Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 317/ШШ2025/00154

 

 

 

 

 

  2025          02           12                                          317/ШШ2025/00154

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ****** ******************* хаягт оршин байрлах, ****** ХК /рд:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************тоот хаягт оршин суух ******** овогт Н.Ш /рд:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 14,215,466.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ****** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          “Н.Ш /РД:*******/ нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******тай ********* тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр ***** тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,820,000 (хоёр сая найман зуун хорин мянган) төгрөгийн зээлийг жилийн 21% (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,360,000  (хоёр сая гурван зуун жаран мянган) төгрөгийн зээлийг жилийн 21% (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 20.4% (хорь арваны дөрөв) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан.

Зээлдэгч Н.Ш нь ******* тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 121 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 13,298,934.28 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 902,713.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,818.89 төгрөг, нийт 14,215,466.94 төгрөг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Н.Шгээс нийт 14,215,466.94 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******инд олгуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Н.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******ны нэхэмжлэл болох 14,215,466.94 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно.” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч Н.Шд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,215,466.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийн шаардсан 14,215,466.94 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч зөвшөөрсөн байна.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 14,215,466.94 төгрөгийн талаар маргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хувиарлана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ****** ХК, хариуцагч Н.Шгээс 14,215,466.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,      2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,028 төгрөгийн тал хувь 114,514 төгрөгийг улсын орлого болгож, 114,514 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Шгээс 114,514 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Н.Ш нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.ТҮМЭНЦЭЦЭГ