Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02323

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02323

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00267 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Нт холбогдох

ЗГ/КР161103035 дугаар кредит карт эзэмшигчийн гэрээний үүрэгт 7 054 243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөгч Н.Оюунханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Н нь Гтай 2016 оны 7 дугаар сарын 11-ний ЗГ/КР161103035 дугаар кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн кредит карт авсан. Энэ картаа 2 жил гаруй ашиглаад, сүүлийн 1 жил орчим ямар ч төлөлт хийлгүй зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Одоо үндсэн төлбөр 4 997 292 төгрөг, хүү 1 329 770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219 241 төгрөг байна. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт байрших пос машинаар 5 000 000 төгрөг уншуулан авч ашигласан,ашигласан хоногоор хүү хариуцах ба зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн хүү тооцож авдаг. 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 7 054 243 төгрөгийг зээлдэгч П.Нээс гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч тал нэмэгдүүлсэн хүүг шууд үндсэн хүүний 20 хувь гээд абсолют утгаар ойлгож байна. Бид гэрээний агуулгыг харилцан тохиролцоод, эрхийн хэмжээнд гэрээ байгуулсан. Манай талаас тавьж байгаа шаардлага бол Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт ашигласан хоногоороо гэрээнд заасан нөхцлийн дагуу хүүгээ төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Гэрээнд заасан уян хатан нөхцөлтэй аль аль талдаа давуу тал боломжуудыг ашиглах үүднээс хүүгийн бодлогыг гаргаж ирсэн. Түүнээс биш анз бодоод нэмэгдүүлсэн хүүг нэмж бодсон зүйл байхгүй. П.Н төлбөрийн чадваргүй гэж байгаа боловч ямар нэгэн маргаан байдаггүй. Банктай ирж уулзахдаа төлнө боломжит хугацаа олгооч л гэдэг. Өөрөө шүүх хуралд ирсэн бол арай өөр зүйл яригдах байсан байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан зээлийн эрхтэй карт-аас 5 000 000 төгрөгийг авч ашигласан талаар маргаагүй. 5 000 000 төгрөгийг бэлэн эсвэл бэлэн бусаар авсан эсэхийг мэдэхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй дүнгээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Хэтрүүлсэн хүү ямар хугацааных гэдэг зээлийн тооцоолол тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндсэн төлбөр, үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү гэж шаардсан. Уг шаардлагын тухайд талууд хэдийгээр гэрээний 3.5, 3.6 дугаар зүйлд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон боловч Иргэний хуульд заасантай нийцээгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардаж болно гэж заасан. Гэтэл тус тусад нь эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж хуульд нийцээгүй хэмжээний хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс гадна зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд 1 хувийн хүү тооцож авна гэж байгаа боловч зээлдэгчийн зүгээс 5 000 000 төгрөгийг ямар байдлаар хэрхэн хэтрүүлсэн, ямар хугацаанд хэтрүүлсэн гэж үзээд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг тодорхойлоогүй байна. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар нэгдүгээрт талууд хуульд заасны дагуу тохиролцсон гэж харагдахгүй байна. Тохиролцсон байлаа ч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ хуульд заасан хэмжээнд нийцээгүй байна гэж харж байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй хууль бус гэж үзэж үндсэн зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар бүгд 6 593 016,7 төгрөгийг хариуцагч П.Нээс гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 461 226.65 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 127 817,89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Нээс 120 438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.Н төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/КР161103035 дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу үндсэн хүүгийн төлбөрт 1 329 770.23 төгрөг шаардсан боловч энэхүү хүүгийн тооцооллыг хэрхэн гаргасан, ямар журамд зааснаар тооцсон нь тодорхойгүй. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан ба дээрх гэрээний 2.1 дүгээр зүйлд ... Бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь ... Бэлэн мөнгө авсны хүү 3.5 хувь ... гэж тус тус ялгаатай тодорхойлсон нь стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь үндсэн хүүгийн төлбөр болох 1 329 770 төгрөгийн хүүгийн тооцооллыг хэдэн хувийн хүүгээр хэрхэн тооцсон, хариуцагч хэдэн төгрөгийг бэлнээр хэдэн төгрөгийг бэлэн бусаар ашигласан талаар тодорхойгүй, энэ талаар үндэслэлээ тайлбарлаагүй болно. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан ба харин талууд энэ талаар гэрээнд тусгаагүй тул хариуцагч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөх үндэсгүй юм. 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/КР161103035 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1-т ...Зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү-2%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү-1% гэж тус тус хоёр төрлийн нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан боловч энэхүү тодорхойгүй заалт нь дээрх хуульд нийцээгүй, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн кредит картын хуулга тус бүрт зээлийн эрх хэтрүүлсний торгууль, хугацаа хэтрүүлсний торгууль гэж тус тус тооцон үндсэн зээлийн төлбөр дээр нэмж шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасантай нийцээгүй байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж заасан бөгөөд Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний 2.1 дүгээр зүйлд "... Бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь ... Бэлэн мөнгө авсны хүү 3.5 хувь ... гэж тус тус ялгаатай тогтоосноор нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох нь тодорхойгүй болсон. Өөрөөр хэлбэл, үндсэн хүүгийн хэмжээ тодорхойгүйгээс гадна ...эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн нь талууд нэмэгдүүлсэн хүүний тухай тохиролцсон гэж үзэхгүй байгаа тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 265 954.4 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч П.Нт холбогдуулан кредит карт эзэмших гэрээний үүрэгт 7 054 243 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зээлийн үндсэн төлбөрийн 4 997 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 30-31/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үндсэн зээлд 4 997 292 төгрөг, үндсэн хүү 1 329 770 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 507 939 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 219 241 төгрөг бүгд 7 054 243 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан байна.

Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр, эргэн төлөх доод хувь 10, нэг жилийн хураамж 35 000 төгрөг байхаар тохиролцжээ. /хх.8/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч П.Н нь картын зээлээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт 5 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан үйл баримт тогтоогдсон, зээлийн төлбөрийг эргүүлж төлөөгүй болохоо үгүйсгээгүй.

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Г ХХК нь зээлдэгч буюу хариуцагч П.Нээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч П.Нээс үндсэн зээлд 4 997 292 төгрөг, зээлийн хүүд 1 329 770 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч нэмэгдүүлсэн хүүд 265 954 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалттай нийцсэн гэж үзэхгүй юм.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан.

Талууд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.4-т ...зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж тохиролцсон нь дээрх хуулийн заалттай нийцээгүй.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн хувьд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан бөгөөд гэрээний дээрх заалтыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...үндсэн хүүгийн хэмжээ тодорхойгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 265 954 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх зээлийг ашигласан хугацааны үндсэн хүү 1 329 770 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож 265 954 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн 265 954 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч П.Нээс үндсэн зээл 4 997 292 төгрөг, үндсэн хүү 1 329 770 төгрөг нийт 6 327 062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00267 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...6 593 016 төгрөг гэснийг ....6 327 062 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...120 438 төгрөг гэснийг ...116 182 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 40 490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО