| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2208017230575 |
| Дугаар | 2023/ДШМ/687 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/687
2023 7 06 2023/ДШМ/687
Ч.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Г.Д,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/580 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.О-т холбогдох ............................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................ дүүргийн ................. дүгээр хорооны нутаг дэвсгэр .................. дүгээр гармын ойролцоо хашаанд хохирогч Г.Д-тай хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь баруун 2 дугаар хавирганы хугарал, духанд зулгаралт, зүүн чамархай, амны завьж, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой хохирлыг буруутай этгээдээс холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд өөрийн биеэр оролцож, хохирол төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр .............. дүүргийн ......... дүгээр хороо ............ дүгээр гарамын ойролцоо танихгүй хоёр хүнд зодуулан гэмтсэн. Зүрх хүнд хэлбэрийн томролт үүссэн. Үүнээс болж амьсгаадах, гүйх болон хүнд ажил хийх чадамжгүй болсон бөгөөд одоо байнгын эм ууж байгаа. Эм тасалж болохгүй. Насаараа эм уух ёстой гэж эмч дүгнэсэн. Группт орно гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэр ........... дүгээр гармын ойролцоо хашаанд хохирогч Г.Д-тай хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь баруун 2 дугаар хавирганы хугарал, духанд зулгаралт, зүүн чамархай, амны завьж, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Д-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр О гэгч намайг зодож гэмтэл учруулсан. Нөгөө согтуу танихгүй залуу намайг газар унагаагаад өшиглөөд, хоолой боогоод, 1 метр урттай цагаан өнгийн зүйлээр нуруу хэсэг рүү цохиод байж байхад гэрийн эзэн Б салгаад гэрт орсон. ... би зодуулсны улмаас босож явж чадахгүй, амьсгал хаагдаж боогдчих гээд шөнө унтаж чадахгүй хэд хэдэн удаа түргэн дуудаж тариа хийлгүүлсэн. Эмнэлгээр явж зүрхний бүтэн шинжилгээг 300.000-400.000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн эм тарианууд авсан баримтууд нь надад байгаа. Би гомдолтой байна, эмчилгээнийхээ зардлаа нэхэмжилнэ. ...” /хх 18, 21-22/,
яллагдагч Ч.О-ын “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 64-65/ гэх мэдүүлгүүд,
“...Г.Д-ийн биед баруун 2 дугаар хавирганы хугарал, духанд зулгаралт, зүүн чамархай, амны завьж, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6442 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Ч.О-ыг хохирогч Г.Д-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.О-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Хохирогч Г.Д “...эмчилгээтэй холбоотой хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д гэмтэлтэй холбоотой шинжилгээ хийлгэсэн талаарх 2 хуудас баримт гаргаж өгснийг үнэлж 122.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв. Харин түүний зүрх өвдсөн асуудлаас шалтгаалсан эмчилгээний баримтууд нь түүний эрүүл мэндэд учирсан баруун 2 дугаар хавирганы хугарал, духанд зулгаралт, зүүн чамархай, амны завьж, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл нь хамааралгүй гэж үзэв.
Иймд хохирогч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/580 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.О-аас 122.500 төгрөг гаргуулж хохирогч Г.Д-д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ