Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726021407 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.О 2017 оны 6 дугаар сарын 13-ны орой Б.Азжаргалтай таксины мөнгөний тооцооноос болж маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би хохирогчийн биед хохирол учруулаагүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Азжаргал мөрдөн байцаалтанд“2017 оны 6 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн 68-69 УНР улсын дугаартай, цагаан өнгийн Хонда Пит маркийн автомашинтайгаа явж байтал Хан-Уул дүүргийн Соёлын ордон орчимд нэг танихгүй эрэгтэй хүн такси барих гээд зогсож байхаар нь би зогсоод тэр хүнийг хаа хүрэх үү гэхэд хороолол орно гэсэн. Тэгээд тэр хүнийг машиндаа суулгаад хорооллын Билэг их дэлгүүр орчимд очтол тэр хүн би ломбард ороод багаж тавиад мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд хороолол орчмын маш олон ломбардаар орсон боловч ломбардууд хаасан байсан. Тэгэхээр нь би уурлаад харанхуй шөнө ломбардууд хаачихсан байхад худлаа хүнд ажил удаад байх юм гэхэд тэр залуу тэгвэл өөрөө энэ багажнуудыг ломбарданд тавиад мөнгөө өөрөө олж ав, чи энийг л мөнгө болгож чадахгүй бол өөрөөр би чамд мөнгө өгч чадахгүй гээд агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь тэр залуу зугатах гээд тортой багажаараа миний цээж, тохой мөр рүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэр залууг явуулахгүй гээд өмднийх нь бүснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгтэл цагдаа над руу залгаад наад хүнээ байлгаж байгаарай гээд ярьсан чинь тэр залуу нэг үзүүртэй юм халааснаасаа гаргаж ирээд миний гар руу хатгачихаад  зугатаачихсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нар хамт хайсан боловч барьж авч чадаагүй алдчихсан. Тэгээд би цагдаа дээр ирээд өргөдөл өгөх гээд байж байтал машины ард тэр залуугийн иргэний үнэмлэх, банкны карт зэрэг нь байсан ба түүгээр нь түүнийг олж очсон...”/хх-ийн 14-16/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Азжаргал дахин байцаалтаар”...би тухайн үед Оаас таксиний мөнгө болох 6000 төгрөгөө  л авсан. Би  за яахав адилхан нялх хүүхэдтэй юм байна гээд тэр О гэх залууд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. /хх-ийн 39/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр БГД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер Э.Лханаажав мөрдөн байцаалтанд:”...Б.Азжаргал нь машиныхаа гадаа зогссон өмд нь урагдсан байдалтай гарнаас нь цус гарч тэрийгээ даавуугаар ороосон байсан. Юу болсон талаар асуухад нэг залуу таксиныхаа мөнгийг өгөхгүй надтай маргалдаад сүүлдээ барьж явсан дрилээрээ гар руу хатгаад зугатаад явчихлаа гэсэн...” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.О мөрдөн байцаалтанд:“... 2017 оны 6 дугаар сарын 13-ны 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ажилчны Соёлын төвийн буудлаас такси барих гээд зогсож байтал Цагаан өнгийн Хонда Пит маркийн машин зогссон. Би тэр машинд суугаад 3, 4 дүгээр хороолол орно гээд явсан ...прадоксийн тэнд нэг ломбард байхаар нь  жолоочийг энд зогсчих би орж утсаа тавиад гараад ирье гээд буусан. Тэгсэн араас шууд бууж ирээд чи зугатаах гэж байна гээд миний утсыг булааж миний эрүү рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би утсаа авах гэж булаацалдсан утсаа авах гэж байгаад уг хүний өмдийг нь урсан. Би тэгээд утсаа булааж аваад шууд зугатаасан. Нөгөө хүн миний араас хөөгөөд 23 дугаар байрны орчимд зогсоод амьсгаагаа дараад байж байтал араас гүйж ирээд яасан их зугатаадаг юм гээд дагз руу гараараа 2-3 удаа цохисон. Би мултраад дахиад зугтаасан...би уг залууг ерөөсөө цохиогүй. Утсаа булааж авах гэж ноцолдсон. Гар утсаа авах гэж байгаад би уг хүний гарыг бугуйн дээрээс нь атгаж байгаад гар утсаа аваад л зугтаасан.” /хх-ийн 46-48/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7874 дугаартай:” Б.Азжаргалын биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 23/ болон  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Оын ял шалгах хуудас /хх-ийн 51/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 56/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Оыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2017 оны 6 дугаар сарын 13-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацааг  хяналтын прокурор яллах дүгнэлтдээ 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэтээр буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан үндэслэлээр зөвтгөсөн болно.

 

Б.От холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. 

Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хөнгөрөх боловч шүүгдэгч Б.Оын хувьд түүний гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх үзлээ.

 

Иймд Шүүх, Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Оыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөв.  

 

Шүүгдэгч Б.О 2017 оны 6 дугаар сарын 13-нд Баяннол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Парадокс төвийн орчимд Б.Азжаргалтай маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хохирогч Б.Азжаргалын”...тэр залуу зугатах гээд тортой багажаараа миний цээж, тохой мөр рүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэр залууг явуулахгүй гээд өмднийх нь бүснээс зулгаагаад тавихгүй байсан...тэр залуу нэг үзүүртэй юм халааснаасаа гаргаж ирээд миний гар луу хатгачихаад  зугатаачихсан. /хх-ийн 14-16/ гэсэн мэдүүлэг, гэрч Э.Лханаажавын”...Б.Азжаргал нь машиныхаа гадаа зогссон өмд нь урагдсан байдалтай гарнаас нь цус гарч тэрийгээ даавуугаар ороосон байсан...” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7874 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/  зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүх, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” үндэслэлээр Б.Оыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.   

 

Хавтаст хэргийн 17 дугаар талд хохирогч Б.Азжаргалаас “...Отай сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт авагдсан байгааг шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.