Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0783

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0783

Улаанбаатар хот

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0683 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0683 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/1168 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/287 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0683 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуралдаан зохих бүх оролцогчдыг бүрэн оруулаагүй үүнээс үүдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр буруу гарсан гэж үзэж байна эрх ашиг нь хөндөгдөж буй “Хувьсгалчдын музейн удирдлагыг” оролцуулаагүй шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх ашиг нь хөндөгдөж буй “Монголын Хувьсгалчийн музей удирдлагад” мэдэгдээгүйгээс тухайн маргааны улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа музейн удирдлагыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй байна.

Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч тухайн этгээдийн хүсэлтээр эсхүл, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд уг маргааныг шийдвэрлэхдээ тухайн дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/287 дугаар захирамж нэхэмжлэгч иргэн Б.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй бөгөөд тухайн иргэн өлсгөлөн хийж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй нийслэлийн Засаг дарга 2014 оны А/415 дугаар захирамжийг батлан гаргахдаа Монголын үндэсний түүхийн үзмэрийн хамгаалах, үйлчлүүлж буй гадаад дотоодын иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл байдал байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус байгууллагаас ирүүлсэн удаа дараагийн саналыг үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан.

Мөн анхан шатны шүүх Хувьсгалчдын музейн удирдлагаас нийслэлийн Засаг даргад хандан ирүүлж байсан хүсэлтийг авч хэлэлцэлгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Мөн Хувьсгалчдын музейг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 197 тогтоолоор соёлын өвд бүртгэн авсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/415 дугаар захирамж хүчингүй болсноор тухайн музейн орчимд улс төрийн жагсаал, суулт, өлсгөлөн зэрэг арга хэмжээнүүд болж болж тухайн байгууллага болон нийтийн эрх ашиг ноцтой зөрчигдөх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Б “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/1168 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх хуралдаанд зохих оролцогчдыг бүрэн оролцуулаагүй, хувьсгалчдын музейг гуравдагч этгээдээр татаагүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

1. Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэрлэж заасан хориглосон зохицуулалтад жагсаал, цуглаан хийх, өлсгөлөн зарлах асуудал хамаарахгүй, “Хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө” орчимд болон түүх, соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг үүрэг болгосон нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд заасан хязгаарлалтаас илүү хязгаарлалтыг нэхэмжлэгчид бий болгосон” гэж дүгнээд хүчингүй болгосон нь зөв байна.

Учир нь уг А/287 дугаар захирамжийг хариуцагч гаргахдаа хэрэглэх ёсгүй, тухайн тохиолдолд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн байна.

Иймд дээрх захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хавтаст хэргийн 130 дугаар хуудас буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.А-гийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3-2/80 дугаартай лавлагааны хуудсаас үзэхэд уг захирамж нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/1168 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/287 дугаар захирамжаар Монголын үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадаад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор Хэлмэгдэгсдийн хөшөө орчимд жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулахыг хориглосон тул мэдэгдлийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна” гэж нэхэмжлэгч мэдэгджээ.

Анхан шатны шүүх уг албан бичгийн үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын 2016 оны А/287 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1/1168 дугаар албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй бөгөөд хариуцагч нар Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16-д “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт болон Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан жагсаал, цуглаан хийх эрхийн баталгааг хязгаарласан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жагсаал, цуглаан хийхийг хориглох газруудад нэхэмжлэгчийн өлсгөлөн зарлах гэж буй “Хэлмэгдэгсдийн хөшөө” орчим хамаарахгүй байна. Түүнчлэн мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан цуглаан хийхийг хориглосон хязгаарлалтад хамаарахгүй байна.

3. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “хувьсгалчдын музейг гуравдагч этгээдээр татаагүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан” гэх гомдлыг тухайд энэхүү маргааны улмаас Монголын үндэсний музейн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татах шаардлагагүй. Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан байна. Түүнчлэн хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-т шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэж, тов мэдэгдсэн баримтад Г.Э гарын үсэг зурсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР