Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00010

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С овогт Ч.Т-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б овогт Ө.Э-д холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх ....... дугаартай хэлцэл хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын .............. дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30 га газар, нэгж талбарын ......... /хуучнаар/, ......... /одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д гэх газар орших эзэмших эрхээр олгогдсон 20 га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т-ыгтогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Ө.Э /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Т газар эзэмших эрх шилжүүлэх ....... дугаартай хэлцэл хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын .............. дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30 га газар, нэгж талбарын ......... /хуучнаар/, ......... /одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д гэх газар орших эзэмших эрхээр олгогдсон 20 га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т-ыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Т миний бие насаараа А аймгийн Т суманд газар тариалангийн ажил эрхэлж байсан бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр давуу эрхээр А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр-20 га, Б-30 га, нийт 50 га газрыг 15 жилийн хугацаатайгаар үр тарианы зориулалтаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслээд тус сумын засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №49 тоот захирамжаар давуу эрхээр авсан. Түүнээс хойш тасралтгүй зориулалтын дагуу ашиглаж байхад нутгийн хуурай дүү Ө.Э 2015 оны 06 дугаар сард ахаа та надад газрын гэрчилгээгээ түр өгчхөөч, дүү нь трактор авах гэсэн газар дутаад байна, гэрчилгээгээ түр өгчих гээд гуйгаад байхаар нь би түүнд итгээд гэрчилгээ, гэрээ зэргээ эх хувиар нь өгөөд явуулсан. Түүнээс хойш бид миний талбайд 2020 он хүртэл хамт үр тариа тарьж байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сард би бага хүү Т.Э-т өөрийн эзэмшлийн газраа шилжүүлж өгөх гэтэл Ө.Э нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад гэрээ байгуулаад, гэрчилгээ гаргуулаад авчихсан гэдгийг мэдсэн. Би Ө.Э-д газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл бичиж өгөөгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг огт зураагүй. Ө.Э нь намайг хууран мэхэлж, миний өмнөөс өргөдөл бичиж, гэрээнд гарын үсэг зурж, хууль зөрчиж өөрийн эзэмшилдээ шилжүүлж авсан байна. Түүнээс хойш би болон манай хүүхдүүд Ө.Э-тай удаа дараа уулзахад өнөө маргаашдаа буцааж шилжүүлж өгнө гэж биднийг хуурч явсаар өнөөдрийг хүрлээ. Өмнө миний бие хариуцагч Ө.Э-д холбогдуулан гаргасан дээрх газрыг өөрийн эзэмшилдээ хууль бусаар авсан болохыг тогтоолгож, газрын гэрчилгээнүүдийг иргэн Ч.Т миний нэр дээр буцааж шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэн Ө.Э-д дээрх газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д-ийн өвөр гэх газарт 20 га, Б гэх газарт 30 га, нийт 50га газрыг хариуцагч Ө.Э-д эзэмшүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх ....... дугаар хэлцлийг хууль бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Ө овогтой Э нь 2015 оноос хойш одоог хүртэл А хоршооны үйл ажиллагааг эрхэлж газар тариалангийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. 2015 онд иргэн Ч.Т-оос өөрийнх нь хүсэлтийн дагуу А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д-ийн өвөр-30 га, Б-т-20га газрыг хууль журмын дагуу шилжүүлж авсан юм. Иргэн Ч.Т нь тухайн үед газраа өөрөө зөвшөөрч шилжүүлсэн. Өргөдөл дээр өөрөө гарын үсэг зурсан. Харин ах нь бичиж чадахгүй гээд өргөдлийг надаар бичүүлээд өөрөө гарын үсгээ зурсан. Газраа шилжүүлснээс хойш 8 жил гаруй болж байна. Энэ хугацаанд газрын төлбөрийг би төлж байсан. Ч.Т гуай нэхэмжлэл дээрээ худал, гүтгэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж буй Ч.Тын нэхэмжлэлийн хариуцагч Ө.Эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. Одоогоор шүүхэд Хариуцагч Ө.Эд А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д-ийн өвөр 20га, Б 30 га, нийт 50га газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа билээ. Тус нэхэмжлэлийн шаардлагыг нэгж талбарын ........... дугаартай А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрыг Ө.Эд шилжүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодруулж байна. Дээрх тодруулсан шаардлагаас гадна хариуцагч Ө.Эд холбогдуулж нэгж талбарын ........... дугаартай А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ....... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших 50га газрын хууль ёсны эзэмшигч болсон билээ. Гэвч тус газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх явцад хариуцагч Ө.Э нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан. Тодруулбал, 2015 оны 06 дугаар сард хариуцагч нь надад хандан техник авах гэхээр дутаад байна, гэрчилгээгээ өгч байгаач гэж хэлэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг авч явсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй бөгөөд шилжүүлэн өгөөгүй болно. Гэтэл миний эзэмшлийн газар эзэмших эрхийг Ө.Э нь хууль бусаар миний гарын үсгийг дуурайлган зурж, газар шилжүүлэх өргөдлийг өөрөө бичиж тус газрыг өөртөө шилжүүлэн авсан байгаа бөгөөд миний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэгж талбарын ............ дугаартай А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хариуцагч Ө.Э миний бие А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д-ийн өвөр-20га, Б-30га, нийт 50га газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэснийг нэгж талбарын ............ дугаартай А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хуулийн дагуу тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ... Одоогоор шүүхэд “Хариуцагч Ө.Эд А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д-ийн өвөр 20га, Б 30 га, нийт 50га газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа билээ. Тус нэхэмжлэлийн шаардлагыг “нэгж талбарын ............ дугаартай А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрыг Ө.Э-д шилжүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагуудаас ирсэн баримтуудыг үндэслэн тус нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь шаардлагыг Нэгж талбарын .............. дугаартай А аймгийн Т сумын Д, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30га газар, нэгж талбарын ......... /хуучнаар, .......... /одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 20га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т-ыг тогтоолгох гэж тодруулж байна. Учир нь маргаан бүхий нэгж талбарын ............ дугаартай 50га газар нь газрын кадастрын мэдээллийн сан шинэчлэгдсэнтэй холбогдуулан нэгж талбарын ........... дугаартай 30га, нэгж талбарын ......... дугаартай 20га газар болон өөрчлөгдөн бүртгэгдсэн байгаа юм гэжээ.

 

Хариуцагч Ө.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Ө.Э миний бие Ч.Т гуайгаас тухайн газруудын газар эзэмших эрхийг өөрийн хүсэлтийн дагуу шилжүүлж авсан. Хуулийн дагуу надад эзэмшил үүссэн. Түүнээс хойш ямар ч маргаан байхгүй байсаар 2023 он хүрсэн. Хүүхдүүдийнхээ үгэнд орж шүүхэд хандаж байна. Хамгийн сүүлд Төвшрүүлэх сумын Засаг даргын 2020 оны ......... дугаартай захирамжийн дагуу кадастрын бүртгэлд бүртгэгдэж над дээр уг газруудыг эзэмшүүлэх шийдвэр гарсан байгаа. Би хууль ёсны эзэмшигч нь тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд дэмжиж оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатад хариуцагч өөрийн байр сууриа хангалттай илэрхийллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 30 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Үйл баримтын талаар өмгөөлөгч маань тайлбар гаргасан тул энэ талаар аль болох давхцуулан тайлбар гаргахгүйгээр хэлэхэд анх хариуцагч Э нь газар тариаландаа зориулан техник хэрэгсэл авах зорилгоор нэхэмжлэгч Т-оос газрын гэрчилгээг нь гуйсан байдаг. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Гэрч мөн энэ агуулгаар мэдүүлэг өгсөн байгаа. Иймд талуудын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэгдүгээрт энэ хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Үнэн хүсэл зоригоосоо нэхэмжлэгч хариуцагчид газраа шилжүүлэн өгөөгүй. Зөвхөн техник хэрэгсэл авахад нь зориулж түр шилжүүлэн өгсөн. Тухайн үед техник хэрэгсэл авахад газрын гэрчилгээ хэрэгтэй байсан гэдэг нь үнэн. Ийм шалтгааны улмаас талууд гэрээ байгуулсан. Тэрнээс биш хариуцагчийн тайлбарлаж байгаагаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Гол зорилго нь эрх бүхий этгээдэд тус газрын гэрчилгээг үзүүлэх зорилготой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг шүүхэд заавал нэхэмжлэлийн шаардлага гаргаж байж хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох шаардлагагүй. Шүүх өөрийн  дүгнэлтээр шийдвэрлэнэ. Тус хуулийн 57, 58 дугаар зүйлүүдэд заасан хууль зүйн ноцтой хэлцлийг нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байдаг. Мөн хариуцагч Т-т нэг ч төгрөг төлөөгүй,  надаас мөнгө нэхэж байгаагүй, хүний хоол болгож байхаар чамд өгчихье гэж тайлбарлаж байна.  Маргаан бүхий газар нь 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид олгогдсон газар буюу 2027 онд хугацаа нь дуусах газар юм. Хугацаа нь дуусахаас өмнө хүнд алдчих вий гэдэг байдлаар шилжүүлэхгүй. Шүүх хэргийн  үйл баримт болон бодит байдалд дүгнэлт хийх байх. Хариуцагч асуултад хариулахдаа би 2018,2020 онд тариа тарьж өгсөн хэмээн хариулсан. Гэтэл шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оноос хойш 2022 оны хавар хүртэл Т-т тариа тарьж өгсөн гэж байна. Хариуцагч иймэрхүү зөрүүтэй тайлбаруудыг хэлдэг. Үүнийг шүүх мөн анхаарах байх. Иймд 20 га газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэг нутгийн хүмүүс нь хамаагүй. Энд хүн чанар яригдах байх. Хамгийн гол нь намайг ашиглаж байсан. Т гуай надад хэлэхдээ миний дүү  энэ газрыг ав, хэн ч ашиглаж чадахгүй хүний хоол болно гэж хэлж байсан. Ингээд аман гэрээ байгуулан би тус газар дээр нь 5,10 га газарт нь тариалан тарьж өгөхөөр тохирч газрын гэрчилгээгээ шилжүүлэн өгсөн. Т гуайн үр хүүхэд нь бор дарсанд орчихсон үе байсан юм. Тэгээд надад хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэхчээр чи энэ газрыг, өөр хэнд өгөх вэ дээ, шөлний хонь, цайны сүү, малын тэжээл бэлдэж өг гэх зэргээр болзол тавьж надад газраа шилжүүлж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хүү, бэр, эхнэр нь гэрчилгээг нь гуйгаад аваад явсан гэж хэлж байна. Ийм зүйл болоогүй 2015, 2016 онуудад  Т-ын хүү малын хулгай хийгээд асуудалд орчихсон байсан. Үүнээсээ болоод архинд орсон. Энэ үед нь би тариаланг нь тарьж байсан. Ингэж намайг ашигласан. Би 2015 оноос хойш 2022 оны хавар хүртэл тасралтгүй тариа тарьж өгч байсан. Ингэлээ гээд би нэг ч төгрөг  авахгүй. Тариалан эрхлэхэд их хэмжээний өртөг гардаг. Т гуай надад чи л бид хоёрт туслахгүй бол өөр хэн туслах вэ дээ гэж хэлж байсан. Тэгээд сүүлд хүүхдүүдийнх нь асуудал цэгцрээд архи уухаа болиод ирэхээр намайг өөрөөсөө түлхэж эхэлсэн. Тэгээд газраа авах талаар маргаан үүсгэж эхэлсэн. Анх 5,000,000 төгрөг өгөөд тохиролцох талаар ярьж байснаа шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Тариа тарихад их хэмжээний өртөг гардаг. Зөвхөн түрээснийх нь зардал гэхэд 20,000,000, 30,000,000 төгрөг болдог. 5,6 жил тариаг нь тарьж өгсөн намайг Т гуай шууд хаячхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл намайг ашигласан. Мөн нэхэмжлэгч тал бидний хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Төрийг төлөөлсөн мэргэжилтэн дээр Т намайг өөрөө дагуулж очсон. Өөрийн биеэр надад газраа шилжүүлж өгсөн.  Үүнийг тухайн үеийн газрын даамал нь мэдэж байгаа. Би гэр бүлийн хүндээ Т гуай  надад газраа шилжүүлж өгнө, оронд нь тариа тарьж өгөөрэй гэж байна гэж хэлж байсан.  Би тухайн үед трактор авчихсан. Энийгээ хөдөлгөчих санаатай байсан. Мөн өргөдлийн талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Т гуай надад би бичиг үсэг мэдэхгүй, миний дүү бичээд өгчих гээд өөрөө гарын үсгээ зурсан. Би хуулийн дагуу газрыг нь шилжүүлэн авсан.  Хуулийн байгууллага үнэн худлыг нь тогтоож өгөх байх. Хуулиас гадна хүн чанар гэдэг зүйл байх хэрэгтэй. Хүнийг гүтгэж болохгүй байх. Би энэ талаар харин гомдолтой байгаа. Хүний үг дуу цөөтэй байдлыг далимдуулан ийм маргаан үүсгэж болохгүй. Тариа тарьж өгсөн техникийн хөлсийг тооцоолоход л замбараагүй үнийн дүн гарна. Би дан ганц газрын төлбөрөө төлж чадахгүй байна гэдэг агуулгаар яриагүй. Т гуайд тухайн үед нь шаардлагатай байсан зүйлээр нь бид тохиролцсон. Хамгийн гол нь надад болзол тавиад газраа шилжүүлсэн гэдэг нь тодорхой байгаа. Мөн би тухайн үед трактор авчихсан байсан. Би техниктэй болчихсон болохоор тариа будаагаа аваад, трактороо жаахан хөдөлгөе гэж бодоод Т гуайгаас давхацсан 20 газраа авъя гэхэд тэг, тэг ав, хоёулаа сум ороод шилжүүлчихье гээд намайг дагуулаад сумын төв явсан. Бид анх 20 га газар шилжүүлэхээр очсон. Гэтэл Т гуай би чамд 50 га газраа өгчихье, харин чи надад жаахан тариа тарьж өгөөрэй гэж хэлээд шилжүүлж өгсөн. Ингээд бид хуулийн дагуу газраа солилцсон. Шүүх үнэн зөвийг нь тогтоох байх. 5,10 га газар тарьж өгөхдөө би гарын үсэг зуруулж баталгаажуулж аваагүй. Учир нь би ийм хүн муутай үйлдэл хийхгүй. Сүүлд нь ийм маргаан үүсгэнэ гэж бодоогүй. Т гуайд итгэж байсан болохоор баталгаажуулж аваагүй. Т гуайд тариа тарьж өгч байсан гэдгийг манай нутгийн хүмүүс мэдэж байгаа. Т гуай өөрөө Э надад тариа тарьж өгөөгүй гээд хэд хэдэн удаа хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй. Энэ газрын маргаан дээр трактор л гээд яриад байх юм. Трактор газрын маргаантай хамааралгүй. Гэрч С хүртэл намайг трактор авах гэж байсан гээд байх юм.  Газар тариалангийн газар дээрээ 3 жилийн хугацаанд тариалан эрхлээгүй бол газрыг нь хураадаг. Т гуай ингэж байхаар надад өгчихье гэж бодсон байх. Би оронд нь 2015 оноос хойш тариа тарьж өгсөн. Зүгээр надад өгчихсөн зүйл байхгүй. Би эхэндээ 5 га газарт нь тариа тарьж өгч байгаад сүүлдээ 10 га газар тариа тарьж өгсөн. Мөн дахин хэлэхэд техник авахад газрын гэрчилгээ хэрэг болохгүй газар тариалан эрхэлдэг үү, хэр хугацаанд газар тариалан эрхэлж байгаа вэ гэдгийг нь анхаардаг. Үнэхээр техник хэрэг болсон бол 300 га газартай надад давуу эрхээр олгогдоно. Надад Т-ын 50 га газрыг хууль бусаар аваад, зээл авах шаардлага байхгүй. Трактор гэдэг үгийг ашиглаад байгаа нь намайг буруутгаж байгаа нэг хэлбэр нь гэв.

 

2. Нэхэмжлэгчээс:

- ....... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 3х/

- Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 129/ШЗ2023/01529 дугаар захирамж,

 

3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт

- А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 653 тоот албан бичгээр ирүүлсэн

  • Газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл,
  • А аймгийн Т сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай 49 дугаар захирамж, захирамжийн хавсралт,
  • Ч.Тын иргэний үнэмлэхийн хуулбар,
  • .......... дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг,
  • ....... дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  • Ө.Э-гийн 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т сумын газрын албанд гаргаж байсан хүсэлт,
  • А аймгийн Т сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай а/73 дугаар захирамж, захирамжийн хавсралт,
  • Ө.Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Т сумын газрын даамал Х.С-гийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж байсан тодорхойлолт,
  • 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,
  • .............. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  • ............. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  • 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 575 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,
  • 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ............. дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,
  • Иргэн Ө овогтой Э-гийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг,
  • Мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлэг 2 хуудас,
  • ............. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  • 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ... /1 хавтаст хэргийн 41-76х/

-  ХААН банкны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5143/0 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.Тын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тэтгэвэр авч байхдаа гарын үсэг зурсан зарлагын баримт /1 хавтаст хэргийн 93-95х/

- А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/224 тоот албан бичиг,

- А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 676 тоот албан бичгээр ирүүлсэн 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Ө.Эгийн гар өргөдөл, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 98-99х/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 103-106х/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 952 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 144-152х/,

- А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/142 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Т сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн /гэрээ/ бүртгэлийн дэвтэр,

- А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 461 тоот албан бичгээр ирүүлсэн Ө.Эгийн ......... дугаар газар эзэмших эрхийн цахим гэрчилгээ, кадастрын зураг /1 хавтаст хэргийн 181-184х/

- А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 517 тоот албан бичгээр ирүүлсэн Т сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай а/73 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, 2015 оны 06  дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 205-208х/,

- Гэрч М.Б-ын мэдүүлэг /1 хавтаст хэргийн 228-231х/,

- Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 243х/,

- А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 604 тоот албан бичиг,

- А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 988 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /2 хавтаст хэргийн 128-201х/,

- Гэрч Т.Э-ын  мэдүүлэг /2 хавтаст хэргийн 227-228х/

- Гэрч Ш.Б-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 230-231х/

- Гэрч С.П-гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 232-233х/

- Гэрч С.С-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 234-235х/

- Гэрч М.Б-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 236-237х/

- А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/28 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /2 хавтаст хэргийн 239-250х, 3 хавтаст хэргийн 1-7х/

- А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1079 тоот албан бичгээр ирүүлсэн ............ дугаартай нэгж талбарын хувийн хэргийн материалууд /3 хавтаст хэргийн 8-59х/

- А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1154 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /3 хавтаст хэргийн 73-93х/

- Газрын нэгдсэн сангийн удирдлагын цахим систем, .............., ........ нэгж талбаруудын дугаартай Ө.Эгийн газрын нэгж талбарын тодорхойлолт /3 хавтаст хэргийн 100-102х/

 

4. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт

- Гэрч Ш.Н-ын мэдүүлэг /1 хавтаст хэргийн 232-234х/,

- Гэрч Ж.С-гийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 235-238х/,

- Гэрч С.Ө-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 7-8х/,

- Гэрч Ц.Б-ын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 17-18х/,

- Гэрч Б.Ж-гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 19-21х/,

- Гэрч Х.С-гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 222-226х/

- А аймгийн Т-ын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/947 тоот албан бичгээр ирүүлсэн Иргэн Ч.Тын татвар төлсөн мэдээлэл /3 хавтаст хэргийн 110-111х/ зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Тын хариуцагч Ө.Эд холбогдуулан гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх ....... дугаартай хэлцэл хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын .............. дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30 га газар, нэгж талбарын ......... /хуучнаар/, ......... /одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д гэх газар орших эзэмших эрхээр олгогдсон 20 га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т-ыгтогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 30 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Үйл баримтын талаар өмгөөлөгч маань тайлбар гаргасан тул энэ талаар аль болох давхцуулан тайлбар гаргахгүйгээр хэлэхэд анх хариуцагч Э нь газар тариаландаа зориулан техник хэрэгсэл авах зорилгоор нэхэмжлэгч Т-оос газрын гэрчилгээг нь гуйсан байдаг. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Гэрч мөн энэ агуулгаар мэдүүлэг өгсөн байгаа. Иймд талуудын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэгдүгээрт энэ хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Үнэн хүсэл зоригоосоо нэхэмжлэгч хариуцагчид газраа шилжүүлэн өгөөгүй. Зөвхөн техник хэрэгсэл авахад нь зориулж түр шилжүүлэн өгсөн. Тухайн үед техник хэрэгсэл авахад газрын гэрчилгээ хэрэгтэй байсан гэдэг нь үнэн. Ийм шалтгааны улмаас талууд гэрээ байгуулсан. Тэрнээс биш хариуцагчийн тайлбарлаж байгаагаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Гол зорилго нь эрх бүхий этгээдэд тус газрын гэрчилгээг үзүүлэх зорилготой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг шүүхэд заавал нэхэмжлэлийн шаардлага гаргаж байж хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох шаардлагагүй. Шүүх өөрийн  дүгнэлтээр шийдвэрлэнэ. Тус хуулийн 57, 58 дугаар зүйлүүдэд заасан хууль зүйн ноцтой хэлцлийг нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байдаг. Мөн хариуцагч Т-т нэг ч төгрөг төлөөгүй,  надаас мөнгө нэхэж байгаагүй, хүний хоол болгож байхаар чамд өгчихье гэж тайлбарлаж байна.  Маргаан бүхий газар нь 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид олгогдсон газар буюу 2027 онд хугацаа нь дуусах газар юм. Хугацаа нь дуусахаас өмнө хүнд алдчих вий гэдэг байдлаар шилжүүлэхгүй. Шүүх хэргийн  үйл баримт болон бодит байдалд дүгнэлт хийх байх. Хариуцагч асуултад хариулахдаа би 2018,2020 онд тариа тарьж өгсөн хэмээн хариулсан. Гэтэл шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оноос хойш 2022 оны хавар хүртэл Т-т тариа тарьж өгсөн гэж байна. Хариуцагч иймэрхүү зөрүүтэй тайлбаруудыг хэлдэг. Үүнийг шүүх мөн анхаарах байх. Иймд 20 га газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

... Т гуай надад хэлэхдээ миний дүү  энэ газрыг ав, хэн ч ашиглаж чадахгүй хүний хоол болно гэж хэлж байсан. Ингээд аман гэрээ байгуулан би тус газар дээр нь 5,10 га газарт нь тариалан тарьж өгөхөөр тохирч газрын гэрчилгээгээ шилжүүлэн өгсөн. Т гуайн үр хүүхэд нь бор дарсанд орчихсон үе байсан юм. Тэгээд надад хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэхчээр чи энэ газрыг, өөр хэнд өгөх вэ дээ, шөлний хонь, цайны сүү, малын тэжээл бэлдэж өг гэх зэргээр болзол тавьж надад газраа шилжүүлж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүү, бэр, эхнэр нь байхад гэрчилгээг нь гуйгаад аваад явсан гэж хэлж байна. Ийм зүйл болоогүй 2015, 2016 онуудад  Т-ын хүү малын хулгай хийгээд асуудалд орчихсон байсан. Үүнээсээ болоод архинд орсон. Энэ үед нь би тариаланг нь тарьж байсан. Ингэж намайг ашигласан. Би 2015 оноос хойш 2022 оны хавар хүртэл тасралтгүй тариа тарьж өгч байсан. Ингэлээ гээд би нэг ч төгрөг  авахгүй. Тариалан эрхлэхэд их хэмжээний өртөг гардаг. Т гуай надад чи л бид хоёрт туслахгүй бол өөр хэн туслах вэ дээ гэж хэлж байсан. Тэгээд сүүлд хүүхдүүдийнх нь асуудал цэгцрээд архи уухаа болиод ирэхээр намайг өөрөөсөө түлхэж эхэлсэн. Тэгээд газраа авах талаар маргаан үүсгэж эхэлсэн. Анх 5,000,000 төгрөг өгөөд тохиролцох талаар ярьж байснаа шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Тариа тарихад их хэмжээний өртөг гардаг. Зөвхөн түрээснийх нь зардал гэхэд 20,000,000, 30,000,000 төгрөг болдог. 5,6 жил тариаг нь тарьж өгсөн намайг Т гуай шууд хаячхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл намайг ашигласан. Мөн нэхэмжлэгч тал бидний хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Би гэр бүлийн хүндээ Т гуай  надад газраа шилжүүлж өгнө, оронд нь тариа тарьж өгөөрэй гэж байна гэж хэлж байсан.  Би тухайн үед трактор авчихсан. Энийгээ хөдөлгөчих санаатай байсан. Мөн өргөдлийн талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Т гуай надад би бичиг үсэг мэдэхгүй, миний дүү бичээд өгчих гээд өөрөө гарын үсгээ зурсан. Би хуулийн дагуу газрыг нь шилжүүлэн авсан.  Хуулийн байгууллага үнэн худлыг нь тогтоож өгөх байх. Хуулиас гадна хүн чанар гэдэг зүйл байх хэрэгтэй. Хүнийг гүтгэж болохгүй байх. Би энэ талаар харин гомдолтой байгаа. Хүний үг дуу цөөтэй байдлыг далимдуулан ийм маргаан үүсгэж болохгүй. Тариа тарьж өгсөн техникийн хөлснийг тооцоолоход л замбараагүй үнийн дүн гарна. Би дан ганц газрын төлбөрөө төлж чадахгүй байна гэдэг агуулгаар яриагүй. Т гуайд тухайн үед нь шаардлагатай байсан зүйлээр нь бид тохиролцсон. Хамгийн гол нь надад болзол тавиад газраа шилжүүлсэн гэдэг нь тодорхой байгаа. Мөн би тухайн үед трактор авчихсан байсан. Би техниктэй болчихсон болохоор тариа будаагаа аваад, трактороо жаахан хөдөлгөе гэж бодоод Т гуайгаас давхацсан 20 газраа авъя гэхэд тэг, тэг ав, хоёулаа сум ороод шилжүүлчихье гээд намайг дагуулаад сумын төв явсан. Бид анх 20 га газар шилжүүлэхээр очсон. Гэтэл Т гуай би чамд 50 га газраа өгчихье, харин чи надад жаахан тариа тарьж өгөөрэй гэж хэлээд шилжүүлж өгсөн. Ингээд бид хуулийн дагуу газраа солилцсон гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нар 2015 оны 06 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ч.Тын эзэмших эрхийн гэрчилгээтэй А аймгийн Т сумын 2 дугаар багийн нутагт байрлах 50 га газрыг эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч Ө.Эд шилжүүлсэн, гэрээг бичгээр байгуулж нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурж А аймгийн Т сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан ....... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 653 тоот албан бичгээр ирүүлсэн /Газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл,А аймгийн Т сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай 49 дугаар захирамж, захирамжийн хавсралт,............ дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг,....... дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ө.Эгийн 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т сумын газрын албанд гаргаж байсан хүсэлт, А аймгийн Т сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай а/73 дугаар захирамж, захирамжийн хавсралт, Т сумын газрын даамал Х.С-гийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж байсан тодорхойлолт,2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ........... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, ............ дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 575 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...........  дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,Иргэн Ө овогтой Эгийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг,Мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлэг 2 хуудас,............ дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ... /1 хавтаст хэргийн 41-76х/, А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/142 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Т сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн /гэрээ/ бүртгэлийн дэвтэр, А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 461 тоот албан бичгээр ирүүлсэн Ө.Эгийн ........... дугаар газар эзэмших эрхийн цахим гэрчилгээ, кадастрын зураг /1 хавтаст хэргийн 181-184х/, А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 517 тоот албан бичгээр ирүүлсэн Т сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай а/73 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, 2015 оны 06  дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1 хавтаст хэргийн 205-208х/, Гэрч Х.С-гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 222-226х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Т газар эзэмших эрхээ шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй, өөрийнх нь гарын үсгийг дуурайлган зурсан, техник хэрэгсэл авахад нь зориулж түр шилжүүлсэн гэх боловч 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 952 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрч Б.С-гийн мэдүүлэг, А аймгийн Т сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн /гэрээ/ бүртгэлийн дэвтэр зэргээр гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч Ч.Тынх мөн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хамт А аймгийн Т сумын газрын даамалтай очиж уулзаж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж заасан.

            Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь хууль зөрчиж байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хуулиар газар эзэмших эрх шилжүүлэхийг хориглоогүй, мөн үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийг шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж Хариуцагч Ө.Э эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авснаас хойш тухайн газарт тариалалт хийж эзэмшиж ашиглаж байсан, нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан газрын 5 га хэсэгт тариалалт хийж нэхэмжлэгчид өгдөг байсан, нэхэмжлэгч хариуцагчийн тариалсан тариалалтыг хүлээн авч байсан нь хэрэгт авагдсан гэрч Т.Э, Ш.Б, С.П, С.С, Ш.Н, Ж.С, Ц.Б, Б.Ж нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс нэхэмжлэгч, хариуцагч нар бодит байдлаас өөр хэлцлийг дүр үзүүлэн хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харш хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж заасан.

Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний талууд эрсдэлтэй хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхтэй. Хэдийгээр нэхэмжлэгч  Ч.Т өөрөө зөвшөөрч газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн боловч нэхэмжлэгч уг газраа өөрөө бие даан ашиглахад хүндрэлтэй, эдийн засгийн болон хөдөлмөрийн хүчний хувьд сул дорой байсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ч.Тын хэрэгцээт байдлыг ашиглан хариуцагч Ө.Э түүний эзэмших эрхийн гэрчилгээтэй 50 га тариалангийн газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авч эсрэг талдаа хэт алдагдалтай тэгш бус гэрээ байгуулсан байна. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилж байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан.

Нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т заасан гэрээний үүрэгтэй холбоогүй учир хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан ерөнхий хугацаа үйлчилнэ. Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын гэрээ байгуулсан 2015 оны 06 сарын 15-ны өдрөөс тооцоход гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын байгуулсан 2015 оны 06 сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ө.Э нь нэхэмжлэгчээс хэлцлийн дагуу шилжүүлэн авсан 50 газрыг буцаан өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 988 тоот албан бичгээр ирүүлсэн нэгж талбарын .............. дугаартай газрын хувийн хэрэг, А аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/28 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /2 хавтаст хэргийн 239-250х, 3 хавтаст хэргийн 1-7х/, А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1079 тоот албан бичгээр ирүүлсэн ........... дугаартай нэгж талбарын хувийн хэргийн материалууд /3 хавтаст хэргийн 8-59х/, А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1154 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /3 хавтаст хэргийн 73-93х/, Газрын нэгдсэн сангийн удирдлагын цахим систем, .............., .............. нэгж талбаруудын дугаартай Ө.Эгийн газрын нэгж талбарын тодорхойлолт /3 хавтаст хэргийн 100-102х/ зэргээр нэхэмжлэгч хариуцагч нарын анх шилжүүлсэн 50 газрын нэгж талбарын дугаар нь одоо .............. нэгж талбарын дугаартай 30 га, ......... нэгж талбарын дугаартай 20 га газар болж бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан .............. нэгж талбарын дугаартай 30 га, ......... нэгж талбарын дугаартай 20 га эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудын эзэмшигч нь нэхэмжлэгч Ч.Т болохыг тогтоох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагч Ө.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгохоор шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т-ыгнэгж талбарын .............. дугаартай 30 га газар, нэгж талбарын ......... дугаартай 20 га газрын эзэмшигч болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагч Ө.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгосугай.

 

           4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН