Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2016/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус холбогдох

“Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамж,  Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүгч Ц.Сувдмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын болон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга  Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2007 оноос хойш Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Баянхонгор сумын болон аймгийн Засаг дарга нарын хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ба гурван шатны шүүхээр ажилд эгүүлэн тогтоолгон шийдвэрлэж байсан.

Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авсан ба хүлээн авсан өдрөөс эхлэн дахин шалгалт хийж олон зөрчил гаргадаг гэх мэтээр аймгийн Засаг даргын зүгээс нөлөөлөл үзүүлж эхэлсэн.

Гэтэл 2015 оны 04 дүгээр сард аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс гэнэт удирдамжгүйгээр шалгалт хийж эхэлсэн. Хэнээс ямар гомдол ирсэн яагаад шалгалт хийх болсон талаар ч хэлэлгүй хүмүүстэй уулзаж эхэлсэн. Төрийн албаны шалгалтын хүмүүс болох *******, ******* нараас ямар учиртай шалгалт юм бэ гэхэд тайлбарлах шаардлага байхгүй гэж хэлсэн.

Намайг ур чадваргүй, манлайлалгүй гэж үзээд Засаг даргад дүгнэлт гаргаж хүргүүлснийг би 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаас өөрөө очиж авч мэдсэн.

Миний бие 8 жил ажиллах хугацаандаа ажилтнууддаа ажлын байрны дарамт үүсгэж байгаагүй, ур чадвараа дүгнүүлэхдээ В үнэлгээтэй дүгнүүлсэн байхад ур чадваргүй гэсэн дүгнэлт гаргасан нь миний эрх ашгийг зөрчиж байна.

Гэтэл энэ хууль бус дүгнэлтийг үндэслэн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжаар 3 сарын хугацаатай 20 хувийн цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь миний эрх ашгийг давхар хохироож байна. ******* би аймгийн Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Засаг даргын дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хууль бус дүгнэлт шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.          

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлт нь он, сар, өдөр, дугааргүй байгааг дурдъя. Дүгнэлтийг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дүгнэлтэд дурдсанаар *******ы ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, үр дүнгийн гэрээний 3.4.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.Гэтэл ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, ёс зүйтэй холбоотой асуудал байна гэж үзсэн. Ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, 3.4.8 дахь заалтууд буюу үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг Төрийн албан салбар зөвлөл хэрэгжүүлдэг байгууллага биш. Төрийн албаны зөвлөлийн ажиллах журмын 2.9, 2.10 дахь хэсэгт заасан эрх үүрэг гэсэн ойлголтод ажилтан албан хаагчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг хянах үүрэгтэй боловч дүгнэн хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс 2.1.9 дэх заалтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэж байна. Гэтэл энэ заалт нь Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг шийдвэрлэхээр заасан. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг тул энэ заалтыг баримтлах ёсгүй байсан гэж үзэж байна. Мөн ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 35.1.2, 35.1.7. гэсэн 2 заалтыг зөрчсөн гэж үздэг. Гэтэл 35.1.2-т албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгуулна, 35.1.7 гэсэн заалт нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах гэж заасан байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр заасан байна. Энэ дүгнэлт нь үндэслэлгүй хуулийн заалт барьсан байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч ******* өөрийн тайлбартаа хэлсэн  өглөө 9 цагт ирээд 8 цагт явдаг гэж, байгууллагын ирцийн бүртгэлийг хавтаст хэргийн 155-157 хуудаснаас шүүх хуралдаанд судлуулсан. Төрийн албаны зөвлөл чиг үүргээсээ халиад ёс зүйн асуудлыг нь шалгаад үндэслэлгүйгээр хуулийн заалт барихын оронд ядаж ирцийн бүртгэлийг нь шалгаад үзэхгүй яасан юм бэ.Мөн Засаг даргын дугаар захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий биш байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т зааснаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажлын хариуцлага тооцохоор заасан байдаг. Гэтэл тухайн захирамжийн үндэслэх хэсэгт заагаагүй байна. Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журамд заагаагүй ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Хууль тогтоомжийн нэг ч заалт бариагүй дүгнэлт гаргасан байгаад гайхаж байна. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт ч, Засаг даргын захирамж ч аль аль нь хуульд нийцэхгүй эрх мэдлээсээ хальсан хуулийг буруу хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож өгнө үү”гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:“*******аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 93 тоот дүгнэлт ирүүлснийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамж гарсан. Иймд *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн ажилчид, албан хаагчдаас тус цэцэрлэгийн эрхлэгч *******тай холбоотой /хамт олонтойгоо ёс зүйгүй харьцдаг, ажлын байрны дарамт үзүүлдэг гэх/ гомдол аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралд танилцуулан хэлэлцсэн.

Гомдлын дагуу төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор ажлын хэсэг томилж цэцэрлэгийн хамт олонтой нэг бүрчлэн уулзаж тухайн байгууллагын ажлын хариуцлага сахилга бат, хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадвар, харилцаа хандлага, цэцэрлэгийн эрхлэгчийн ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ажлын байрны дарамт, зөрчил маргаан байгаа эсэх талаар уулзаж ярилцахад байгууллагын нийт ажилтнуудын 75% нь ******* нь төрийн албаны удирдах албан тушаалд ажиллахад ёс зүйгүй, манлайлах чадваргүй гэж үзсэн байна.

Ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2 дахь заалт, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.4.8 дахь заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтнуудаа ажлын байран дээр дарамталж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл байнга гаргадаг байна гэж ажлын хэсэг дүгнэсэн.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 93 тоот дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга болон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 3 дугаар цэцэрлэгийн хамт олноос өргөдөл, гомдол ирсний дагуу ажлын хэсэг байгуулж,би ахалж ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд болох аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга *******, Шүүхийн Тамгын газрын дарга *******, аймгийн Аудитын албаны дарга *******,Санхүүгийн хяналтын албаны дарга ******* нар орсон. Иргэдийн гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдаад байгууллага дээр очоод хамт олонтой уулзсан тэдний дундаас *******тай холбоотой дарамтуудыг хэлсэн, уулзсан хүмүүсийн ярьсан зүйлийг бичгээр баталгаажуулсныг хэрэгт нотлох баримтаар өгсөн, мөн гомдол хэрэгт байгаа. Үүний үндсэн дээр ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.Хамт олноос нь гарч байгаа гомдлыг шалгаж, дүгнэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******ы нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамж, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгох шаардлагатай шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч ******* нь гэм буруугүй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Иргэн ******* нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамж, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 93 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 93 дугаартай албан бичгийг хүчингүй болгох” гэсэн шаардлагаа Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгох гэж өөрчилсөн болно.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн хамт олноос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх комисс томилж, уг комиссын бүрэлдэхүүн  дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ тус зөвлөлийн 2015 оны 93 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлжээ.н

Дүгнэлтэд: Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.7, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2.1.9 дэх заалтуудыг үндэслэн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******ыг ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2 дах заалт, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.4.8 дахь заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй төрийн албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзсэн байх ба үүнийг нарийвчлан авч үзвэл, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т  “...төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих...” зэрэг ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 35.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах” гэсэн, мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 2.1.9-д “салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх” гэсэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд хамаарах заалтуудыг төрийн үйлчилгээний албан тушаалтан *******д хамааруулан дүгнэлт гаргаж, үндэслэл болгосон нь дээрх хуулийн заалтууд болон журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн дүгнэлтийн “ажлын хэсгийн дүгнэлт” хэсэгт баримталсан Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******ыг ажлын байрны тодорхойлолтын зөрчсөн гэх 1.1 дэх заалтад ерөнхий шаардлага буюу боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, 1.2 дахь заалтад тусгай шаардлага буюу дүгнэлт хийх, шийдвэр гаргах ур чадвар, төлөвлөх, тайлагнах, боловсруулах ур чадвар, харилцааны ур чадвар гэсэн шаардлагууд байх ба эдгээрээс яг алийг нь зөрчсөн талаар тодорхойлоогүй, бүхэлд нь 1.1, 1.2-ыг зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй, тодорхой биш байна.

Мөн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь дүгнэлтдээ  “…******* нь Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.4.8-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, авилгын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, удирдах ажилтны манлайлал, төрийн албаны нэр хүндийг өндөрт байлгана” гэснийг зөрчсөн... гэж дүгнэсэн нь Боловсролын тухай хууль болон тус гэрээнд зааснаар үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг аймгийн Засаг дарга дүгнэхээр заасантай нийцэхгүй байна.

 Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулж, түүний хэрэгжилтийг дүгнэж ажиллах эрх зүйн үндэслэл бүрдсэн. Нэхэмжлэгчийн эрхэлж байгаа цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах бөгөөд үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар хуульчилсан.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр зааснаас харахад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд дүгнэлт гаргах эрх хэмжээгүй байжээ.

Хоёр. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

******* нь аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжаар Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга нь *******тай хөдөлмөрийн гэрээг, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга аймгийн Боловсролын газрын дарга нараас *******тай 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулан ажиллажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дээрх дүгнэлтийг үндэслэн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаас үзвэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байхад ажил олгогч буюу аймгийн Засаг дарга нь 2015 оны дугаар захирамжаа гаргахдаа аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ыг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг зөрчсөн гэж гаргасан дүгнэлтийг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч *******ыг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн эсэхийг шалгаж, нотлоогүй байж хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам зөрчсөн ажилтанд ногдуулахаар тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг тус тус баталж, мөрдсөн байх ба дээрх дүрмийн 2.2-т “Аливаа байгууллага, албан тушаалтан нь хууль тогтоомжид заасны дагуу төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхдээ энэхүү дүрмийг жишиг болгож болно” гэснээс харахад эдгээр дүрэм, журмыг төрийн үйлчилгээний албан тушаалтны зөрчилд шууд адилтгаж хэрэглэхгүй, харин тухайн байгууллага, албан тушаалтан дотоод журам болон гэрээнүүддээ жишиг болгон хэрэглэхийг зөвлөжээ. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журамд ажилтны ёс зүйн тухай, юуг ёс зүйн зөрчилд тооцох, хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүйг дурдах нь зүйтэй.

 Иймд Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлт, аймгийн Засаг даргын 2015 оны дугаар захирамж зэрэг нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар “*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийгтус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 35100, аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.САЙНБИЛЭГ

                                                    ШҮҮГЧИД                                 Ч.ОЮУНСАЙХАН

                                                                                                      Ц.СУВДМАА