Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01028

 

Юни Си Энд Си ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож  даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах,Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02904 дүгээр шийдвэртэй,                                                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1093 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Юни Си Энд Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Хос далбаа ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 107.107.437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагааны гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Саруултай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон боловч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хамтран байгуулах тохиролцоогоо биелүүлээгүйн улмаас түүнтэй цаашид хамтран ажиллах бололцоогүй болсон. “Юни Си Энд Си” ХХК-иас “Хос далбаа” ХХК-д 2011.03.07-ны өдрөөс 2013.8.09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 11.300.000 төгрөг зээлж авсан, мөн “...Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 90 жилийн ойд хандив өргөх гэсэн юм танай компани мөнгийг шилжүүлж өгөөч...” хэмжээн гуйж 1.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 2014.7.17-ны өдөр 1 жилийн хугацаатай 50.000 ам.долларын Зээлийн гэрээ байгуулан “Хос далбаа” ХХК-д буюу Б.Саруулд зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5 дахь заалтын дагуу зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх болоод байна. Хариуцагч нь 50.000 ам.долларын зээлийн эхний 9 сарын хүүг төлсөн ба 2015.9.03-ны өдөр 23.000 ам.доллар буцаан өгсөн. Иймээс “Хос далбаа” ХХК буюу захирал Б.Саруулаас үндсэн зээлийн үлдэгдэл 27.000 ам.доллар, 3 сарын хүү 1.500 ам.доллар, нийт 28.500 ам.доллар, алданги 19.234 ам.доллар, нийт 47.734 ам.долларыг төгрөгт хөрвүүлж тооцвол 95.807.437 төгрөг болно. Уг мөнгө дээр зээлдүүлсэн 11.300.000 төгрөгийг нэмж нийт 107.107.437 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Юни СиЭнд Си” ХХК-тай 2014.7.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан уг гэрээгээр 50.000 ам.долларыг сарын 1 хувийн хүүтэйгээр 2014.7.17-ны өдрөөс 2015.7.16-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлж авсан. Уг зээлийн мөнгөөр 2000 га талбайд уринш бэлдэх, улмаар тус талбайд улаан буудай тариалахад зориулж авсан. Гэвч 2015 онд байгалийн хүчин зүйлээс болж ургацалдаж алдагдалд орсон тул зээлсэн мөнгөө гүйцээж өгч чадаагүй. Зээлийн 50.000 ам.долларыг 3 хувааж авсан бөгөөд төлбөл зохих хүү хугацаанаас хамаарч 5.863 ам.доллар төлөх байсан. 2014.7.18-ны өдөр 20.000 ам.долларыг авсан. Үүнийг 2015.7.16-ны өдрийг хүртэл 11 сар 28 хоногийн хугацаатай авч хүү нь 2.386 ам.доллар төлөхөөс 2.160 ам.долларыг төлсөн ба хүүний үлдэгдэл 226 ам.доллар үлдсэн байгаа. 2015.9.03-ны өдөр үндсэн зээлээс 20.000 төгрөг төлсөн болохоор 2015.7.16-ны өдрөөс 2015.9.02-ны өдрийг дуустал 49 хоногийн үндсэн зээлийн алданги 2.940 ам.долларыг төлөөгүй. 2014.7.23-ны өдрөөс 2015.7.16-ны өдрийг хүртэл 20.000 ам.долларыг 11 сар 21 хоногийн хугацаатай авч хүүд нь 2.340 ам.доллар төлөхөөс хүүг нь бүрэн төлсөн. Үндсэн зээлээс 2015.9.03-ны өдөр 3.000 ам.долларыг төлсөн.3.000 ам.долларын 2015.7.16-ны өдрөөс 2015.9.02-ны өдрийг дуустал 49 хоногийн үндсэн зээлийн алданги 441 ам.долларыг төлнө. 2014.8.05-ны өдөр 10.000 ам.долларыг авсан авсан. 2014.8.05-ны өдрөөс 2015.7.16-ны өдөр хүртэл 11 сар 11 хоногийн хугацаатай энэ хугацааны хүү 1.173 ам.долларыг төлөх, үндсэн зээл, хүү бүгд 11.137 ам.долларыг төлөөгүй. Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл, хүү, алданги бүгд 45.925,5 ам.доллар буюу 92.146.760 төгрөгийг төлнө. Мөн 11 удаа бүгд 11.300.000 төгрөг зээлж авсан, үүнийг төлнө. Ингээд бүгд 103.446.760 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02904 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хос далбаа” ХХК-иас 103.664.874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Юни Си Энд Си” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Хос далбаа” ХХК-иас 676.274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Юни Си Энд Си” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1093 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “232.3 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.6” гэснийг “232.6” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 3.442.563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хоорондох зээлийн гэрээг 362 хоногийн хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна. Гэрээний 9-т “Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно” гэсэн ба эхний 20.000 долларыг 2014.7.18-ны өдөр буюу 1 хоногийн дараа, 2 дахь 20.000 доллар 2014.7.23-ны өдөр буюу 7 хоногийн дараа, 3 дахь 10.000 долларыг 2014.8.05-ны өдөр 14 хоногийн дараа яг баримттай өгсөн байгаа. Үүнээс үзвэл 22 хоногийн зөрүү гарч байгаа бөгөөд сарын хүү 1 хувь бодож 500$:30 хоног=16.6 $ 1 хоногийн хүү гэж үзвэл /22 хоног х 16.6$ =365.2$/ үндсэн хүүгээс хасагдах ёстой. Иймд зээлийн хугацаанаас хамаарч үндсэн хүүнд 6.000$ төлөх биш 5.634,8$ төлөх ёстойгоос 4.500$-г хүүнд төлж одоо 1.134,8$ төлөх ёстой байхад шүүх 22 хоногийг харгалзан үзэлгүй зээлийн хүүний үлдэгдэл 1.500$ гэж шүүх хууль буруу хэрэглэсэн. Мөн анхан шатны шүх үүрэгээ зохих ёсоор биелүүлэх хугацааг 2015.7.16-ны өдөр гэж тооцоод 2015.7.16-ны өдрөөс 2015.9.03-ны өдөр хүртэл /50.000$0.3хувь=150$, 1.504x49 хоног=7.350$/ үндсэн зээлээс 2015.9.03-ны өдөр 23.000$-г төлсөн учраас дээрх 7.350$-ын 49 хоногийн алданги 3.381$ үлдэх 3.969$ нь үндсэн зээлийн үлдэгдэл 27.000$ 49 хоногийн алданги байхад Иргэний хуулийн 232.2-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн байхад 193 хоногоор тооцож алданги 13.500$ байхад 15.633$ тооцсон нь 2.133$ илүү төлөхөөр нотлох баримтыг буруу үнэлсэн. Харин 27.000$ -ын алдангийн зөрүү 2.133 $ хүүний зөрүү 366 $ бүгд 2.499$ төлөх үндэслэлгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Юни Си Энд Си” ХХК нь “Хос далбаа” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 27.000 ам.доллар, 3 сарын хүү 1.500 ам.доллар, алданги 19.234 ам.доллар нийт 47.734 ам.доллар буюу 95.807.437 төгрөгийг өмнө нь зээлүүлсэн 11.300.000 төгрөгийн хамт нийт 107.107.437 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлээс шаардлагыг зөвшөөрсөн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх 47.734 ам.доллараас 47.514 ам.доллар буюу 95.364.874 төгрөг, 11.300.000 төгрөгөөс 8.300.000 төгрөг нийт 103 664 874 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

“Хос далбаа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...мөнгө шилжүүлэн өгсөн өдөр   зээлийн гэрээг байгуулсанд тооцох... мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх тухай хуулийн заалтыг шүүх анхаарч үзээгүйгээс  хариуцагчаас 2.499 ам.доллар илүү гаргуулсан...” гэж гомдсон байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн 11.300.000 төгрөгийн шаардлагын талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, хариуцагч гомдоогүй тул энэ шаардлагаас шүүх 8.300.000 төгрөг хангаж, үлдэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзлээ.

2. Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 50 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “Хос далбаа” ХХК нь 50 000 ам.долларыг, 1 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоног тутам үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. /хх-7-8 дугаар тал/       

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 20.000 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 20.000 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10.000 ам.доллар нийт 50.000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн ба эхний сард төлөх хүү нь 407 ам.доллар байхад шүүх 500 ам.доллараар тооцсон нь буруу байна. “Хос далбаа” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээлээс 23.000 ам.доллар төлсөн, 3 сарын хүү төлөөгүй байгаа талаар маргаагүй тул хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 27.000 ам.доллар, 3 сарын хүү 1.407 ам.долларыг хариуцагч төлөх үүрэгтэй

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дууссан ба эхний төлбөр хийгдсэн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс алданги тооцвол 49 биш, харин 47 хоног байх тул алдангид зээлдэгч нь 7.050 ам.доллар төлөх үүрэг хүлээнэ. Алданги 7.050 ам.доллар нь гүйцэтгэх үүрэг 50.000 ам.долларын 50 %-иас хэтрээгүй байгаа тул энэ тухай гомдлыг хангах боломжгүй. 

Үндсэн зээлийн үлдэгдэл 27.000 ам.доллараас 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 144 хоногийн алдангид 11.664 ам.доллар төлүүлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчихгүй, бөгөөд алдангийн хэмжээ гүйцэтгэх үүрэг 27.000 ам.долларын 50%-иас мөн хэтрээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 27.000 ам.доллар, хүү 1.407 ам.доллар, алданги 18.714 ам.доллар нийт 47.121 ам.доллар буюу 94.571.847 төгрөгийг “Хос далбаа” ХХК төлөх үүрэгтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас нийт 102.871.847 төгрөг гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1093 дугаар магадлалын нэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02904 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 281-р зүйл, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-г баримтлан “Хос далбаа” ХХК-иас 102.871.847 төгрөг гаргуулж “Юни Си Энд Си” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.235.590 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...Хос далбаа ХХК-иас 676.274 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...Хос далбаа ХХК-иас 672.309 төгрөг гаргуулан...” гэж, 3 дахь заалтын “...зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч...” гэснийг “...зохигч, тэдгээрийн төлөөлөгч...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 95.236 төгрөгийг “Хос далбаа” ХХК-д буцааж олгох захирамж гаргасугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ