Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 313/ШШ2025/00063

 

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

        Дугаар 313/ШШ2025/00063

Д сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Х*******” ХК 

 

Хариуцагч: “Ч*******” ХХК  

 

Хариуцагч: Д***** овогт Б***ын Б******* 

 

Хариуцагч: Т*** нар овогт Т***********ын Г******* 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 32 083 846.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны хөрөнгөөр тус тус хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е*******т, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Б.Б*******ын өмгөөлөгч Б.Буянтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Ч*******” ХХК нь “Х*******” ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №******* тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №******* тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-гээр нэмэлт, өөрчлөлт оруулж № тоот “Зээлийн гэрээ”-ний хугацааг 72 сарын хугацаатай болгов. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. “Х,” ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №7/414-48 тоот мэдэгдлээр 13 516 274.34 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг зээлдэгчид олгосон.

Зээлдэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт дараах төлбөрийн үлдэгдэлтэй байсан:

- Үндсэн зээл: 25 336 130.08 төгрөг

- Үндсэн хүү: 13 977 188.67 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 230 528.14 төгрөг

- Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 40 000 төгрөг.

Зээлдэгч нь № тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр № тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр дараах хөрөнгийг барьцаалсан:

1.Т********** Г******* /РД: /-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Д сумын *-р баг, ,, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай газар

2. "Ч*******" ХХК-ийн авлага ирээдүйн орлого

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)”-г байгуулж “Х,” ХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, SСАNIА маркийн автомашиныг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)”-г байгуулж “Х,” ХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, Соrollа 0 маркийн автомашиныг тус тус зээлдэгчийн эзэмшил, ашиглалт, хадгалалтад нь шилжүүлсэн.

Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ/RСС190111006-1 тоот “Зээлийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1.2-т: “Банк дараах эрхтэй: Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг Иргэний хуулийн 453.2-д заасны дагуу захиран зарцуулах”, “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “Банк дараах эрхтэй: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зөрчигдөөгүй байгаа боловч зээлдэгч нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан холбогдох үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл зээлийн гэрээний хугацаа (тэнцүү төлбөрийн хуваарь зөрчсөн) дуусан эсэхээс үл хамааран автомашиныг хадгалалт, хамгаалалтад үл маргах журмаар шилжүүлэн авах” гэж тус тус заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчийн эзэмшилд байсан “Х,” ХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн автомашин, “Х,” ХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашинуудыг “Х,” ХК нь өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан.

“Х,” ХК-аас № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт “Банк дараах эрхтэй: ...автомашиныг зээлийн гэрээнд заасан хугацаа дуусан эсэхээс үл хамааран, бодитоор шилжүүлэн авч худалдах. Ийнхүү худалдсанаас олсон орлогыг мөнгөн төлбөрийн үүрэгт суутгах бөгөөд энэ нь мөнгөн төлбөрийг үүргийг бүрэн хангаж хүрээгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх банканд хэвээр хадгалагдана” гэж заасныг үндэслэн улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдан борлуулж, “Ч*******” ХХК-ийн зээлээс хасалт хийсэн.

“Х,” ХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн автомашиныг өмчлөгчийн эзэмшилд хүлээлцэж авах үед мотор нь цохисон буюу доголдолтой хөрөнгө байсан тул худалдан борлуулах боломжгүй байна.

Зээлдэгч “Ч*******ХХК-ийн № тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, Б***ын Б******* нь “Х,” ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №БГ/RСС190111006-1 тоот “Баталгааны гэрээ”-г байгуулсан бөгөөд “Баталгааны гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг “Ч*******” ХХК нь төлж чадаагүй тохиолдолд Болдын Б*******ын хөрөнгөөр үл маргах журмаар төлж барагдуулахаар талууд тохиролцсон.

…“Х,” ХК-аас нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсан үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 39 583 846.89 төгрөгөөс улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашиныг худалдан борлуулсан 7 500 000 төгрөгийг хасаж тооцоход 32 083 846.89 төгрөг болсныг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах мөнгөн дүн хэмээн тодорхойлсон болно.

Иймд “Х*******” ХК-ийн зүгээс “Ч*******ХХК, Б.Б*******, Т.Г******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.           

1. “Ч*******ХХК-ийн “Х,” ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан № тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 32 083 846.89 төгрөгийг гаргуулж “Х,” ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд № тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан Т Г******* (РД:**********)-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Д сумын *-р баг, ********* гудамж,, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай газрыг албадан дуудлага хгаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

3. Хариуцагч “Ч*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцээгүй тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №БГ/RСС190111006-1 тоот “Баталгааны гэрээ”-ний дагуу Б***ын Б*******ын хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е*******т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг банктай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн нь үнэн. Харин зээл хүссэн хүсэлтэндээ зориулалтаа, хэмжээгээ тодорхой бичиж зээл хүссэн. Гэтэл зээлийн хэмжээг багасгаж өгснөөс болж хуучин машин авсан. Уг машинаа засаж янзалсаар зээлээ төлж байсан. Харин машины мотор цохиж тээвэр хийж чадахаа больж хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаж эхэлсэн. Банк барьцаанд байсан хоёр машиныг авсан. Уг машинуудыг хураан авсан үеэс эхлэн банкийг зээлийн гэрээгээ цуцалсан гэж бодсон.

Машиныг борлуулж зөрүү үлдэгдэл гарсан гэж надаас нэхэж байгаагүй. Би машин хэрхэн зарагдсан. Тэр үед зээлийн үлдэглэл хэд байсан талаар мэдэхээр банкан дээр очсон боловч зээлийн хувийн хэрэг хот явсан гээд үзүүлсэнгүй.

Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Х*******” ХК-иас 30 сая төгрөгийн зээлийг ажил үйлчилгээнд хэрэглэх зорилгоор авсан. Тэгээд тухайн зээлийг аваад эргээд графикийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлсөн. Тухайн үед төлөгдсөн үнийн дүн нь 11 183 391.8 төгрөг, 14 сарын хугацаанд тасралтгүй байдаг. Тэгээд тэрнээс хойш цар тахлын нөхцөлөөр ч тэр жоохон эвгүй болчихсон байсан цаг үе. Тэгээд төлөх боломжгүй болоод явж байсан. Миний эрхэлж байсан ажил цар тахлын улмаас доголдолд орж тасалдсан. Би банкнаас гээд машиныг зээл хийж авсан байдаг. Тэгээд тэр машиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд банк хурааж аваад явсан. Тэгэхэд би машиндаа тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийгээд явж байсан. Миний бодож байгаагаар 11 сая төгрөгийг графикаар төлсөн байдаг. Тэгээд 2 машиныг хоёуланг нь хурааж аваад явсан юм чинь миний бодлоор барьцааны гэрээ гэдэг утгаараа тухайн банктай асуудалгүй, ажил дууссан юм байна гэж ойлгосон байгаа. 2 машины үнэ нийт 26 700 000 төгрөгөөр бодогдож үнэлэгдсэн. Төлсөн нь 11 183 391.8 төгрөг байгаа. Нийт 37 883 391 төгрөгийг буцаагаад төлсөн гэж үзэж байна. Илүү төлөлтөөр би 4 769 143 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Тийм болохоор төлөлт нь дууссан гэж тооцоолоод байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Б*******ын өмгөөлөгч Б.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь үндсэндээ фидуцийн гэрээний зүйлийг банк эзэмшилдээ бодитой шилжүүлж авснаар үндсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзээд байгаа юм. “Х*******” ХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад тухайн 2 тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эзэмшилдээ бодитоор авчихсан. Ер нь фидуцийн гэрээний гол зохицуулалт нь Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлсэн гэрээг дуусгавар болно. Энэ заалтаас харахад 2 машинаа бодитойгоор гаргуулаад авчихсан. Тэгэхээр үндсэн зээлийн гэрээ маань дуусгавар болчихлоо гэж ойлгогдож байгаа. Энэ талаар Дээд шүүхээс тогтоолдоо дүгнэлт хийсэн байгаа. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг бодитойгоор эзэмшилдээ авсан бол гэрээнд заасан талууд хэлэлцэн тохирсон үнэлгээний тэр хэмжээгээр тохиролцсон төлбөрийн үүрэг хангагдана гэж үзэх нь фидуцийн гэрээний зорилго, агуулгад нийцсэн гэж тайлбарласан байгаа.

Сая хариуцагч хэллээ. 11 сая орчим төгрөгийг бодитойгоор төлчихсөн, зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 05-нд дуусах байсан. Гэтэл банк өөрөө 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа. Түүнээс өмнө 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 машинаа бодитойгоор шилжүүлээд авчихсан. Тэгэхээр энэ гэрээнийхээ үүргийг 2 машинаар хангуулахаар шийдэж байгаа. Гэрээний хэлэлцэн тохирсон үнийн дүнгээр үүрэг хангагдана гэж ойлгоод байгаа. Машинаа эвдэрхий байсан гэх мэтээр хариулж байна. Гэхдээ тухайн машиныг өмчлөлдөө бодитоор авчхаад тэрийгээ зарах уу, зарахгүй байх уу гэдэг бол гэрээнд нөлөөлөх хэмжээний ач холбогдолтой зүйл биш. Тэрийг авчхаад өөрийнхөө өмчлөлд байлгаад байж болно, байлгаж байгаад зарж болно. Тэр бол өмчлөлдөө авсан хүний бүрэн эрхийн асуудал болно. Гол нь үнийн дүнг харилцан тохиролцоод 1 машин нь 19 200 000 төгрөг гээд тохирчихсон, нөгөө машиныг нь 7 475 000 төгрөг тохирчхоод, гэхдээ 7 500 000 төгрөгөөр зарчихсан байсан. Тэгэхээр энэ 2 автомашины үнэ зээлийн гэрээний төлбөрт төлөгдчихөж байна гэж ойлгож байгаа. Нэмээд 11 сая төгрөг төлчихсөн. Тэгээд өөрийнх нь хэлж байгаагаар нийт 37 сая орчим төгрөг төлөөд, нэхэмжилж байгаа 32 сая төгрөгөөс нь 4 769 143 төгрөг илүү төлчихсөн юм биш үү, тэгэхээр энэ зээлийн гэрээний үүргийг хангалттай төлчихсөн, энэ нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж хэлээд байгаа юм. ...Тэгэхээр эдгээр үндэслэлүүдээр хариуцагч маань үндсэн төлбөрөө, зээлээ төлөөд дуусгачихсан болохоор нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, байгууллагын зээлийн хүсэлт, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №******* тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн № тоот зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № тоот зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Т.Г*******ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот баталгааны гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/414-48 дугаар үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № тоот автомашин худалдах, худалдан авах гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, нотариатчын нэхэмжлэл, мөнгөний тасалбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШЗ2024/01004 дугаартай захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг,

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийн хуулбар, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “Х*******” ХК нь хариуцагч “Ч*******” ХХК, Б.Б*******, Т.Г******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардалд нийт 32 083 846.89 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч “Ч*******” ХХК нь “Х*******” ХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №******* тоот зээлийн гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, мөн өдөр “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, мөн өдөр “Баталгааны гэрээ”, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)” №, № тоот гэрээнүүдийг тус тус байгуулсан.

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчийн эзэмшилд байсан “Х,” ХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн автомашин, улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашинуудыг “Х,” ХК нь өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авснаас улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдан борлуулж, “Ч*******” ХХК-ийн зээлээс хасалт хийсэн. Зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 336 130.08 төгрөг, үндсэн хүү 13 977 188.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230 528.14 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 40 000 төгрөг, нийт 39 543 846.89 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас дээрх автомашиныг худалдан борлуулсан 7 500 000 төгрөгийг хасаж тооцсон.

Иймд зээлдэгч “Ч*******” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардалд нийт 32 083 846.89 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны хөрөнгөөр хангуулна” гэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* “...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Х*******” ХК-иас 30 сая төгрөгийн зээлийг ажил үйлчилгээнд хэрэглэх зорилгоор авсан. Зээлийг графикийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлсөн, төлөгдсөн үнийн дүн нь 11 183 391.8 төгрөг. Тэрнээс хойш миний эрхэлж байсан ажил цар тахлын улмаас доголдолд орж зээл төлж чадаагүй. Би банкнаас гээд машиныг зээл хийж авсан байдаг. Банк тэр машиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд хурааж аваад явсан. Би машиндаа тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийсэн. Банк 2 машиныг хоёуланг нь хурааж аваад явсан юм чинь барьцааны гэрээ гэдэг утгаараа зээл дууссан гэж ойлгосон. 2 машины үнэ нийт 26 700 000 төгрөгөөр бодогдож үнэлэгдсэн. Төлсөн нь 11 183 391.8 төгрөг байгаа. Нийт 37 883 391 төгрөгийг буцаагаад төлсөн гэж үзэж байна. Одоо надаас 32 083 846.89 төгрөгийг нэхэмжилж байна, би илүү төлөлтөөр 4 769 143 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Тиймээс төлөлт нь дууссан гэж тооцоолоод байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

5.1 Нэг талаас зээлдүүлэгч Х*******ны Өмнөговь салбар, нөгөө талаас зээлдэгч “Ч*******” ХХК нар нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №******* тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 30 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор тохиролцжээ. 

 

Талууд дээрх зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээгээр “зээлийн хугацаа 66 сар” гэж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр “зээлийн хугацаа 72 сар” гэж тус тус өөрчлөлт оруулсан байна.

 

5.2 Талууд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дараах гэрээнүүдийг байгуулжээ. Үүнд:

а/ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр № тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр барьцаалагч “Х*******” ХК, барьцаалуулагч Т.Г******* нар нь Т.Г*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Д сумын *-р баг, ,, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай газар;

б/ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр № тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр барьцаалагч “Х*******” ХК, барьцаалуулагч “Ч*******” ХХК нар нь тус компанийн авлага ирээдүйн орлого;

в/ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот “Баталгааны гэрээ”-гээр баталгаа гаргагч Б.Б*******ын хөрөнгө зэргийг тус тус барьцаалж,

г/ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-гээр улсын дугаартай, SСАNIА маркийн автомашин;

д/ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)”-гээр улсын дугаартай, Соrollа 0 маркийн автомашиныг тус тус “Х*******” ХК-ийн өмчлөлд шилжүүлж харилцан тохиролцсон байна.

 

5.3 Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байх ба эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийг сар бүр төлөх нөхцөлтэй ч хариуцагч тал нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дээрх хуваарийг зөрчин хугацаа хэтрүүлжээ.

 

Зээлдэгч “Ч*******” ХХК-д зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/414-48 албан тоотоор үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

 

6. Зохигчид дээрх зээлийн болон барьцаа, баталгаа, фидуцийн гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

 

8. Дээрх №******* тоот зээлийн гэрээний 3.3-т зээлийн хүү: жилийн 20.40 хувь, нэмэгдүүлсэн хүү: жилийн 4.08 хувь гэж заасан байх ба зээл олгосноос хойш зээлдэгч нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 4 663 869.92 төгрөг, зээлийн хүүд 6 919 710.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 87 245.59 төгрөг тус тус, нийт 11 670 826.49 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтаар тогтоогдож байна. /хх-32/

 

Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №******* тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-ний хавсралтад заасан төлбөрийн хуваарийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны эхлэн зөрчиж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан тул зээлдүүлэгч банкнаас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болох нь нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээл төлөх мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

 

            9. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүү тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 25 336 130.08 төгрөг, зээлийн хүү 13 977 188.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230 528.14 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 40 000 төгрөг, нийт 39 583 846.89 төгрөгөөс улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашиныг худалдан борлуулсан 7 500 000 төгрөгийг хасаж тооцоход 32 083 846.89 төгрөг болсныг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах мөнгөн дүн хэмээн тодорхойлсон гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* “...фидуцийн гэрээний зүйл болсон 2 автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд банк хурааж аваад явсан. 2 автомашины үнэ нийт 26 700 000 төгрөгөөр бодогдож үнэлэгдсэн. Би банкинд нийт 11 183 391 төгрөг төлсөн. Иймд нийт 37 883 391 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Би 4 769 143 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байгаа. Банк 2 автомашиныг хурааж авсан тул зээл дууссан гэж ойлгосон” гэж тайлбарладаг.

 

10. Зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сар /5 жил/-ын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарь ёсоор үндсэн зээл 30 000 000, зээлийн хүүд 17 928 822, нийт 47 928 822 төгрөг болгон төлөх байжээ. Талууд энэхүү зээлийн гэрээний хугацааг 2 удаа өөрчилж, сүүлийн байдлаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 72 сар /6 жил/ болгож өөрчлөлт оруулсан байх ба уг гэрээний эргэн төлөлтийн хуваарь ёсоор үндсэн зээл 30 000 000, зээлийн хүү 17 900 764, нийт 47 900 764 төгрөгөөс гадна зээлийн хугацаа сунгаж хойшилсонтой холбоотойгоор 5 168 576 төгрөгийн хүү нэмэгдэж, нийт эргэн төлөлт 53 069 340 төгрөгт хүрчээ.

 

Өөрөөр хэлбэл зээлдэгч “Ч*******” ХХК нь зээлдүүлэгч “Х*******” ХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй зээлж аваад 6 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор төлж дуусгахад нийт 53 069 340 төгрөг болгон эргүүлэн төлөх үүрэгтэй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт 11 670 826.49 төгрөг төлсний дараахь үлдэгдэл болох зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 39 583 846.89 төгрөгөөс улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашиныг худалдан борлуулсан 7 500 000 төгрөгийг хасаж, 32 083 846.89 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

11. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нийт үүргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 39 543 846.89 төгрөг гэж тодорхойлсон, үүнээс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр автомашины худалдсан үнэ 7 500 000 төгрөгийг хасаж, 32 083 846.89 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч тал энэхүү тооцооллыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаагүй тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй.

 

12. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-гээр улсын дугаартай, SСАNIА маркийн автомашиныг, мөн өдөр № тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)”-гээр улсын дугаартай, Соrollа 0 маркийн автомашиныг тус тус “Х*******” ХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлдэгчийн эзэмшил, ашиглалт, хадгалалтад шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд тухайн гэрээ дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заахдаа үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох эдгээр нөхцөлийг тогтоосон байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №, *** тоот фидуцийн гэрээний 2.3.1-т улсын дугаартай, SСАNIА маркийн автомашины үнэлгээ 19 200 000 төгрөг, улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашины үнэлгээ 7 475 000 төгрөг болохыг тус тус тодорхойлж, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбогдуулан банкнаас гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчийн эзэмшилд байсан дээрх 2 автомашинуудыг өөрийн эзэмшилдээ бодитоор шилжүүлсэн авсан талаар талууд маргаагүй. 

 

Зээлдүүлэгч “Х*******” ХК нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр № тоот фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай, Согоllа 0 маркийн автомашиныг гуравдагч этгээдэд 7 500 000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлдэгч “Ч*******” ХХК-ийн зээлийн төлбөрөөс хассан гэх тайлбар нь хэрэгт авагдсан мөн өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр тогтоогдож байна.

 

Харин 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай, SСАNIА маркийн автомашиныг өмчлөгчийн эзэмшилд хүлээлцэх үед мотор нь цохисон буюу доголдолтой хөрөнгө байсан, худалдан борлуулах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч хэрэгт нотолсон баримт авагдаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № тоот фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай, SСАNIА маркийн автомашиныг гэрээгээр тохиролцсон 19 200 000 төгрөгийн үнэлгээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлага болох 32 083 846.89 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

13. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргад ...баталгаа, барьцаа, ...эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ болон хуульд заасан бусад арга байж болохыг заажээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг тодорхойлж буй үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзэж барьцааны гэрээ дуусгавар болдог.

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хэрэгжиж, хариуцагчаас эд хөрөнгө буюу 2 автомашиныг өмчлөлдөө бодитоор шилжүүлж авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд гагцхүү ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авснаар зээлийн гэрээний үүрэг бүхэлдээ дуусгавар болох эсэх нь маргааны зүйл болсон.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог боловч энэ тохиолдолд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах бусад арга болох баталгаа, барьцааны гэрээнүүд байгуулсан байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

14. Тодруулбал, зохигч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зэрэгцсэн баталгаа, барьцаа, фидуцийн 3 аргыг хэрэглэсэн байх бөгөөд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, “Ч*******” ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь  зохих ёсоор биелүүлээгүйгээс “Х*******” ХК барьцаа болон баталгааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 

Иймд хариуцагч талын зээлийн гэрээний үүрэг нь фидуцийн гэрээний зүйл болох 2 автомашинаар хангагдаж, үүрэг бүхэлдээ дуусгавар болсон гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй байна.

 

15. Иймээс дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэлийн шаардлага 32 083 846.89 төгрөгөөс фидуцийн гэрээнд заасан хариуцагчийн автомашины үнэ 19 200 000 төгрөгийг гэрээний үүрэгт тооцон хасаж, хариуцагч “Ч*******” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 12 883 846.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 19 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь 12 883 846.89 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны болон баталгааны гэрээнд заасан эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэв.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Ч*******” ХХК-иас нийт 12 883 846.89 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч*******” ХХК нь 12 883 846.89 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Т.Г*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Д сумын *-р баг, ,, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

  

   3. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч*******” ХХК нь 12 883 846.89 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № тоот Баталгааны гэрээнд заасан Б.Б*******ын хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 458 769 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 361 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН