Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 111/ШШ2014/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 3ахиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******д холбогдох аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин болох 4264200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие төрийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны ёс зүйг өндрөөр сахиж, Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг ёс зүйтэй биелүүлэн ажиллаж ирсэн.

******* би Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 1 дүгээр сард аймгийн Засаг даргын 16 тоот захирамжаар Баянхонгор аймгийн Тээвэр, авто замын даргаар томилогдож, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан.

Аймгийн Засаг дарга ******* нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар намайг Тээвэр, авто замын газрын даргын үүрэгт ажлаас илт хууль бусаар, үндэслэлгүй халсан.

Энэхүү ажлаас хууль бус халсан эрх зүйн актын үндэслэл нь Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хууль-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хууль-ийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь ******* миний хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хууль-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх... гэж заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Миний бие нь аймгийн Засаг дарга *******ы 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хууль-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албадтай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.. гэж заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ...гэж заасан байна.

Гэтэл төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс дээрх хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй болон өргөдлийн хугацаа сунгасан эсэх талаар ч мэдэгдээгүй учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, зөрчигдсөн эрхийг минь зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

Миний бие нь аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар хууль бус захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Халагдсан өдрөөс хойш өдийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 4264200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны1963 дугаартай өмгөөлөгч С.Должинсүрэн би иргэн *******гийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг дарга *******д холбогдох Баянхонгор аймгийн Тээвэр авто замын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч *******г ажлаас халсан эрх зүйн актын үндэслэлдээ Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан сахилгын шийтгэл ноогдуулсан байгаа нь миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1... энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх..., гэж заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Маргаан бүхий эрх зүйн актад

Нэг. Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, уг заалтанд...аймаг нийслэлийн тээврийн албаны даргыг авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэж заасан байхад авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Монгол улсын зам тээврийн яамнаас ямар нэгэн санал аваагүй байдаг нь хэрэгт авагдсан тус захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон Монгол улсын зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 08 ны өдрийн 1-5260 дугаартай албан бичгээр нотлогдож байгаагаас харахад Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заалтыг ноцтой зөрчсөн нь нотлогдож байна.

Хоёр:Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, тухайн заалтанд...Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон... гэж заасан байна. Энэ заалт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн алба ажлыг хийж гүйцэтгэх албан тушаалтан энэхүү заалтыг зөрчсөн гэж тогтоогдсон нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар тухайн гэрээг цуцлах үндэслэл болсон эрх зүйн үндэслэл юм. нэхэмжлэгч *******гийн эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, 11 дүгээр зүйлийн 11.2 т зааснаар төрийн захиргааны албан тушаал түүнчлэн төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар аймгийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг төрийн захиргааны албан хаагч. Мөн хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны 2001 оны 9 дүгээр сарын 18 ны өдрийн хурлаар баталсан Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмжид Ажлын байрны тодорхойлолт бол эцсийн дүндээ ажилтны үүрэг хариуцлагыг илтгэж тайлагнах, үнэлж дүгнэх арга хэрэгсэл юм гэж заасан байдаг. *******гийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт болон зорилтын хүрээнд тусгагдсан ажлаас харахад аймгийн Тээвэр автозамын газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5...Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэх боломжгүй тул түүнийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Гурав. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч *******ын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг үндэслэсэн энэ дүгнэлттэй холбоотой улсын байцаагчийн хэд хэдэн актыг хууль бус үндэслэлгүйгээр тавигдсан талаарх гомдлоо нэхэмжлэгч ******* нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Шалгуулсан байгууллага аж ахуй нэгжийн эрх баригч, албан тушаалтан нь хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана. Мөн хуулийн 14.2т хэрэв гомдол гаргасан байгууллагын эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно...гэж тус тус заасны дагуу захиргааны хэргийн анхан шатны гуравдугаар шүүхэд гомдлоо гаргасан шүүх захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна.

Тус дүгнэлттэй холбогдох актуудын хууль зүйн үндэслэлийн талаарх шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй тухайн дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байхад гэм буруутай мэт үзэн сахилгын зөрчил ноогдуулсан.

Нэхэмжлэгч ******* нь 2010 оны нэгдүгээр сард Баянхонгор аймгийн Тээвэр авто замын газрын даргын албан тушаалд томилогдсон цагаас эхлэн жил болгон үр дүнгийн гэрээний биелэлтэй хангалттай буюу А үнэлгээтэй биелүүлж байсан нь түүнийг аймгийн Тээвэр авто замын газрын даргаар ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны ёс зүйг өндрөөр сахиж, Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг ёс зүйтэй биелүүлэн ажиллаж байсанг харуулж байна.

Аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай 26 дугаар зүйлийн 26.1.3 т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар энэ хуулийн 13; 15; 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтыг өмгөөлөгчийн зүгээс судлан үзэхэд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 13; 15; 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Мөн түүнчлэн Аймгийн засаг дарга ******* нь засаг даргаар томилогдон ирсэнээс хойш нэхэмжлэгчтэй албан ёсоор үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн ажлыг дүгнэж, шалгаж, ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус бөгөөд Авилгын эсрэг хуулийн 3.1.3-т зааснаар...албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх гэсэн үндэслэлийг бүрдүүлжээ.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г тээвэр авто замын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар: 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2/115 дугаар албан бичигтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж нотлох баримтыг хүргүүлж байна. ******* нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Төрийн албаны хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйг илт зөрчсөн байгаа нь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтээр нотлогдсон байдаг.

*******д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар: *******гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *******г нь ажлаас халахдаа 2014 оны 05 сарын 09-ний өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр ******* нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болохыг тогтоогдсон. Мөн Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдсон тул *******г ажлаас халсан. Одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 12 сараас эхлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газарт Баянхонгор сумын Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд ардчилсан нам олонхи болж орон нутгийн эрх барих болсноор Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож сумын иргэдийн хурлын төлөөлөгч болсон юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны ******* дугаар захирамжаар Тээвэр, авто замын газрын даргаар түр томилогдон өдийг хүртэл ажиллаж байна. Энэ ажлыг намайг хийж чадна гэж надад итгэл хүлээлгэсэн учир миний бие Баянхонгор сумын засаг даргын орлогчийн ажил, сумын Иргэдийн төлөөлөгчөөсөө татгалзаж дараагийн хүнд хүлээлгэж өгсөн. Томилогдож ажил авснаас хойш Баянхонгор аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох 5,6 км хатуу хучилттай зам, 10 км бетонон зам, үдэлтийн талбай, цэнгэлдэх хүрээлэнгийн авто зогсоол, явган хүний замын ажилд хяналт тавьж хугацаанд ашиглалтад өгүүлээд байна. Одоогийн байдлаар Баянхонгор аймагт урьд нь хийгдэж байгаагүй орон нутгийн зорчигч тээврийн зогсоол болон зорчигч тээврийг шинээр зохион байгуулалтад оруулах ажил эхлээд байна.

Миний хувьд Тээвэр, авто замын газрын дарга байсан *******г үндэслэлтэй халагдсан гэж бодож байна. Жишээ нь: Манай байгууллага Баянхонгор аймгийн хэмжээнд хийгдэж байгаа зам гүүрийн ажилд хяналт тавих ёстой. Гэтэл энэ ажлаар хөдөө суманд явах машин унаа байхгүй. Нэг экстрал маркын машин байна. Энэ машин нь хөдөө явах боломжгүй, төвд ч явж болохгүй, засвар үйлчилгээ хийгээд засвар авахгүй байна. Гэтэл ******* ганц ажил гүйцэтгэдэг машиныг актлуулаад хувьдаа аваад одоог хүртэл унаж явна. Цаана нь төрийг хохироочхоод байх жишээтэй. Иймд шүүхээс миний эрх ашгийг хөндөж магадгүй гэж үзээд гуравдагч этгээдээр татаж байгааг би хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 4264200 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч болох нь Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ...******* нь 1996 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн гэсэн... 196 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч төрийн албаны салбар зөвлөл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д  Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.  Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албантушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.  Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ...., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар Энэ хуулийн 6.1.-д заасан... байгууллага, албан тушаалтан иргэн,хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллагаалбан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыгшийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасантухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.... гэсэн хуулийн заалтыг зөрчиж иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Баянхонгор аймгийн засаг дарга нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийг гаргахдаа Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т ...аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. гэж заасныг зөрчиж Баянхонгор аймгийн Тээвэр автозамын газрын дарга *******г ажлаас халахдаа санал авалгүй халсан нь Монгол улсын зам, тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/5260 тоот ... Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Тээвэр, авто замын газрын дарга *******г чөлөөлж *******ыг ажилд томилохдоо манай яамтай зөвшилцөөгүй... гэсэн албан бичиг болон Баянхонгор аймгийн Тамгын газрын 2014 оны ирсэн явсан бичгийн бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хийсэн ...Зам тээврийн яаманд *******г чөлөөлөх талаар саналыг хүргүүлээгүй байна ...гэсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар заалтын 7-гын а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин 4264200 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2,26 дугаар зүйлийн 26.1.3, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *******г ажлаас халж, *******ыг ажилд түр томилох тухай ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосугай .

2.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар *******г Баянхонгор аймгийн Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалин болох 4264200 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газраас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ