| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2015/0029/З |
| Дугаар | 111/ШШ2016/0005 |
| Огноо | 2016-01-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 111/ШШ2016/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, гуравдагч этгээд ******* нарыг оролцуулан иргэн *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажилд томилсон тушаал гаргахыг даалгах, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойших 3237486 төгрөгийн цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Тус аймгийн 1-р баг байр 05 тоотод оршин суух ******* миний бие 2002 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тооцооны нягтлан бодогчоор ороод 2005 онд шимтгэл хариуцсан байцаагч, 2009 оноос тэтгэвэр хариуцсан байцаагчаар тус тус ажиллаж байгаад 2012 оны 10-р сарын 08-ны өдөр жирэмсний амралтаа авч амаржаад хүүхдээ асарч байгаад 2014 оны 12 дугаар сард дахин төрөөд хөдөлмөрийн хуулийн дагуу амралтаа үргэлжлүүлэн авч хүүхдээ асрах чөлөөтэй байсан. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ид 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орох хүсэлтэй гаргахад чиний ажлын байрыг зарлуулсан орон тоо байхгүй гэсэн хариуг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл дээр цохож өгсөн
Миний хувьд 2012 оны 10-р сарын 08-ны өдөр хөдөлмөрийн хуулийн дагуу жирэмсний амралтын тушаал гарсан 2012 оны 10 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч эрүү үүсгэн шалгаж 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас түр түдгэлзүүлэх тушаалыг давхар гаргуулсан байсан. Би энэ үед хуулийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан. Прокуророос уг хэргийг хянаад 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгоод 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Албан үүргээ түр түдгэлзүүлэх, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй" болгосон прокурорын тогтоол гарсан. Би албан ёсоор ажлаасаа гараагүй, /халагдсан тушаал байхгүй/ Нийгмийн даатгалын хуулийн дагуу миний хүүхдээ асрах хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага болох Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс албан ёсоор хуулийн дагуу төлж байгаа. Бага хүүхэд маань одоо 9 сартай.
Намайг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд миний байнгын ажлын байрыг Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 онд хууль бусаар зарлаж, намайг ажилд эргүүлэн авахгүй байна. Миний ажлын байрыг зарласан гэсэн боловч хэзээний ямар шийдвэрээр зарласан, төрийн албаны зөвлөлийн ямар шийдвэр гарсан, зарласан эсэх нь тодорхой биш буюу энэ тухай тушаал шийдвэр олдохгүй байна.
Би энэ талаар Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлд 2015 оны 09 сарын 02-ны өдөр хүсэлт өгсөн боловч хариу ирүүлээгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт бичгээр хандсан боловч чиний ажлын байрыг хууль бусаар зарлуулсан байна шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой гэсэн хариуг амаар өгсөн юм.
Иймд: 1.Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь намайг ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, намайг ажилд томилсон тушаал гаргахыг даалгах.
2. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн орон тоо зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Тус аймгийн 1-р баг байр 05 тоотод оршин суух ******* миний бие 2002 онд Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст тооцооны нягтлан бодогчоор ороод 2005 онд шимтгэл хариуцсан байцаагч, 2009 оноос тэтгэвэр хариуцсан байцаагчаар тус тус ажиллаж байгаад 2012 оны 10-р сарын 08-ны өдөр жирэмсний амралтаа авч амаржаад хүүхдээ асарч байгаад 2014 оны 12 дугаар сард дахин төрөөд хөдөлмөрийн хуулийн дагуу амралтаа үргэлжлүүлэн авч хүүхдээ асрах чөлөөтэй байсан. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ид 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орох хүсэлтэй гаргахад чиний ажлын байрыг зарлуулсан орон тоо байхгүй гэсэн хариуг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл дээр цохож өгсөн.
Миний хувьд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн хуулийн дагуу жирэмсний амралтын тушаал гарсан 2012 оны 10-р сарын сүүлээр Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч эрүү үүсгэн шалгаж 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас түр түдгэлзүүлэх тушаалыг давхар гаргуулсан байсан. Би энэ үед хуулийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан. Прокуророос уг хэргийг хянаад 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгоод 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Албан үүргээ түр түдгэлзүүлэх, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй" болгосон прокурорын тогтоол гарсан. Би албан ёсоор ажлаасаа гараагүй, /халагдсан тушаал байхгүй/ Нийгмийн даатгалын хуулийн дагуу миний хүүхдээ асрах хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага болох Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс албан ёсоор хуулийн дагуу төлж байгаа. Бага хүүхэд маань одоо 9 сартай.
Намайг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд миний байнгын ажлын байрыг нийгмийн даатгалын хэлтсээс 2014 онд хууль бусаар зарлаж, намайг ажилд эргүүлэн авахгүй байна. Миний ажлын байрыг зарласан гэсэн боловч хэзээний ямар шийдвэрээр зарласан, төрийн албаны зөвлөлийн ямар шийдвэр гарсан, зарласан эсэх нь тодорхой биш буюу энэ тухай тушаал шийдвэр олдохгүй байна.
Би энэ талаар Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлд 2015 оны 09 сарын 02-ны өдөр хүсэлт өгсөн боловч хариу ирүүлээгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт бичгээр хандсан боловч чиний ажлын байрыг хууль бусаар зарлуулсан байна шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой гэсэн хариуг амаар өгсөн юм.
Иймд2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи өнөөдрийг хүртэлх 3237486 төгрөгийн цалинг авч чадахгүй хохирч байна. Иймд 3237486 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү. Мөн 8 сарын 10-наас хойшхи НДШ болон ХАОАТ-ын хуулийн дагуу нөхөн төлүүлж холбогдох хуулийн дагуу дэвтэрт бичилт хийлгэн хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2002 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тооцооны нягтлан бодогчоор орж, 2005 оноос шимтгэл хариуцсан байцаагчаар, 2009оноос тэтгэвэр хариуцсан байцаагчаар тус тус томилогдон ажилласан. 2012 оны 10-р сарын 08-ны өдөр жирэмсний амралтаа авч, хүүхдээ асарч байгаад 2014 оны 12 дугаар сард дахин төрж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу амралтаа үргэлжлүүлэн авсан. Хүүхдээ асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 08-р сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ид ажилдаа орох хүсэлтээ гаргахад, хариуд нь чиний ажлын байранд дээр төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт зарлагдаж, өөр хүнийг ажилд авсан гэсэн хариуг 2015 оны 8 сарын 28-ны өдөр өргөдөл дээр цохолт хийж өгсөн. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байх үед миний ажлын байран дээр төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт зарласан байдаг юм. Өргөдлийн хариуг аваад Төрийн албаны салбар зөвлөлийн дарга *******д хандан учир байдлаа ярьж, өргөдөл өгөхөд эрх чинь зөрчигдөж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын намайг ажилд авахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоож ажилд томилуулах, мөн ажилгүй байх хугацааны 2015 оны 08-р сарын 02-ны өдрөөс 2016 оны 01-р сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 3237486 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа:
“Тус хэлтэст ******* нь 2011 онд тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст нийгмийн даатгалын дэвтэр нээн хуурамчаар баталгаажуулалт хийж банкнаас их хэмжээний зээл авсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг хэрэгтээ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт холбогдсон.
*******тай холбоотой ******* дугаартай хэрэг нэг жилийн хугацаатай үргэлжилсэн тул ажлын байрыг нь зарлан Төрийн албаны сонгон шалгаруулалтаар тэнцсэн ******* томилогдсон.
Цагдаагийн газрын шалгалтаар тэтгэврийн байцаагч ******* нь Нийгмийн даатгалын байгууллагын нэр хүндийг сэвтүүлж, хууль, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдсон.
*******ыг ажиллаж байсан хугацаанд тэтгэврийн санд шалгалт орж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 69028501 /жаран есөн сая хорин найман мянга таван зуун нэг/, Мэргэжлийн хяналтын газрын 19672146 /арван есөн сая зургаан зуун далан хоёр мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөг, нийт 88700647 /наян найман сая долоон зуун мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийн улсын байцаагчийн акт тавигдсан.
Тухайн үед тус байцаагч нь жирэмсэн байсан тул хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Энхтөрийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр тушаалаар ажлаас нь түдгэлзүүлсэн. Одоо хүүхэд асрах чөлөөтэйгөөр мэдээлэгдэж байгаа” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:
“Иргэн *******ын ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэл, цалин хүссэн нэмэгдүүлсэн шаардлагатай тус тус танилцлаа. Ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлд өмнө өгсөн тайлбарын байр сууринаас оролцох болно. Цалин хүссэн тухайд хуулийн хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“Чунагсүрэн овогтой Золзаяа миний бие нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр хариуцсан байцаагчаар ажилд орсон. 2015 оны 10 дугаар сард төрж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нд хүүхэд харах хүнтэй учир өргөдлөө өгөөд буцаж ажилдаа ороод, одоо ажлаа хийж байна” гэжээ.
Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Шүүхэд гаргасан тайлбартайгаа санал нэг байна. Хэлэх зүйлгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, намайг ажилд томилсон тушаал гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн орон тоо зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу “2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойших 3237486 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно. Мөн “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн орон тоо зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажилд томилсон тушаал гаргахыг даалгах, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойших 3237486 төгрөгийн цалинг гаргуулах” гэж тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хяналаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
******* нь миний ажиллаж байсан ажлын байрыг намайг ажлаас чөлөөлөөгүй, халаагүй байхад Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга сул орон тоо гэж үзэж Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлж ажлыг байрыг зарласан байна. Би ажлаасаа чөлөөлөгдөөгүй, халагдаагүй тул миний ажлын байрыг зарласан нь буруу юм. Би ажилдаа эргэж орох хүсэлтээ өгсөн боловч намайг орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар ажилд авахгүй байна гэж Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбар болон Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга *******г гэрчээр асуусан “....надтай ирж уулзаад, би ажилдаа ормоор байна, миний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулаад өөр хүн томилсон байна гэж өрөөнд орж ирсэн. Хэрвээ эрх ашиг чинь хохироод байгаа бол шүүхэд ханд гэж амаар хариу хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн дугаар 12.1.2 зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж шүүх үзлээ.
******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 10 дугаарт тушаалын 1 дүгээр заалтаар “...тэтгэврийн байцаагчаар томилогдсон” байх бөгөөд тэтгэврийн байцаагчийн орон тоонд ажиллаж байсан нь тогтоогдож байна.
2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” мөрдөн байцаагчийн тогтоолын нэг дүгээр заалтаар Лхасүрэн овогтой Мөнхцацралыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчийн албан тушаал эрхлэх албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байх бөгөөд энэ тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас түдгэлзүүлэх тухай” 59 дугаартай тушаалаар тэтгэвэр хариуцсан байцаагч *******ыг албан үүргээс нь түдгэлзүүлсэн байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын нэг дүгээр заалтаар “Эрүүгийн ******* дугаартай хэргээс *******д холбогдох 2010-2011 онд Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа .... албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн 5 дугаар заалтаар “*******д холбогдох 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна”.
******* нь 2012 оны 10 дугаар сарын 07-ны 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт тус тус зааснаар жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөөтэй байсан нь 2012 оны 10 дугаар сарын 07-нд хүү *******, 2014 оны 12 дугаар сарын 03-нд хүү ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс *******ын 2012 оны 10 дугаар сараас хойш ажил олгогчоос шимтгэлийг төлж байгаа нь 0236699 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.
2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ид “..ажилд орох хүсэлт” нэртэй өргөдлийг гаргасан байх бөгөөд урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн оруулаагүй болох нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь “..ажлын байр зарлагдсан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын зөрчил гаргасан ажлын байрыг сул байлгахгүй гэсэн дүрэм журамтай” гэж уг ажилд орох өргөдлийн доод хэсэгт хийсэн цохолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******ыг ажлаас нь чөлөөлсөн болон ажлаас нь халсан ямар нэгэн эрхийн акт гаргаагүй одоог хүртэл хүүхэд асарсаны чөлөөтэй байгаа бөгөөд хүүхэд асрах чөлөөний хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг одоог хүртэл төлж байгаа гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 зааснаар сул орон тоо гаргаагүй байхад хууль зөрчиж, нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн орон тоог зарласан байна.
Энэ нь Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 167 дугаартай албан бичигт “...нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн ажлын байрыг Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/223 тоот албан бичгээр ирсэн захиалгын дагуу 2014 оны 02 дугаар сард Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж нөөц бүрдүүлсэн”, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан 1/223 тоот албан бичгээр “тэтгэвэр хариуцсан байцаагчийн орон тоог зарласан” гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна .
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дугаар заалтын 7-гын а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин болох 3237486 төгрөгийг гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч *******ыг Баянхонгор Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчаар ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эрхэлж байсан ажил болох Баянхонгор Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчаар томилох тушаал гаргахыг Баянхонгор Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар 17.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчаар ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчаар томилох тушаал гаргахыг Баянхонгор Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны цалин болох 3237486 төгрөгийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлав.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ