Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00070

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын ** дүгээр багт оршин суудаг, утас *********, Х.Б;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *********** дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас *************);

Хүсэлтийн шаардлага: Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газарт хяналт шалгалтын байцаагч ажилтай Б.Р,

Орчуулагч Т.Хуаныш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.Б Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилласан байдлаа тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие 1965 онд төрсөн, 59 настай, 3 дугаар анги төгссөн бага боловсролтой, цэргийн алба хаагаагүй, сонсгол муу тул тухайн үед надтай зөвхөн цаасанд бичиж, ойлголцдог байлаа. Одоо сонсголын аппарат зүүдэг, хагас дутуу ойлгодог. Ойлгоогүй зүйлийг, хэлж чадаагүй үгийг маань эхнэрээр дамжуулан хэлдэг байлаа.

Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Х аймгийн Х сумын Т нэгдэлд малчдад тусалж, хашаа бригадад , хашаа, хороо барьж, хадлан хадаж туслах ажилтнаар ажилласан. Миний хувьд Х аймгийн Х сумын "Т" нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болохоос газар ухаж, Тгийн ажил хийж байгаагүй ба 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулалтын элсэлтээр Д аймгийн Х-ын сангийн аж ахуйд шилжихээр болж ажлаас чөлөөлөгдсөн.

1.2.Тэгээд Д аймгийн Х-ын сангийн аж ахуйд малчнаар 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байгаад төрсөн нутаг Б аймгийн Д суманд буцаан шүүж ирээд Д сумын О нэгдэлд малчнаар 1991 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Энэхүү ажилласан байдал Хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж тамга дарж баталгаажсан.

1.3.Миний бие 2016 онд Б аймгийн Өлгий сумын төвд нүүж ирсэн, түүнээс хойш одоо хүртэл Өлгийд амьдарч байна. Эхнэр маань нас барсан, ганц хүүхэд маань хотод ажил хийж байгаа. Тийм учраас би одоо ганцаараа амьдарч байна. Миний бие энэ жил өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж Х аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хандахад Х аймгийн Х сумын Т нэгдлийн 5 дугаар бригадын 1981, 1983-1986 онуудын 70 дугаар дансны баримт гарч, 1982 оны баримт архивд шилжүүлээгүй тул лавлагаа авах боломжгүй болсон. Дараа нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт хандахад Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас миний 1991 оны баримт гарсан боловч 1992 оны баримт гараагүй юм.

1.4.Миний бие архиваас гаргуулж авсан материалуудыг Нийгмийн даатгалын газарт хянуулахад зарим жилийн материалууд дутуу, Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдээгүй учир холбогдох нотлох баримтуудаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

2.1.Хавтаст хэрэгтээ танилцаад 1981 оны аймгийн архиваас ирүүлсэн лавлагааг харахад, 1981 оны 10,11 дүгээр буюу 2 сар ажилласан болох нь харагдаж байна. 1982 он ажилласан болох нь ерөөсөө нотлогдохгүй байна. Харин 1983-1984 онуудад ажилласан нь илт байна. 1985 оноос 9,10 дугаар саруудад ажилласан нь нотлогддог. Мөн 1986 онд нийтдээ 56 хоног ажилласан гэж тооцоолсон архивын лавлагаа гарч байгаа.

2.2.Хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэрт малчин хэмээн тусгагдсан боловч ХААТР маягтад тракторчийн гэж тусгагдсан байдаг. Мөн хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн үеийн хөдөлмөрийн дэвтэр биш болов уу гэж бодож байна. Учир нь, тухайн нэгдлийн хөдөлмөрийн дэвтэр нь том дэвтэр байх ёстой. Тэгэхээр Хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа дэвтэр гэж дүгнэж байна. Харин Д сумын "О" нэгдлийн 1991 оны шимтгэл төлөгдсөн боловч 1992 оны шимтгэл нь төлөгдөөгүй байна. Тэгэхээр тэр хугацаандаа хүсэлт гаргагч ажилласан гэж тогтоох боломжгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа гэж заасан гэв.

3.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2025 дугаар архивын лавлагаа, Х аймгийн Х сумын 5 дугаар бригадын 1981, 1983-1986 оны 70 дугаар дансны баримтын хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Д сумын О нэгдлийн 1991 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтын хуулбар, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 020700050 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/53 дугаар албан бичгээр Х.Б болон түүний эхнэрийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагын заримыг хангаж зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч Х.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилласан боловч архиваас гаргуулж авсан материалуудыг Нийгмийн даатгалын газарт хянуулахад зарим жилийн материалууд дутуу, Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдээгүй учир холбогдох нотлох баримтуудаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 1981 оны аймгийн архиваас ирүүлсэн лавлагааг харахад, 1981 оны 10,11 дүгээр буюу 2 сар ажилласан болох нь харагдаж байна. 1982 он ажилласан болох нь ерөөсөө нотлогдохгүй байна. Харин 1983-1984 онуудад ажилласан нь илт байна. 1985 оноос 9,10 дугаар саруудад ажилласан нь нотлогддог. Мөн 1986 онд нийтдээ 56 хоног ажилласан гэж тооцоолсон архивын лавлагаа гарч байгаа. Хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэрт малчин хэмээн тусгагдсан боловч ХААТР маягтад тракторчийн гэж тусгагдсан байдаг. Мөн хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн үеийн хөдөлмөрийн дэвтэр биш болов уу гэж бодож байна. Д сумын "О" нэгдлийн 1991 оны шимтгэл төлөгдсөн боловч 1992 оны шимтгэл нь төлөгдөөгүй байна. Тэгэхээр тэр хугацаандаа хүсэлт гаргагч ажилласан гэж тогтоох боломжгүй.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Х аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2025 дугаар архивын лавлагаанд: Х аймгийн Х сумын 5 дугаар бригадын 1981, 1983-1986 оны 70 дугаар дансны эх баримтаас хуулбарлан хүргүүлэв. Мөн сумын 1982 оны баримт тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Хавлен овогтой Бад лавлагаа олгох боломжгүй болно гэсэн байна.

Энэхүү Х аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргэсэн Х аймгийн Х сумын Т нэгдлийн 5 дугаар бригадын 1981 оны 70 дугаар данс баримтаар дагаар ирсэн Б 10, 11 дүгээр сард болон жилийн эцсээр 33-р цалин хөлс авч байсан нь, мөн Х аймгийн Х сумын 5 дугаар бригадын 1983 оны нэгдлийн 70 дугаар данс баримтаар Хавлен Б 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, мөн Х аймгийн Х сумын 5 дугаар бригадын 1984 оны нэгдлийн 70 дугаар данс баримтаар Х.Б 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, Х аймгийн Х сумын 5 дугаар бригадын 1985 оны нэгдлийн 70 дугаар данс баримтаар Х.Б 09-11 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, мөн Х аймгийн Х сумын 5 дугаар бригадын 1986 оны нэгдлийн 70 дугаар данс баримтаар Х.Б 02-07 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь тус тус тогтоогдож байна.

8.2.Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Д сумын О нэгдлийн 1991 оны 70 дугаар дансны баримтаар Шакерия, С.Ханай, Х.Б, Ш.Марат нар 2-10 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь тогтоогдож байна.

8.3.Хүсэлт гаргагч Х.Бын 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн эхний хуудсанд Кавлан овогтой Б, дунд боловсролтой гэж бичиж, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Халын голын САА-н даргын гарын үсэгтэй, Д аймгийн Г.К.Жуховын нэрэмжит Х- сумын Сангийн аж ахуйн тамгыг дарж баталгаажуулсан №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ-нд Халхын голын САА-н даргын 1986 оны 8 дугаар сарын 27-ны 210 тоот тушаалаар 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Х аймгийн зохион байгуулалттай элсэлтээр ирсэн тул малчин төлчнөөр авч ажиллуулав гэж, мөн Д аймгийн Х-ын сангийн аж ахуйн даргын 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 94 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр орон нутагт шилжих болсон тул ажлаас чөлөөлөв гэж тус тус тэмдэглэн бичиж Д аймгийн Г.К.Жуховын нэрэмжит Х- сумын Сангийн аж ахуйн тамгыг дарж баталгаажуулсан байна.

Энэхүү хүсэлт гаргагч Х.Бын №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн 6-7 дугаар хуудасны Ажлын тухай мэдээ-нд 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдөр О нэгдлийн 2-р хэсэгт малчнаар ажиллуулав, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэгдлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар нэгдэл хувьцаанд шилжсэн тул малчнаас чөлөөлөв гэж тус тус тэмдэглэн бичиж Б аймгийн Д сумын О нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр биш байна гэж үгүйсгэсэн боловч хүсэлт гаргагч Х.Бад №******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийг 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн Г.К.Жуковын нэрэмжит Халын голын САА-н даргаас олгосон болох нь тус дэвтрийн эхний хуудаст дарагдсан тамга болон бичилтээр тогтоогдож байна.

Харин энэхүү Хөдөлмөрийн дэвтэр-ийн 6-7 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд Б аймгийн Д сумын О нэгдэлд ажилласан байдлын талаар үргэлжлүүлэн бичсэнийг Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

8.4.Хүсэлт гаргагч Х.Б нь 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Д аймгийн Х- сумын Сангийн аж ахуйд ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргаагүй тул Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12/53 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Х.Бын 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №059 буюу ХААТР-11 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Х-ын сангийн аж ахуйд тариа-5 дугаар бригадад 1986 оноос тракторчиноор ажиллаж байгаа гэсэн бичилтэд дүгнэлт хийх шаардлагагүй болно. Энэ нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

9.Хүсэлт гаргагч Х.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

10.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.Бын Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын "О" нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Харин Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Б аймгийн Д сумын "О" нэгдэлд малчнаар 1992 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлох баримт байхгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан Х.Б Х аймгийн Х сумын Т нэгдэлд туслах ажилтнаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн Б аймгийн Д сумын "О" нэгдэлд малчнаар 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31- ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК