Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2025/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, утас ...., ******* овогт *******гийн *******ын, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******од холбогдох 

зээлийн 26,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 287-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Хариуцагч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,420,000 (Хорин зургаан сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие ******* овогтой ******* нь 2016 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг ******* хотхоны C1 блок тоотод 52.83 м.кв байрыг худалдаж авах зорилготой 63,396,000 төгрөг бэлдэж урьдчилгаа 19,018,800 төгрөгийг төлж, үлдсэн мөнгийг 3 хоногийн дараа төлөхөөр барилгын борлуулалтын албатай тохиролцож байсан. Энэ хугацаанд миний төрсөн дүүгийн нөхөр болох *******ын ******* нь байрны үлдэгдэл 44,377,200 төгрөгийг надад өгөөч би ХААН банканд одоо амьдарч байгаа амины орон сууцны өндөр төлөлттэй зээлээ төлж чадахгүй банканд алдах гээд байна. Та надад туслаач амины орон сууцны зээлээ хаагаад таны авах байрыг би банкны ипотекийн зээлд хамруулж сарын төлөлтийг төлөөд явъя. Боломжтой болох үедээ зээлийг хааж таны нэр дээр шилжүүлээд өгнө. Та санаа зовох хэрэггүй гэж надаас гуйж, би итгэж өгсөн. Ингээд 2024 онд надад мөнгөний хэрэг гарч байраа зарахаар болж Г.*******од байрны үлдэгдлээ төл, би байраа нэр дээрээ шилжүүлж зарах гэсэн юм гэхэд төлж чадахгүй байна. Та боломжтой бол үлдэгдэл 25,200,000 төгрөгийг төлөөд хаачих би банканд төлдөг сар бүрийн төлөлтөө танд төлье, мөн боломжоороо нэмж бөөнд нь төлөөд дуусгая гэж хэлсэн. Бид 2 утсаар тохиролцсон. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.*******ын ХААН банкны харилцах дансанд 25,200,000 төгрөгийг зээлэв гэж шилжүүлсэн. Мөн татварын 2 хувь болох 1,220,000 төгрөгийг Г.*******ын данс руу шилжүүлж 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 2024 оны 05 дугаар сараас одоог хүртэл мөнгөө өгөөгүй. Мөнгөө нэхэхэд төлж чадахгүй. Та нар заргалдаад аваарай гэсэн. Одоо залгахад утсаа ч авахгүй байна. Иймд Г.*******оос зээлийн 26,420,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

2. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн төрсөн дүү тай 2009 оноос хойш үерхэж хамтран амьдарч байгаад 2016 онд гэрлэлтээ батлуулсан. 2016 онд гийн төрсөн ахынх нь охин сургуульд орсон. Ээж нь аймагт хамт байна гээд байр авах шаардлагатай болсон. Бид ярилцаж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн байхгүй байсан учраас одоогийн байрны урьдчилгааг Б.******* төлж, миний нэр дээр ипотекийн зээл гаргуулж авсан. Зээлээ төлж дууссаны дараа тухайн үеийн ханшаар худалдаж авна гэж тохиролцсон. Ингээд 2016 оны 09 дүгээр сард Голомт банкнаас ипотекийн зээл авч, миний бие уг зээлийг хугацаанд нь төлж байсан. бид хоёр 2018 оны 11 дүгээр сард салсан боловч одоог болтол гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Миний бие болон түүний төрсөн ах, эгч, хамаарал бүхий хүмүүст 2-3 автомашин зарсан. Мөн Төрийн банкнаас авсан зээлийг нь хааж өгсөн. Мөнгөний авлагатай байсан учир ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхгүй хүлээцтэй хандаж байсан. 2024 оны 04 дүгээр сард Б.******* надтай холбогдож байрны чинь зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ?, эгч нь хаагаад өгье, хүнд зарахаар болсон. Миний нэр дээр шилжүүлээд өг. Зөрүү мөнгийг нь байраа зараад өгье гэсэн тул би зөвшөөрсөн. Тухайн үед банк орж зээлээ хаая гэсэн боловч чам руу интернэт банкаар шилжүүлье, би банк орохгүй гэсээр байгаад ХААН банкны данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь зээлэв гэж бичсэн байсныг миний бие анзаарч хараагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад гэрчилгээг нэр дээр нь болгож өгсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа намайг шүүхэд өгсөн байсан. Эртнээс төлөвлөж хийсэн гэж бодож байна. Харин татварын 2 хувийн шимтгэл 1,220,000 төгрөгийг бол тухайн үед нь зээлсэн. Тэр мөнгийг төлөхөд татгалзахгүй. Энэ хүнээс өөр авлагатай тул тэр авлагаасаа хасаж тооцуулах саналтай. Энэ хүнээс 2016 онд 40,000,000 төгрөгийг зээлж байгаагүй. д 2016 онд шилжүүлсэн 20,000,000 төгрөг нь 30 хувийн урьдчилгаа төлсөн гэдэгтээ маргахгүй гэв. 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 290,050 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Б.*******ын ХААН банкны депозит дансны 2024.04.20, 2016.04.29-ний өдрийн хуулга, Төрийн банкны 2016.04.16-2016.05.17 хооронд гүйлгээ хийсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,  

4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.*******, Б.******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г.*******, Б.******* нарын байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г.*******, Б.******* нарын байгуулсан ипотекийн гэрээ, Г.*******ын ХААН банкны зээлийн дансны хуулга зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт 26,420,000 төгрөг гаргуулах шаардлагын 25,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,220,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.*******оос тус орон сууцыг шилжүүлэн авах буюу худалдан авахын тулд түүний ипотекийн зээлийн үлдэгдэлд 25,200,000 төгрөг төлсөн, мөн хариуцагчийн худалдсан байрны хариуцагчийн төлөх ёстой 2 хувийн татварыг түүний өмнөөс төлсөн тул татварт төлсөн 1,220,000 төгрөг нийт 26,420,000 төгрөгийг зээлүүлсэн тул гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь тус байрыг миний бие 2016 онд худалдан авсан. Урьдчилгааг нь нэхэмжлэгч Б.******* төлсөн. Миний бие тус байрны ипотекийн зээлийг нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарыг хүртэл төлж ирсэн. Хариуцагч байраа зараад зөрүү мөнгийг нь төлнө гэж, хэлээд тухайн өдөр байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэр дээрээ шилжүүлж аваад байр худалдан авсан зардалд төлсөн 25,200,000 төгрөгийг зээлүүлэв гэсэн утгатайгаар шилжүүлчхээд нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, би энэ хүнээс дахиад ч авлагатай. Харин үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт төлөх 2 хувь 1,220,000 төгрөгийн тухайд бол тухайн үед нь надад мөнгө хүрэлцэхгүй байсан тул зээлсэн. Зээлсэн 1,220,000 төгрөгийг энэ хүнээс авах авлагаасаа хасаж тооцох саналтай гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1. Нэхэмжлэгчийн ХААН банкны 5642084021 тоот данснаас хариуцагч Г.*******ын 5644171864 тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 25,200,000 төгрөг зээлэв гэсэн утгатай, 1,220,000 төгрөг 2% төлөв гэсэн утгатайгаар тус тус шилжсэн.

4.2. Хариуцагч Г.******* нь ******* хотхоны С1 блок тоот 52.83 м.кв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-, Гэрчилгээний № дугаартай 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гэрчилгээгээр өмчилдөг. (хх-32х)

4.3. Тус орон сууцыг барьцаалж хариуцагч Г.*******, түүний эхнэр нар Голомт банкнаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 44,370,000 төгрөгийн орон сууцны зээлийг 10 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй авч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Уг зээлийн үлдэгдэл төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн зээлүүлсэн гэх 25,200,000 төгрөгөөр хааж, улмаар талууд мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0604 дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баруун-Урт сумын 1-р баг ******* хотхоны С1 блок тоот 52.83 м.кв 2 өрөө Ү-, Гэрчилгээний № хувийн орон сууцыг 61,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байна. (хх-31х)

4.4. Тус гэрээгээр нэхэмжлэгч тал нь 61,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч талд бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх, хариуцагч тал нь нийт төлбөрт 61,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

5. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.******* нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний үүрэгт урьдчилгаа 30 хувийн төлбөрийг нэхэмжлэгч 2016 онд төлсөн, ипотекийн зээлийг хариуцагч 2016 оны 09 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарыг хүртэл графикийн дагуу төлж ирсэн гэдгийг талууд зөвшөөрч маргаагүй.

6. Талуудын маргааны зүйл нь зээлүүлсэн гэх 25,200,000 төгрөг нь зээлүүлсэн аль эсвэл орон сууцны төлбөрт төлсөн эсэх талаар маргасан. 

6.1. Нэхэмжлэгч миний хувьд уг орон сууцыг 2016 онд бэлнээр худалдан авахаар барилгын борлуулалтын албатай тохироод мөнгөө бэлдчихээд байхад хариуцагч Г.******* нь урьдчилгаагаа та төлөөд надад үлдэгдэл 40,000,000 төгрөгөө зээлүүлчих, би өндөр хүүтэй банкны зээлээ төлөөд ипотекийн бага хувийн хүүтэй зээлийг таны байран дээр аваад төлж дуусгаад байрыг чинь шилжүүлээд өгье гэхээр нь зөвшөөрч 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уг 40,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг нь өөрийн төрсөн дүү хариуцагчийн эхнэр гийн дансанд шилжүүлж, 20,000,000 төгрөгийг энэ хоёрт бэлнээр өгч мөнгөө Г.*******од зээлүүлсэн тул би түүнд ямар ч мөнгө төлөхгүйгээр уг байрыг нэр дээрээ шилжүүлэх буюу худалдан авах эрхтэй. Энэ 2 надаас зээлсэн 40,000,000 төгрөгөөрөө өөрсдийн авсан өндөр хувийн хүүтэй хувийн орон сууцны зээлээ мөн өдөр хаасан гэж тайлбарласан. 

7. Дээрх тайлбар нь хариуцагч Г.*******ын нэхэмжлэгчийн д 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлж надад зээлүүлсэн гэх 20,000,000 төгрөг нь 30 хувийн урьдчилгаанд төлөгдсөн мөнгө тул би зөвшөөрч тэр талаар бид маргаагүй, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг зөвшөөрөхгүй, аваагүй гэх тайлбараар нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчид байрны мөнгө 40,000,000 төгрөгийг зээлүүлсэн тул уг орон сууцыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах ёстой гэж 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 25,200,000 төгрөг бол зээл гэж тайлбарлаж байгаа нь няцаагдаж байна. ( хх-6х)

Тодруулбал нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гийн дансанд шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс тусад нь байрны урьдчилгаанд дахин 20,000,000 төгрөг д өгсөн гэх боловч тус нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх урьдчилгаанд төлсөн гэж талууд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа 20,000,000 төгрөгийн баримт гэж хариуцагчийн тайлбарлаж байгаа нь үнэн байна гэж үзэхээр байна.

8. Нэхэмжлэгч нь энэ хэрэгт г хариуцагчаар татан оролцуулаагүй боловч хариуцагч Г.******* нь миний төрсөн дүү тай амьдарч байхдаа гийн дансаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж, бэлнээр 20,000,000 төгрөгийг тэр хоёрт өгсөн, нийт 40,000,000 төгрөг зээлүүлсэн тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт тооцож, тус гэрээ байгуулах өдөр шилжүүлсэн 25,200,000 төгрөгийг зээлсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

9. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн 1,220,000 төгрөгийг зээлсэн, төлнө гэдэгт маргахгүй байна.

10. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 1,220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн 25,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  290,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 33,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******оос 1,220,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн 25,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА