Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00068

 

 

 

 

 

 


 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суудаг, утас **********, Х.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө     сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ********* дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас ***********)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын тэтгэмжийн тогтоолт, олголтын байцаагч Х.Е-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.Б нь шүүхэд гаргасан хүсэлтэд Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Х.Б насаараа Б аймгийн А сумын 4-р багт оршин сууж амьдарч байгаа хүн юм. Х.Б нь Б аймгийн А сумын "Я" нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчин байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн А сумын "Я" нэгдлийн даргын 26 дугаартай тушаалаар илгээлтийн эзнээр гаргасан. Улмаар 1987 онд цэрэгт явж, 1989 оны 10 сард халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал А сумын "Я" нэгдэлд малчнаар ажилласан. Малчин Х. Бы нэгдэлд малчнаар чөлөөлсөн тус аймгийн Архивын тасгаас гарахгүй байгаа тул тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.2.Анх илгээлтээр Б аймгийн А сумын "Я" нэгдэлд малчнаар томилогдсон тушаал аймгийн архивд байгаа боловч чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна. Мөн ажиллаж байх хугацаандаа цалин хөлс, урамшуулал авч байсан талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. ХААТР маягтад А сумын "Я" нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар бүртгэгдсэн байна.

Иймд малчин Х.Бы Б аймгийн А сумын "Я" нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай Ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт, Б аймгийн А сумын Я нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20/40 дугаартай тогтоол хавсралтын хамт, Б аймгийн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1984 оны, 1985 оны, 1986 оны,1990 оны, 1991 оны, 1992 оны баримт, Батлан хамгаалах төв архивын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1536 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн НДД №А ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №*********** дугаартай Баталгаажилтын хуудас, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай архивын лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/50 дугаар албан бичгээр Х.Б болон түүний эхнэр, 1984-1992 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Х.Бы хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Х.Б дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Б 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн А сумын "Я" нэгдлийн даргын 26 дугаартай тушаалаар илгээлтийн эзнээр гаргасан. Улмаар 1987 онд цэрэгт явж, 1989 оны 10 сард халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал А сумын "Я" нэгдэлд малчнаар ажилласан. Малчин Х. Бы нэгдэлд малчнаар чөлөөлсөн тус аймгийн Архивын тасгаас гарахгүй байгаа тул тэрээр малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд Х.Бы Б аймгийн А сумын "Я" нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг дуустал малчин байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар...1984 онд бүрэн дунд ба бүрэн бус дунд сургуулийг төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө аж ахуйд хуваарилагдсан охид хөвгүүдийг тушаалын хавсралт ёсоор тус тус томилон ажиллуулсан байна.

Энэхүү өгсөн Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай тушаалын хавсралт 1984 оны МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д томилолтоор ирсэн охид хөвгүүдийг ажилд томилсон тухай жагсаалт-ын 3.Хавайн Бүрхитхан, нас-16, хүйс-эм, томилолтын дугаар №01320, Харнуур хэсэгт хоньчноор ажилд томилон байна.

6.2.Б аймгийн А сумын Я нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20/40 дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоолоор ... 1984 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч одоо жинхэнэ үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа охид хөвгүүдэд тогтоолын хавсралт ёсоор хүн тус бүрд нь 300 төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Энэхүү Б аймгийн А сумын Я нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20/40 дугаартай тогтоолын нэрсийн жагсаалтын 3-д: Х-н Б, томилолтын дугаар-01320, ажилд томилсон даргын тушаал 26-р, эрхэлдэг ажил- хоньчин, олгосон тэтгэмж- 300 гэж бичигдсэн байна.

6.3.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1984 оны баримтаар Х, З, Б, Т.А нар 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

Мөн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1985 оны, 1986 оны баримтаар Х, З, Б, Т.А нар 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

Мөн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1991 оны баримтад Хаб.Б, төл.А, Хаб.М, Т.Ү нар 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

Мөн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1992 оны баримтад Х.Б, Т.А, Х.М, Т.Ү нар 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

6.4.Хүсэлт гаргагч Х Б 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь Батлан хамгаалах төв архивын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1536 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-аар нотлогдож байна.

6.5.Хүсэлт гаргагч Х.Б нь 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төлегений Ахрабитэй гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Гэрлэсний бүртгэлийн лавлагаа-аар нотлогдож байна.

6.6.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/50 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Б 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №23 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: Я нэгдэл; ажилд орсон: 1986 он; эрхэлдэг ажил: хоньчин гэж, мөн 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №0040 буюу ХААТР-15 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: Я нэгдэлд хоньчин гэж, мөн Х.Бы 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Аманкелдийн Төрсний бүртгэх анкет-ийн 11-д эцэг нь Х Б, ажилладаг байгууллага: Я нэгдэл, эрхэлдэг ажил: хоньчин гэж бичигдсэн байна.

6.7.Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус хэлтсийн архивд А сумын Я нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991, 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.

6.8.Хүсэлт гаргагч Х.Б нь №*********** дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

7.Хүсэлт гаргагч Х.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Бы Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан болох нь нотлогдож байгаа тул энэхүү ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Б Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК