Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/688

 

 

 

 

 

 

  2023             7            06                                       2023/ДШМ/688

 

 

                                                               Ү.М, Г.И нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

яллагдагч Ү.М-ийн өмгөөлөгч Ш.Т, Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/1407 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлээр Ү.М, Г.И нарт холбогдох ........................дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ү.М нь нийтийн албан тушаалтан буюу ................. эмнэлгийн ................ тасгийн дарга ................ их эмчээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх/, “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2016 оны А/302 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.2.1 /Цэргийн албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улс түүний Зэвсэгт хүчний нэр төр, алдар хүндийг өндөрт өргөж, эрх ашгийг дээдэлнэ./, 4.2.5 /Албан тушаал, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах, албан үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгээгүйнхээ төлөө хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл, шан харамж, хээл хахууль, бэлэг сэлт бусдаас авах, шахаж шаардах, ятгах, зуучлах, хуульд харш болзол тавих, албаны нэрээр түрий барих/, 4.2.6 /Төр цэргийн болон байгууллага хувь хүний нууцыг чанд хадгалж, албан ёсны шийдвэр гаргаагүй байхад олсон мэдээллээ нийтэд урьдчилан мэдээлэх, хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно/ гэж заасныг тус тус зөрчиж,

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ................ эмнэлгийн Мэс заслын эмнэл зүйн төвийн ............... мэс заслын тасгийн мэс заслын сувилахуйн сувилагч Г.М-т “цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгуулна” гэх саналыг тавьж, өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 5.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

мөн ................... эмнэлгийн гэмтлийн клиникт ээлжийн сувилагчаар ажилладаг Г.И-ыг “цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгуулна” гэх саналыг тавьж өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөхийг шаардаж улмаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр .................. дүүргийн ............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................... дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талын “............” супермаркетын орчимд 300.000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан,

яллагдагч Г.И нь .................... эмнэлгийн ...................... тасгийн гэмтэл согогийн сувилахуйн сувилагчаар ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх тус тус зөрчиж Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн клиникт тасгийн даргаар ажиллаж байсан Ү.М-ийн “цэргийн цол олгуулна” гэх хууль бус саналыг хүлээн авч улмаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ................... дүүргийн ................дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................... дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талын “......................” супермаркетын орчимд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ү.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраас байгууллага, албан тушаалтнаас аливаа баримт бичиг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шаардсан атлаа тухайн баримт бичиг ирэхдээ тус шаардлагыг хангаж ирүүлээгүй байтал түүнийг зөвтгөлгүй шууд хэрэгт хавсаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Тухайлбал яллагдагч нарыг ..... цол олгох эсэх талаар бие биедээ амлаж харилцан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байх бөгөөд тухайн цолыг хэн, хэрхэн олгодог талаарх харилцааг зохицуулсан журмыг хэрэгт хавсаргахдаа дээрх шаардлагыг мөн хангаагүй байна. Хэрэгт Б.Ж, Э.Д, Б.Э, Ш.Б, Д.Ө, Г.И нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх талаар хууль сануулсан байх бөгөөд тус зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон бөгөөд хүчингүй болсон хэсгийг танилцуулжээ. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийхдээ агуулгын хувьд ялгаагүй хэдий ч мөрдөх байгууллагын хувьд цаашид гарах алдаанаас урьдчилан сэргийлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор залруулах нь зүйтэй гэж үзлээ. Яллагдагч Г.И-оос мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч энэ талаар прокурор ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокуророос тайлбар хэлэхдээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Авлигын гэмт хэргүүд дээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхгүй байх талаар өөрчлөлт орсон тул хариуг тухай бүр амаар өгч байсан гэв. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд 6, 7 дахь хэсгийг нэмэлтээр оруулсан байх бөгөөд 7 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй...” гэж нэмэлт өөрчлөлт орсон байна. Иймд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар журмыг зөрчсөн байна гэж шүүхээс үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэж заасныг үндэслэж өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан Ү.М, Г.И нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, Ү.М, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх, Авлигатай тэмцэх газраас байгууллага, албан тушаалтнаас аливаа баримт бичиг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шаардсан атлаа тухайн баримт бичиг ирэхдээ тус шаардлагыг хангаж ирүүлээгүй байтал үүнийг зөвтгөлгүй шууд хэрэгт хавсаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Тухайлбал яллагдагч нарыг цэргийн цол олгох эсэх талаар бие биедээ амлаж харилцан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байх бөгөөд тухайн цолыг хэн, хэрхэн олгодог талаарх харилцааг зохицуулсан журмыг хэрэгт хавсаргахдаа дээрх шаардлагыг мөн хангаагүй байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” нь яллагдагч нарын гэм буруутай эсэхийг нотлох болон үгүйсгэх талын баримт биш бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан, тухайн салбарт бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зохицуулсан журам бөгөөд нотлох баримтын хэмжээнд адилтган нотлох баримтаар үнэлэхээр зааж байгаа шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” нь legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан нээлттэй журам байхад “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэсэн үндэслэлд хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх хэрэгт Б.Ж, Э.Д, Б.Э, Ш.Б, Д.Ө, Г.И нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэг өгвөл” хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулсан байх бөгөөд тус зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон бөгөөд хүчингүй болсон хэсгийг танилцуулжээ. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийхдээ агуулгын хувьд ялгаагүй хэдий ч мөрдөх байгууллагын хувьд цаашид гарах алдаанаас урьдчилан сэргийлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох зорилгоор залруулах нь зүйтэй гэжээ. Мөрдөх байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсон хуулийг баримтлан шүүгчийн захирамжид дурдсан дээрх нэр бүхий хүмүүсээс “худал мэдүүлэг өгвөл” хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж, гэрчийн мэдүүлгийг дахин авч зөвтгөсөн. Тухайлбал, Г.И-оос 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /1хх 30-34, 35-37/, Э.Д-аас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр /1хх 49-51/, Б.Ж-аас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /1хх 54/, Б.Э-с 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр /1хх 47-48/, гэрч Ш.Б-аас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр /1хх 44-46/ тус тус гэрчийн мэдүүлгийг дахин авсан болно. Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг дахин авах боломж, эрх хэмжээ байсаар байхад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдсэн буюу гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг дахин хийлгүүлэхээр прокурорт даалгаж байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзлээ. Яллагдагч Г.И-оос мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч энэ талаар прокурор ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокуророос тайлбар хэлэхдээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахдаа авлигын гэмт хэргүүд дээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхгүй байх талаар өөрчлөлт орсон тул хариуг тухай бүр амаар өгч байсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд 6, 7 дахь хэсгийг нэмэлтээр оруулсан байх бөгөөд 7 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй...” гэж нэмэлт өөрчлөлт орсон байна. Иймд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар журмыг зөрчсөн байна гэж үзжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргах бөгөөд, прокурор нь яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...хүсэлтийг...амаар болон бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна” гэж зааснаар хэргийн оролцогчдоос амаар болон бичгээр гаргасан аль ч тохиолдолд хүсэлт нь бичгийн хэлбэртэй байхаар хуульд тусгагдсан, гэтэл хавтаст хэрэгт авагдаагүй баримтад тулгуурлан прокурор яллагдагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Түүнчлэн шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол улсын яллагч, яллагдагч, өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалт, 17.4 дүгээр зүйлд заасныг баримтлан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломж, эрх хэмжээ байсаар байхад шийдвэрлэхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/1407 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1,3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Ү.М-ийн үйлдэл бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 139 дүгээр зарлигаар батлагдсан цэргийн цол олгох журам хэрэгт авагдаагүй байна. Тухайн баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдох бүхий баримт гэж дүгнэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хавсралтаар батлагдсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ юм. Иймд дээрх баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх шийдвэртээ тусгаж шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн, анхан шатны шүүхээс энэ баримтыг ач холбогдол бүхий гэж үзэж байгаа бол хэрэгт авагдсан баримтуудаар гэрч Б, ............. тасгийн дарга Э, хүний нөөцийн дарга Ө нар цэргийн цол олгох журмыг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байсан, түүнчлэн шүүгдэгч Ү.М, Г.И нартай холбоотойгоор цэргийн цол олгох журмыг хэрхэн хэрэглэсэн нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Прокуророос яллах дүгнэлт үйлдээд оролцогч нарт гардуулсан. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр зарлаагүй. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нараас яллах дүгнэлтийг гардуулах талаар аман байдлаар санал гаргасан. Түүнээс бичгээр ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байхад зөвхөн прокуророос яллах дүгнэлт гардуулсны дараа оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Яллагдагч Ү.М-ийн өмгөөлөгч Ш.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн талаар бичих ёстой байтал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаал зэргийг зөрчсөн гэж бичсэн нь үндэслэлгүй. Мөн миний үйлчлүүлэгч Ү.М-г гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн гэх боловч ямар үйлдлийг гүйцэтгэх ёстой байсан гэдгийг яллах дүгнэлтэд тодорхойлж бичээгүй. Прокуророос хэргийг мөрдөж байсан мөрдөгч солигдсон гэж байна. Мөрдөгч солигдсон болохоос биш, хууль өөрчлөгдөөгүй. Тийм учраас хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийх ёстой. Гэтэл прокурор, мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх ёстой ажиллагааг шүүх хийгээгүй мэтээр тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ү.М-ийн өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх, яллагдагч Ү.М, Г.И нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх боломжтой.

 “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” нь legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан нээлттэй журам байх бөгөөд шүүх дүгнэлт хийх боломжтой байна. Мөн гэрч нараас мэдүүлэг авахдаа хүчингүй болсон хууль сануулсан боловч дахин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль сануулж мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй ба шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Ү.М, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/1407 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ