Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00317

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00317

 

 

БНХАУ-ын иргэн БСЮЛ-,

ЛКФ-, ЖШВ- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/03035 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ-, ЛКФ-, ЖШВ- нарын хариуцагч ТМ ХХК, Б.М- нарт холбогдуулан гаргасан ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч нарын өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНХАУ-ын иргэн Б.Соёл нь Монгол Улсын иргэн Д.Б-тэй гэр бүл бөгөөд 1997 оноос хойш Монгол Улсад цагаачлалын визтэйгээр албан ёсоор амьдарч байна. Тэрээр 2015 онд Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Гянтболдын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлаж байгааг мэдээд өөрийн найз БНХАУ-ын иргэн ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нарт мэдэгдсэнээр боломжтой гэвэл сонгон шалгаруулалтад хамтарч оролцъё гэж шийдвэрлэсэн. Гэхдээ Монгол хүний туслалцаа хэрэг болох байх, бас хувь хүнийхээ хувьд түшиг болох байх гэж бодсоны үндсэн дээр Ховд аймгийн Булган сумын харьяат өөрийн хуучин танил Б.М-тэй уулзаж, улмаар бидний ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллах санал тавьсан. ЛКФ- /Liu Quan Fu/ газар дээр нь ирж мэргэжлийн хүний хувьд нинжа нарын гаргасан Гянтболдын чанар байдлыг үзээд боломжийн байна, хамтарч ажиллая гэж зөвшөөрсөн ба бид Улаанбаатарт хотод ирж Б.М-тэй уулзаад дараах асуудлыг ярилцаж тохиролцсон. Үүнд, БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нар нийлж дөрвүүлээ хамтарсан компани байгуулах, хамтарсан компанийг байгуулахдаа БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нар нийт 75 хувийг эзэмших, Б.М-д Монголын талын бүх ажил, асуудлыг хариуцаад үнэнч шударгаар ажиллахыг даалгаж, түүний хөдөлмөрийн оролцоог үнэлж компанийн хувьцааны 25 хувийг эзэмшүүлэх, БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нар дундаасаа хамтарч хөрөнгө, мөнгөө нийлүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцох, уурхайн хайгуул, ашиглалтад эн тэргүүнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгийг бид гурав санхүүжүүлэх, сонгон шалгаруулалт болон компанийн үйл ажиллагааны эхлэх явцад Б.М-өөс мөнгө гаргуулахгүй, харин компанийг үнэнч шударгаар сайн ажиллуулах үүргийг хариуцуулахаар тохиролцсон. Хамтарсан компани байгуулах ажилдаа оръё гэтэл Б.М- нь сонгон шалгаруулалтад шинэ компани оролцуулаад ялахгүй, техник хангамж сайтай, мэргэжлийн багтай, олон жилийн түүхтэй, туршлагатай компанийг шалгаруулдаг тул тийм компанийг би олъё, сонгон шалгаруулалтад шалгарвал дөрвөн хүний хувь оролцоотойгоор өмнөх тохиролцсоноороо шинэ компаниа байгуулаад тусгай зөвшөөрлөө тэр компанийнхаа нэр дээр шилжүүлэн авъя гэж хэлэхэд нь бид зөвшөөрсөн. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газраас зарласан хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад Б.М-ийн хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн Литолог ХХК-ийн нэрээр оролцон сонгон шалгаруулалтад шалгарсан. Ийнхүү шалгарснаар Ашигт малтмалын газраас Литолог ХХК-ийн нэр дээр ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 736 000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд 3 000 000 төгрөг, сонгон шалгаруулалтын үнийн санал 1 050 000 000 төгрөг, хамтарсан компани байгуулах, үйл ажиллагаа эхлүүлэхэд зориулж 81 264 000 төгрөг, бүгд 1 135 810 600 төгрөгийг бид дундаасаа тэнцүүлэн гаргаж Б.М-ийн болон түүний эхнэр Х.Уранчимэгийн дансанд шилжүүлсэн. Үүний дараа бид хайгуулын ажлаа эхлэн улмаар хайгуулын ажлын бүхий л зардлыг бид нар хуваан гаргаж байсан ба улмаар 2017 оны эхээр хайгуулын тусгай зөвшөөрлөө ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар хөөцөлдөх үед 1 800 000 000 төгрөгийн техник, тоног төхөөрөмж, мөнгөн хөрөнгийг компанид оруулсан бөгөөд энэ бүгд баримтаар нотлогдоно. Ингэснээр бидний сонгон шалгаруулалтаар авсан тусгай зөвшөөрлийг ТМ ХХК-д шилжүүлэн тус компанийн нэр дээр гаргуулж авсан үеэс эхлэн Б.М- нь биднийг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхгүй, санхүүгийн мэдээллээ нуун дарагдуулж, компанийн ашгаас хувь хүртэх боломжгүй болгох үйлдэл гаргаж, тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхийг хохироож байна. Иймд Монгол Улсын хуулийн этгээд болох ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ТМ ХХК-ийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Ц- анх үүсгэн байгуулсан бөгөөд Д.Ц- нь тухайн үед энэ компанийн үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч, захирлаар нь ажиллаж байсан. ТМ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 тоот тогтоолоор компанийн хувьцааны 95 хувийг иргэн Б.М-д шилжүүлэх, хувьцаа эзэмшигч Д.Ц-ийг ТМ ХХК-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Б.М-ийг тус компанийн захирлын албан тушаалд томилж, тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын дагуу ТМ ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг Д.Ц-, Б.М- нар өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулан нотариатаар батлуулж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд Б.М- нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ТМ ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирлаар ажиллаж байна. ТМ ХХК болон хувьцаа эзэмшигч Б.М- нь БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нарт компанийн хувьцааны 75 хувийг шилжүүлэх тухай тохироо хийж байгаагүй бөгөөд ийм үйл явдал болоогүй. 2015 оны 10 дугаар сард БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нар нараас тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан нь үнэн бөгөөд энэхүү мөнгийг 2018 оны 3-10 сарын хооронд буцаан төлсөн. Дээрх төлбөрийг буцааж төлөхдөө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрладаг Найман шарга валютын төв дээр БНХАУ руу гуйвуулга хийдэг иргэн Т.Д-гаар дамжуулан БНХАУ-ын иргэн ЖШВ- /Jia Xiao Wen/-д 2 110 000 юань, БНХАУ-ын иргэн ЛКФ- /Liu Quan Fu/-д 400 000 юань, ЖШВ- /Jia Xiao Wen/-ий хүү Ян Фэнгли/ Yan Fengli/-гийн дансанд 200 000 юань, Хан Лианг Чао /Han Liang Chao/-гийн дансанд мөн 200 000 юань, Ли Шиули /Li Xiuli /-гийн дансанд мөн 200 000 юань шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэн Б.М- нь БНХАУ-ын иргэдэд 3 205 071 юань буюу тухайн үеийн юаний дундаж ханш 370 төгрөг гэж тооцвол 1 185 876 270 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЖШВ-д Ховд аймгийн Булган сумын хилийн боомтоор 308 890 000 төгрөгийн малын махыг БНХАУ-ын иргэн Ингагаар дамжуулан өгсөн болно. Ингэснээр нийт 1 494 766 270 төгрөгийг буцааж төлсөн. Одоо энэ иргэдэд төлөх ямар нэг өр төлбөр байхгүй. Бид БНХАУ-ын иргэдийн дансанд мөнгө шилжүүлэхдээ иргэн Т.Д-гийн өөрийн данс руу монгол төгрөг шилжүүлж, Т.Д- нь цаашаа юаниар бодож гуйвуулга хийж, ингэж гуйвуулга хийсэн баримтаа ТМ ХХК-ийн албан тушаалтан нарын утсаар мэйл ирүүлдэг байсан. Энэхүү ирүүлсэн мэйлийг хэвлүүлэн баталгаат орчуулгаар орчуулж Т.Д-гийн дансанд шилжүүлсэн мөнгөний баримтын хамт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.Соёл нь 2015 оны 10 дугаар сард мөнгө шилжүүлэх үедээ компанийн 75 хувийг БНХАУ-ын иргэдэд шилжүүлнэ гэж тохирсон утгатай зүйл бичсэн байна. Гэтэл энэ үед ТМ ХХК нь иргэн Б.Цоггэрэлийн 100 хувийн эзэмшилд байсан бөгөөд бусдын эзэмшилд байсан компанийн хувьцааг Б.М- нь гадаад улсын иргэдэд эзэмшүүлнэ гэж тохирох ямар ч боломж байхгүй. Үнэхээр БНХАУ-ын иргэдэд ямар нэг компанийн 75 хувийг эзэмшихээр тохирсон бол энэхүү тохироо болсон гэх 2015 оноос хойш 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ хүн бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргаж байгааг нотлох болно. Ер нь гадаад улсын иргэдээс хөрөнгө оруулалт татаж хуулийн этгээд байгуулахаар бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын газраас гэрчилгээ олгодог бөгөөд бидний хувьд бусдаас хөрөнгө оруулалт бус тодорхой хэмжээний мөнгө зээлээд тухайн мөнгөө буцааж төлсөн, энэ хүмүүсээс мөнгө зээлснээс хойш хоёр жилийн дараа тухайн мөнгөө буцааж төлсөн. Энэ хүмүүсээс мөнгө зээлснээс хойш хоёр жилийн дараа Монгол улсын иргэний 100 хувь эзэмшиж байсан хуулийн этгээдийн 95 хувийг худалдан авч гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. ТМ ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц- нь уурхайн даргаар ажиллаж байх явцдаа ажлын байран дээрээ архи уусан шалтгаанаар ажлаасаа халагдсан. Б.М-тэй холбогдож байсан хятадуудтай холбогдож, энэ компанийг та нарт авч өгье гээд 2019 оны намраас цагдаагийн байгууллагад хөрөнгө оруулсан мөнгийг залилуулсан тухай гомдол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхэд өөрийн хувьцааны асуудлаар тус тус нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нарт ТМ ХХК-ийн хувьцааны 75 хувийг шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Уi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Xiao Wen/ нарын хариуцагч Б.М-, ТМ ХХК-д холбогдох ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус бүр компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 890 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Соёлоос ТМ ХХК-ийн 75 %-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд аливаа байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, ихэсгэж багасгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр БНХАУ-ын иргэн ЛКФ-, ЖШВ- нар оролцож тус бүрдээ ТМ ХХК-ийн 25%-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс иргэний хэрэгт дүгнэлт өгөхдөө нэхэмжлэгч нар тус бүрдээ ТМ ХХК-ийн 25%-ийн хувьцааг эзэмшихээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэтээр өрөөсгөл дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.

ТМ ХХК-ийн 5%-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц- тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх эрх ашиг нь хөндөгдөхгүй гэх үндэслэл зааж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Соёл ТМ ХХК- ийн 75%, ЛКФ-, ЖШВ- нар оролцож тус бүрдээ 25%-ийг эзэмшихээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх анхаараагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд /нийт 125%/ ТМ ХХК-ийн хувьцааг хэрхэн хуваах, Д.Ц-ийн 5%-ийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг тодруулаагүй, түүний эрх ашиг хөндөгдөхөөр байгааг шүүх анхаараагүй гэж үзэж байна.

Шүүх хуралдаан эхлэх явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас тус иргэний хэрэгтэй хамааралтай асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарласан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай талаар хэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүсч болзошгүй эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд уг асуудал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдах ёстой гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бичгийн хэлбэрээр гараагүй, тэмдэглэлийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, хуульд заасан үндэслэлээр засвар оруулах эрхээр хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн.

Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлт гаргах шатанд гаргаагүй гэх үндэслэл зааж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мөн л хуулиар тогтоосон журмаа зөрчсөн гэж үзэж байна. Гэвч шүүгчээс татгалзсан асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийг хуульд заасан үндэслэлээр гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ- /Bing Suo Yi Li/, ЛКФ- /Liu Quan Fu/, ЖШВ- /Jia Hiao Wen/ нар нь хариуцагч ТМ ХХК, Б.М- нарт холбогдуулан ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч болон тус бүр 25 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 онд Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газар орших 407.99 гектар талбай бүхий Гянтболдын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлах болсныг мэдээд хамтарсан компани байгуулж сонгон шалгаруулалтад оролцох, ингэхдээ компанид тус бүр 25 хувийн хувьцаа эзэмших, 3 иргэн хамтарч хөрөнгө, мөнгөө нийлүүлэн уурхайн хайгуул, ашиглалтад нэн тэргүүнд шаардлагатай техник тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, Б.М- нь сонгон шалгаруулалт болон компанийн үйл ажиллагааг удирдан, үнэнч шударгаар ажиллах үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нартай дээрх тохиролцоог хийж байгаагүй, талуудын хооронд компани байгуулах гэрээ байгуулагдаагүй, харин мөнгөн хөрөнгийг зээлж ашигласнаа буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзан, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч ТМ ХХК нь Монгол Улсын иргэн Д.Ц-ийн үүсгэн байгуулснаар анх 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-, нэхэмжлэгч Б.М- нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 10 200 ширхэг хувьцааны 95 хувь болох 969 000 төгрөгийн үнэ бүхий, 9690 ширхэг хувьцааг худалдаж, хувьцаанд ногдох эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлсэн, компанийн дүрмийн өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийг өөрчлөн бүртгэсэн бүртгэл хийгдсэн талаарх гэрээ, лавлагаа хэрэгт баримтаар авагдсан, ТМ ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч Б.М- нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байна.

/хх41-43, 115-116/

 

ТМ ХХК-д Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Алтай сумын Богоч нэртэй газар орших 407,99 гектар талбай бүхий Гянтболдын уурхайд ашигт малтмал ашиглах MV -020930 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2047 оны 9 дүгээр сарын 28-ныг хүртэлх хугацаатайгаар олгосон байна. /хх-38, 39/

 

Нэхэмжлэгч нар нь ТМ ХХК-ийг 2015 онд хамтран үүсгэн байгуулсан, компанийн 75 хувийн хувьцааг 3 иргэн тус бүр 25 хувиар эзэмших эрхтэй гэж шаардсан ч үүнтэй холбоотой аливаа гэрээ, хэлцлийг байгуулсан, компанийг үүсгэн байгуулсан талаарх үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, компанийн дүрэм, компани үүсгэн байгуулахад гаргасан зардлыг нөхөн олгох журмыг тогтоосон зэрэг нэхэмжлэлийн үндэслэлд хамааралтай, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсан гэх болон Компанийн тухай хуулийн 12-16 дугаар зүйлд зааснаар компанийг хамтран ажиллах зорилгоор үүсгэн байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

ТМ ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж дүгнэж, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчихгүй.

 

Мөн хэрэгт тус иргэний хэрэгт хамааралтай асуудлаар цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаарх баримт авагдаагүй ба зохигчид өөрөө гаргах боломжтой баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүсч болзошгүйг тодруулаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

Мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд шүүгчээс татгалзах эсэхийг асуухад хэргийн оролцогчид хэн аль нь татгалзалгүй гэжээ. Хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор татгалзсаныг шүүгч Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дугаар зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зөрчихгүй бөгөөд хэргийн оролцогчийг хуульд заасан үндэслэлээр гомдол гаргах эрхээр хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг иргэний хэрэгт хамааралтай асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлж байгаа талаар шүүхэд тайлбар гаргасан боловч энэ талаарх шүүхэд гаргаагүй байх бөгөөд өөрт холбоотой асуудлаар цагдаад гомдол гаргасан бол холбогдох нотлох баримтыг олж авах боломжтой. Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гараагүй болон тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах талаар хүсэлт гаргасан баримтгүй, шүүх хүсэлт гаргасныг хангаагүй, эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, тэмдэглэлийг танилцуулаагүй, засвар оруулах эрхээр хангаагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн БСЮЛ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/03035 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ