| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00559/И |
| Дугаар | 311/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 311/ШШ2025/00064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* багийн ******* айл ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол улсын *******ийн харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит холбогдох
тус коллежийн захирлын 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотуур байрын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б., хариуцагч байгууллагын төлөөлөгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* айл ******* тоотод оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Монгол Улсын *******ийн харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит Бүжгийн Коллежид 2022 онд жижүүрээр томилогдсон. Жижүүрээр ажиллаж байхдаа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсныг үнэлэн 2023 оны 09 сарын 08-нд албан тушаал дэвшүүлж байрын багшаар томилогдсон. Учир нь сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг дийлэхээ байсан дотуур байрны суралцагч хүүхдүүд 7 хоногт 4-5 удаа архидан согтуурдаг, тамхи таталт дотуур байрны хоёр жигүүрээр болон сургуулийн ариун цэврийн өрөө, сургууль байрын гадуураар нил тамхины иш байдаг байсан. Жишээлбэл: Намайг байрын багшаар орохоос өмнө 6, 7-р ангийн 2 хүүхэд " " худалдааны төвөөс 2 пиво буюу согтууруулах ундаа хулгай хийсэн энэ явдлыг дотуур байрын жижүүр Л., нар гэрчилнэ. Мөн 12 дугаар ангийн хүүхдүүд сургуулийн зааланд бүжиг давтаж байгаа нэрийдлээр худлаа хэлж архидан согтуурч 2 хүүхэд нь ухаангүй архины хордлогонд орж эмнэлэгийн түргэнд дуудлага өгч эмч нар ирж хордлого тайлах шингэн хийж эмчилгээ хийж зүгээр болгосон, мен 5 эрэгтэй хүүхэд архидан согтуурч дотуур байрны цонхоор гарч зугтсан, ахлах ангийн хүүхдүүд доод ангийн дүү нараа дарамталж гар утсыг нь дэлгүүрт барьцаанд тавьж дэлгүүрээс юм авч идэж, уудаг, Манай сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хараа хяналтгүйгээс гарсан зөрчлүүдэд байрны жижүүр багш нар нь цагдаад байнга дуудагдаж, дээд доод ангийн дээрэлхэлт энгийн үзэгдэл болсон байсныг тухайн үеийн байрын багш нар жижүүрүүд гэрчилнэ. Би өөрийн хариуцсан ажил буюу жижүүрийн ажлаа хийж байхад 2023 оны 09 сарын 08 өдөр дотуур байрны дээрх нөхцөл байдлыг арилгах үүднээс захиргааны зөвлөлийн хурал хуралдаж надад дотуур байрын багшаар ажиллах саналыг тавьсан би орохгүй гэхэд та л энэ бүгдийг цэгцэлж чадна байрны хүүхдүүд эмэгтэй багшийг элэг бариад, жижүүрүүдийг тоохгүй дийлэгдэхээ байлаа гээд захирал М. гишүүд болох Ц., С., Ж., У. нар санал тавиад байхаар нь удирдлагуудаа хүндэтгэн надад итгэл хүлээлгэж байхад гээд тухайнхүсээгүй учир зүггүйгээр л ажлаа өгөхийг тулган шаардаж дарамталж байсан. Энд захиргааны зөвлөлийн гишүүд болон анги удирдсан багш нар байсан гэрчилнэ. Ажлаас челевлөгдөх өргөдлөө өг гээд шахаад байсан, цаг орой болсон 20.00 цаг орчим болж байсан ба ингээд дарамтлаад байхаар нь миний уур хүрч тэгвэл таны хусээд байгаа ергедлийг чинь өгье маргааш өргөдлөө өгье гээд гарсан. Маргааш өглөө нь өргөдлөө егеед ороход би чамд дургүй чи надад угаасаа таалагдаагүй гэдгээ хэлсэн би төрийн ажлыг таньд таалагдаж хийх албагүй гээд гарсан. Би ажлаасаа гарах хүсэлгүй байсан, миний бичсэн өргөдөл миний чин хүсэл байгаагүй надруу янз бүрээр орилоод өргөдлөө өг гээд байхаар нь өргөдлөө өгсөн. Гэтэл намайг захирлын 20******* оны 10 сарын 03-ны өдрийн Б/93 тоот *******ын *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар өөрийн хүсэлтийг үндэслэн хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Би энэ сургуулийн дотуур байрын багшаар ажиллаж байх хугацаанд олон эцэг эхчүүд ёстой сайн байна, эрэгтэй багштай болсноор ямар нэгэн дарамт шахалт дээрэлхэлтгүй болсон гэж манай хүүхэд хэлж байна гэж хэлдэг байсан. Би энэ хүүхдүүдийг учирч болох эрсдэлээс хамгаалж, хорт зуршлаас нь салгаж, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлж чин сэтгэлээсээ ажиллаж олон үр дүнд хүрсэн. Үүнийг багш нар манай хамт олон гэрчилнэ. Намайг гарснаас хойш хүүхдүүдийн харилцаа хандлага өөрчлөгдөж багш ажилчдад хүндлэлгүй, жижүүр багш, жижүүрүүдийн үгэнд орохоо байсан, тамхи таталт эрс нэмэгдсэн, олон нийтийн эзэмшлийн дэлгүүр хоршооны хаалгыг эвдсэн гэсэн сурагтай байна. Миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг 20******* оны 11 сарын 01-нд хүргүүлсэн боловч Завхан аймгийн ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй гэх үндэслэлээр тус шүүхийн 20******* оны 11 сарын 08-ны өдрийн 1586 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Завхан аймгийн ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 20******* оны 11 сарын 01-нд хандсан боловч өнөөдөр буюу 20******* оны 12 сарын 06-ны өдөр хуралдаж талууд эвлэрээгүй тул тэмдэглэл гаргаж өгсөн болно. Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит коллежийн захирлын 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан дотуур байрын багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг ажил олгогчийн эсхүл ажилтны өөрийнх нь санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгохоор хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад ажилчны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нөхцөл байдал харагдахгүй байна. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан юмуу гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл хүүхдэд гар хүрсэн гэдэг асуудлаар багш нарын хурлыг хийсэн байна. Гэтэл ажилтан өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгсөн гэдэг байдлаар ажлаас чөлөөлсөн байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг тайлбарласан. Уг тайлбарт "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр тухайн ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан. Мөн Улсын дээд шүүхээс 2012 онд зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн 1.7-д Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэнэ. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино гэж зөвлөмжилсөн. Хэрэв ажилтны өөрийнх нь хүсэлт нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх юм бол үнэхээр ажилтны хүсэл зориг байж уу үгүй юу, сайн дурын үндсэн дээр байж уу үгүй юу гэдгийг шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээрэй гэж зөвлөмжид заасан. Гэрчийн мэдүүлгээр Д.******* өөрөө өргөдлөө бичээгүй болох нь тогтоогддог. Тийм учраас Д.*******ын хүсэл зориг байгаагүй, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан гэж үзэж байна. Хуурамч дипломтой эсэхийг эхнэрээс нь тодруулсан байдаг. Та хоёр залуу хүмүүс 20-******* сая төгрөгийн өрөөнд орж байхаар гэдэг асуудал яригдсан, нэхэмжлэгчийн зүгээс санал болгосны дагуу зөвлөлийн хурлыг хийсэн. Иймд захирлын 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан дотуур байрын багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч И. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие энэхүү процессыг сайн мэдэхгүй байж байгаад хэрэгтэй танилцаж мэдсэн Д.*******ын хувьд ажилдаа хариуцлагатай үнэнч шударга ажилладаг гэж хардаг байсан. Хамтарч ажиллаж байсан хүний тухайд хэлэхэд ажилдаа хариуцлагатай ажилладаг л гэж боддог байсан. Өөр хэлэх тайлбар байхгүй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс: Иргэний үнэмлэхний хуулбар, Монгол улсын *******ийн харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит коллежийн захирлын 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/93 дугаартай тушаал, Завхан аймгийн ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, МУК-ын харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит хөгжим коллежийн хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, МУК-ийн харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит хөгжим коллежийн дотуур байрны багшдаа өгөх амлалтууд, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1586 дугаартай шүүгчийн захирамж, гэрч Х., Ж. нарыг асуулгасан байна.
Хариуцагч байгууллагын зүгээс: хариу тайлбар, Анги удирдсан багш нарыг оролцуулах өргөтгөсөн ЗЗ-ын хурлын тэмдэглэл, МУК-ын харьяа Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит хөгжим коллежийн захиргаанд гаргасан өргөдөл зэргийг ирүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ыг Монгол улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь хөгжим коллежийн захирлын 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67-р зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2-р зүйлийн 2.2.2 дахь заалтуудыг үндэслэн өөрийнх нь хүсэлтээр түүнийг тус сургуулийн дотуур байрын багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсч нэхэмжилжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэхээр 20******* оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, түүнээс өмнө Завхан аймгийн ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хороо 20******* оны 12-р сарын 06-ны өдөр хуралдаж талууд эвлэрэн тохиролцож чадаагүйгээр маргаан эцэслэж байсан байх ба энэ нөхцөл байдлуудыг тооцож үзэхэд тэрээр Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасан хугацаанд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандсан гэж тооцогдохоор байна.
Ажил олгогчийн зүгээс ажилтанг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй тушаал шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү үндэслэлтэй шийдвэр гаргасан гэдгээ шүүхэд хариуцагчаар оролцож буй тохиолдолд хангалттай нотлох үүргийг хүлээнэ, мөн энэ талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй юм.
Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар анги удирдсан багш нарыг оролцуулсан өргөтгөсөн хурлын протокол, нэхэмжлэгч Д.*******аас гаргасан өргөдөл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Дээрх өргөтгөсөн хурлаар дотуур байрны багш Д.*******ын хүүхэд зодсон асуудлыг хэлэлцсэн байгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээс зөрүүтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах үндэслэлийг зохицуулсан байх ба энэ зүйл хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр тухайн ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж, мөн 2012 онд гаргасан зөвлөмжийн 1.7-д хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай шүүх харьцуулан дүгнэнэ. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино гэж зөвлөмжилсөн байна.
Нэхэмжлэгч Д.*******д ажлаас сайн дураар чөлөөлөгдөх хүсэл сонирхол байгаагүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба ажлаас чөлөөлөгдөх бичгийн хүсэлтийг тэрээр өөрөө бичээгүй, түүний эхнэр бичсэн болох нь гэрч Х.гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил болон ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ.
Мөн хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн тушаал, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ажил олгогч нь ажлаас чөлөөлөх үндэслэлээ зөв тодорхойлоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.
Иймд ажил олгогчийг хуульд нийцээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, мөн ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, учруулсан хохирлын хэм хэмжээ, зөрчил гаргасан шалтгаанд үндэслэн сахилгын шийтгэлийг шударгаар ногдуулах зарчмыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Д.*******ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сард 20******* оны 09-р сард 2.169.749 төгрөг, 8-р сард 2.180.666 төгрөг, 7-р сард 1.832.380 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 2.060.931 төгрөг, өдрийн дундаж цалин 95,857 төгрөг байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 20******* оны 10 сард ажлын 21 хоног, 11 сард 19 хоног, 12 сард 22 хоног, 2025 оны 01 сард 22 хоног, 02 сард 9 хоног, нийт 93 хоног ажилгүй байсан байна. Үүнийг өдрийн дундаж цалингаар тооцоход нийт 8.914.701 төгрөгний цалинтай тэнцэх олговор гарч байна.
Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.914.701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг түүний урьд эрхэлж байсан ажил болох Монгол Улсын *******ын харьяа Завхан аймаг дахь коллежийн дотуур байрны багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын *******ын харьяа Завхан аймаг дахь коллежоос нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.914.701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 206,979 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ