Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 302/ШШ2025/00111

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 5 дугаар оршин суудаг, утас:********, Б.Д;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг, мөн Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Д,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.А,

Гэрч М.Б, Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг, мөн Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн А сумын 8 жилийн дунд сургуулийг 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төгсөхөд тус сумын Я нэгдлийн удирдлага, сумын Монголын Хувьсгалын Залуучуудын хороо, Сургуулийн захирал сургууль төгсөгч бидэнтэй болон эцэг эхчүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр үйлдвэр, хөдөө аж ахуйд томилолтоор анх тус аймгийн А сумын Я нэгдэлд дарга Б.Лгийн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тушаалаар малчнаар томилсон юм.

1.2. Архиваас 1985, 1986, 1987 онуудад аав Бын туслахаар ажиллаж цалин авсан тухай баримт гарсан байгаа. Миний бие 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аав Бын туслах малчнаар тус нэгдэлд ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдан 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хооронд алба хаасан.

1.3.Цэргийн албанаас ирээд Я нэгдэлдээ хуучин ажиллаж байсан бригадын суурьд бог малаа ааваас хүлээн авч бие даасан ахлах малчин болсон. Тус Я нэгдэл 1992 оны эцэст хүртэл малчны цалин хөлсийг хариуцан төлж бидний малыг болон малын түүхий эдийг нэг бүрчлэн тоолж төлөвлөгөөт гүйцэтгэлийг хянаж байгаад уг оны эцсээр 12 дугаар сарын 25-ны өдөр сүүлийн цалин хөлсийг тавьж өгөөд компанид шилжсэн бөгөөд мал, өвөлжөө зэрэг нэгдлийн мал, эд хөрөнгө компанид дараа нь хувьд буюу малчдад шилжсэн юм. Аав бид нар мал өвөлжөөгөө хувьдаа авсан бөгөөд одоо энэ өвөлжөөнд малаа маллаж байна. Тухайн зах зээлд шилжсэн зарим малчдын хөдөлмөрийн дэвтрийг өгөөгүй бөгөөд би хэд хэдэн удаа бригадын даргаас очиж асуухад компанид өгсөн гэдэг, компани нь аваагүй, чинийх алга байна гэж хэлээд алга хийсэн. Ер нь хөдөлмөрийн дэвтрийг тэр үед тоо бүртгэгч, бригад, компанийн дарга нь авч хадгалдаг, малчинд өгдөггүй байсан болохоор тэд алга хийж би хохирсон юм.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгөхийг хүсэж байна гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны 21 дугаартай тушаал, түүний хавсралт, Б аймгийн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 1986 оны, 1990 оны, 1991 оны, 1992 оны 70 дугаар дансны баримтын хуулбар, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн 1997 оны, 1998 оны, 1999 оны, 2000 оны А сумын мал тооллогын баримтууд, 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгосон №627466 дугаартай цэргийн батлах, Малчин Б.Дгийн БА69010417 830459 006721 дугаартай тамганы дардас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/104 дүгээр албан бичгээр Б.Д болон түүний эхнэр, 1985-1999 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтуудыг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 116 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар албан бичгээр 1997 оны, 1998 оны, 1999 оны А сумын мал тооллогын баримтууд, Б аймгийн А сумын Я нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны 21 дугаартай тушаал, түүний хавсралт, Б аймгийн А сумын Я нэгдлийн цалин хөлсний 1986 оны, 1990 оны, 1991 оны, 1992 оны 70 дугаар дансны баримтын хуулбар зэргийг шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Б.Дгийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Б.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрийг нэгдлийн удирдлагуудаас өгөөгүй, мал тооллогын А дансны баримт байсаар байтал нийгмийн даатгалын байгууллагаас тогтоож өгөөгүй тул шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар албан бичигт: Хүсэлт гаргагч Б.Дд холбогдох А сумын Я нэгдлийн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 тоот тушаал болон 1986 оны, 1990-1992 онуудын цалингийн баримтууд, 1997-1999 оны мал тооллогын А дансны баримтыг хуулбарлан хүргүүлэв. А сумын мал тооллогын А дансны 1995, 1996 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй болно гэсэн байна.

6.2.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Я нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ерөнхий боловсролын дунд, бүрэн бус дунд сургуулийг төгсөж үйлдвэр, ХАА-д томилолтоор хуваарилагдсан охид хөвгүүдийг тушаалын хавсралт ёсоор 6-р сарын 16-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан ба жагсаалтын 1-рт овог нэр: Б Д; аль хэсэгт: Борбургас; ямар ажилд томилсон: хоньчин гэсэн байна.

6.3.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн А сумын Я нэгдлийн 70 дугаар дансны 1986 оны цалин хөлсний баримтад Д 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Б аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн А сумын Я нэгдлийн 70 дугаар дансны 1990 оны цалин хөлсний баримтад Д 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Мөн Б аймгийн А сумын Я нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны цалин хөлсний баримтуудад Б.Д 07 дугаар сар, 9-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.

Б аймгийн А сумын Я нэгдлийн 70 дугаар дансны 1992 оны цалин хөлсний баримтуудын жагсаалтын 20-рт Б.Д гэсэн байна.

6.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/104 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн Б.Д болон Т.М нарын гэрлэснийг бүртгэх анкет №0032 буюу ХААТР-15 (А) маягтын 14-рт нөхрийн эрхэлдэг ажил: малчин; 15-рт нийгмийн бүлэг: хоршоолсон ард гэсэн байна.

6.5.Б аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Дд олгосон №627466 дугаартай цэргийн батлахын 3-4 дүгээр хуудасны II.Цэргийн алба хаасан байдал гэсэнд Б аймгийн цэрэг татлагын комиссоос 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанд татав гэж; Ангийн захирагчийн 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 286-р тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Баян-Өлгий аймагт явуулав гэж тус тус бичилт хийсэн байна.

6.6.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн А сумын мал тооллогын А дансны баримтын 1997 оны нэрсийн жагсаалтын 2-т: Б.Д; хувийн мА өрхийн тоо гэдэгт: 1; түүний ам бүлийн тоо гэдэгт: 4; мА аж ахуйн нэгжийн тоо гэдэгт: 1; үүнээс 16-гаас дээш насны нийт малчдын тоо гэдэгт: 2; 16-34 хүртэлх насны гэдэгт: 2; 1997 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд 74; үүнээс тэмээ: 1; адуу 8; үхэр 17; хонь 29; ямаа 19; 1996 оны эцсийн тооллогоор байсан бүгд 81; үүнээс тэмээ 1; адуу 7; үхэр 15, хонь 33; ямаа 22 гэж бүртгэсэн байна.

А сумын мал тооллогын А дансны баримтын 1998 оны нэрсийн жагсаалтын 10-т: Б.Д, хувийн мА өрхийн тоо гэдэгт: 1; түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; малчин өрхийн тоо гэдэгт: 1; түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; малчдын тоо гэдэгт: 2; нийт малчдаас эмэгтэй гэдэгт: 1; бүгд 76; үүнээс тэмээ 2; адуу 8; үхэр 17; хонь 32; ямаа 17 гэж бүртгэсэн байна.

А сумын мал тооллогын А дансны баримтын 1999 оны нэрсийн жагсаалтын 13-т: Б.Д; хувийн мА өрхийн тоо гэдэгт: 1; түүний ам бүлийн тоо гэдэгт: 3; малчин өрхийн тоо гэдэгт: 1; түүний ам бүлийн тоо гэдэгт: 3; малчдын тоо гэдэгт: 2; үүнээс 16-34 насны гэдэгт: 2; 1999 оны эцэст тоологдсон мал бүгд 82; үүнээс тэмээ 2; адуу 6; үхэр 11; хонь 42; ямаа 21 гэж бүртгэсэн байна.

6.7.Гэрч М.Бий шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хүсэлт гаргагч Б.Д бид хоёр нэг багт нэг бригадад малчин байсан. Тэр бол Бын дөрөв дэх хүү нь юм. 8-р ангийг төгсөөд шууд илгээлтээр малд гарсан байгаа. Одоо хүртэл мал маллаж байгаа малчин хүн юм. Бид хоёрын өвөлждөг газар 20 км зайтай байдаг. Эцэг, эхтэй хамт дандаа хонь малладаг байлаа. Би 1985-1992 он хүртэл Хэнтий аймагт гэр бүлийн хамт ногоочноор ажиллаад ирсэн. Тэр хоорондоо гэр бүл болсон байх тул хэдэн онд гэр бүл болсноо сайн мэдэхгүй байн. Би ирээд 0165 дугаар ангид малчнаар ажилд орсон. Тухайн үед хүсэлт гаргагч бас мал маллаж байсан юм. Одоо хүсэлт гаргагчид 100 гаруй тооны мал байдаг. Өвөл, зундаа ойрхон өвөлжиж, зусдаг. Тэр одоо А сумын 5-р багт мал маллаж байгаа гэв.

Гэрч Л.Цгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би Б аймгийн А сумаас 1985 онд яваад 1992 онд буцаж ирсэн. Бид явах үед Б.Д малчин байсан ба буцаж ирэхдээ ч малчин байлаа. Хүсэлт гаргагч одоо хүртэл мал маллаж байгаа малчин хүн. Нөхөр бид хоёр ирсний дараа 0165 дугаар ангид мал маллаж байх үед ч гэсэн Б.Д малчин байлаа. Хэдийгээр Хэнтий аймагт байсан ч гэсэн би бага насны хүүхдээ дагуулаад А сумандаа ирээд хэсэг хугацаа байсан ба тухайн үед Б.Д мал малладаг байсан юм. Түүнийг маш сайн санаж байгаа гэв.

7.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн А сумын 2000 мал тооллогын А дансны баримт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/104 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Дгийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл буюу ИУБ-31 (А) маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл буюу ХААТР-21 (А) маягт, Т.Мын биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл буюу ИУБ-31 (А) маягт, Т.Мын Иргэний үнэмлэх авах өргөдөл буюу ХААТР-21 (А) маягт, Т.Мын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №019 буюу ХААТР-1(А) маягт, хүсэлт гаргагч Б.Дгийн 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Ариунзаяагийн төрснийг бүртгэх анкет №0106 буюу ХААТР-11 (А) маягт, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн Б.Дгийн Монгол Улсын Хүн амын регистрийн карт №249 буюу ХААТР-1(А) маягтын цаг хугацаа, огноо, үйл баримтууд нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

8.Хүсэлт гаргагч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Д Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг, мөн Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Б.Д Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг, мөн Б аймгийн А сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК