад цааш нь гомдол гаргана шүү гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би тэр их ажлын дундуур Б-д “чиний хяналт шалгалт хийж байгаа АНУ-аас ирсэн машин байгаа юу, тэр машиныг явуулсан хүн нь гомдол гаргаад байна шүү, наадхаа зохих журмынх нь дагуу хурдан шийдвэрлээ л гэж хэлсэн...” /хх 28-32, 2 хх 185/,

гэрч Х.А-ын “...Г.И өөрөө АНУ-аас уг “Лексус Ар Икс 350” загварын автомашиныг дуудлага худалдаагаар худалдан аваад “Эй Ди Эс” ХХК-ийн нэрээр бүрдүүлэлт хийж, Монгол Улсад 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр импортлон оруулж ирж, Г.И өөрөө гааль дээр хүлээн авсан байгаа. Би уг автомашиныг Америк руу Г.И-д явуулахдаа өөрийнхөө хувийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг буюу 1 ширхэг “Самсунг” брэндийн 55 инчийн ажиллагаагүй, эвдэрчихсэн телевизор, буйдан маань эвдрээд ашиглахаа болиод түүний 6 ширхэг дэр байсан түүнийг, мөн би өөрийнхөө Монгол Улс дахь гэрт суурилуулж ашиглах зорилгоор худалдан авсан 1 багц хяналтын камер байсан түүнийг гэхдээ уг камерыг би хэвийн ажиллагаатай эсэхийг шалгах гээд АНУ-д задлаад хэрэглэж үзсэн байсан, өөр өөр төрлийн жимсний дарснууд буюу нийт 9 шил, тухайн автомашиных нь тормозны наклад, диск, хэрэглэж байсан хүүхдийн хөлд оруулдаг тэрэг гээд эдгээр зүйлүүдийг явуулсан. Тухайн өдөр Г.И над руу залгаад “энэ машин доторх юмнуудыг гаалийн байцаагч нь гаргадаггүй, хуучин юм гэж мэдүүлээд тайлбарлахаар тайлбар огт сонсохгүй байна, надаас чи гаалийн бүрдүүлэлт хийвэл өчнөөн мөнгө төлнө шүү дээ 100.000 төгрөг өгчих гээд нэхээд байна, яах вэ” гэж ярьсан. Тэгэхээр нь би “наад хүн чинь тайлбарлах гээд ойлгохгүй байгаа бол наад хүний чинь ажлаа яаж хийж байгааг шалгуулъя, наад байгууллагынхаа мэдээллийн самбараас юм уу ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах удирдах албан тушаалтных нь утсыг аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Г.И ахлах байцаагчийнх нь утасных нь дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би ахлах байцаагчийнх нь утас руу өөрийнхөө интернэт дугаараас залгаад өөрийгөө танилцуулаад “тэр манай машиныг шалгаж байгаа гаалийн улсын байцаагчийг ажлаа хэвийн явуулж байгаа эсэхийг шалгаад өгөөч, би машин дотор өөрийнхөө хувийн эд зүйлийг явуулсан чинь гаалийн бүрдүүлэлт хийнэ гээд гаргахгүй гээд байна, гаалийн бүрдүүлэлт хийхээр бол бид нар гаалийн бүрдүүлэлтийг хийгээд явна, гэхдээ миний хувийн эд зүйл, цөөхөн ширхэгтэй байгаа учраас гаалийн бүрдүүлэлт хийхгүй гэж ойлгож байна, гэхдээ бүрдүүлэлт хийхээр байвал хийлгээд хийхээргүй байвал хурдан шуурхай шийдээд явуулаад өгөөч” гэж хүсэлт тавьж ярьсан. Тэгсэн чинь гаалийн ахлах байцаагч нь надад “аан за ойлголоо, би ажилтай нь танилцаад зохих журмаар шийдвэрлэе” гэж хэлсэн. Тэгээд АНУ-ын цагаар шөнө байсан, би утсаар ярьчихаад унтаад өгсөн. Өглөө нь Г.И-тай холбогдоход “машинаа болон машин дотор байсан бараагаа авчихсан, гэхдээ тэр гаалийн байцаагчийн надаас 100.000 төгрөг нэхсэн асуудал нь үйлдэл нь надад таалагдахгүй байна, би үүнийг ямар нэгэн байдлаар дараагийн шатны арга хэмжээ авахгүй бол энэ байдлыг өөгшүүлмээргүй байна, компанийн нэр дээр машин оруулж ирж байгаа учраас зохих байгууллагад нь гомдол гаргаад явбал сүүлд нь компанийн байдалд нөлөөлөх үү” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “зүгээрээ, компанид бол асуудалгүй, хэрвээ чи хяналт шалгалтын газарт гомдол мэдүүлэх гэж байгаа бол чи өөрөө мэдээд шийдээ гэж хэлсэн. Миний хувьд бол “үнэхээр 100.000 төгрөг хууль бусаар нэхсэн бол түүнийг би хамгаалахгүй, буруу үйлдэл учраас чи өөрөө шийдээ” гэж түүнд хэлсэн. Тэгээд Г.И гомдол гаргаад тэр асуудал шалгагдаж байгаа. Миний хувьд бол Гааль, Татварын тухай хуулийн дагуу надад эрх байгаа гэж ойлгоод өөрийнхөө АНУ-д эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлийг тус Монгол Улсад эдэлж, хэрэглэх зорилгоор тус автомашинд хийж Монгол Улс руу илгээсэн...” /хх 43-45/,

гэрч И.Х-ын “..."Би Эй Ди Эс" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И болон гаалийн улсын байцаагч Л.Б хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар харилцаа болсон талаар мэдэхгүй байна. ... Гаалийн хяналт, шалгалтыг бол өглөө ахлахаасаа ажлын горим, зааварчилгаагаа аваад программд хуваарилагдсан аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлэг, бичиг баримтыг шалгаад тухайн бараанд биет үзлэгийг хийдэг. Биет үзлэгийг хийхдээ гаалийн хяналтын бүсийн гадаа талбайд тухайн барааны эзэнтэй хамт очиж, чингэлгийг нээгээд хяналт, шалгалтаа бичиг баримттай тулган шалгадаг. Хяналт, шалгалт явуулж буй гаалийн улсын байцаагч, шалгуулж буй үйлчлүүлэгч нарын хороонд ямар яриа, харьцаа үүсэж байгааг нөгөө гаалийн байцаагч мэдэх боломжгүй. Тэр чинь гадаа талбайд барааны эзнийг оролцуулаад, гаалийн байцаагч тус бүр өөрийнхөө үзлэг шалгалтаа хийгээд явдаг. Тийм учраас боломж байхгүй...” /2 хх 66/,

гэрч А.С-ийн “..."Би Эй Ди Эс" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И болон гаалийн улсын байцаагч Л.Б хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар харилцаа болсон талаар мэдэхгүй байна. ...Ачаа бараа авах гэж байгаа аж ахуйн нэгжийн хүмүүс татвараа төлөөд гаалийн байцаагч дээр ирнэ, гаалийн байцаагч бичиг баримтынхаа шалгалтыг хийснийхээ дараа ганцаараа өөрөө тэр бараа авах гэж байгаа хүнтэйгээ гаалийн хяналтын бүсийн гадна талбайд гарч, тэр хүнийхээ барааг шалгадаг. Шалгахдаа ганцаараа л ажилладаг. Гаалийн хяналтын бүсийн гадна талбайд гаалийн байцаагч чингэлгээ шалгаад явж байхад нэг гаалийн байцаагч нөгөө гаалийн байцаагчийнхаа шалгаж буй байдал болон бараа хүлээн авагчтай юу ярьж байгаа талаар мэдэх боломжгүй. Яагаад гэвэл талбайд гаалийн байцаагч бүр шалгалтаа тус тусдаа явуулдаг. Мөн бүгд хамтдаа гараад шалгалт явуулна гэж байхгүй...” /2 хх 68/,

шинжээч С.Т-ын "...мөрдөгчийн тогтоолын дагуу тус тогтоолд шинжээчид тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлт гаргасан. ...И-тай холбогдож, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Г.И-ы оффис болох ... дүүргийн ... дүгээр хороо, .... давхрын .... тоот өрөөнд очиж түүний гарган өгсөн, тухайн автомашин дотор байсан гэх бараанд үзлэг хийсэн. ...би үзлэгийг хийж, зураг авч тэмдэглэл хөтлөөд үзлэгийн актыг Ө.П хүлээлгэн өгсөн. Ө.П нь үзлэгийн тэмдэглэлийг үндэслээд барааны үнэлгээ болон ногдох байсан татварын хэмжээг Гаалийн тухай хууль болон бусад журамд заасан үндэслэлээр тогтоосон. ...гаалийн нэгдсэн системээс шүүж үзэхэд бүрдүүлэлт хийгээгүй байсан. Уг бараанууд нь гаалийн татвар ногдуулах бараа байсан, тийм учраас үнэлгээ хийж, ногдох татварыг тогтоосон..." /хх 96-98/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасныг бүртгэсэн тэмдэглэл /хх 8/,

Г.И /[email protected]/-тай Авлигатай тэмцэх газрын мөрдөгч И.М албан майл хаягаар харилцсан тухай мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримт /2 хх 188-190/,

Г.И-ы 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан автомашин дотор байсан бараад үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургууд /хх 14-18/,

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 60-64, 65-68/,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын шинжээчийн дүгнэлт /хх 118-119/,

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч нарын дүгнэлт /2 хх 79-80/,

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай “Албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар, Албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх 179-184/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүхээс Л.Б-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Л.Б “...мөрдөн шалгах хугацаа тасарсан, ...нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг хангасан боловч биелэгдээгүй, ...Г.И-ны мэдүүлгүүд зөрүүтэй, ...үзлэг хийх ажиллагаа хуульд нийцээгүй, шинжээч нь мөрдөгчийн тогтоолд заагаагүй буюу мөрдөгчөөс үзлэг хийлгэх эд зүйлийг шилжүүлээгүй байхад хийсэн “шинжээчийн үзлэг” хууль бус, ...Г.И-ас мөнгө нэхэж шаардсан гэмт хэрэг үйлдээгүй, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”,

түүний өмгөөлөгч Т.Золбоо “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх зөрчигдсөн, ....шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”, 

түүний Э.Алтан-Уяа “...Л.Б нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцыг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 3 дугаар зүйл /Конвенцын хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцыг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

Ингэхдээ тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон.

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул хууль ёсоор эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгох, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Л.Б нь Г.И-ы Америкаас оруулж ирсэн “Лексус Ар Икс 350” загварын суудлын автомашин, тус автомашин дотор байсан эд зүйлсэд гаалийн хяналт шалгалтын ажиллагаа явуулж гаалийн хилээр нэвтрүүлэхдээ автомашины дотор байсан барааг хянах, шалгах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу дээр дурдсан холбогдох хууль, журмын заалтуудыг тус тус зөрчиж, улмаар Г.И-аас "100.000 төгрөг өгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр бараагаа аваад гар" гэж хууль бусаар 100.000 төгрөг шаардсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Э.Алтан-Уяа нарын “...Г.И-аас мөнгө нэхэж шаардсан гэмт хэрэг үйлдээгүй, ...Г.И-ы мэдүүлгүүд зөрүүтэй, ...Л.Б нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно.", 30.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна." гэж тус тус заасан ба 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай" мөрдөгчийн тогтоол /хх 7/ гарч, мөн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр "Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай" мөрдөгчийн тогтоол /хх 10/-оор хэргийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 сараар сунгаж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын тогтоолоор  Л.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх 1/ байх тул шүүгдэгч Л.Б-ийн "...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд мөрдөн шалгах хугацаа тасарсан..." гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно." гэж заасан ба шүүгдэгч Л.Б-аас гаргасан нүүрэлдүүлж мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх боловч Г.И нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан байх тул шүүгдэгч Л.Б-ийн Г.И-аас нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх давж заалдах гомдлыг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн "Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай" тогтоолоор Ө.П, С.Т нарт тус хэрэгт шинжилгээ хийхийг даалгаж, тэдэнд эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас тогтоолдоо уг шинжилгээний объектын байршлыг шууд заасан буюу “Лексус Ар Икс 350” загварын автомашин, эд зүйл нь иргэн Г.И-д хадгалагдаж байгаа талаар тусгаж, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг үйлджээ.

Уг шинжээчийн дүгнэлтийг гаргахын тулд шинжилгээний объект болох эд зүйлд мөрдөгчийн даалгасны дагуу шинжилгээ хийх зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Лексус Ар Икс 350” загварын суудлын автомашин дотор байсан эд зүйлсэд эзэмшигч Г.И, гаалийн улсын байцаагч С.Т, Ч.Б нар нь байлцаж, шинжилгээний объекттой биет байдлаар танилцаж, гэрэл зургаар бэхжүүлж, үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэмэлт шинжилгээ хийлгэхээр эрх бүхий албан тушаалтнаас шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн /хх 118-119/, Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч нарын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн /2 хх 79-80/ шинжээчийн дүгнэлтүүд нь мөн хууль зөрчөөгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч үзлэг хийх эрхтэй бөгөөд мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ." гэж заасан бөгөөд мөрдөгч уг хэрэгт үзлэг хийхдээ /хх 14-18/ эзэмшигчийг байлцуулж хийсэн нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.  

Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дүгээр хавтаст хэргийн 33-35, 36-40 дүгээр талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй. 

  Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Э.Алтан-Уяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Э.Алтан-Уяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР    

 

   

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ