Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 318/ШШ2025/00068

 

 

 

 

 

 

          2025        01          28                                      318/ШШ2025/00068

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би нэхэмжлэгч ... хот, .... дүүрэг, ... дүгээр хороо, ...., ... цогцолборт байрлах, М корпораци ХХК (регистрийн дугаар: ....)-иас гаргасан хариуцагч ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар: ...., Б ургийн овогт Н-ийн Өт холбогдох, зээлээр худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1’434’495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал К к “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл"”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43601868 тоот гэрээ байгуулан .... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung A34, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 10 дугаар сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1’190’750 төгрөг, торгуулийн үлдэгдэл 86’600 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 157’145 төгрөг буюу нийт 1’434’495 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Ө дээрх нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “Миний бие 2023 оны 06 дугаар сард М корпораци ХХК-ийн Увс аймаг дахь салбараас Samsung A-34 загварын гар утас лизингээр худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл гэж байгааг, ар гэрийн гачигдлыг харгалзан үзэж 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1’434’495 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үүгэх хариу тайлбар гаргасан байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М дээрх хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад “Хариуцагч Н.Ө нь гар утас зээлээр худалдан авсан бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1’434’495 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М корпораци ХХК нь хариуцагч Н.Ө-т холбогдох, зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1’434’495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор:

- Улсын тэмдэгтийн хураамжид 37903 төгрөг төлснийг нотолсон Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт;

- Нэхэмжлэгч М корпораци ХХК-иас тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.М-г томилсон албан бичиг;

- K овогтой K-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн гэх М корпораци гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

- Нэхэмжлэгч М корпораци ХХК болон хариуцагч Н.Ө нарын хооронд байгуулсан 43601868 дугаартай үйлчилгээний гэрээний хуулбар;

- Нэхэмжлэгч М корпораци ХХК болон хариуцагч Н.Ө нарын хооронд байгуулсан 43601868 дугаартай гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар;

- Харилцагчийн гүйлгээний хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1’434’495 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Иймд хариуцагч Н.Ө нь нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Н.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37903 төгрөгийн тал хувь болох 18951.5 төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18951.5 төгрөгийг, хариуцагч Н.Өаас 18951.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М корпораци ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1’434’495 (нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Н.Ө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18951.5 төгрөгийг, хариуцагч Н.Ө-аас 18951.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М корпораци ХХК-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 18951.5 төгрөгийг Төрийн санд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХЗАЯА