Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2025/00044

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, утас ..., *******ын *******ын 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь 1987 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт үйлчлэх ажилчнаар орж, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Үйлчлэх ажилчин гэдэг нь бараа ачих, буулгах ажлыг хийдэг байсан. Иймд миний 1987 оны 08 дугаар сараас 1990 оны 04 дүгээр сар хүртэлх 2 жил 7 сарын ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 9473 дугаартай лавлагаа, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 32, 1988 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24, 1989 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбарууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал үйлчлэх ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал үйлчлэх ажилчнаар ажиллаж байсан болох нь Б.*******ыг 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилд авч, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газрын даргын Б.*******ыг 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үйлчлэх ажилчнаар томилсон 32 дугаартай тушаал, Б.*******т үр дүнгийн шагнал олгохоос татгалзсан 1988 оны 24 дугаартай тушаал, Б.*******т үр дүнгийн шагнал олгосон 1989 оны 16 дугаартай тушаал, хавсралтын хуулбар (хх 5-11х),  

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: Б.******* Сүхбаатар аймгийн Материал хангамжийн удирдах газарт анх ачигчаар ажилд орж байсан. Материал хангамжийн удирдах газар нь 1987 онд олон залуучуудыг нэгэн зэрэг ачигчаар ажилд авч байсан. Материал хангамжийн удирдах газар 1990 оны үед Жавхлант, Бармат гэж хоёр хуваагдаж ачигч нараа хоёр хуваасан. Тэр үед Б.******* Жавхлант ХХК руу шилсэн. Би Материал хангамжийн удирдах газарт 1985-1998 оныг дуустал нябогоор ажилласан учраас Б.*******ын ажиллаж байсан байдлыг мэднэ. гэх мэдүүлэг, (хх-17х) 

6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Б.******* 1987 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Материал техникийн хангамжийн баазад ачигчаар ажилд орсон. Материал техникийн хангамж 1990 онд хоёр хуваагдсан. Б.******* тэр үед Жавхлант ХХК-д ачигчаар шилжин ажилласан. Би Материал техникийн хангамжийн баазад 1978 онд ажилд орж Жавхлант ХХК-ийг татан буугдах хүртэл жижүүр хийсэн. Тиймээс Б.*******ын ажиллаж байсан байдлыг мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-18х) 

7. Иймд Б.*******ын Сүхбаатар аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал үйлчлэх ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ын Сүхбаатар аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал үйлчлэх ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА