| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 003/2014/0014/З |
| Дугаар | 111/ШШ2014/0024 |
| Огноо | 2014-11-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 111/ШШ2014/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, шүүгч Ц.Сувдмаа, Ч.Оюунсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал, иргэдийн төлөөлөгч******* нарыг оролцуулан иргэн П.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нарт тус тус холбогдох Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тогтоолын 2.4 дэх заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийн 1, 2 дахь хавсралтын *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тогтоолын 2.4 дэх хэсэгт ...аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газрын ажлын тайлангуудад дүгнэлт хийж, төсвийг хуулийн дагуу төлөвлөх, үр ашигтай зарцуулах, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх бодлогыг оновчтой төлөвлөн Төсвийн байгууллагын нягтлан бодогч нарыг сэлгүүлэн ажиллуулах журмыг боловсруулан мөрдөж ажиллах тухай аймгийн Засаг даргад даалгасан тогтоол гаргасан байна. Тогтоолын дээрх заалт нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18, 19 дэх зүйлд заасан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргасан нь сонгосон ажил албан тушаалдаа тогтвор суурьшилтай ажиллах, хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчиж байна.
Аймгийн Засаг дарга ******* нь тус тогтоолын дээрх хууль бус заалтыг үндэслэн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 335 дугаар захирамж гаргасан. Энэхүү захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Засаг даргын зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн төсвийн байгууллагын нягтлан бодогч нарыг сэлгүүлэн ажиллуулах журмыг баталсан нь хуулийн үндэслэлгүй, Засаг даргын бүрэн эрхээ хэтрүүлэн эрх зүйн үндэслэлгүй журам боловсруулж, захирамж гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах талаар заасан байдаг. Төсвийн байгууллагын нягтлан бодогч нар нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил албан тушаалаа хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний албан хаагчид юм. Төрийн үйлчилгээний албан хаагчийг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасан онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд шилжүүлэн ажиллуулах тухай заасан байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга ямар ч хуулийн үндэслэлгүй эрх мэдлээ хэтрүүлэн бусдын хөдөлмөрлөх эрхэд халдаж, хууль бус илт үндэслэлгүй эрх зүйн акт гаргасан байна.
Иймд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тогтоолын 2.4 дэх заалтыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 335 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгүүлэн ажиллуулах журмыг хүчингүй болгуулах, П.Мөнх-Эрдэнийг 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор хуваарлисан 335 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* би Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тогтоолын 2.4 дэх заалтыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 335 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулах журмыг хүчингүй болгуулах, П.Мөнх-Эрдэнийг 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор хуваарлисан 335 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсгийг хэвээр үлдээж хоёр, гурав, дөрөв дэх шаардлагыг аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийн нэг, хоёр дахь захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Хяналт шалгалтын мөрөөр зохиох ажлыг сайжруулах тухай асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйл, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Сум дүүргийн хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харъяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтын баталгааг хангах, төсвийн байгууллагуудын санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нягтлан бодогчдыг байгууллага хооронд сэлгэн ажиллуулах журмыг боловсруулан мөрдөж ажиллахыг мөн өдрийн 7/4 тоот тогтоолоор аймгийн Засаг даргад үүрэг өгч ажилласан билээ.
Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага түүний удирдлагын тухай хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн баталгааг хангах үүднээс ямар ч асуудлаар шийдвэр гаргах эрх аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд байдаг тул өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх гол зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс тус тогтоолыг гаргахыг даалгасан. Нягтлан бодогчдыг сэлгэн ажиллуулах нь улсын хэмжээнд нийтлэг хэрэгжүүлж буй ажил бөгөөд төсвийн байгууллагуудын санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх талаар дэвшил болсон гэж үзэж болно.
Мөн байгууллагын төсвийн захирагч нар нь нягтлан бодогчдоо сэлгүүлэн ажиллуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурж, аймгийн Засаг даргад хүргүүлж байсан зэрэг нь дээрх үйл ажиллагаа зөв болсныг гэрчилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заажээ. Эндээс үзвэл Төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг зохицуулахдаа төрийн албаны тухай хуулийг хэрэглэж болохоор заасан байх бөгөөд төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах талаар Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байдаг тул энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ. Тиймээс төрийн албаны тухай хуульд сэлгэн ажиллуулах журмыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх зарчмын үүднээс төрийн үйлчилгээний албан хаагчид ялангуяа төсөв, санхүүтэй холбоотой ажил эрхлэдэг нягтлан бодогч нарын хувьд энэ зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой юм.
Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолд зааснаар хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т мөн хэсэгт заасан ..сэлгэн ажиллуулж.. гэдгийг албан тушаалын ангилал зэрэглэл цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно гэж заасан бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан нягтлан бодогчдын хувьд ч мөн дээрх заалттай дүйцүүлэн тавьсан зорилтын хүрээнд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлсэн, мөн адил төсвийн байгууллагад томилсноор тэдний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй болно. Мөн байгууллагын төсвийн захирагч нар нягтлан бодогчдоо сэлгүүлэн ажиллуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурж, аймгийн Засаг даргад хүргүүлж байсан зэрэг нь дээрх үйл ажиллагаа үнэн зөв болсныг гэрчилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тоот тогтоолоор аймгийн Засаг даргад үүрэг өгсний дагуу Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.6 /а/-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2014 оны 335 дугаартай захирамж гарч захирамжийн нэгдүгээр хавсралтаар аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсан.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тоот тогтоол нь Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрх хэмжээний асуудал мөн бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийг тусгайлан зохицуулсан харилцаа одоогоор байхгүй.
Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолд зааснаар хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т мөн хэсэгт заасан ...сэлгэн ажиллуулж... гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох гэж ойлгоно гэж заасан бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан нягтлан бодогчдын хувьд ч мөн дээрх заалттай дүйцүүлэн өмнө тавьсан зорилтын хүрээнд албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлж томилох ажиллагаа явагдсан.
Орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулах журам нь төрийн байгууллагуудын санхүүгийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байран дээр суралцах, мэргэжлээрээ хөрвөх чадвартай болгох тогтолцоог бий болгон дээшлүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, эзэмшил ашиглалтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд ихээхэн сайн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байна.
Мөн байгууллагын төсвийн захирагч нар нягтлан бодогчдоо сэлгүүлэн ажиллуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурж, аймгийн Засаг даргад хүргүүлж байсан зэрэг нь дээрх үйл ажиллагаа зөв болсныг гэрчилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд П.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн хувьд субъектив эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл ажлаас халаагүй. Өөр ажилд томилсон, адилхан ажилд сэлгэн ажиллуулсан. Энэ хүн өөр санаа зорилготой байгаа нь харагдаж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тогтоолын 2.4 дэх заалтыг хүчингүй болгуулах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл тухайн тогтоолд П.Мөнх-Эрдэнийн нэр орсон зүйл байхгүй. Энэ тогтоол нь нягтлангуудыг сэлгэн ажиллуулахыг Засаг даргад үүрэг болгосноос биш нягтлангуудыг хууль бусаар сэлгэн ажиллуул гэж хэлээгүй. Тэгээд ч энэ тогтоол гарснаар ******* гэдэг хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй. Энэ хүн өөр албан газар үүрэгт ажлаа хийж, цалин мөнгөө авч байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн зөрчөөгүй.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх, хууль тогтоомж, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх эрх нь байгаа. Энэ эрх үүргийнхээ дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээ гаргасан. Түүнээс хэн хаана ямар ажилд томилох талаар энэ тогтоолд дурдаагүй. Аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах талаар хоорондоо тохиролцож болно гэсэн боловч ямар нэгэн шийдэлд хүрч эвлэрэхгүй байгаа. 335 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгүүлэн ажиллуулах журмыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл энэ журмын 1 дүгээр хавсралтад ******* гэдэг нэр ороогүй байгаа. П.Мөнх-Эрдэнийг 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор хуваарлисан 335 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие ******* нь Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд нягтлан ******* нь шүүхэд нэхэмжлэл өгсний дагуу шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байна. Нягтлан бодогч нарын ажлын сэлгээ надаас шалтгаалаагүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч******* дүгнэлтдээ: Аймгийн Засаг даргын гаргасан журмын *******д холбогдох хэсгийг гэж өөрчилсөн нь зүйтэй байна. П.Мөнх-Эрдэнийг тогтвор суурьшилтай ажлын үр бүтээл гаргахад иргэний эрхийг хангаж шийдэх нь зүйтэй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны Хяналт шалгалтын мөрөөр зохиох ажлыг сайжруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 дугаартай тогтоолын 2 .4 дэх заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Тус тогтоолын 2.4 дэх хэсэгт Аймгийн мэргэжлийн хяналтын газар Аудитын газрын ажлын тайлангуудад дүгнэлт хийж төсвийг хуулийн дагуу төлөвлөх үр ашигтай зарцуулах санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх бодлогыг оновчтой төлөвлөн төсвийн байгууллагуудын нягтлан бодогчдыг шилжүүлэн ажиллуулах журмыг боловсруулан мөрдөж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргад үүрэг өгөхдөө нягтлан бодогч нарыг шилжүүлэн ажиллуулах журмыг боловсруулж , мөрдөн ажиллах үүрэг өгсөн болохоос нягтлан бодогч нарыг шилжүүлэн ажиллуулах эрхийг олгоогүй, шилжүүлэн ажиллуулах арга замыг заагаагүй, шилжүүлэн ажиллахдаа Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг зөрчиж журам гаргахыг үүрэг болгоогүй байна. Харин аймгийн Засаг дарга нь нягтлан бодогч нарыг шилжүүлэн ажиллуулах журмыг боловсруулж мөрдөн ажиллах үүрэг өгч байхад нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулах журмыг хууль зөрчин боловсруулж нягтлан бодогч нарыг хуваарь гарган сэлгэн ажиллуулсан нь буруу байна .
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг дарга Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтаар аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулах журам боловсруулсан байх бөгөөд энэ журмаар аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгэн ажиллуулах үр дагаврыг бий болгожээ. Журмыг боловсруулахдаа нийт нягтлан бодогч нарыг хэрхэн сэлгэн ажиллуулах тухай зааж өгсөн болохоос тухайлан нэр заагаагүй байх тул нэхэмжлэгч *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай захирамжийн 2 дахь хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай захирамжийг гаргахдаа хуулийн заалт хэрэглээгүй нь буруу байна.
Нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийн эрхэлж байсан Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар үйлчилгээний албан тушаал мөн байна. ******* нь төрийн үйлчилгээний албан тушаалтан болох нь *******гийн нэрэмжит Номгон ахлах сургуулийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар Сургуулийн санхүүч ажиллуулах тухай тушаал болон 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр П.Мөнх-Эрдэнийн Номгон ахлах сургуулийн ерөнхий менежер *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Аймгийн Засаг даргын эдлэх бүрэн эрхийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай захирамжийн 2 дугаар хавсралтаар Номгон ахлах сургуулийн нягтлан бодогч П.Мөнх-Эрдэнийг 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах хуваарь гаргаж сэлгэн ажиллуулсан нь хуулинд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн байна. Энэ нь Баянхонгор аймгийн *******гийн нэрэмжит Номгон ахлах сургуулийн захирлын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дугаар Нягтлан бодогчийг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалаар тогтоогдож байна. Төрийн үйлчилгээний албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулах эрх бүхий албан тушаалтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дугаар зүйлд төрийн үйлчилгээний албан тушаалтныг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар тодорхой зааж өгсөн байх бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулах журам боловсруулах болон шилжүүлэн ажиллуулахдаа энэ хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй байжээ.
Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийг 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулах болсон талаараа мэдэгдээгүй П.Мөнх-Эрдэнийн саналыг аваагүй болох нь 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Аймгийн Засаг даргын тамгын газрын ирсэн явуулсан бичгийн бүртгэлд П.Мөнх-Эрдэнийг 3 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор сэлгэн ажиллуулах болсонтой холбогдуулан *******д явуулсан албан бичиг байхгүй, *******эс аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн албан бичгүүд байхгүй тухай үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....мөн байгууллагын төсвийн захирагч нар нягтлан бодогчдоо сэлгүүлэн ажиллуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурж, аймгийн Засаг даргад хүргүүлж байсан зэрэг нь дээрх үйл ажиллагаа үнэн зөв болсныг гэрчилж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны Хяналт шалгалтын мөрөөр зохиох ажлыг сайжруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 дугаартай тогтоолын 2.4 дэх заалтад нягтлан бодогч нарыг шилжүүлэн ажиллуулах журмыг боловсруулахыг үүрэг болгосон байхад аймгийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэхдээ сэлгэн ажиллуулах журмыг хууль зөрчиж боловсруулсан байгааг дурьдах нь зүйтэй байна.
Аймгийн Засаг даргын Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаартай захирамжийн 2 дахь заалтад нягтлан бодогч нарыг гаргаж сэлгэн ажиллуулахдаа 21-22 өдрүүдэд сэлгэн ажиллуулсугай гэж заасан байх бөгөөд энэ нь нягтлан бодогч нарыг 2 өдөр сэлгэн ажиллуулахаар захирамж гаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8, 72 дугаар зүйлийн 72.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 30.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг баримтлан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/4 тогтоолын 2.4 дэх заалт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийн нэг дүгээр хавсралтаар батлагдсан Аймгийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг сэлгүүлэн ажиллуулах журам -ыг тус тус хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай 335 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т зааснаар П.Мөнх-Эрдэнийг Номгон ахлах сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус тус 17550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ц.СУВДМАА
Ч.ОЮУНСАЙХАН